Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 111/ШШ2017/0020

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, нарийн бичгийн дарга Н.Дэчмаа, нэхэмжлэгч Л.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гэрч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Л.Д-гийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга Ц.Т-т холбогдуулан гаргасан “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр багийн нутагт орших “Овоон өврийн дээд бууц”-ны өвөлжөөний газар, “Овоон өврийн доод бууц”-ны хаваржааны газрын эзэмшил дээр гарсан тус багийн иргэн Х.Г бид хоёрын маргааныг шийдвэрлэж, өмнө нь газар эзэмших эрх авсан байсан Л.Д надад “Овоон өврийн дээд бууц”-ны өвөлжөөний газар, “Овоон өврийн доод бууц”-ны хаваржааны газрыг олгох тухай зохих шийдвэр гаргахгүй байгаа хууль бус эс үйлдэл гаргасан болохыг тогтоолгох”,

“Овоон өврийн дээд бууц”-ны өвөлжөөний газар, “Овоон өврийн доод бууц”-ны хаваржааны газар нь миний эзэмшлийн газар болохыг тогтоосон захирамж гаргахыг хариуцагчид даалгах”,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлэн гаргасан “Эрдэнэцогт сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 88 дугаар захирамжийн “Овоон өврийн дээд бууц” өвөлжөөний газар, “Овоон өврийн доод бууц” гэх хаваржааны газрыг бусдад олгосныг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Г-д шүүх хурлдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болно.

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1-р багт нутаглаж мал маллаж амьдардаг. Би тус багийн нутаг дэвсгэрт байрлах “Овоон өврийн дээд бууц” гэх өвөлжөөний 1505 м2 газрыг газар эзэмших эрхийн 0111407 тоот гэрчилгээний дагуу, "Овоон өврийн доод бууц" гэх хаваржааны 1505 м2 газрыг 0111408 тоот гэрчилгээний дагуу 2007 оноос хойш одоог хүртэл эзэмшиж байсан. Энэ өвөлжөө хаваржааны газар дээр өвөлжих гээд л очихоор Х.Г гэх хүн манай малыг болон хүнийг хөөж ерөөсөө өвөлжүүлдэггүй байсан тул тухайн үед арга буюу сумын газрын алба болон аймгийн газрын албанд хандаж байсан ч дорвитой хариу өгдөггүй байсан.

Миний бие өөрийн нэр дээр гэрчилгээтэй байгаа тул санаа зовох зүйлгүй гэж бодож байтал 2016 оны 05 сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1-р багийн иргэдийн Нийтийн Хурлыг Эрдэнэцогт сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ц, багийн Засаг дарга Х.Г, багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ц.Г нар зарлан хуралдуулж сумын Засаг даргын ажлын тайлан, эмч, Засаг дарга нарын мэдээлэл, бидний маргаж буй газрын талаарх асуудлыг хэлэлцсэн юм.

Энэ хурлаар миний "Овоон өврийн дээд бууц” гэх өвөлжөөний 1505 м2 газрыг, газар эзэмших эрхийн 90111407 тоот гэрчилгээтэй газар, "Овоон өврийн доод бууц" гэх хаваржааны 1505 м2 газрыг 0111408 тоот гэрчилгээтэй газруудыг надтай газар булаацалдаж байсан Х.Г-д өвөлжөө, хаваржааны газрын гэрчилгээ олгох нь зүйтэй гэж шийдвэрлээд миний газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ болон холбогдох бусад материалыг хураан авсан.

Энэ талаар Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахад хариуцагч тал нь манай багаас ийм тогтоол шийдвэр гараагүй гэсэн тайлбар ирүүлсэн тул миний бие нэхэмжлэлээсээ татгалзсан ба тус хэрэг хянан шийдвэрлэгдэж байх явцад Эрдэнэцогт сумын газрын даамал нь надад, миний газар эзэмших эрхийг нотолсон гэрчилгээнүүдийг буцаан өгсөн юм.

Ингээд би 2016 оны 09 сарын 24-ний өдөр аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарсны дараа өвөлжөөн дээрээ очоод буух гэхэд мөн нөгөө Х.Г гэх хүн манайхыг олон малтай гэж хэлээд хөөсөн.

Энэ үед би Эрдэнэцогт сумын Засаг даргад гомдолоо гаргаж өгсөн байсан тул хариугаа авах гээд очиход, “…шүүхийн шийдвэр гарч байна, шүүхийн шийдвэр ирээгүй байна…” гэж хэлээд хариу өгөөгүй. Ингэж хэлсний дараа би нэлээд хүлээж байгаад надад хариу өгөөгүй тул Баянхонгор аймгийн Засаг даргад энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү хэмээн гомдол хүргүүлсэн юм. Ингээд хариу ирэхийг хүлээж байгаад, хариу ирэхгүй болохоор нь аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль зүйн хэлтсийн дарга Д.У-ээс очиж хариуг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр асуухад Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 11 сарын 30-ны өдрийн 1а/933 тоот албан бичгээр Эрдэнэцогт сумын Засаг даргад Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д заасныг баримтлан шийдвэрлэж хариуг ирүүлэх талаар даалгажээ.

Гэтэл тус сумын Засаг дарга намайг дуудаж газрын асуудал шийдвэрлээгүй, мөн аймгийн Засаг даргад ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. Энэ нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д заасан үүргээ Эрдэнэцогт сумын Засаг дарга нь биелүүлэхгүй хууль бус эс үйлдэл гаргаж байгаа гэж үзэх үндэслэл болоод байна. Аливаа газар эзэмшлийн асуудлыг шийдвэрлэхдээ тухайн газарт хэн нь түрүүлж гэрчилгээ авсан байна, тэр хүн эзэмших эрхтэй гэж бодож байгаа.

Гэтэл манайхыг түрүүлж гэрчилгээ авсан, энэ гэрчилгээ нь манайд эх хувиараа, үнэт цаас хэлбэрээр надад байсаар байхад Х.Б гэдэг хүнд 2010 оны 05 сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2005 оны 03 сарын 30-ны өдрийн 27 тоот шийдвэрээр "Овоон өврийн дээд бууц" гэх өвөлжөөний газрыг олгосон гэх дугааргүй гэрчилгээг үзүүлдэг ч энэ нь Засаг даргын тамга, гарын үсэг байхгүй байгаа тул миний хувьд хүчин төгөлдөр биш гэрчилгээ гэж ойлгож байгаа бөгөөд энэ гэрчилгээг тухайн үед С.Л гэдэг хүн хууль бусаар олгосон гэж үздэг.

Харин манайд олгосон гэрчилгээг тухайн үед буюу 2007 онд тус өвөлжөө болон хаваржаанд нутаглаж байхад иргэн Б.Д-гээс надад шилжүүлж олголоо гэж хэлээд тухайн үеийн Засаг даргаар ажиллаж байсан С.Д нь төрийн тамга бүхий үнэт цаасан дээр бичсэн өвөлжөө, хаваржааны гэрчилгээг 15 жилийн хугацаагаар надад олгосноор би тус өвөлжөө, хаваржааг одоо хүртэл эзэмшиж, газрын татварыг төлж байна.

Гэтэл өвөлжөө, хаваржааны газар дээрээ нутаглаж чадахгүй одоог хүрч байгаа тул "Овоон өврийн дээд бууц"-ны өвөлжөөний газар, "Овоон өврийн доод бууц"-ны хаваржааны газар нь миний эзэмшлийн газар болохыг тогтоосон захирамж гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан юм.

Иймд: 1.Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1-р багийн нутагт орших "Овоон өврийн дээд бууц"-ны өвөлжөөний газар, "Овоон өврийн доод бууц"-ны хаваржааны газрын эзэмшил дээр гарсан тус багийн иргэн Х.Г бид хоёрын маргааныг шийдвэрлэж, өмнө нь газар эзэмших эрх авсан байсан Л.Д надад "Овоон өврийн дээд бууц"-ны өвөлжөөний газар, "Овоон өврийн доод бууц"-ны хаваржааны газрыг олгох тухай зохих шийдвэр гаргахгүй байгаа хууль бус эс үйлдэл гаргасан болохыг тогтоолгох,

2. "Овоон өврийн дээд бууц"-ны өвөлжөөний газар, "Овоон өврийн доод бууц"-ны хаваржааны газар нь миний эзэмшлийн газар болохыг тогтоосон захирамж гаргахыг хариуцагчид даалгах гэсэн шаардлага гаргаж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Л.Д нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1-р багт нутаглаж мал маллаж байна. Тэрээр тус багийн нутаг дэвсгэрт байрлах "Овоон өврийн дээд бууц гэх өвөлжөөний 1505 м2 газрыг Газар эзэмших эрхийн 0111407 тоот гэрчилгээний дагуу, "Овоон өврийн доод бууц” гэх өвөлжөөний 1505 м2 газрыг 0111407 тоот гэрчилгээний дагуу 2007 оноос хойш одоог хүртэл эзэмшиж байсан.

Энэ өвөлжөө, хаваржааны газар дээр өвөлжих гээд л очихоор Х.Г гэх хүн манай малыг болон хүнийг хөөж ерөөсөө өвөлжүүлдэггүй байсан тул тухайн үед арга буюу сумын газрын алба болон аймгийн газрын албанд хандаж байсан ч дорвитой хариу өгдөггүй байсан.

Миний бие өөрийн нэр дээр гэрчилгээтэй байгаа тул санаа зовох зүйлгүй гэж бодож байтал 2016 оны 05 сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1-р багийн иргэдийн Нийтийн Хурлыг Эрдэнэцогт сумын Засаг дарга Ц.Т, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ц, багийн Засаг дарга Х.Г, Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ц.Г нар зарлан хуралдуулж сумын Засаг даргын ажлын тайлан, эмч, Засаг дарга нарын мэдээлэл, бидний маргаж буй газрын талаарх асуудлыг хэлэлцсэн юм.

Энэ хурлаар миний "Овоон өврийн дээд бууц” гэх өвөлжөөний 1505 м2 газрыг Газар эзэмших эрхийн 0111407 тоот гэрчилгээтэй газар, "Овоон өврийн доод бууц гэх өвөлжөөний 1505 м2 газрыг 0111407 тоот гэрчилгээтэй газруудыг надтай газар булаацалдаж байсан Х.Г өвөлжөө, хаваржааны газрын гэрчилгээ олгох нь зүйтэй гэж шийдвэрлээд миний газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ болон холбогдох бусад баримтыг хураан авсан. 2016 оны 05 сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1-р багийн иргэдийн Нийтийн Хурлын энэ шийдвэр нь миний газар ашиглах, эзэмших эрхийг зөрчсөн талаар тус Захиргааны хэргийн шүүхэд хандахад ийм тогтоол гараагүй гэсэн.

Гэтэл энэ хэргийн талаар аймгийн Засаг дарга болон Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаанд миний өвөлжөө болон хаваржаанд газар эзэмших эрх олгон улмаар Х.Г гэх хүнд эдгээр газрыг эзэмшүүлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Иймд өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээр нэмэгдүүлж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргахаас өөр аргагүй байна. Энэ захирамж гарсан талаар мэдээгүй байж байгаад хэргийн материалтай танилцах үед мэдсэн. Энэ захирамжаар миний газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн.

Иймд Эрдэнэцогт сумын Засаг даргын 2017 оны 11 сарын 08-ны 88 тоот захирамжийн “Овоон өврийн дээд бууц” гэх өвөлжөөний газар, “Овоон өврийн доод бууц” гэх хаваржааны газрыг бусдад олгосныг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байгаа болно.” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нь Д.Н нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Газрын даамлаар 2011 оноос өдийг хүртэл ажиллаж байна. Тус сумын Сэнжитийн 1 дүгээр багийн нутаг болох “Овоон өврийн дээд бууц” өвөлжөө, “Овоон өврийн доод бууц” хаваржааны газар нь 1998 оны 06 дугаар сарын 13-ний өдөр Баасан овогтой Доржсүрэнд “Овоон өврийн дээд бууц” өвөлжөө, “Овоон өврийн доод бууц” хаваржааны гэрчилгээтэй.

Мөн 1998 оны 06 дугаар сарын 15-ний өдөр Жамбал овогтой Халзанд “Овоон өврийн дээд бууц” өвөлжөөний гэрчилгээтэй байна. 2007 онд Л.Д нь Б.Д-гээс “Овоон өврийн дээд бууц” өвөлжөө, “Овоон өврийн доод бууц” хаваржааг, 2010 онд Ж.Х-гаас “Овоон өврийн дээд бууц” өвөлжөөг Х.Б нар нь шилжүүлэн авахдаа ямар ч үндэслэлгүйгээр шилжүүлэн авсан байдаг. Л.Д, Х.Б нар нь 2005 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 27 тоот Засаг даргын захирамжийн дагуу гэрчилгээ авсан байдаг. Тус 2005 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 27 тоот захирамж нь гараагүй тухайн үед ажиллаж байсан байгаль хамгаалагч нар нь ажпын хариуцлагагүйгээс болж иргэдийг хохироож байна.

“Овоо өврийн дээд бууц” өвөлжөө, “Овоон өврийн доод бууц” хаваржааны газар дээр Х.Б Х.Г нар нь өвөлжиж хаварждаг. Л.Д нь өмнө нь аймагт ажиллаж амьдардаг байсан. 2014 онд Эрдэнэцогт сумын Сэнжитийн 1 дүгээр багт шилжиж ирсэн. Х.Б, Л.Д нарын дунд маргаан үүсч, 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Л.Д өргөдөл ирүүлсэн. Үүний дагуу багийн хурлаар өргөдлийг оруулах гэсэн учир Л.Д нь өөрөө ирээгүй учир өргөдлийг шийдвэрлээгүй. “...2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Х.Б 2005 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн 27 тоот шийдвэрээр Л.Д бид 2-рт гэрчилгээг давхардуулан олгосон байна. Энэ талаарх шийдвэр гаргаж өгнө үү...” гэсэн өргөдөл ирүүлсэн учир Л.Д, Х.Б нарыг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сэнжитийн 1 дүгээр багийн багийн иргэдийн Нийтийн Хурал дээр иргэдээс ирсэн өвөлжөө, хаваржааны өргөдлийг хэлэлцэн шийвдэрлүүлсэн. Багийн иргэдийн Нийтийн Хуралд 80 иргэн ирснээс Х.Б-д-62 иргэн, Л.Д-д-18 иргэн тус тус санал өгсөн. Миний бие багийн хурал дээр ирсэн иргэдийн өргөдөл гэрчилгээг хураан авсан. Үүний дагуу Л.Д нь 2016 оны 9 сард аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Эрдэнэцогт сумын газрын даамал миний газрын гэрчилгээг хураан авсан тул буцааж өгөх талаар нэхэмжлэл гаргасан байсан. Үүний дагуу миний бие аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр очиж газрын гэрчилгээг Л.Д-д буцааж өгсөн. Х.Б нь 11 дүгээр сард манайх “Овоон өврийн дээд бууц” өвөлжөө, “Овоон өврийн доод бууц” хаваржааны газраа багийн иргэдийн Нийтийн Хурлаар шийдвэрлүүлсэн учир гэрчилгээгээ өөрийн дүү болох Х.Г-д шилжүүлэх хүсэлтэй ирүүлсэн учир 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 88 дугаар сумын Засаг даргын захирамжаар Х.Батсайханаас, Х.Г-д шилжүүлсэн захирамж гарган гэрчилгээг олгосон Л.Д-д 11 дүгээр сарын 24-нд 93261122 утсаар холбогдож Х.Г-д гэрчилгээг олгосон тухай хариуг хэлэхэд “…тийм юм байдаггүй юмаа, би наадхыг чинь дээд шатны байгууллагаар хуулийн дагуу шийдвэрлүүлнэ...” гэж хэлсэн.” гэв.

Гуравдагч этгээд Х.Г шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын “Сэнжит” 1-р багийн нутаг “Овоон өвөр” гэх газар мал маллаж одоог хүртэл амьдарч байгаа. Би өөрийн нутагладаг Эрдэнэцогт сумын 1-р багийн нутаг “Овоон өврийн дээд бууц” гэх өвөлжөөний газар, “Овоон өврийн доод бууц” гэх хаваржааны 3010 м2 газрыг эзэмших эрхийн 000663025 дугаартай гэрчилгээний дагуу эзэмшиж байгаа.

Гэтэл 2015 оны хавар буюу 04 дүгээр сараас Л.Д гэдэг иргэн манай өвөлжөө, хаваржаан дээр ирээд манайх бууна энэ өвөлжөө, хаваржааг чинь би худалдаж авсан гэх мэтээр надруу дайрч доромжлоод хүч түрэн бууж өвөлжсөн. Ингээд миний хувьд хэрүүл маргаан хийлгүйгээр 2016 онд Эрдэнэцогт сумын Захиргаанд газрын маргааныг шийдвэрлэж өгөх өргөдөл гаргасан. Гэтэл Засаг дарга Ц.Т нь би ганцаараа толгой мэдэж шийддэг асуудал биш, багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж шийднэ гэсэн хариу өгсөн. Миний бие хар багаасаа буюу төрсөн цагаасаа энэ нутагт нутаглаж миний аав насаараа энэ аманд буюу “Овоон өврийн” дээд, доод бууцыг эзэмшиж амьдарсаар яваад 1998 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 127 дугаартай газар эзэмших гэрчилгээг Ж.Х гэж өөрийнхөө нэрээр авч эзэмшиж байгаад нас өндөр болж төв суурийн газар бараадан төрсөн хүү болох Халзангийн Батсайханы нэр дээр 2005 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлэн гэрчилгээ олгосон түүнээс хойш миний бие өрх тусгаарлаж уг өвөлжөө хаваржааг эзэмших болсон. Ингээд Л.Д гэдэг хүн маргаан гаргаад байсан болохоор 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Эрдэнэцогт сумын “Сэнжит” 1-р багийн иргэдийн Нийтийн Хурал зохион байгуулагдаж бараг 100 орчим иргэн уг хуралд оролцсон. Тэр хурал дээр миний бие болоод Л.Д гуай бид хоёр хоёулаа байсан ингээд “Овоон өвөр” гэх газар нутаг бэлчээрийн хувьд хавчигдмал хоёр айлын мал байх багтаамж байхгүй гэж үзээд Овоон өврийн дээд, доод бууцыг эзэмших эзэмшигчийг сонгох талаар хуралд суусан багийн иргэдийн саналыг хурааж надад 62 хүн, Л.Д гэдэг хүнд 18 хүн санал гаргаж олонхийн саналаар миний биеийг эзэмшүүлэхээр шийдвэр гарч 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр миний нэр дээр 000663025 дугаартай гэрчилгээг Эрдэнэцогт сумын газрын алба олгосон юм. Л.Д гэдэг хүн насаараа аймгийн төвд ажиллаж амьдарч байгаад одоо мал дээр гарсан гэж дуулсан. Намайг бичиг үсэг мэдэхгүй хүн танихгүй болохоор дээрэлхэж өвөлжөө, хаваржааны бууц булаацалдаад байна гэж миний бие ойлгож байгаа. Иймд энэ маргааныг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү. Л Д гэдэг хүн урд өмнө хэзээ ч “Овоон өврийн дээд, доод” бууцанд нутаглаж байгаагүй.

Би дээрх өвөлжөө болон хаваржааны газарт үе дамжиж нутаглаж ирсэн. Ингэхдээ 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээ №000665025 дугаар бүхий 3010 м2 газрыг 15 жилийн хугацаатай 1-р баг Овоо өврийн дээд, доод бууцыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмших хууль ёсны эзэмшигч юм.Үүнийг нутгийн ахан дүүс болоод айл саахалт хүмүүс гэрчилдэг болно. Л.Д-гийн газар эзэмших эрхийн гэрчилгээ гэх 0111407 тоот гэрчилгээ нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж уг гэрчилгээг хүчингүй болохыг тодорхойлж хураан авсан. Энэхүү гэрчилгээг танил талаа ашиглан өөрийн нэр дээр хуурамчаар гаргуулж ийнхүү шүүхэд хандан миний биеийг чирэгдүүлж байна. Л.Д нь надад мэдэгдэлгүйгээр өөр хүнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон гэх ба Овоон өврийн дээд, доод бууцын газрыг бусдад олгосныг хүчингүй болгуулах гэсэн нь хууль зүйн болон хүний ёсонд нийцэхгүй юм. Энэ нь Засаг дарга болон иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж миний нэр дээр олгохоор шиидвэрлэсэн, мөн аав Ж.Х, ах Х.Б нар дээр буугаад малаа маллаж байсан ба одоо миний бие хууль ёсоор эзэмшиж амьдарч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгуулж өгнө үү.” гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2016 оны 88 тоот захирамжаар Х.Б-наас Х.Ганболдод шилжүүлсэн гэсэн агуулгатай байх боловч энэ нь өөрөө Х.Б-д байх гэрчилгээн дээр зөвхөн “Овоон өврийн дээд бууц” байдаг. Иймд захирамж гаргахдаа “Овоон өврийн доод бууц”-ыг шилжүүлсэн мэтээр гаргасан нь илт хууль бус байна. Эрдэнэцогт сумын Засаг даргад аймгийн Засаг даргаас шийдвэрлүүлэхээр тоот явуулсан боловч мөн шийдвэрлээгүй байдаг. 2016 оны иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шийдвэрлэж дуусаагүй байхад Х.Б-с Х.Г-д шилжүүлсэн гэрчилгээ олгосон нь хууль бус, мөн Л.Д-гээс энэ асуудлыг шийдвэрлээд өгөөч гэж сумын Засаг даргад удаа дараа хандаж байхад шийдвэрлэдэггүй. 2007 онд танай газар шүү гэж гэрчилгээ олгосон мөртлөө 2016 онд дахин давхардуулж, Х.Г-д гэрчилгээ бичин олгож байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 “... гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээг эзэмшүүлнэ ...” гэж заасан байдаг. Тухайн маргааны хувьд Л.Д-д “Овоон өврийн дээд бууц”, “Овоон өврийн доод бууц”-ны гэрчилгээ хоёулаа олгогдсон байдаг. “Овоо өврийн дээд бууц”-ны 27 дахь шийдвэр хүчин төгөлдөр болгож 15 жилийн хугацаатайгаа эзэмшүүл гэсэн гэрчилгээ өнөөдөр хүчин төгөлдөр байгаа өнөөдөр энэ шийдвэрийг хүчингүй болгосон ямар нэгэн захирамж гараагүй байгаа. Түүний дараа 2016 онд газар эзэмших эрх авсан Х.Г-ын эрх хүчин төгөлдөр бус юм. “Овоон өврийн дээд бууц” -ны эрхийг Эрдэнэцогт сумын Засаг дарга нь нээж Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэл гаргасан болохыг тогтоолгох шаардлагатай байна.

“Овоо өврийн доод бууц” нь анх Б.Д гэдэг хүнээс Л.Д гэдэг хүнд шилжүүлэн өгсөн байдаг. Л.Д газар эзэмших эрх хадгалаастай байсан. Гэтэл 2016 оны 88 тоот шийдвэрээр “Овоон өврийн дээд бууц”-ны гэрчилгээ шилжүүлэх тухай гэрээг үндэслэн Эрдэнэцогт сумын Засаг даргын захирамж гаргахдаа 2 газрыг нэгтгэж захирамж гаргасан энэ нь илт хууль бус байдаг. Захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 иргэд хоорондын газар шилжүүлэх талаарх заалтыг барьсан байгаа, мөн Х.Г-д шинэ газар эзэмшүүлэх талаар заасан нь хууль бус үйлдэл юм.

Мөн ямар газрыг хэнд шилжүүлж байгааг шалгах үүргийг хуулиар олгосон ямар эрх үүрэг хүлээж байгаа талаар бичүүлж аваагүй, тодорхойгүй зүйл байдаг. Нотариатаар баталгаажуулсан гэрээн дээр нэг талын гарын үсэг байхгүй байхад Засаг даргын захирамж гарсан байгаа. Ингэхдээ иргэн Л.Д-гийн газар эзэмших эрхийг давхар зөрчсөн, мэдсээр байж шууд Х.Г-д олгосон. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу 40.1-д заасан эрхийн гэрчилгээг ямар нэгэн шийдвэр гаргаагүй байж олгосон. Газрын тухай 60.1.2-т заасан үүргээ огт биелүүлдэггүй удаа дараа эс үйлдэл гаргасан. Х.Б, Х.Г нараас өмнө Л.Д нь газар эзэмших эрхээ авсан байгаа учраас “Овоон өврийн дээд бууц”, “Овоон өврийн доод бууц”-ыг эзэмшдэг болохыг баталгаажуулсан захирамж гаргахыг Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгах. “Овоон өврийн дээд бууц”, “Овоон өврийн доод бууц”-ыг бусдад шилжүүлсэн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2016 оны 88 дугаар захирамжийг хүчингүй болгуулах саналаа дэмжиж байна гэв.

Гэрч Б.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

 “ Би1976 оноос эхэлж “Овооны өврийн дээд бууц”-нд өвөлжиж, “Овоон өврийн доод бууц”-нд нь хаваржиж байсан. 1992 онд нэгдэл тарж өмч хувьчлалаар авсан. 1997 онд Л.Должинсүрэнд шилжүүлсэн. Х.Б, Х.Г нар өвөлжиж байгаагүй. Х.Б, Х.Г нарын аав Ж.Х гэдэг хүн 1997, 1998 онд 2 жил “Овооны өврийн дээд бууц”-н дээр нь өвөлжиж байсан. Тэр үед надаас гуйж өвөлжиж байсан тэр үед зудтай, цастай байсан болохоор өвөлжүүлсэн. Тухайн үед өвөлжиж, хаваржиж байсан айл бүрт л гэрчилгээ өгдөг байсан. “Овоон өврийн дээд бууц”-ний өвөлжөө нь шатаж сүүлийн хэдэн жил айл өвөлжихөө больж, дээд, доод бууцан дээр маргаан гараад байгаа. Манайх 1976-1979 оноос эхлэн өвөлжиж байгаад 1980 онд би цэрэгт явж, 1983 оноос цэргээс ирж хонь авж “Овооны өврийн дээд бууц”-нд өвөлжиж байгаад 1984 оноос ээжтэйгээ нэг суурь өвөлжиж байсан. 1992 онд “Овоон өврийн дээд бууц”, “Овоон өврийн доод бууц”-ыг хувьчлалаар авч, гэрчилгээ олгогдож өөрийн өмчлөлд авсан, 1997 онд Л.Д гэдэг хүнд шилжүүлж өгсөн. “Овооны өврийн доод бууц”-нд цементэн хороо буюу цутгамал хороо байсан. Нэгдэлээс барьж өгч байсан. “Овоо өврийн дээд бууц” нь дугуй байртай, чулуун хороотой байсан. “Овоон өврийн дээд бууц”, “Овоон өврийн доод бууц”-ны хууль ёсны эзэмшигч нь Л.Д юм гэв”.

                                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Д нь тус шүүхэд хандан “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга Ц.Т-т холбогдуулан гаргасан “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр багийн нутагт орших “Овоон өврийн дээд бууц”-ны өвөлжөөний газар, “Овоон өврийн доод бууц”-ны хаваржааны газар эзэмшил дээр гарсан тус багийн иргэн Х.Г бид хоёрын маргааныг шийдвэрлэж, өмнө нь газар эзэмших эрх авсан байсан Л.Д надад “Овоон өврийн дээд бууц”-ны өвөлжөөний газар, “Овоон өврийн доод бууц”-ны хаваржааны газрыг олгох тухай зохих шийдвэр гаргахгүй байгаа хууль бус эс үйлдэл гаргасан болохыг тогтоолгох, “Овоон өврийн дээд бууц”-ны өвөлжөөний газар, “Овоон өврийн доод бууц”-ны хаваржааны газар нь миний эзэмшлийн газар болохыг тогтоосон захирамж гаргахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 88 дугаар захирамжийн “Овоон өврийн дээд бууц”-ны өвөлжөөний газар, “Овоон өврийн доод бууц”-ны хаваржааны газрыг бусдад олгосныг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэжээ.

Нэхэмжлэгч нь 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргад өргөдөл гаргахад асуудлыг шийдвэрлээгүй тул аймгийн Засаг даргад гомдол гаргаснаар аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1а/933 дугаар албан тоотоор Эрдэнэцогт сумын Засаг даргад хандаж, энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж, хариу мэдэгдэхийг даалгасан бөгөөд тус сумын Засаг дарга шийдвэрлэж, хариу өгөөгүй байна.

Шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 88 дугаар захирамжийн “Овоон өврийн дээд бууц”-ны өвөлжөөний газар, “Овоон өврийн доод бууц”-ны хаваржааны газрыг бусдад олгосныг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагын тухайд:

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Овоон өврийн дээд бууц”, “Овоон өврийн доод бууц”-ыг тус сумын Засаг даргын 1998 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг үндэслэн 1998 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Б.Д-д эзэмшүүлсэн нь 123 дугаартай иргэний газар эзэмших гэрээгээр, тус сумын Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг үндэслэн 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Овоон өврийн дээд бууц”, “Овоон өврийн доод бууц”-ыг Б.Д-с Л.Д-д тус тус шилжүүлсэн болох нь 0111408, 0111407 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдээр нотлогдож байх ба Б.Д-гийн газар эзэмших эрхийн гэрчилгээний баруун доод хэсэгт “Б.Д-с Л.Д-д шилжүүлэв” гэсэн тэмгэдэлгээ, мөн нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Б.Д-гийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Овоон өврийн дээд бууц”-ыг тус сумын Засаг даргын 1998 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг үндэслэн 1998 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Ж.Х-д эзэмшүүлсэн нь 127 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, 127 дугаартай иргэний газар эзэмших гэрээгээр, мөн тус сумын Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг үндэслэн 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Х.Б-д эзэмшүүлсэн нь 0257313 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ зэргээр нотлогддог бөгөөд 1998 оны 19, 2005 оны 27 дугаартай шийдвэрүүд нь аймгийн төв архивын тасгийн цахим сан болон эх баримтуудад, мөн Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газрын архивын баримтад, газрын албаны хувийн хэрэг зэрэгт хадгалагдаагүй байна.

“Овоон өврийн дээд бууц”-ыг анх 1998 оны 19 дүгээр шийдвэрийг үндэслэн Б.Д, Ж.Х нарт давхардуулан олгож байсан, мөн 2005 оны 27 дугаар шийдвэрийг үндэслэн Л.Д, Х.Б нарт давхардуулан олгосон байдаг ба эдгээр шийдвэрүүдийг өнөөдрийг хүртэлх хугацаанд хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгосон Баянхонгор аймгийн Засаг даргын болон Эрдэнэцогт сумын Засаг даргын захирамж гараагүй, мөн шүүхийн шийдвэрээр өөрчилж, хүчингүй болгоогүй, энэ талаар баримт байхгүй, гэрчүүд “…тийм баримт байхгүй, гараагүй…” гэж мэдүүлж байгаа зэргээс харахад “Овоон өврийн дээд бууц”, “Овоон өврийн доод бууц”-ыг эзэмших Л.Д-гийн гэрчилгээнүүд, “Овоон өврийн дээд бууц”-ыг эзэмших Х.Батсайханы эрхийн гэрчилгээг тус тус хуулийн хүчин төгөлдөр үйлчлэлтэй гэж үзэх үндэслэлтэй.

Эрдэнэцогт сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж иргэдийн саналаар “Овоон өврийн дээд бууц”, “Овоон өврийн доод бууц”-ыг Х.Г-д шилжүүлэх шийдвэр гарсан гэж харицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Учир нь уг хурлаас тэмдэглэл гарч, харин иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гараагүй, нь Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, гэрчийн мэдүүлэг, энэ талаар баримтгүй зэргээр нотлогддог бөгөөд энэ нь Монгол улсын Засаг захиргаа нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална”, 25.2 “Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга ..., ...гарын үсэг зурна.” гэсэн заалтуулыг зөрчжээ.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 88 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, Газрын харилцаа, геодиз, зураг зүйн газрын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах гэрчилгээ олгох журам”-ын 3.4.2 дэх заалтыг үндэслэн “Овоон өврийн дээд бууц”, “Овоон өврийн доод бууц”-ыг Х.Б-аас Х.Г-д шилжүүлсэн нь эрх шилжүүлэх гэрээ, 000663025 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, шилжүүлсэн газар эзэмшихийг хүссэн өргөдөл, газар эзэмших гэрээ зэргээр тус тус нотлогдож байна.

Гэтэл “Овоон өврийн дээд бууц”-ыг тус сумын Засаг даргын 1998 оны 19 дүгээр шийдвэрийг үндэслэн Ж.Х-д, мөн тус сумын Засаг даргын 2005 оны 27 дугаар шийдвэрийг үндэслэн Х.Б-д эзэмшүүлсэн ба Х.Б-аас Х.Г-д шилжүүлэх гэрээ байгуулсан ба гэрээнд “...Х.Б-наас Х.Г-д “Овоон өврийн дээд бууц”-ыг шилжүүлэх...” гэсэн нь баримтуудаас харагддаг.

Харин газар шилжүүлэх тухай өргөдөлд “Овоон өврийн дээд бууц”, “Овоон өврийн доод бууц” гэсэн нэршил дурдагдаагүй, Х.Батсайхан газар шилжүүлэх гэрээнд “Овоон өврийн доод бууц” гэж бичээгүй, тус гэрээнд Х.Б гарын үсэг зураагүй, байхад сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч нягталж, шалгаж, тодруулах үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргах”-аар заасан ба “Овоон өврийн доод” бууцыг Х.Б, Х.Г нар эзэмших талаар хүсэлт гаргаагүй бөгөөд Х.Б тус газрыг эзэмших, шилжүүлэх эрхгүй, өргөдөл болон гэрээнд “Овоон өврийн доод бууц” гэж дурдаагүй, мөн Л.Д-гийн эзэмших эрх хүчин төгөлдөр хэвээр байхад Эрдэнэцогт сумын Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 88 дугаар захирамжийн хавсралтаар Х.Г-д “Овоон өврийн доод бууц”-ыг эзэмших эрх олгон, шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг баримтлах, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 38 дугаар зүйлийн 38.4-д заасан “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэснийг, мөн Эрдэнэцогт сумын газрын даамал тус шийдвэрийг үндэслэн газрын гэрчилгээг олгохдоо “Овоон өврийн дээд, доод бууц” гэсэн нэг гэрчилгээгээр хоёр өөр нэр бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээг олгосон нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасан “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэсэн заалтуудыг тус тус зөрчжээ.

Сумын Засаг даргад Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т зааснаар сумын Засаг даргын газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрх, 38.4-т зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх шийдвэр гаргах эрх хэмжээ олгогдсон боловч тэрээр уг шийдвэрээ гаргахдаа Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах үүрэгтэй.

Захиргааны акт гаргах эрх бүхий албан тушаалтан буюу Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга нь 2016 оны 88 дугаартай захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлахаар хуульчилсан атал энэ хуулийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн зарчмуудыг баримтлаагүй, түүнчлэн мөн хуулийн 26 дугаар зүйл “оролцогчийг сонсох”, 27 дугаар зүйл “сонсох ажиллагаа явуулах”, 29-д заасан “Захиргааны шийдвэрийн хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудас” хөтлөх зэрэг ажиллагааг хийгээгүй, энэ талаар нотлох баримт байхгүй зэргээр Захиргааны ерөнхий хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 88 дугаар захирамж нь дээрх хууль тогтоомжуудыг болон нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт байх тул уг захирамжийн хавсралтын нэхэмжлэгчид холбогдох хэсэг болох “Овоон өврийн доод бууц” гэснийг хүчингүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хоёр: “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр багийн нутагт орших “Овоон өврийн дээд бууц”-ны өвөлжөөний газар, “Овоон өврийн доод бууц”-ны хаваржааны газрын эзэмшил дээр гарсан тус багийн иргэн Х.Г бид хоёрын маргааныг шийдвэрлэж, өмнө нь газар эзэмших эрх авсан байсан Л.Должинсүрэн надад “Овоон өврийн дээд бууц”-ны өвөлжөөний газар, “Овоон өврийн доод бууц”-ны хаваржааны газрыг олгох тухай зохих шийдвэр гаргахгүй байгаа хууль бус эс үйлдэл гаргасан болохыг тогтоолгох,

“Овоон өврийн дээд бууц”-ны өвөлжөөний газар, “Овоон өврийн доод бууц”-ны хаваржааны газар нь миний эзэмшлийн газар болохыг тогтоосон захирамж гаргахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т Сумын Засаг даргын газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуульчилсан бөгөөд “Овоо өврийн дээд бууц”-ыг тус сумын Засаг даргын 1998 оны 19 дүгээр шийдвэрийг үндэслэн Ж.Халзанд, мөн тус сумын Засаг даргын 2005 оны 27 дугаар шийдвэрийг үндэслэн Х.Б-д эзэмшүүлсэн ба Х.Б-наас Х.Г-д шилжүүлэх гэрээгээр “Овоон өврийн дээд бууц”-ыг шилжүүлсэн атал сумын Засаг дарга “Овоон өврийн дээд бууц”, “Овоон өврийн доод бууц”-ыг 2016 оны 88 дугаар захирамжийн хавсралтаар шилжүүлснээс шүүх “Овоон өврийн доод бууц” гэсэн хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

Мөн “Овоон өврийн дээд бууц”-ыг анх 1998 оны 19 дүгээр шийдвэрийг үндэслэн Б.Д, Ж.Х нарт давхардуулан олгож байсан, мөн 2005 оны 27 дугаар шийдвэрийг үндэслэн Л.Д, Х.Б нарт давхардуулан олгосон байдаг ба нэхэмжлэгч үүнтэй маргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Тиймээс Эрдэнэцогт сумын Засаг даргад “Овоон өврийн доод бууц”-ыг эзэмших эрхийг Л.Д-д дахин олгох, мөн түүний эзэмшлийн газар болохыг тогтоосон шийдвэр гаргахыг даалгах хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь “Овоон өврийн доод бууц”-ыг Л.Д эзэмших эрхийн 0111408 дугаар бүхий гэрчилгээ хүчин төгөлдөр үйлчлэлтэй байгаа ба эрх нь сэргээгдсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон

                                                                                                                         ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.3, 38.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дүгээр зүйлд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 88 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжийн хавсралт “Газар эзэмшигчдийн эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн иргэдийн нэрс”-ийн жагсаалтын нэг дүгээрт байгаа “...Х.Б-наас “Овоон өврийн дээд, доод бууцыг Х.Г-д шилжүүлэх...” гэснээс “...Овоон өврийн доод бууц...” гэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр багийн нутагт орших “Овоон өврийн дээд бууц”-ны өвөлжөөний газар, “Овоон өврийн доод бууц”-ны хаваржааны газрын эзэмшил дээр гарсан тус багийн иргэн Х.Г бид хоёрын маргааныг шийдвэрлэж, өмнө нь газар эзэмших эрх авсан байсан Л.Д надад “Овоон өврийн дээд бууц”-ны өвөлжөөний газар, “Овоон өврийн доод бууц”-ны хаваржааны газрыг олгох тухай зохих шийдвэр гаргахгүй байгаа хууль бус эс үйлдэл гаргасан болохыг тогтоолгох, “Овоон өврийн дээд бууц”-ны өвөлжөөний газар, “Овоон өврийн доод бууц”-ны хаваржааны газар нь миний эзэмшлийн газар болохыг тогтоосон захирамж гаргахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 35200 /гучин таван мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.СУВДМАА