| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Банзрагч |
| Хэргийн индекс | 128/2024/0909/З |
| Дугаар | 001/ХТ2025/0063 |
| Огноо | 2025-06-26 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 001/ХТ2025/0063
“М” ХХК-ийн гомдолтой,
Санхүүгийн зохицуулах хорооны
улсын байцаагч М.Т-т холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: М.Батсуурь
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: П.Соёл-Эрдэнэ
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/1019 дүгээр шийдвэр,
Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-О нарыг оролцуулж,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 001/ШХТ2025/0264 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3-т заасан үндэслэл байгаа эсэхийг гомдол гаргагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдлын шаардлага:
“М” ХХК-аас Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч М.Т-т холбогдуулан “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч М.Т-ын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0014... дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргажээ.
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.“М” ХХК, Б.З нар 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 23201/90… дугаар “Тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын гэрээ”-г байгуулсан байх бөгөөд талуудын хооронд даатгалын нөхөн төлбөртэй холбоотой асуудал үүсэж, даатгуулагч Б.З-аас “М” ХХК, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус хандсан байна.
2.2.“М” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01/12-790, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01/11-1036 дугаар албан бичгүүдээр даатгуулагч Б.З болон Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргад нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн талаар мэдэгдсэн.
2.3.Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3/2646 дугаар “... даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэж, шийдвэрийн талаарх мэдээллийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор тус Хороонд болон даатгуулагчид мэдэгдэнэ үү” гэсэн албан бичгийг “М” ХХК-д хүргүүлсэн.
2.4.Дээрх албан бичгийн хариуд “М” ХХК-аас 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 01/12-1148 дугаар албан бичгээр “... нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн шийдвэрээ хэвээр үлдээж байгаа” талаар Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргад мэдэгджээ.
2.5.Б.З-аас 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан гомдлын дагуу хариуцагч улсын байцаагчаас зөрчлийн хэрэг нээж, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0014... дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 15.18-д зааснаар “эрх бүхий байгууллагаас өгсөн даалгаврыг биелүүлээгүй” зөрчил гаргасан гэж үзэн “М” ХХК-д 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
3.Гомдол гаргагчаас дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
“... Улсын байцаагч нь даатгуулагчтай байгуулсан гэрээний эрх зүйн харилцаанд оролцох, нөхөн төлбөр олгох даалгавар өгөх, шүүхийн эрхийг хэрэгжүүлэх эрхгүй. Санхүүгийн зохицуулах хороо нь иргэний эрх зүйн өмчийн харилцааны маргаанд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасны дагуу урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэгжүүлэх бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэгжүүлж буй хэлбэр юм. Нөхөн төлбөр олгох эсэх үндэслэлийн хэмжээнд зөвхөн мэргэжлийн байгууллагын дүгнэлт өгдөг. Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн бичиг нь Даатгалын тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.10-т заасан даалгаврын шинж, хэлбэрийг агуулаагүй, албадлагын арга хэмжээ авах шийдвэр биш гэж үзэж байна. Даатгуулагч салхины шилний зураас хаана үүссэн, юунаас үүссэн гэдгийг даатгагчид нотолж өгөөгүй, мөн тухайн эвдрэлд өмнөх осолтой холбоотой шинж агуулсан баримтууд байсан учраас даатгагчийн зүгээс нөхөн төлбөр олгох боломжгүй гэж үзэж татгалзсан. Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны 2024 оны 3/2646 дугаар албан бичиг нь мэдэгдлийн агуулгатай бөгөөд хариуг тогтоосон хугацаанд нь албан бичгээр хүргүүлсэн байхад эрх бүхий байгууллагаас өгсөн даалгаврыг биелүүлээгүй гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй ...” гэжээ.
4.Хариуцагчаас гомдлын шаардлагыг эс зөвшөөрч “... Нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, тухайн тохиолдол нь зам тээврийн осолд хамааралгүй, зөвхөн тээврийн хэрэгслийн салхины шилэнд учирсан хохирол байдаг. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг үндэслэн даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох асуудлыг урьдчилан шийдвэрлэж, хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдэгдэхийг даатгуулагчид үүрэг болгосон. “М” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандаж шийдвэрлүүлээгүй тул Даатгалын тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.10-т заасныг үндэслэл болгон даатгуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хохирлыг барагдуулах талаар хуулийн хүрээнд шаардлагатай арга хэмжээг авсан. Зөрчлийн тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтны зүгээс зөрчилд шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй, улсын байцаагч эрх хэмжээгээ хэтрүүлээгүй. Гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй ... ” гэх зэргээр маргасан.
5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/1019 дүгээр шийдвэрээр “Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 15.18, Даатгалын тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.10-т заасныг тус тус үндэслэн “М” ХХК-аас гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч М.Т-ын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0014... дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:
5.1.“... Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3/2646 дугаар албан бичиг нь нэгдүгээрт, Даатгалын тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.10-т заасан “албадлагын арга хэмжээний хүрээнд өгч буй даалгавар” биш, хоёрдугаарт, тухайн албан бичгээр даатгуулагч Б.З-д даатгалын нөхөн төлбөр олгохыг компаниас шууд шаардсан нь маргаанд оролцогч талуудын хувьд шүүхэд хандах эрхэд халдсан, тэдний эрх ашгаа хамгаалж маргах эрхийг хөндсөн хууль бус мэдэгдэл гэж үзнэ.
5.2.Түүнчлэн маргааны оролцогч талууд Санхүүгийн зохицуулах хорооны урьдчилан шийдвэрлээд гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй төдийгүй даатгалын нөхөн төлбөрийг хариуцагчийн шаардсанаар шууд төлөх үүрэг “М” ХХК-д үүсэхгүй, гэрээнд энэ талаар талууд нарийвчлан зохицуулсан. Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн даалгаврыг биелүүлээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, тус компани нь Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 15.18-д заасан эрх бүхий байгууллагаас өгсөн даалгаврыг биелүүлээгүй зөрчил гаргаагүй байна ...
5.3.Хариуцагч өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан шийтгэлийн хуудас хууль зөрчсөн үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй ...” гэх зэргээр дүгнэжээ.
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2025/0312 дугаар магадлалаар “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 15.18, 11.13 дугаар зүйлийн 15.22 дахь заалтыг тус тус баримтлан гомдол гаргагч “М” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг өгсөн байна. Үүнд:
6.1.“... Хариуцагчаас гомдол гаргагч “М” ХХК-д даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэх талаар 2024 оны 3/2646 дугаар албан бичиг буюу даалгавар хүргүүлсэн боловч Санхүүгийн зохицуулах хорооны дээрх шийдвэрийг биелүүлээгүй, мөн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаагүй байх тул маргаан бүхий улсын байцаагчийн шийтгэлийн хуудас нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангасан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон зөрчилд шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байна.
6.2.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 18 дугаар зүйлийн 18.3-т зааснаас үзвэл Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны дарга нь хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд 2024 оны 3/2646 дугаар албан бичгээр “М” ХХК-д даалгавар хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, даалгаврыг биелүүлээгүй үндэслэлээр зөрчилд тооцож шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцсэн. Мөн тухайн даалгаврыг эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхийг тусгасан байх бөгөөд “М” ХХК нь гомдол гаргаагүй атлаа ийнхүү шүүхэд маргасныг хүлээн авах үндэслэлгүй ...” гэжээ.
7.Гомдол гаргагчийн төлөөлөгч С.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
7.1.“... Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн зөв үнэлж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр хэрэглэсэн ... Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан “Ажлын албаны дарга нь Хорооны ерөнхий менежер байна” гэдэг агуулгыг Санхүүгийн зохицуулах хороог төлөөлөх, мөн хуулиар тусгайлан олгосон эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхтэй гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан зохицуулалтаар Санхүүгийн зохицуулах хороо нь хамтын удирдлагатай байгууллага буюу гишүүдийн тогтоолоор шийдвэрээ гаргадаг. Энэхүү эрх хэмжээгээ менежер буюу ажлын албаны даргад шилжүүлэх эрхгүй болохыг хуулиар тодорхойлсон.
7.2.Мөн Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг урьдчилан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу даатгагч болон даатгуулагч нарын хооронд үүссэн нөхөн төлбөрийн маргаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасны дагуу шүүхийн өмнөх шатны урьдчилан шийдвэрлэх журмыг хангаж буй хэлбэр бөгөөд нөхөн төлбөр олгох, эс олгох гэсэн 2 үндэслэлийн хэмжээнд зөвхөн мэргэжлийн байгууллагын дүгнэлт өгдөг ба гэрээний талууд иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаанаа шийдвэрлүүлэх боломжтой талаар албан бичгээр зөвлөмж өгдөг тул Даатгалын тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.10-т заасан даалгаврын шинж, хэлбэрийг агуулаагүй, албадлагын арга хэмжээ авах шийдвэр гараагүй. Энэ талаар Улсын дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 440 дүгээр тогтоолоор даатгалын тохиолдлын хувьд даалгавар даалгах эрхгүй болохыг хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах хүрээнд тайлбарлаж хэрэглэсэн байтал энэ талаар тогтоолоос өөрөөр, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
7.3.Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3/2646 дугаар албан бичиг нь мэдэгдлийн агуулгатай байх бөгөөд “хэрхэн шийдсэнээ тогтоосон хугацаанд мэдэгд” гэснийг биелүүлсэн атал ийм үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэн шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Даалгавар нь хууль зүйн агуулгаар хоёргүй утгаар хэрэглэгдэх төрийн захиргааны байгууллага хуулиар тогтоон олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд эрх бүхий этгээдийн шийдвэр бүхий албан ёсны заавар чиглэл юм. Гэтэл дээрх албан бичгийг албан даалгавар гэж дүгнэсэн нь буруу. Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргад тус байгууллагыг төлөөлөх бүрэн эрх олгогдоогүй, уг бичиг нь хэрхэн шийдсэнээ мэдэгд гэсэн агуулгатай мэдэгдэл байна. Хариуцагчаас “М” ХХК-д хандаж нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүй татгалзсан болохыг тогтоож даатгуулагч Б.З-д нөхөн төлбөрийг олгож, хариу мэдэгдэхийг үүрэг болгосон нь нэхэмжлэгчид эрх зүйн үр дагавар үүсгэсэн, тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан захирамжилсан шийдвэр байх тул уг албан бичиг нь захиргааны актын шинжийг бүрэн агуулсан. Энэ тохиолдолд захиргааны байгууллага нь өөрийн бүрэн эрхэд хамааралгүй гомдлыг буюу иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэх эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэж, өөрт олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлсэн.
7.4.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан зохицуулалтаас үзэхэд Санхүүгийн зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигч “М” ХХК, даатгуулагч Б.З нарын хооронд үүссэн бүх маргааныг шийдвэрлэхгүй, зөвхөн өөрийн эрх хэмжээ, чиг үүрэгт хамаарах асуудлаар гарсан маргааныг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх ёстой. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4, Даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд тавих Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, чиг үүрэг, оролцооны хүрээг тодорхойлсон бөгөөд даатгагч, даатгуулагчийн хооронд үүссэн, даатгалын гэрээний үүргийн гүйцэтгэл, хохирол, төлбөртэй холбоотой асуудлаарх маргааныг шийдвэрлэх, хохирол төлбөрийг гэрээний аль нэг талд хариуцуулахаар тогтоох, хэн аль нь хохирсон талаар дүгнэлт гаргах эрхийг Санхүүгийн зохицуулах хороонд олгоогүй байх тул маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчид “... төлбөр төлж, хариу мэдэгдэх”-ийг даалгасныг захиргааны байгууллагын өөрийн “эрх хэмжээний хүрээнд” гэж үзэх боломжгүй. 3ахиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын үйл ажиллагааг хянахдаа юуны түрүүнд захиргааны байгууллага өөрт нь харьяалан шийдвэрлэх өргөдөл, гомдлыг шийдсэн эсэх, тухайн асуудлаар шийдвэр гаргах эрх хуулиар олгогдсон эсэхийг нягтлан шалгах ёстой ...
7.5.Хэдийгээр Санхүүгийн зохицуулах хороо иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шалгах, тухайлбал даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулсан эсэхийг шалгаж тогтоох, захиргааны шийтгэл оногдуулах, тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг түр зогсоох эрхтэй боловч “нөхөн төлбөр олгохыг даалгах” шийдвэр гаргах эрхгүй. Даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар даатгагч, даатгуулагчийн хооронд үүсэх гэрээний харилцааг Иргэний хуулиар зохицуулах, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан зохицуулалтаас үзэхэд даатгалын гэрээний талуудын хооронд үүссэн маргааныг иргэний хэргийн шүүх шийдвэрлэх юм. Мөн улсын байцаагчийн бие даан гаргасан шийдвэр нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасныг зөрчин, захиргааны байгууллагыг төлөөлж эрх бүхий этгээдүүдийн өмнөөс шийдвэр гаргасан үйлдэл нь хууль бус бөгөөд үүрэг болгосон албан бичиг нь тогтоол хэлбэрээр биш тул эрх зүйн үр дагавар үүсгэх үндэслэлгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
8.Хариуцагч тал “гомдол гаргагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбарыг өгөв.
9.Хяналтын шатны шүүх гомдол гаргагчийн төлөөлөгчийн гомдлыг “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” үндэслэл байгаа эсэхийг хянан хэлэлцэхээр хүлээн авсан болно.
10.Гомдол гаргагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.
12.Нэг.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан зохицуулалтуудын талаар:
12.1.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг урьдчилан шийдвэрлэнэ” гэж, Даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хянах эрхийг даатгалын асуудал хариуцсан Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлнэ”, 82 дугаар зүйлийн 82.1-д “Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно” гэж тус тус заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо нь даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хянах эрх бүхий захиргааны байгууллагын хувьд даатгагч, даатгуулагчийн хооронд гарсан аливаа маргааныг, түүний дотор даатгалын нөхөн төлбөр олгох эсэхтэй холбоотой маргааныг захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх эрхийг дээрх хуулийн заалтуудаар олгосон гэж үзнэ.
12.2.Гэхдээ Санхүүгийн зохицуулах хорооны болон санхүүгийн зах зээлийн харилцаанд оролцогчдын эрх зүйн байдал, зохицуулах чиг үүргийн онцлогоос хамаарч даатгагч, даатгуулагчийн хооронд үүссэн гэрээний эрх зүйн маргааныг урьдчилан шийдвэрлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг хянах, зохицуулах чиг үүргийн хүрээнд өөрийн эрх хэмжээний асуудлаар захиргааны акт гаргах замаар дээрх эрх хэмжээг ялгамжтай хэрэгжүүлэхээр байна.
12.3.Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар “Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “Хороо” гэх/ нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн”. Өөрөөр хэлбэл, уг байгууллага нь санхүүгийн зах зээлийн харилцаанд оролцогчдын үйл ажиллагааг нийтийн эрх зүйн үүднээс хянан зохицуулах буюу тухайн зах зээлд үйлчилгээ үзүүлж буй этгээдүүд нь холбогдох хууль, журмын дагуу үйл ажиллагаа явуулж буй эсэх, хууль зөрчсөний улмаас хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг зөрчсөн эсэхийг шалгаж тогтоох, зөрчигдсөн эрхийг сэргээн хамгаалах чиг үүрэгтэй захиргааны байгууллага юм.
12.4.Хорооны энэхүү чиг үүргийг Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль (нийтийн эрх зүйн хэм хэмжээ)-аас гадна Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль, Даатгалын тухай хууль зэрэг хууль тогтоомжоор зохицуулсан. Эдгээр хуулиуд нь нэг талаас нийтийн захиргааг хэрэгжүүлэгч Хороо, нөгөө талаас санхүүгийн зах зээлд үйлчилгээ үзүүлэгч этгээдийн хооронд үүссэн нийтийн эрх зүйн (захирах-захирагдах) харилцааг зохицуулсан хэм хэмжээнээс гадна санхүүгийн зах зээлд оролцогчдын буюу санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч болон үйлчлүүлэгч/хөрөнгө оруулагчдын хоорондын хувийн эрх зүйн (харилцан зөвшилцөх) харилцааг зохицуулсан “холимог шинжтэй” гэж болохуйц хэм хэмжээг агуулсан хууль тогтоомжоор зохицуулсан байдгаараа онцлог шинжтэй.
12.5.Тухайлбал, Даатгалын тухай хуулийн зорилт нь уг хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар “даатгалын үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг тогтоож, төрийн эрх бүхий байгууллагаас даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах” гэсэн нийтийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдэх боловч, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар “Даатгагч, даатгуулагчийн хооронд үүсэх гэрээний харилцааг Иргэний хуулиар зохицуулах”-аас гадна уг хууль дахь даатгалын нөхөн төлбөр, даатгагч, даатгуулагчийн эрх, үүргийг зохицуулсан зүйл, заалт зэрэг нь хувийн эрх зүйн харилцааг зохицуулсан шинжтэй байна.
12.6.Иймд Хороо нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасны дагуу урьдчилан шийдвэрлэх чиг үүргээ хэрэгжүүлэхдээ тухайн маргаан нь нийтийн эрх зүйн шинжтэй юу, эсхүл хувийн эрх зүйн хэм хэмжээнээс үүдэлтэй байна уу гэдгийг харгалзан үзэх шаардлагатай, үүнээс хамаарч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэсэн Хорооны шийдвэрийн эрх зүйн үр дагавар нь ялгаатай байхаар байна.
12.7.Тодруулбал, Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар Хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд давж заалдах зохицуулалт нь тухайн маргааны үндсэн шинжээс хамаарч, маргааны аль тал нь аль шүүхэд хандах боломжтой нь тодорхойлогдох буюу Хороо болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хоорондын захирах-захирагдах харилцаанд үндэслэн үүссэн маргааныг (тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх зэрэг албадлагын арга хэмжээ авах, шийтгэл оногдуулах гэх мэт) урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэсэн Хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл тусгай зөвшөөрөл эзэмшигч захиргааны хэргийн шүүхэд, харин тусгай зөвшөөрөл эзэмшигч болон үйлчлүүлэгчийн хороонд байгуулагдсан (иргэний) гэрээнээс үүдэлтэй маргаанд Хороо нь хөндлөнгийн буюу “зохицуулагч”-ийн үүднээс урьдчилсан шийдвэр гаргасан бөгөөд даатгуулагч уг шийдвэрийг эс зөвшөөрвөл иргэний хэргийн шүүхэд хандах эрхтэй гэж ойлгоно.
12.8.Өөрөөр хэлбэл, “даатгалын нөхөн төлбөр олгохыг даалгах” агуулгатай Хорооноос гарсан шийдвэрийг даатгагч зөвшөөрвөл даатгуулагчид нөхөн төлбөрийг олгох, харин зөвшөөрөөгүй тохиолдолд даатгуулагч шүүхийн журмаар маргах боломжтой, түүнчлэн Хорооноос “нөхөн төлбөр олгох үндэслэлгүй” талаар шийдвэр гарвал даатгуулагч шүүхэд хандах эрхтэй.
12.9.Энэ тохиолдолд, “М” ХХК нь иргэн Б.З-тай “Тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын гэрээ” байгуулсан, уг гэрээний дагуу даатгагч нь даатгуулагчид нөхөн төлбөр олгохоос татгалзсантай холбоотойгоор маргаан үүсэж, улмаар Хорооны ажлын албаны 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3/2646 дугаар албан бичгээр “М” ХХК-д хандан “... даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэж, шийдвэрийн талаарх мэдээллийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор тус Хороонд болон даатгуулагчид мэдэгдэх”-ийг үүрэг болгосон, үүний хариуд “М” ХХК-аас “нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн шийдвэрээ хэвээр үлдээж байгаа” талаар Хороонд мэдэгдсэн агуулгаас үзвэл, даатгагч, даатгуулагчийн хооронд иргэний буюу даатгалын гэрээнээс үүдэлтэй маргаан үүссэн. “М” ХХК нь даатгуулагч иргэн Б.З-д нөхөн төлбөр олгохоос татгалзсан, тухайн иргэн уг асуудлаар иргэний хэргийн шүүхэд хандсан байх тул энэ маргааны хувьд Хорооны ажлын албаны 2024 оны 3/2646 дугаар албан бичгээр захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон, шүүхийн журмаар маргаан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн гэж үзнэ.
12.10.Иймд “дээрх шийдвэрийг даатгагч эс зөвшөөрсөн бол захиргааны хэргийн шүүхэд хандах ёстой байсан, гэтэл хандаагүй тул хүчин төгөлдөр болсон” гэх агуулгатай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу, дээр дурдсанчлан нөхөн төлбөр олгох эсэхтэй холбоотой, талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс үүдэлтэй маргаанд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа, түүний үр дагаврыг буруу тайлбарлан хэрэглэсэн, энэ талаарх гомдол гаргагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.
13.Хоёр.Даатгалын тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.10, Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 15.18-д заасан зохицуулалтын талаар:
13.1.Даатгуулагч Б.З-аас Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан гомдлын дагуу хариуцагч улсын байцаагчаас зөрчлийн хэрэг нээж, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 15.18-д зааснаар “эрх бүхий байгууллагаас өгсөн даалгаврыг биелүүлээгүй” гэх зөрчил гаргасан гэж үзэн “М” ХХК-д 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, хариуцагч уг шийдвэрийн үндэслэлээ “Даатгалын тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.10-т заасан эрх хэмжээний хүрээнд гаргасан” гэж тайлбарлажээ.
13.2.Даатгалын тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Зохицуулах хороо энэ хуулийн 67.1-д заасан үндэслэлээр дараахь төрлийн албадлагын арга хэмжээг хэрэглэнэ:” гээд 68.1.4-т “энэ хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу даалгавар өгөх” гэж, 73 дугаар зүйлийн 73.1.10-т “даатгуулагч болон хувьцаа эзэмшигчийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гэж тус тус заасан, мөн хуулийн 73.1.1-73.1.9-д заасан зөрчлийн шинж байдлыг авч үзвэл, 73 дугаар зүйлийн 73.1-д заасан даалгавар нь даатгагч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан зэрэг хуулийг “ноцтой” зөрчсөн тохиолдолд авах “албадлагын арга хэмжээ” байна. Иймд хуулийн системчлэл, логикоор нь 73 дугаар зүйлийн 73.1.10-т заасан “шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх” үндэслэлийг тайлбарлавал, даатгагчийн зүгээс 73.1.1-73.1.9-д заасантай дүйцэхүйц хэмжээний хуулийн зөрчил гаргаснаас даатгуулагчийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд авах албадлагын арга хэмжээ гэж үзэхээр байна.
13.3.Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д зааснаар даатгагч нь хуульд заасан үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзах эрхтэй, энэхүү эрхийнхээ дагуу “М” ХХК нь даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан талаараа Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдсэн байхад үүнийг “Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 15.18-д заасан зөрчил гаргасан” гэж үзсэн нь үндэслэлгүй, хариуцагч нь хуулийн дээрх заалтуудыг буруу хэрэгжүүлсэн гэж үзнэ.
13.4.Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 15.18-д “даатгагч ... эрх бүхий байгууллагаас өгсөн даалгаврыг биелүүлээгүй” бол зөрчилд тооцохоор заасан, даатгалын гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой үүссэн маргааныг иргэний хэргийн шүүх шийдвэрлэхээр хуульд тусгайлан заасан байхад “захиргааны журмаар албадан биелүүлүүлэх” агуулгаар “зөрчил”-д тооцож, албадлагын арга хэмжээ авсан нь дээр дурдсан хуулийн зорилго, системчлэлд нийцэхгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
14.Нэгтгэн дүгнэвэл, Хорооны ажлын албанаас 2024 оны 3/2646 дугаар албан бичгээр даатгагч “М” ХХК-д хандан “нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх” талаар үүрэг хүлээлгэснийг Даатгалын тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.10-т заасан даалгавар буюу албадлагын арга хэмжээ гэж үзэхгүй ч, зохицуулах байгууллагын хувьд ийнхүү үүрэг хүлээлгэснийг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд гарсан шийдвэр гэж үзэх бөгөөд хууль бус гэх үндэслэлгүй. Энэ утгаар анхан шатны шүүхийн “… Хорооны 2024 оны 3/2646 дугаар албан бичгээр иргэн Б.З-д даатгалын нөхөн төлбөр олгохыг компаниас шууд шаардсан нь … хууль бус мэдэгдэл …” гэсэн дүгнэлтийг залруулах нь зүйтэй.
15.Иймд шүүх бүрэлдэхүүн гомдол гаргагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “давж заалдах шатны шүүх Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 15.18, Даатгалын тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.10, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх агуулгатай гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2025/0312 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/1019 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагч “М” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ
Г.БАНЗРАГЧ