Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 356

 

  Д.Санжаадагва, Э.Хүрэлсүх, Д.Мөнхмишээл,

  Б.Сумъяадорж, Э.Цэрэнноров нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Гансүх, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Н.Булганчимэг,

ялтан Э.Хүрэлсүхийн өмгөөлөгч Ю.Тогмид,

насанд хүрээгүй ялтан Д.Мөнхмишээлийн хууль ёсны төлөөлөгч Б.Данаажав,

насанд хүрээгүй ялтан Б.Сумъяадоржийн хууль ёсны төлөөлөгч Э.Болортуяа,

тэдгээрийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл,

насанд хүрээгүй ялтан Э.Цэрэнноровын хууль ёсны төлөөлөгч Г.Билэгт-Отгон,

түүний өмгөөлөгч А.Ариунаа,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Ё.Цогтзандан, Г.Буяннэмэх нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч Р.Энх-Оюуны бичсэн 2017 оны 47 дүгээр сарын 21-ний өдрийн 09 дугаартай эсэргүүцлээр, Д.Санжаадагва, Э.Хүрэлсүх, Д.Мөнхмишээл, Б.Сумъяадорж, Э.Цэрэнноров нарт холбогдох эрүүгийн 201625031829 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Даваадагвын Санжаадагва, 1994 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэндунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 6 дугаар гудамж, 710 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 58-108 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: СМ94041415/,

Урианхайдаш овогт Данаажавын Мөнхмишээл, 2000 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн 72 дугаар сургуулийн 11а ангид сурдаг, ам бүл 2, эцгийн хамт, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 54-633 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УХ00322638/,

Цэцэг овогт Эрдэнэ-Очирын Цэрэнноров, 2000 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Барилгын политехникийн коллежийн 2а ангид сурдаг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 14-197ж тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ВЕ00292213/,

Сартуул овогт Эрдэнэбулганы Хүрэлсүх, 1999 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол-Солонгосын политехникийн коллежийн дизайны 2 дугаар ангид сурдаг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 14-197ж тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ВЕ99011117/,

Мэргэд овогт Батбаатарын Сумъяадорж, 2000 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн 72 дугаар дунд сургуулийн 11а ангид сурдаг, ам бүл 5, эгч, хүргэн ах, 2 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 15-342 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УЗ00250114/,

Д.Санжаадагва, Э.Хүрэлсүх, насанд хүрээгүй Д.Мөнхмишээл, Б.Сумъяадорж, Э.Цэрэнноров нар нь бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Жаргалантын 21 дүгээр гудамжинд иргэн Л.Батболдын эд зүйлийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож биемахбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан, “Samsung S2” загварын гар утсыг нь дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газар: Д.Санжаадагва, Э.Хүрэлсүх, Д.Мөнхмишээл, Б.Сумъяадорж, Э.Цэрэнноров нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Санжаадагва, Д.Мөнхмишээл, Э.Цэрэнноров, Э.Хүрэлсүх, Б.Сумъяадорж нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Д.Санжаадагвыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Э.Хүрэлсүх, насанд хүрээгүй шүүгдэгч Д.Мөнхмишээл, Э.Цэрэнноров, Б.Сумъяадорж нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэг болгон тус тус өөрчлөн зүйлчилж, Д.Санжаадагвыг бусдын эд хөрөнгө булаасан гэмт хэрэг зөрчиж үйлдсэн, мөн бусадтай бүлэглэн, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, Д.Мөнхмишээл, Б.Сумъяадорж, Э.Цэрэнноров, Э.Хүрэлсүх нарыг бүлэглэн, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Д.Санжаадагвад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Санжаадагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар, насанд хүрээгүй шүүгдэгч Д.Мөнхмишээлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Сумъяадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Цэрэнноровт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар, шүүгдэгч Э.Хүрэлсүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Санжаадагва, Э.Хүрэлсүх нарт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Д.Мөнхмишээл, Б.Сумъяадорж, Э.Цэрэнноров нарт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн хорих ангид эдлүүлэх, Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг Сидиг уг хэргийг хадгалах  хугацаа дуустал хэрэгт үлдээх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Д.Санжаадагва, Э.Хүрэлсүх нарт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Д.Мөнхмишээл, Б.Сумъяадорж, Э.Цэрэнноров нарт оногдуулсан тус бүрийн 3 жил 1 сарын хорих ялыг тус тус 1 жилийн хугацаагаар хойшлуулж, засрал хүмүүжилд хяналт тавихыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нарт даалгаж, шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр   шийдвэрлэжээ.            

Прокурор Р.Энх-Оюун бичсэн эсэргүүцэлдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагыг дараах байдлаар хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Шүүх “... шүүгдэгч нар нь хохирогчийн эд зүйлийг авахдаа айлган сүрдүүлсэн идэвхитэй үйлдэл хийлгүйгээр, гудамж талбайд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрч хохирогчид гэмтэл учруулах явцдаа бусад шүүгдэгч нарыг мэдээгүй байхад шүүгдэгч Д.Санжаадагва нь ганцаараа хохирогчийн халаасыг ухан эд зүйлийг нь булааж аваад зугтаасан болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон...” гэж дүгнэн хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилсөн байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Батболдын “...гудамжны үзүүр дээр Батхуяг бид хоёр тамхи татаад зогсож байсан чинь 5-6 залуучууд  ирээд, нэг залуу нь “тамхи байна уу” гэсэн чинь Батхуяг “байхгүй” гэсэн. Тэгсэн чинь тэд нар явахгүй байхаар нь би “тамхи байхгүй гээд байгаа юм биш үү” гэсэн чинь 2-3 залуу нь миний нүүр лүү цохиод,надтай зууралдаад байсан чинь нэг эрээн цамцтай залуу нь миний халаасыг уудлаад байсан бөгөөд халааснаас утас аваад гүйгээд явсан. Тэгэхээр нь би “эрээн цамцтай нь миний утсыг аваад явчихлаа” гэж орилсон чинь нөгөө хэд бүгд зугтаагаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Э.Батхуягийн “...тэр гурав нь Батболдыг барьж аваад шууд зодоод эхэлсэн. Би салгах гэтэл хаанаас ч юм өөр гурван залуу ирээд намайг тойроод гурвуулаа газраас чулуу аваад илүү хөдөлгөөн хийвэл зодох гээд байсан. Тэгсэн чинь нөгөө гурван залуу нь Батболдыг зодохоо болиод бүгд гэнэт зугтсан чинь Батболд “Батхуягаа миний утсыг аваад явчихлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Санжаадагва, Д.Мөнхмишээл, Э.Цэрэнноров, Э.Хүрэлсүх, Б.Сумъяадорж нар 2016 оны 9 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнийн 01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 21 дүгээр гудамжинд иргэн Л.Батболдын эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан, “Samsung S-2” загварын гар утсыг дээрэмдсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь хангалттай тогтоогдсон.

Шүүгдэгч Д.Мөнхмишээл, Э.Цэрэнноров нар нь 2016 оны 9 дүгээр сарын 3-ны шөнө 16 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд шүүх тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъект гэж тооцон, ял шийтгэл ногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нар “хохирогч, гэрч нар хоорондоо зууралдаж, зодолдож байсан” гэж мэдүүлдэг. Энэ талаар хохирогч, гэрч нарт хууль сануулаад мэдүүлэг авахад нь “ямар нэгэн байдлаар зодолдсон зүйл байхгүй. Хоёулаа тамхи татаад зогсож байсан” гэх асуудлыг ярьдаг. Хавтаст хэргийн 12-13 дугаар талд анх Д.Санжаадагва, Б.Сумъяадорж нар тайлбар өгөхдөө “гар утсыг авах, дээрэм хийх” зорилгоо урьдчилан ярилцаж, хохирогчоос тамхи асууж улмаар гар утсыг нь аваад бүгд зугтаасан талаараа ярьсан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч, гэрч нарт хууль сануулж мэдүүлэг авсан учраас худал мэдүүлэг өгөхгүй байх. Дээрмийн гэмт хэрэг үйлдэж “Samsung S2” загварын гар утсыг авахдаа хохирогчийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан нь хангалттай тогтоогдсон. Д.Мөнхмишээл, Э.Цэрэнноров нарыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэж ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт 14-16 насанд хүрээгүй бол уг зүйл ангиар ял шийтгэл оногдуулсан нь хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ...” гэв.

Ялтан Э.Хүрэлсүхийн өмгөөлөгч Ю.Тогмид тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Прокурорын эсэргүүцлийн 2 дахь заалтад насанд хүрээгүй хүүхдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсныг хэрэгсэхгүй болгох боломжтой гэж үзэж байна ...” гэв.

Насанд хүрээгүй ялтан Д.Мөнхмишээл, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Данаажав, насанд хүрээгүй ялтан Б.Сумъяадорж, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Болортуяа нарын өмгөөлөгч Ш.Сарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хавтаст хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтыг зөв үнэлж дүгнэсэн гэж үзэж байгаа учраас эсэргүүцлийн 1 дэх заалтыг хүлээж авах үндэслэл байхгүй. Энэ хэрэгт 15 нас 11 сартай, 15 нас 9 сартай 2 шүүгдэгч байгаа. Энэ 2 шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21 дүгээр зүйлд заасныг баримталж ялаас чөлөөлөх ёстой байсан гэх эсэргүүцлийг дэмжиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна ...” гэв.

Насанд хүрээгүй ялтан Э.Цэрэнноров, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Билэгт-Отгон нарын өмгөөлөгч А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Харин мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.3, 80.1.6 дахь хэсэгт заасан нотлогдбол зохих асуудлууд нотлогдоогүй. Хохирогчид учруулсан гэмтлийг хэн учруулсан болох нь тогтоогдоогүй. Мөн шүүгдэгч нарын субъектив санаа зорилго, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр хэмжээг тодорхойлж чадаагүй байгаа учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах санал тавьсан. Гэхдээ шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд заасныг журамлаад шүүгдэгч, яллагдагч нарт ашигтай гэсэн байдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсгийг 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэг болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Гэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах шаардлагагүй гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчид учирсан хүндэвтэр зэргийн гэмтлийг хэн учруулсныг тогтоогоогүй. Шүүгдэгч нар “тухайн хүмүүс хоорондоо зодолдож байсан” гэж анхнаасаа ярьдаг. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн маршрутыг шалгаж тогтоогоогүй. Хохирогчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдоогүй бол нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй. Гэтэл зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үнэлсэн. Шүүгдэгч нарын хэн нь яг хаашаа, юугаар яаж цохиж хүндэвтэр гэмтэл учруулсан бэ гэдгийг нотлож чадаагүй. Иймд довтолсон, амь биед аюултайгаар хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл байхгүй. Мөн танхай гэж үзэж байгаа бол догшин авирлаж танхайрсан гэж үзсэн нь учир дутагдалтай. Гэхдээ шүүгдэгч нарын үйлдэл дотор тамхи асуух гэж очоод тодорхой хэмжээнд хүч хэрэглэсэн нөхцөл байдал байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар давхар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Яагаад гэвэл хохирогчид учирсан гэмтэл хэний ямар үйлдлийн улмаас учирсаныг мөрдөн байцаалтын шатанд тогтоож чадаагүй байгаа гэж үзэж байна. . Мөн Э.Цэрэнноров гэмт хэрэг үйлдэхдээ 15 нас 11 сар 18 хоногтой байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нөгөө талаар зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн нь зөв зүйтэй болсон. Гэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулсныг хэрэгсэхгүй болгож, Э.Цэрэнноровын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн субъект болохгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн саналтай байна ...” гэв.

Насанд хүрээгүй ялтан Д.Мөнхмишээлийн хууль ёсны төлөөлөгч Б.Данаажав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Насанд хүрээгүй ялтан Б.Сумъяадоржийн хууль ёсны төлөөлөгч Э.Болортуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай дүү Б.Сумъяадорж хэлэхдээ “Бид нарыг очиход хохирогч, гэрч нар архи уучихсан зодолдож байсан” гэж мэдүүлдэг. Мөн насанд хүрээгүй хүүхдүүд байгаа учраас ямар нэгэн байдлаар худлаа ярих, буруу ярих зэрэг хар муу санаа байхгүй гэж бодож байна. Хүүхэд учраас харсан зүйлээ бодитоор хэлсэн байх. Б.Сумъяадорж хохирогчийн яг хаашаа нь цохисон, гар утсыг авсан гэх үйлдэл нь тодорхойгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү...” гэв.

Насанд хүрээгүй ялтан Э.Цэрэнноровын хууль ёсны төлөөлөгч Г.Билэгт-Отгон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Цэрэнноровт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байх ба энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Д.Санжаадагва, Э.Хүрэлсүх, Д.Мөнхмишээл, Б.Сумъяадорж, Э.Цэрэнноров нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг анхан шатны шүүхээс өөрчлөн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

Хавтаст хэрэг авагдсан нотлох баримтууд болон Д.Санжаадагва, Э.Хүрэлсүх, Д.Мөнхмишээл, Б.Сумъяадорж, Э.Цэрэнноров нараас хууль сануулан авсан тайлбар, хохирогч гэрч нарын мэдүүлгээс үзэхэд энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагааг бүрэн гүйцэд хийсэн байх ба шүүгдэгч тус бүрийн энэ хэрэгт оролцсон байдал  тогтоогдсон байна.

Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар дахин шалгах шаардлагагүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Иймд улсын яллагч Р.Энх-Оюуны бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 09 дүгээр эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Санжаадагва, Э.Хүрэлсүх, Д.Мөнхмишээл, Б.Сумъяадорж, Э.Цэрэнноров нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

            2. Хэрэг шүүхэд очтол Д.Санжаадагва, Э.Хүрэлсүх, Д.Мөнхмишээл, Б.Сумъяадорж, Э.Цэрэнноров нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

            3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧИД                                                       Д.ГАНСҮХ

                                                                                                             Д.ОЮУНЧУЛУУН