| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1189/Э |
| Дугаар | 1187 |
| Огноо | 2019-07-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 1187
2019 07 26 2019/ШЦТ/1187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Эрдэнэбаатар,
шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.М т холбогдох эрүүгийн 1906 03897 1572 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.М , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачууртын голын эрэг дээр иргэн Б.Э ийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй” гэв.
Хохирогч Б.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ажлын газрын хүмүүсийн хамт ... Гачууртын эцэст Туул голын эрэг дээр амрах гээд очицгоосон... Тэгээд би гол руу ороод усаар тоглож байгаад Мөөгий гэх ажлын газрын хүүхнийг голын эрэгт зогсож байхаар нь татаад ус руу оруулсан. Тэгтэл Мөөгий уурлаад бид хоёр хэрэлдэж маргалдаад бие биенийгээ үсдээд зодолдсон. Тухайн үед ажлын газрын хүмүүс салгах гээд миний хоёр гарнаас татаад би хойшоо налах үед Мөөгий миний нүүр хэсэгт хөлөөрөө өшиглөж гэмтээсэн... Мөөгий архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 7-8 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн ¹8168 дүгнэлтэд “…Б.Э -н биед баруун хацар уруул, цээж, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт, зүүн тохой, баруун шуунд зурагдсан зулгарал, зүүн сарвуун 5-р хурууны хумс уг хэсгээр хугарч хөндийрсөн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо ба ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэжээ /хэргийн 10 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Э ийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул голын эрэг дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаад зодолдсон. Тухайн үед миний уур хүрсэн байсан болохоор хохирогч Б.Э ийн үснээс нь зулгаагаад байж байхад ажлын газрын хүмүүс ирээд салгахаар нь баруун хөлөөрөө Эрдэнэчимэгийн нүүр хэсэгт нэг удаа өшиглөж гэмтээсэн... Би өөрийн хийсэн хэргээ хүлээж байна миний буруу.” гэх мэдүүлэг. /хэргийн 22-23 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 17 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 19 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачууртын голын эрэг дээр иргэн Б.Э ийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.М т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Б.М т холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Б.М т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.