Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2000 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 00000

 

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж  заалдах шатны  шүүхийн Иргэний хэргийн  шүүх  хуралдааныг  шүүгч  М.Мөнхдаваа  даргалж, шүүгч Г.Уламбаяр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн шүүгч Л.Нямдорж  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

            Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2016 оны  7  дугаар сарын 29-ний  өдрийн 131/ШШ2016/00520  дугаар  шийдвэртэй

            Нэхэмжлэгч  Батжаргалын Түвшинжаргалын нэхэмжлэлтэй   

            Хариуцагч Дэчингийн Өлзийчулуунд холбогдох 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгө хуваах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Д.Өлзийчулуун, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг нарын  давж заалдсан гомдлыг үндэслэн  2016 оны 8 дугаар сарын 30-нд хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Доржготов, хариуцагчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг, нарийн бичгийн дарга А.Батдорж         нар оролцов. 

Нэхэмжлэгч  Батжаргалын Түвшинжаргалаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Б.Түвшинжаргал би Д.Өлзийчулуунтай 2005 онд гэр бүл болж, 2005 онд  хүү Ө.Хүрэлбатыг, 2008 онд охин Ө.Пүрэвдуламыг төрүүлсэн юм.  Д.Өлзийчулуун нь   2009 оноос эхлэн зан ааш нь хувирч удаа дараалан ямар ч шалтгаангүй зодож бие эрхтэнд шархи сорви үүсгэх, хуруу мултлах, тархи толгой руу цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болсон. Мөн хоёр хүүхдээ байнга айлгаж сүрдүүлж ална хядна гэх зэрэг бүдүүлэг үг хэллэг хэрэглэн байнга дарамталдаг болсоноос хоёр хүүхдийн цаашдын ирээдүй, хүмүүжилд ноцтой хохирол учруулж болзошгүй байна. Мөн миний цаашдын эрх чөлөө, эрүүл мэндэд ч хохирол учруулж болзошгүй тул айж, эмээж сумын хэсгийн төлөөлөгчид удаа дараа хандаж байсан.

Нөхөр Д.Өлзийчулууны хардалт сэрдэлт хүчирхийлэл доромжлолоос болж миний амь нас эрүүл мэнд цаашлаад хоёр хүүхдийн цаашдын хүмүүжилд ноцтой хохирол учруулж болзошгүй байдал бий болсон учир эвлэрүүлэх арга хэрэглэхгүй бидний гэр бүлийг цуцалж, хоёр хүүхдийг эх миний асрамжинд үлдээж, хуульд заасан тэтгэмжийг хүү Ө. Хүрэлбат , охин Ө. Пүрэвдулам нарт хариуцагч Д.Өлзийчулуунаас гаргуулах.

Мөн гэр бүл болсоноос хойшхи дээрхи үнэлгээ бүхий хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг тэнцүү байдлаар хуваан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Түвшинжаргал анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би Д.Өлзийчулуунд зодуулаад  сумын хэсгийн төлөөлөгчид удаа дараа утсаар мэдэгдэж байсан. Д.Өлзийчулуун үнэхээр эвлэрэх хүсэлттэй байсан бол надад эвлэрч амьдрах талаар хэлж ярьж болно. Гэтэл нэг ч удаа эвлэрнэ гэж хэлээгүй. Д.Өлзийчулуун нь бодит байдал дээр эвлэрэх талаар ямар ч санаачлага гаргаагүй, би утсаар байнга ярьж байгаа боловч хариуцагч нөгөө л гаргадаг зангаа гаргасан.  Иймд эвлэрэх боломж байхгүй.  Дундын эд хөрөнгөө хуваах талаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан тул энэ гэрээнд тохиролцсоны дагуу  хувааж өгнө үү  гэжээ.

Хариуцагч Д.Өлзийчулуунаас шүүхэд гаргасан тайлбартаа:

Д.Өлзийчулуун миний бие Б.Түвшинжаргалтай гэр бүл болоод өдийг хүртэл 2 хүүхэдтэй болж амьдарч ирсэн. Бид хоёрын амьдрал таарч тохирохгүй тул цаашид хамт амьдрах боломжгүй болоод байна. Иймд би Б.Түвшинжаргалын шүүхэд гаргасан өргөдөл хүсэлтийн дагуу салахаар шийдсэн.

Гэрлэлтээ цуцлуулах хүсэлтийг гаргаад намайг ч, хоёр хөөрхөн үрээ ч бодохгүй байгаа тийм хүнд би хоёр хүүхдээ өгөхгүй. Б.Түвшинжаргалд хоёр хүүхдээ авч явах чадвар чадамж байхгүй гэж би ойлгож байгаа. Мал эд хөрөнгийн тухай асуудлаа бид хоёр ярилцаад тохиролцсон энэ тал дээр ямар ч маргаан гаргахгүй гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Уранцэцэгээс анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:  

Хариуцагч эвлэрүүлэх хугацаа өгөөч энэ хугацаанд эхнэрээсээ уучлалт гуйж, ойлголцох хүсэлттэй байгаа тухайгаа илэрхийлж байгаа болно. Цаашид хамтран амьдарч үр хүүхдүүдээ өнчрүүлэхгүй байх  талаар боломж байгаа юм. Иймд шүүхээс гэрлэгчдэд эвлэрүүлэх хугацаа өгөхийг хүсэж байна гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Гончиг овогт Дэчингийн Өлзийчулуун, Жаа овогт Батжаргалын Түвшинжаргал нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2008 оны 06 сарын 02 ны өдөр төрсөн охин Ө.Пүрэвдулам, 2005 оны 07 сарын 25-ны өдөр төрсөн хүү Ө.Хүрэлбат нарыг эх Б.Түвшинжаргалын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2008 оны 06 сарын 02-ны өдөр төрсөн охин Ө.Пүрэвдуламыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2005 оны 07 сарын 25-ны өдөр төрсөн хүү Ө.Хүрэлбатыг 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг Гончиг овогт Дэчингийн Өлзийчулуунаас гаргуулж сар бүр тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг баримтлан хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5-д заасныг баримтлан гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс мустанг маркийн хятад мотоцикль 1 ш үнэ 700.000, Угаалгын машин 1 ш үнэ 150.000, Хөлдөөгч/хуучин/ 1 ш үнэ 500.000, Оёдлын машин 1 ш үнэ 170.000, Дан бүрээстэй гэр 1  үнэ 800.000, Бүдүүн ямаа 80 толгой үүнээс эр 40 толгой үнэ 2600.000, эм 40 толгой үнэ 1400.000, нийт 4.000.000 төгрөгийн ямаа, ишиг 40 толгой үнэ 600.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Түвшинжаргалд, эд зүйл хадгалах амбаар 1 ш үнэ 200.000, хашааны банз 360 ш үнэ 1800.000, шонгийн мод 50 ш үнэ 300.000, дөрвөн метрийн урттай прүсс 60 ш үнэ 600.000, төмөр хаалга 1 ш үнэ 500.000, гэр /том, бага/ 2 ш үнэ 2.300.000, тэмээ 2 ш үнэ 1.400.000, хонь 10 толгой үнэ 500.000, ямаа 220 толгой үүнээс эр 110 толгой 7150.000, эм 110 толгой 3850.000 төгрөг, ишиг 46 толгой үнэ 690.000 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Өлзийчулуунд, дөрвөн толгой адуу, сансарын антен 1 ш, хүлээн авагчийн хамт, нарны толь 1 ш ийг гаргуулж хүү Ө.Хүрэлбат, охин Ө.Пүрэвдулам нарт тус тус олгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсоноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Өлзийчулуун давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие 2 хүүхэддээ их санаа зовж байна яагаад гэвэл ийм тогтвор суурьшилгүй амьдралд хүүхдүүдээ өсгөмөөргүй байна. Би архи тамхи байнга хэрэглээд байдаггүй, өдийг хүртэл амьдрахын төлөө хөдөлмөрлөж зүтгэж ирсэн.

Нэхэмжлэлдээ байнгын гэр бүлийн хүчирхийлэлтэй байдаг гэж худал хэлсэн байна. Шүүхээс эвлэрэх талаар ямар ч арга хэмжээ аваагүй. Өмнө нь эвлэрүүлэн зуучлагч Л.Бор гэдэг хүнээр эвлэрүүлэх талаар ярилцсан  боловч нэхэмжлэгч эвлэрч амьдрах талаараа ярилцахгүй, эд хөрөнгөө л яаж хувааж авах талаараа ярина гээд байсан.

Миний зүгээс эд хөрөнгө хуваах нь гол биш гэр бүлээ цуцлуулахгүй гэсэн  эрмэлзлэлтэй байсан. Би бага боловсролтой, 3 дугаар анги төгссөн, бичиг үсэг сайн мэдэхгүй учраас өмгөөлөгч авсан. Намайг албан ёсоор хэргийн материалтай танилцуулаагүй. Шүүгчийн туслах гэсэн хүн энэ дээр гарын үсгээ зур гээд л 2-3 цаасан дээр зуруулсан. Надад уншиж танилцуулаагүйд гомдолтой байна. Би шүүх хуралдааныг эвлэрүүлэх хугацаа өгөөд хойшлуулаад өгөөч гэж хүсэлтээ хүнээр бичүүлээд шүүхэд өмгөөлөгчөөрөө дамжуулан хүргүүлсэн боловч ямар учраас харгалзан үзээгүй нь ойлгомжгүй байгаад гомдолтой байна.

Хүүхдийн эрх,  төрсөн эцэг миний бодол санааг хүлээж авалгүй зөвхөн нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Манай эхнэр 2016 оны 3 сараас хойш гэрээсээ өөрөө сайн дураараа яваад ирээгүй шууд намайг хүүхдүүдтэйгээ хаяад яваад нэг мэдсэн чинь худлаа үгтэй салах өргөдөл шүүхэд өгсөн байсан.

Иймд энэ хэргийг дахин хянан хэлэлцэж анхан шатны  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү  гэжээ.

Хариуцагч Д.Өлзийчулууны өмгөөлөгч Р.Уранцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн шийдвэрийг гаргасан. Анхан шатны шүүх хариуцагчийн хүсэлтийг ямар үндэслэлээр хүлээн аваагүй нь ойлгомжгүй бөгөөд хариуцагчийн хуулиар олгосон эрхийг нь эдлүүлэхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

Тэрээр бичиг үсэг сайн мэдэхгүй, бага боловсролтой, холбогдох нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх тал дээр нь ямар нэгэн байдлаар нь сайн тайлбарлаж өгөөгүй, гэр бүлийн хүчирхийлэлтэй байсан талаар хангалттай нотлогдоогүй байхад шууд гэрлэлтийг цуцлаж, шүүх гэр бүлийг эвлэрүүлэх бүхий л талын арга хэмжээ авах хуулиар хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүйд гомдолтой байна. Мөн шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг баримтлахгүйгээр гэрлэлтийг цуцлаж, нэхэмжлэгчийн зөвхөн дундын эд хөрөнгө авах хүсэл зоригийг хангаж хэт нэг талыг барьсан шийдвэрийг гаргасан тул анхан шатны шүүхийн  шийдвэрийг  бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан нотлох баримыг дүгнэж үзвэл гэр бүлийн хүчирхийлэл, дарамт байдаг тухай болон гэрлэгчдэд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан талаар нотлох баримт хэрэгт байхгүй байхад  шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт   “..нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар зэргээр хариуцагч нь гэр бүлийн хүчирхийлэл, дарамт үзүүлэх болсоноос хойш гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул хор уршиг учруулж болзошгүй байдал үүсэхээр байна..” ,  “..шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон..” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх нь хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг  ноцтой зөрчсөн байна гэж үзлээ.

Хариуцагч Д.Өлзийчулуун болон түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо  “..намайг албан ёсоор хэргийн материалтай танилцуулаагүй, туслах нь энэ дээр гарын үсэг зур гээд 2-3 ширхэг цаасан дээр зуруулсан..”,  “…тэрээр бичиг үсэг мэдэхгүй, нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх тал дээр сайн тайлбарлаж өгөөгүй..”    гэсэн гомдол болон хариуцагч талаас давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэргээс дүгнэж үзвэл хариуцагч Д.Өлзийчулуун нь сургуульд сурч байгаагүй, бичиг үсэг мэдэхгүй гэж байхад анхан шатны шүүх  хэргийн оролцогчийн эрх үүргийг нь тайлбарлаж өгөөгүй, хэргийн материалтай танилцуулаагүйгээр хэргийг шийдвэрлэжээ.

Иймд  хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Д.Өлзийчулуунаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200  төгрөгийг хариуцагчид буцаан олгох үндэслэлтэй байна.

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.5,  168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ  нь:

1.  Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 131/ШШ2016/00520 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч Д.Өлзийчулуунаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан олгосугай.

3. Давж  заалдах  шатны  шүүх  хэргийг  шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг  гардан  авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд   хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг  дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

               ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ  

                                                   Г.УЛАМБАЯР