| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2024/01011/И |
| Дугаар | 207/ма2025/00066 |
| Огноо | 2025-06-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 207/ма2025/00066
2025 06 12 207/МА2025/00066
Д.............гийн нэхэмжлэлтэй,
хариуцагч ............т
холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн дугаар 312/ШШ2025/00435 шийдвэртэй,
Нэхэмжлэгч : Д.............гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............т холбогдох,
Гэм хорын хохирол 5,454,683 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгч Д.............гийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д............., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жамбалдорж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянга, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д............. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Д............. нь 2022 оны 7 дугаар сарын 18-нд ............гэдэг хүний Худалдаа Хөжгжлийн банк дахь ............ тоот дансанд 14 104 683 төгрөг шилжүүлсэн юм байна. Яагаад энэ хүний дансанд ийм их хэмжээний мөнгө шилжүүлэх болсон бэ гэвэл танил ............ гэдэг хүн НҮБ-ын шугамаар ирж байгаа тусламжийн бараа авах уу гэхээр авья гэж зөвшөөрөөд гаалийн татварт 14 104 863 төгрөгийг ............гэдэг дансанд шилжүүлээрэй гэхээр нь шилжүүлсэн байна. Тэгээд тэр дор нь энэ бол луйврын шинжтэй үйлдэл байна гэж ойлгоод ............т өргөдөл гаргаж прокурор ............гэдэг хүний тогтоолоор ............гэдэг хүний дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоосон гэнэ. Тэгээд Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч ............, А.............гэдэг хүмүүс шалгаад удалгүй Т............. дансанд байсан Д.............гийн 14 104 683 төгрөгөөс 8 650 000 төгрөг дансанд нь орж, үлдэгдэл 5454 683 төгрөг нь орж ирэхгүй байсан тул дээрхи нэр бүхий 2 мөрдөгчтэй уулзахад тэд таньтай адилхан хохирсон. ............, ............ гэдэг 2 хүнд үлдсэн мөнгийг нь шилжүүлсэн юмаа гэсэн байна. Энэ талаар иргэн Д............. нь ............дарга болон Орхон аймгийн Ерөнхий Прокурор Х............. нарт хандаж 2022 оны 10 сарын 11-нд гомдол гаргасан боловч одоог хүртэл ямар нэг хариу өгөөгүй байна. Ингээд энэ асуудал одоо хүртэл шийдэгдэхгүй байгаа тул бусдын мөнгийг өөр хүмүүст шилжүүлж хохироосон асуудлыг ажиллаж буй ............нь нэхэмжилж шүүхээр шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлт тавьсаны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд цагдаагийн алба хаагч болох эрүүгийн мөрдөгч ............, ............нарын хууль бус ажиллагааны улмаас бусдад хохирол учирсан байх тул тэдний ажилладаг ............5 454 683 төгрөгийг гаргуулж иргэн Н.............д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д............. шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:
Д............. миний бие 2022 оны 7 дугаар сарын 18-нд ............ овогтой ............ ХХБ -ны ............ тоот дансанд 14 104 683 төгрөгийг шилжүүлсэн юм. Энэ нь луйварын шинжтэй гэж мэдээд шилжүүлсэн 14 104 683 төгрөгийг барилт хийх асуудлаар цагдаагийн газарт хандаж ахлах дэслэгч ............ миний гомдлын дагуу албан тоот хийж Прокурор ............2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 493 тоот тогтоолоор ............банкны Т............. дансанд шилжсэн 14 104 683 төгрөгт хязгаарлалт тогтоосон юм. Цагдаа ............, Т............. дуудаж 2022 оны 8 дугаар сарын 08-нд ирүүлэхээр болсон тухайгаа надад мэдэгдсэн. Тэгээд хөдөө явах гээд цагдаа ............ Т............. ирэхээр уулзаж миний 14 104 683 төгрөгийг ............банкны хязгаарлалтаас гаргаж өгөх болсныг хэлсэн. Д............. миний бие ............дугаарын утсаар ярьж ............ 08 сарын 08-ны өдөр ирснийг мэдээд очиж уулзах хүсэлтийг тавьсан. Намайг уулзахыг зөвшөөрөөгүй, ............би өөрөө ............ дагуулж банк ороод таны дансруу мөнгийг чинь хийнэ та ирэлтгүй гэсэн. Ингээд 8 дугаар сарын 8, 9-ний өдөр бараг цаг тутам утасдаж асуухад ............болоогүй байна л гээд байсан. 8 дугаар сарын 09-ний өдрийн 17 цаг 20 минутын үед 8 650 000 төгрөг дансанд орж ирэнгүүт би Жамбалдоржруу дутуу орж ирснийг утасдаж хэлээд тэр даруйдаа ............ ажил дээр очиж уулзсан. Цагдаа Жамбалдорж, эгчээ яанаа уучлаарай, би таны мөнгийг өөр хүнд /............д 2,0 сая төгрөг ............т 3,5 сая төгрөг/ шилжүүлчихлээ. Тэгээд таны мөнгө дутчихлаа гэсэн. Миний зүгээс тэр үед ............ хандаж, чи чинь энэ прокурорын 531 дүгээр тогтоолоо уншдаггүй юм уу, иргэн Д.............гийн 2022 оны 7 сарын 18-ны өдрийн 493 дугаартай 14 104 683 төгрөг хязгаарлалтыг цуцалсан байгаа биз дээ гээд би уурлаж бухимдан ............ өрөөнд 2 цаг гаруй байсан. Тэр үед ............одоохон би таны мөнгийг олоод өгнө гээд өөрийн буруугаа хүлээж байсан. Би дахин дахин мөнгө шилжүүлсэн гээд байгаа хүмүүстэй ярихыг шаардсан. Нэг хүн нь утсаа аваад мөнгөө авсан боловч маргаашнаас цагдаагаасаа асууж байж болоё гэсэн хариу өгсөн. Ийнхүү тухайн үед ............айгаад чичрээд, хөлс нь гоожоод маш эвгүй байдалтай орж гараад гүйгээд өрөөндөө тогтож чадахгүй байсан. Маргааш нь цагдаа дээр би дахин очсон. Тухайн үед Цагдаагийн даргыг ............ гэж хүн орлож байсан. Мөн тэр ............ бас л ахлах дэслэгч ............ийг энэ хүний асуудлыг шийд гээд миний хажууд хэлсэн. Ингээд 8 сарын сүүлээр цагдаагийн дарга нь амралт дуусаад ажилдаа орсныг сонсоод цагдаагийн даргатай уулзсан. Цагдаагийн дарга намайг өрөөнд нь байхад ахлах дэслэгч ............ийг дуудаж энэ хүний гомдлыг барагдуул үнэхээр өөр хүн лүү шилжүүлсэн юм бол мөнгийг нь олж өг гээд ............ийг ажлаас чөлөөлж томилолт аваад Улаанбаатар болон Дашинчилэн явуулахаар тохиролцсон. Цагдаагийн дарга үүнийхээ учрыг олохгүй бол та нарын буруу байна гэдгийг ............т хэлсэн. Би 7 хоногийн дараа мөн л очсон. Ахлах дэслэгч ............ ярихдаа нөгөө 2 хүнд шилжүүлсэн мөнгийг удахгүй авч өгнө гэсэн боловч шийдэгдсэнгүй өдий хүрсэн. Энэ асуудал бол ............гэдэг цагдаа аймгийн прокурор ............гаргасан 531 дүгээр цуцлах тогтоолыг уншаагүй, ............оос амаар 2 хүнд мөнгө шилжүүлээрэй гэсний дагуу шилжүүлсэн байсан. Ийнхүү миний хязгаарлалт хийлгэсэн 14 104 683 төгрөгөөс 5 454 683 төгрөг дутаасан юм. Энэ бол төрийн албан хаагч цагдаагийн ажилтны хариуцлагагүй үйлдлээс болсон гэж үзэж байна. Иймд хариуцлага алдсан цагдаагийн ажилтны хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ............ хариуцах ёстой гэжээ.
Хариуцагч ............ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ............т иргэн Д............. нь 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр АНУ-д байдаг гэх ............ Чулуурхаг гэх нэртэй фэйсбүүк хаягтай хүнтэй харьцаж илгээмжийн мөнгө болох 4 500 доллар буюу 14 104 683 төгрөгийг ............банкны ............ тоот дугаартай данс руу шилжүүлэн залилуулсан гэх гомдол мэдээлэл гаргасны дагуу тус цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч ............ хүлээн авч материалжуулан Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.........................банкны ............ тоот дугаарын дансны хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах санал гаргасан. Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.............2022 оны 07 сарын 18-ны өдрийн 493 дугаартай ............ овогтой ............ эзэмшлийн ............банкны ............ тоот дугаарын дансны шилжилт хөдөлгөөнийг Прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан. Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хягаарласан гэх ............банкны ............ тоот дугаарын дансны хуулга дээр 2022 оны 07 сарын 18-ны өдрийн үлдэгдэл 19.605.691 төгрөг байсан. Тус данснаас 2022 оны 07 сарын 22-ны өдөр буюу хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт хийснээс 4 хоногийн дараа 800 000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдэж 2022 оны 07 сарын 27-ны өдөр 500 000 төгрөгний зарлагын гүйлгээ хийгдэж үлдэгдэл 14 150 491 төгрөгний үлдэгдэлтэй байна. Иймд Орхон аймаг дахь ............банк нь 2022 оны 07 сарын 18-ны өдрийн 493 дугаартай хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах прокурорын зөвшөөрлийг хэрэгжүүлээгүй байна. Тус цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч А.............нь 2022 оны 08 сарын 08-ны өдөр Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.........................банкны ............ тоот дугаарын дасны хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах мөрдөн шалгах ажиллагааг цуцлах санал гаргаж хяналтын прокурор Г.............2022 оны 08 сарын 08-ны өдрийн 531 дугаартай зөвшөөрлөөр хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг цуцалж Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа 2022 оны 07 сарын 10-ны өдөр иргэн Ц.............ийн ............банкны ............ тоот дугаарын данснаас шилжүүлсэн 3 500 000 төгрөг, Булган аймгийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа 2022 оны 07 сарын 18-ны өдөр иргэн П.............гийн ............банкны ............ тоот дугаарын данснаас шилжүүлсэн 2 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. 2022 оны 07 сарын 18-ны өдөр иргэн Д.............гийн ............банкны ............ тоот дугаарын данснаас хийгдсэн 14 104 683 төгрөгийн гүйлгээг буцаан шилжүүлэг хийлгүүлэхэд тус данс нь 8 650 791 төгрөг үлдсэн байсан тул 8 650 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. 2022 оны 07 сарын 18-ны өдрийн прокурорын зөвшөөрөлд заасны дагуу тус дансанд байсан 19 605 741 төгрөгний хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт хийлгүй иргэн Д.............гийн 14 104 683 төгрөгний хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хягаарлалт хийсэн байна. Иймд Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн нотлох баримтан дээр тодорхой харагдах тул хариуцагчаар Орхон аймгийн цагдаагийн газрыг тодорхойлсон нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ............банк ХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Тус шүүхэд хянан шийдвэрдэгдэж буй Д.............гийн нэхэмжлэлтэй, ............т холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож буй ............ХК-ийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Д............. нь 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ............банкан дахь ............ тоот дансруу шилжүүлсэн 14,104,683.00 төгрөгнөөс үлдсэн 5,454,683.00 төгрөгийг гаргуулахаар ............нэхэмжилжээ. Нэг. Т............. эзэмшиж буй ............ тоот дансанд битүүмж тавьсан тухайд: ............нь харилцагч Т............. эзэмшиж буй ............ тоот дансанд уг хэрэгт холбогдох дараах ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна. Тодруулбал, 1. Орхон аймгийн Прокурорын газрын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай 493 дугаар прокурорын зөвшөөрлийн бичгийг 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 17 цаг 45 минутад хүлээн авч битүүмжийг тавьсан; 2. Улмаар, прокурорын зөвшөөрөлтэй 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах /хязгаарлах/ мөрдөн шалгах ажиллагааг цуцлах тухай 531 дүгээр мөрдөгчийн саналын дагуу 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 46 минутад дансны битүүмжийг цуцалсан байна. Тус банк нь Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.5 дахь хэсэг1-т заасны дагуу харилцагчийн дансан дахь мөнгөн хөрөнгийг хуульд зааснаас бусад тохиолдолд хязгаарлах, хяналт тавих эрхгүй билээ. Тухайлбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр прокурорын зөвшөөрлөөр мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу банкан дахь дансны үлдэгдэл мөнгөн хөрөнгийг битүүмжлэх, Татварын ерөнхий хууль болон Нийгмийн даатгалын ерөнхий хуульд тус тус заасан үндэслэлээр харилцагчийн дансан дахь мөнгөн хөрөнгийг хязгаарладаг. Орхон аймгийн Прокурорын газрын 493 дугаар прокурорын зөвшөөрөл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэж, ............ дугаартай тоот дансны хязгаарлахыг ............банкны Орхон аймгийн салбарын захиргаанд даалгах ... гэсэн утга нь тодорхой бус, үг дутуу бичигдсэн бөгөөд дансны шилжилт хөдөлгөөнийг бүтэн дүнгээр битүүмжлэх утга илэрхийлээгүй байна. Харин уг зөвшөөрөлд ... хэрэгт ач холбогдол бүхий 14,104,683 төгрөгийг нууж, эрх шилжүүлэх болзошгүй үндэслэл нотлох баримтаар тогтоогдож байх тул ............гийн ............ эзэмшлийн ............банкны ............ дугаартай тоот дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах үндэслэлтэй байна гэж гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөн хөрөнгийн хэмжээг тодорхойлж оруулсан байгаа тул хохирогчид учирсан нийт хохирлын хэмжээгээр дансны битүүмжийг 14,104,683 төгрөгийн дүнгээр битүүмжлэх ажиллагаа хийгджээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Мөрдөгч гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, үйлдэж олсон байж болох, эсхүл хэрэгт ач холбогдолтой хөрөнгийг нуух, устгах, эрх шилжүүлэх үндэслэл бүхий сэжиг байвал прокурорын зөвшөөрлөөр дараах ажиллагаа явуулна: гээд 1.2-т ... банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг зохих байгууллагад даалгах. гэж заасан. Уг хуулийн зохицуулалтаас харахад, банкны дансан дахь мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахдаа гэмт хэрэг үйлдэж олсон, хэрэгт ач холбогдолтой хөрөнгө-нд хийгдэх ажиллагааны үндсийг тодорхойлсон буюу албадлагын арга хэмжээг хохирогчид учирсан хохирлын хэмжээний дүнгээр тодорхойлох агуулгыг илэрхийлж байна. Мөн энэхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд авч буй албадлагын арга хэмжээний зорилго нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах албадлагын арга хэмжээний зорилготой адил тул уг албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх үндэслэл, авах арга хэмжээ, дүн зэрэг мэдээлэл нь тодорхой байх, эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд учирсан хохирлын хэмжээгээр хязгаарлагдах билээ. Өөрөөр хэлбэл, банк нь харилцагчийн мөнгөн хөрөнгийг хязгаарлах үндэслэл нь тодорхой бус байхад дур мэдэн хуульд зааснаас бусад үндэслэлээр хязгаарлах эрхгүй юм. Түүнчлэн тус банканд харилцагч Т............. эзэмшиж буй ............ тоот дансанд Орхон аймгийн Прокурорын газрын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай 2022/07/18-ны өдрийн прокурорын зөвшөөрлөөс өөр битүүмжлэх утга бүхий тогтоол ирээгүй байгааг дурдах нь зүйтэй. Хоёр. Т............. эзэмшиж буй ............ тоот данснаас хийсэн гүйлгээний тухайд: Тус банкны харилцагч ............нь 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ............банкны Дөчин мянгат салбар дээр очиж, өөрийн эзэмшлийн ............ тоот данснаас зарлагын гүйлгээ гаргах хүсэлтүүдийг (Хавсралт-2) гаргасан байна. Тодруулбал, 2022/08/09-ний өдрийн 16 цаг 38 минутад иргэн Ц;............ийн ............банкан дахь ............ тоот данс руу 3,500,000 төгрөгийг ............-с буцаалт гэсэн утгаар, мөн өдрийн 16 цаг 41 минутад иргэн П.............гийн ............банкан дахь ............ тоот данс руу 2,000,000 төгрөгийг ............-с буцаалт гэсэн утгаар, мөн өдрийн 17 цаг 3 минутад иргэн Д.............гийн ............банкан дахь ............ тоот данс руу 8,650,000 төгрөгийг ............-с буцаалт гэсэн утгаар тус тус гүйлгээ хийх хүсэлтүүдийг гаргажээ. Банк нь харилцагчийн бичгээр өгсөн дээрх төлбөрийн даалгаврын2 дагуу мөнгөн хөрөнгийн шилжүүлгийг хийж гүйцэтгэсэн бөгөөд уг гүйлгээнүүд нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах /хязгаарлах/ мөрдөн шалгах ажиллагааг цуцлах тухай 531 дүгээр мөрдөгчийн саналын дагуу ............ тоот дансыг битүүмжээс чөлөөлсний дараа хийгдсэн байна. Тус банк нь харилцагч Т............. ............ тоот дансанд холбогдох хууль тогтоомжийн дагуу прокурорын зөвшөөрлийг үндэслэн мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, цуцлах ажиллагааг тус тус хийсэн байх бөгөөд мөн харилцагчийн бичгээр өгсөн төлбөрийн даалгаврын дагуу мөнгөн хөрөнгийн шилжүүлгийг хийжээ. Иймд, тус хэрэгт банкны хууль ёсны эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн дугаар 312/ШШ2025/00435 шийдвэрээр:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 498 дугаар зүйлийн 498.1.-д заасныг баримтлан хариуцагч ............5 454 683 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.............гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 225 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д............. шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Шүүх миний нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болголоо. Шүүхийн шийдвэр 1-14 гэж дугаарлаж байгаад өөрсдийн дүгэнэлтээ хийсэн юм шиг байна. 8-12 гэж дугаарласан хэсэгт миний нэхэмжлэлийг буруу гэж үзэж байгааг дурьджээ. 2.8. гэсэн хэсэгт нэхэмжлэхтэй адил мөнгө шилжүүлсэн Ц............. П............. нарт мөнгийг буцааж шилжүүлснийг буруутгаж ХХБ Т............. үндэслэлгүй гэжээ. Энэ 2 хүн цагдаагийн газарт гомдол гаргасан тухай баримтыг хариуцагч тал шүүхэд ирүүлээгүй хохирогчоор тоггоогдоогүй гэрчээр мэдүүлэг өгсөн тухай баримт л ирүүлсэн./ Энэ 2 хүнээс цагдаагийн байцаагч Ганзориг ............оос мөнгө шилжүүлснээс хойш хэд хоногийн дараа очиж гэрчийн мэдүүлэг авсан байдаг /2022-8-23 / Энэ 2 хүн хохирогч юм бол Т. ............оос л нэхэх ёстой. ... хязгаарлалт цуцлах үед миний 14,104,683 төгрөг тоот дансанд байсан нь нотлогдож байгаа. Би өөрөө цаг алдалгүй гомдол гаргаж өөрийн шилжүүлсэн мөнгөндөө хязгаарлалт тогтоолгосон юм. Миний мөнгөөр өөр хүмүүсийн алдсан мөнгийг төлүүлж байгаа нь зөв гэж үү? Шүүх тэр 2 хүнийг Т............. дансанд мөнгө шилжүүлсэн байна гэснийг ЦГ ын ажилтнаас амаар л авсан болохоос миний мөнгийг тэдэнд өгсөн нь зөв гэдгээ хууль зүйн талаас нь үндэслэлтэй тайлбарлаж өгнө үү. 2.9 дэх хэсэгт ХХБ -ын Т............. дансанд хязгаарлалт тогтоохдоо прокурорын тогтоолыг буруу ойлгож 14.104.683 төгрөгийн хэмжээнд тогтоосонд цагдаагийн байгууллага буруугүй гэжээ. Миний бие ХХБ ны хамтран хариуцагчаар хүсэлт тавьсан боловч шүүх хүлээж аваагүй мөртлөө ийм дүгнэлт хийж байдаг нь гайхмаар юм.Цагдаагийн газрын ажилтнууд Т............. дансанд анх хэдэн төгрөг байсан, дансны хязгаарлалт тогтооход хэдэн төгрөг байсан, хязгаарлалт цуцлах үед хэдэн төгрөг байсан талаар анхаарч судалж мэдээлэл аваагүй хохирогч биш хүмүүст мөнгийг нь өг гэж Т.............ид хэлсэн байдаг. Би өөрөө маш хурдан ЦГ-т хандаж өөрийн мөнгийг цааш нь авч захиран зарцуулахаас хамгаалж авч үлдсэн байхад ЦГ ын ажилтан миний мөнгийг бусдад өгч байгааг нь яагаад зөв гэж үзэж байгаагаа шүүгч нар тодорхой хариулж бичих ёстой. Хэрэв ХХБ буруутай гэж байгаа бол ЦГ банкнаас хохиролоо нэхэж миний мөнгийг өөрсдөө төлөх ёстой гэж үзэж байна.3.10 гэсэн хэсэгт иргэний хуулийн 497-р зүйлийн 491.1,498.1-д заасан заалтыг хуулж бичжээ.4.11 гэсэн хэсэгтээ дээрх хуулийн заалтын дагуу үзвэл цагдаагийн байцаагч ажилтны хууль бус үйлдэл эс үйлдэхүйгээс нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй гэж ээ. Яагаад миний мөнгийг өөр 2 хүнд өг гэж цагдаагийн ажилтан ............хэлсэн юм бэ.Яагаад дансан дахь мөнгөний хэмжээнд хяналт тавиагүй юм бэ? Яагаад хохирогчоор тогтоогдоогүй хүмүүст хохирогч хүний мөнгөөр хохиролыг төлүүлж байгаа юм бэ ? Яагаад 2022 оны 8-р сараас хойш ямарч ажиллагаа хийгдээгүй юм бэ.Яагаад энэ талаарх миний гомдолд ЦГ- ын дарга нь албан ёсоор хариу өгдөггүй юм бэ. Энэ олон асуултуудад шүүх яагаад дүгнэлт хийж няцаадаггүй юм бэ. Би шүүх хурал дээр эдгээрийг мэдүүлэгтээ хэлж хариуцагч талыг буруутгасан шүү дээ. ............2022оны 8сарын 09-ний өдөр ............өөрөө би буруутай одоохон олоод өгнө эгчээ гээд буруугаа хүлээгээд сууж байсан шүү дээ. 2022-8-27ны өдөр ЦГ ын дарга миний дэргэд Батзорийг дуудаад бурууг нь хэлээд энэ хүнийг гомдолгүй болго гээд гаргаж байсан. Үүнд ЦГ ын ажилтан ............ ............нар буруутай шүү. 5.12 дахь заалтандаа намайг өөрийн хүсэл зорилгоороо мөнгөө шилжүүлсэн учир Т.............оос шаардаж мөнгөө ав гэсэн байна. Хэрэв ............нь миний шилжүүлсэн мөнгийг аваад цааш нь захиран зарцуулчихсан бол би түүнээс нэхэх нь тодорхой. Гэтэл миний мөнгө Т............. дансанд бүрэн бүтэн байж байхад өөр хүмүүст өгсөн ............ажилтан ............яагаад буруугүй гэж Яг энэ талаар шүүх яагаад дүгнэлт хийсэнгүй вэ. Д............. миний 14.104.683. төгрөгөөс өөр 2 хүнд шилжүүлсэн 5.454.683 төгрөгийг барагдуулж намайг гомдолгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Д............. нь хариуцагч ............т холбогдуулан цагдаагийн алба хаагч буюу мөрдөгчийн хууль бус ажиллагааны улмаас учирсан гэм хорын хохиролд 5,454,683 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх хэргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 498 дугаар зүйлийн 498.1.-д заасныг баримтлан хариуцагч ............5 454 683 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.............гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
Анхан шатны шүүхийн ...............мөрдөгч нар нь албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Д.............д гэм хорын хохирол учруулсан гэх үндэслэл тогтоогдохгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв... гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Д............. нь 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Т............. ............банкны ............ дугаар дансанд 14.104 .683 төгрөгийг илгээмжээр ирэх тусламжийн барааны татвар гэж шилжүүлжээ.
............т энэ тухай гомдол гаргаснаар мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч ............ийн саналаар Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай 493 дугаар прокурорын зөвшөөрлийн бичгийг ............нь 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 17 цаг 45 минутад хүлээн авч, Т............. эзэмшиж буй ............ дугаар дансанд 14,104,683 төгрөгийн дүнгээр битүүмжлэх ажиллагаа хийгджээ.
............Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч А............. гаргасан саналыг үндэслэн Прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 531 дугаар тогтоолоор ...............нь гэмт хэрэгт хамааралгүй гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байх тул хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзэн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан арга хэмжээг цуцалжээ.
Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хягаарласан гэх ............банкны ............ дугаар дансны хуулгаар 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн үлдэгдэл 19.605.691 төгрөг үүнээс 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр буюу хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт хийснээс 4 хоногийн дараа 800,000 төгрөгийн зарлагын гүйлгээ, 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийгдэж дансанд 14,150,491 төгрөг үлдсэн байна.
............нь 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ............банкны Дөчин мянгат салбар дээр очиж, өөрийн эзэмшлийн ............ дугаар данснаас зарлагын гүйлгээ гаргах хүсэлтүүдийг (Хавсралт-2) гаргасан байна. Тодруулбал, 2022/08/09-ний өдрийн 16 цаг 38 минутад иргэн Ц;............ийн ............банкан дахь ............ тоот данс руу 3,500,000 төгрөгийг ............-с буцаалт гэсэн утгаар, мөн өдрийн 16 цаг 41 минутад иргэн П.............гийн ............банкан дахь ............ тоот данс руу 2,000,000 төгрөгийг ............-с буцаалт гэсэн утгаар, мөн өдрийн 17 цаг 3 минутад иргэн Д.............гийн ............банкан дахь ............ тоот данс руу 8,650,000 төгрөгийг ............-с буцаалт гэсэн утгаар тус тус гүйлгээ хийх хүсэлтүүдийг гаргажээ.
Банк нь харилцагчийн бичгээр өгсөн дээрх төлбөрийн даалгаврын 2 дагуу мөнгөн хөрөнгийн шилжүүлгийг хийж гүйцэтгэсэн бөгөөд уг гүйлгээнүүд нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах /хязгаарлах/ мөрдөн шалгах ажиллагааг цуцлах тухай 531 дугаар мөрдөгчийн саналын дагуу ............ дугаар дансыг битүүмжээс чөлөөлсний дараа хийгдсэн байна. Тус банк нь харилцагч Т............. ............ дугаар дансанд холбогдох хууль тогтоомжийн дагуу прокурорын зөвшөөрлийг үндэслэн мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, цуцлах ажиллагааг тус тус хийсэн байх бөгөөд мөн харилцагчийн бичгээр өгсөн төлбөрийн даалгаврын дагуу мөнгөн хөрөнгийн шилжүүлгийг хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.
Хариуцагч ............ шүүхэд гаргасан : ...прокурорын 2022 оны 08 сарын 08-ны өдрийн 531 дугаартай зөвшөөрлөөр хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг цуцалж Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа 2022 оны 07 сарын 10-ны өдөр иргэн Ц.............ийн ............банкны ............ тоот данснаас шилжүүлсэн 3 500 000 төгрөг, Булган аймгийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа 2022 оны 07 сарын 18-ны өдөр иргэн П.............гийн ............банкны ............ тоот данснаас шилжүүлсэн 2 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэсэн утгатай хариу тайлбар гаргасан боловч 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах /хязгаарлах/ мөрдөн шалгах ажиллагааг цуцлах тухай 531 дугаар мөрдөгчийн саналын дагуу 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 46 минутад дансны битүүмжийг цуцалсаны дараа Т............. эзэмшиж буй ............ дугаар дансанд үлдсэн 14,104,683 төгрөгнөөс Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгагдаж байсан 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ц.............ийн ............банкны ............ дугаар данснаас шилжүүлсэн 3,500,000 төгрөг, Булган аймгийн цагдаагийн газарт шалгагдаж байсан 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр иргэн П.............гийн ............банкны ............ дугаар данснаас шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг буцаан шилжүүлж, мөн өдрийн 17 цаг 3 минутад нэхэмжлэгч Д.............гийн ............банкны ............ дугаар данс руу үлдсэн 8,650,000 төгрөгийг ............-с буцаалт гэсэн утгаар шилжүүлж, 5,454,683 төгрөгийг шилүүлээгүй дутаасан байна.
............т нэхэмжлэгч Д............. 14.104.683 төгрөгөөр хохирлоо гэсэн мэдээллийг өгсөн байхад 2 өөр газар шалгагдаж байгаа хэргийн хохирогч иргэн Ц............., П............. нарын хохирлыг төлүүлсэн буруу байна.
Хариуцагч ............итэмжлэгдсэн төлөөлөгч А.............нь шүүх хуралдааны явцад би буруугүй, албаны шалгалт хийгээд намайг буруугүй байна гэж үзсэн гэх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-д ...Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө... гэж заасан үндэслэлийг хангахгүй байна.
Нэхэмжлэгч Д.............гийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүлээн авах боломжтой юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч ............гэм хор учруулсан хохиролд 5.454.683 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.............д олгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч Д.............гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 105,000 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн дугаар 312/ШШ2025/00435 шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 498 дугаар зүйлийн 498.1.-д заасныг баримтлан хариуцагч ............5,454,683 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.............гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 498 дугаар зүйлийн 498.1.-д зааснаар хариуцагч ............гэм хор учруулсан хохиролд 5,454,683 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.............д олгосугай... гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч Д.............гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 105,000 төгрөгийг буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР