| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Ганзориг |
| Хэргийн индекс | 2014250008487 |
| Дугаар | 92 |
| Огноо | 2016-04-13 |
| Зүйл хэсэг | 091.1., 254.2., |
| Улсын яллагч |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 92
Н.М, М.З, Б.Э
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг
Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,
шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
прокурор М.Буяннэмэх,
шүүгдэгч Н.Мгийн өмгөөлөгч Д.Энхбаяр,
нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоол,
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 107 дугаар магадлалтай, 2014250008487 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Мгийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, Д.Энхбаяр нарын гомдлоор хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт Н-ийн М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт,
2. Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Т овогт Б-ын Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт заасан “Худал мэдүүлэг өгөх хэргийг хувийн бусад сэдэлтээр үйлдэх” гэмт хэрэгт,
3. Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт М-ын З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт заасан “Худал мэдүүлэг өгөх хэргийг хувийн бусад сэдэлтээр үйлдэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Э, М.З нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.Э, М.З нарыг цагаатган, Н.Мг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Н.Мгаас оршуулгын зардалд 5,895,700 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Чт олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын Цагдаагийн газраас оршуулгын зардалд 5,895,700 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Чт олгож, иргэний хариуцагч өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, Д.Энхбаяр, Б.Тогоохүү нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон байна.
Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, өмгөөлөгч Д.Энхбаяр нарын саналыг сонсоод
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... өмнө нь давж заалдах шатны шүүхийн магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан боловч мөрдөн байцаалтын шатанд магадлалын заалтыг бүрэн хангаж биелүүлээгүй, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоож чадаагүй. Н.М нь ажлын байрандаа албан үүргээ гүйцэтгэж байх үедээ хуулиар олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулсан. Төрийн албан хаагчийн хувьд гэм буруутай гэж үзвэл түүний үйлдэл нь албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байх үндэстэй гэж үзэж байна. Шүүх эдгээр нөхцөл байдлуудыг бодитойгоор хянаж үзээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан ажиллагаа бүрэн хийгдээгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Н.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2-т заасан албан тушаалтан хууль тогтоомж түүний дагуу гарсан дүрэм журмаа зохих ёсоор биелүүлээгүйгээс бусдад хүнд хор уршиг учруулсан. Иймээс шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулан хөнгөн ялтай хууль хэрэглэж, ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол харьяаллын бус байна. Хэрэг гэрч болон хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдож, тогтоогдсон. Хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын Н.Мд холбогдох хэсэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Шүүгдэгч Н.М нь 2014 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуулах байранд Ч.Тийг албадан эрүүлжүүлэх ажиллагаа явуулж биед нь үзлэг хийхдээ хүзүүн дэх гинжийг нь хураан авахын тулд хүч хэрэглэж, урд талаас нь өвдөглөн хөдөлгөөнийг нь хязгаарлахдаа “хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний урагдал, язрал” бүхий гэмтэл учруулсны улмаас хэвлийн гялтангийн тархмал үрэвсэл, ерөнхий гүн хордлогоор хохирогч нас барсан тухай үйл баримтыг шүүх тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 буюу хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчил тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.М нь Ч.Тийг албадан эрүүлжүүлэхдээ Засгийн газрын 1996 оны 91 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт Захиргааны журмаар албадан саатуулах байрны дэглэм, журмын 17-д заасны дагуу хүзүүн дэх гинжийг нь тайлуулж авах зорилгоор хэвлий рүү нь өвдөглөсөн нь хохирогчийн “... цагдаа хүзүүн дэх гинжээ ав гэж хэлэхээр нь би авахгүй гэж хэлсэн чинь тэр өндөр цагдаа миний хэвлий рүү нэг удаа өвдөглөчихсөн” гэх мэдүүлгээс өөр Н.Мгийн хүний амь насыг хохироосон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцааг тогтоосон нотлох баримт хэрэгт цуглараагүйгээс гадна шүүх шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрийг зөв тогтоогоогүй байна.
Н.М Ч.Тийг хэвлий рүү нь өвдөглөж гэмтээх улмаар санаатай алах зорилго, хүсэл байгаагүй, өөрөөр хэлбэл хэвлий рүү нь өвдөглөсний улмаас Ч.Т гэмтэж, үхэж болох хор уршиг учирч болохыг шүүгдэгч урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч үүндээ хайхрамжгүй хандсан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг агуулсан гэж үзнэ.
Хайхрамжгүй хандах нь гэмт этгээд үйлдэл буюу эс үйлдлээсээ учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй, ухамсарлан ойлгоогүй байдаг боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй холбож үзвэл тийм хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсанд оршдог бол шууд, шууд бус санаатай гэдэг нь гэмт этгээд үйлдэл буюу эс үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт хүсэж эсхүл зориуд хүргэсэн байдгаараа ялгаатай юм.
Иймд Н.Мг бусдыг болгоомжгүй алсан гэм буруутайд тооцож, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаярын “шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулан хөнгөн ялтай хууль хэрэглэж, ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн гомдлыг хангаж, өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Харин анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын шүүгдэгч Б.Э, М.З нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан хэсэг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2, 351 дүгээр зүйлийн 351.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 107 дугаар магадлалд “Н.Мг бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жил хорих ялаар шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Мгийн эдлээгүй үлдсэн хорих ялаас нь өршөөн хэлтрүүлж, түүнийг нэн даруй сулласугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ,
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Т.УРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ