| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1188/Э |
| Дугаар | 1185 |
| Огноо | 2019-07-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 1185
2019 07 26 2019/ШЦТ/1185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Эрдэнэбаатар,
шүүгдэгч Т.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Н д холбогдох эрүүгийн 1906 03608 1571 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Т.Н /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Т.Н нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хар усан тохой гэх газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Н.Б г намайг болон найз нөхөд хүндэлсэнгүй гэж маргалдан, баруун гараараа нүүрэн тус газарт нь хоёр удаа цохиж, мөн хөл рүү гараараа цохин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед тархи доргилт, хоёр зовхи, хоёр хацар, дээд уруулын дотор салст, баруун мөр, зүүн бугалга, цээж, бүсэлхий, баруун гуянд цус хуралт, баруун дээд үүдэн 1-р шүдний сулрал гэмтэл зэрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй” гэв.
Хохирогч Н.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг нөхөр гарахдаа нэг удаа... шанаа руу маш хүчтэй цохисон тэгээд би ухаан алдсан... Бидэнтэй хамт явсан Зулаа, Ариунаа хоёр маргааш өглөө нь надад танай нөхөр багалзуурдаж нүүр нүдгүй учир зүггүй зодсон салгах гээд дийлээгүй гэж хэлсэн... Бүтэн сайн өдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 02-ны өглөө архи нь гараагүй босч ирээд дахин зодсон... Намайг 2006 оноос хойш л зодож байгаа... хэдэн удаа зодож байсан гэдгийг хэлж мэдэхгүй байна. Согтуу ч байсан эрүүл ч байсан зоддог.” гэх мэдүүлэг. /хэргийн 8-11 дүгээр хуудас/,
"... 2019 оны 06 дугаар сарын 01-ний орой 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хар усан тохой гэх газар найз Болороогийн гэр бүлийн хамт салхинд гарсан тэгээд тэндээ 2 шил 0.75 граммын архи хувааж уугаад манай нөхөр Т.Н согтоод намайг найз нөхөд хүндэлсэнгүй гээд надтай маргалдаад байсан тэгээд гэнэт босож ирээд баруун гараараа миний нүүр хэсэгт хүчтэй хоёр удаа цохисон бас миний хөл рүү гараараа цохиод байсан тэгэхэд хажууд байсан хүмүүс салгахад буцаж ирээд намайг цохиод байсан... Бид 2009 онд гэрлэлтээ батлуулж байсан нийт 13 жил амьдарч байна... согтуу үед цагдаа дуудаж эрүүлжүүлэх байранд 4-5 удаа саатуулагдаж байсан." гэх мэдүүлэг /хэргийн 22-23 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн ¹6879 дүгнэлтэд “…Н.Б гийн биед тархи доргилт, хоёр зовхи, хоёр хацар, дээд уруулын дотор салт, баруун мөр, зүүн бугалга, цээж, бүсэлхий, баруун гуянд цус хуралт, баруун дээд үүдэн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогторх журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэжээ /хэргийн 27 дугаар хуудас/,
Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт" /хх-ийн 14 дүгээр хуудас/, "Цагдаагийн асап сангийн лавлагаа" /хэргийн 31-34 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Т.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид тухайн өдөр гэр бүл болон найзуудын хамт Гачууртын Хар усан тохой гэдэг газарт Туул голын эрэгт очиж амарсан... бид тавуулаа 1 шил 0.75 литрийн Экс архи, пиво ууцгаасан... манай эхнэр майхан дотор хамт явсан Болор болон түүний эхнэр Ариунаа нар руу орилж чарлаад агсамнаад байхаар нь би майхан руу орсон чинь намайг харчихаад улам ширүүсч агсамнаад байсан... дайраад орилоод байхаар нь би гуяан дээр нь өвдөгөөрөө дарж байгаад 3-4 удаа алгадсан... Болор гээд манай найз залуу биднийг боль гээд салгасан... би дахиж барьж аваад чи дуугүй болж болохгүй байна уу гээд гараараа хоолойг нь боогоод тэгээд дуугүй болохоор нь би тавьчихсан... Одоогоос 8-9 жилийн өмнө Налайхад байхдаа нэг удаа хэрэлдэж маргалдаж бас л алгадаж гар хүрч цохиж зодож хөнгөн гэмтэл учруулж байсан Цагдаагийн байгууллагаар шалгагдаж мөн шүүхээр 14 хоног эвлэрэх хугацаа өгч шийдвэрлэж байсан..." гэх мэдүүлэг. /хэргийн 12-13 дугаар хуудас/,
"...намайг бас хэл амаар доромжлоод байхаар нь би баруун гараараа зүүн хацар хэсэгт нь 4 удаа алгадахад Баярмаа босч ирээд миний биенээс маажаад байхаар нь би баруун гараараа багалзуурдаад гуяан дээр нь өвдөглөөд дарсан..." гэх мэдүүлэг. /хэргийн 25 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Т.Н нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хар усан тохой гэх газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Н.Б г намайг болон найз нөхөд хүндэлсэнгүй гэж маргалдан, баруун гараараа нүүрэн тус газарт нь хоёр удаа цохиж, мөн хөл рүү гараараа цохин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед тархи доргилт, хоёр зовхи, хоёр хацар, дээд уруулын дотор салст, баруун мөр, зүүн бугалга, цээж, бүсэлхий, баруун гуянд цус хуралт, баруун дээд үүдэн 1-р шүдний сулрал гэмтэл зэрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Т.Н д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Т.Н д холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Т.Н д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.