| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буурайн Баттөр |
| Хэргийн индекс | 142/2024/01290/И |
| Дугаар | 207/ма2025/00067 |
| Огноо | 2025-06-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 207/ма2025/00067
2025 06 12 207/МА2025/00067
Г.............ын нэхэмжлэлтэй,
хариуцагч П.............д холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б............., Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаар 312/ШШ2025/00504 шийдвэртэй,
Нэхэмжлэгч : Г.............ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П.............д холбогдох,
“Хашаа, байшингийн үнэ 24,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сайзанбүтэдийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сайзанбүтэд, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г............. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Г............. нь эхнэр Н.............тэй гэр бүл болон амьдарч байгаад Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.26 ны өдрийн 142/ШШ2024/00214 тоот шийдвэрээр хүүхдийн тэтгэвэр тогтоолгон, гэр бүлийн харилцаа дуусгавар болсон. Хамт амьдрах хугацаанд бид гэр бүлээ батлуулж байгаагүй болно. Бид хоёр хамт амьдрах хугацаанд өөрийн гэсэн орон гэргүй байсан тул өөрсдийн аав ээжийнд ирэн очин амьдарч, нэг дор гэр бүл болон хамт амьдарч байгаагүй. Цаашид хамт амьдрах эсэх нь тодорхойгүй, хэрүүл маргаантай байдаг байсан. Энэ үед миний аав Ц............., ээж Н............. хоёр 2020 онд хашаа байшин худалдан авч, надад бэлэглэсэн. Өөрийн гэсэн орон гэртэй болсон тул, эхнэр хүүхдүүдээ гэртээ авчирч хамт амьдрах болсон. Гэтэл 2023 онд эхнэр Н............. нь орон сууцанд ормоор байна, байрны урьдчилгаанд хашаа байшингаа зарчих гэхээр нь эхнэр Н............., хадам ээж П............. нарын үгэнд орж, хашаа байшингаа худалдсан. Би ............Станц-д ажиллаж байсан учраас эхнэр Н.............т худалдах худалдан авах итгэмжпэл өгсөн байсан. Ингээд хашаа байшинг зарж, түүний худалдсан үнээс 24 000 000 төгрөгийг хадам ээж П.............ы данс руу шилжүүлсэн байсан. Яагаад ээж П.............д шилжүүлсэн юм гэтэл ээжийн нэр дээр байж байг, бид үрчихнэ, энэ дансанд байж байг гэсэн. Үүнээс хойш орон сууц захиалья гэхэд байнга хойшлуулах болсон, шалтгааныг нь тодруулахад тодорхой шалтгаан хэлэхгүй болсон. Ингээд П.............аас мөнгөө авья гэтэл хэл амаар доромжилж, мөнгийг өгөхгүй байсан. Мөн Н............. ээжтэйгээ нийлж намайг элдвээр хэлэх болж, сүүлдээ шүүхэд хүүхдийн тэтгэмж нэхэж, хамт амьдрахгүй болсноо хэлсэн. Хашаа байшин зарснаас хойш орон гэргүй болсон учраас хоёр талд ирэн, очин амьдарч байсан билээ. Гэтэл гэнэт шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Хадам ээж П............. нь үндэслэлгүйгээр миний хашаа байшингийн мөнгийг авсан тул П.............аас 24000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П............. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
1.2024.04.15-ны өдрийн 142/Ш32024/02370 тоот Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн иргэний хэрэг үүсгэх тухай захирамжид Г.............ын нэхэмжлэлтэй, П.............д холбогдох 24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024.04.08-ны өдөр хүлээн авч хянаад үндэслэх нь Г.............ын нэхэмжлэлтэй П.............д холбогдох 24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсүгэй гэсэн захирамж гарсан байна. 2.Дээрх өдрийн захирамжид дурдагдсан П............. гэдэг хүнийг П............. нь мэдэхгүй бөгөөд хариуцагч П............ы овог, нэр зөрчилтэй байна. 3.П.............ы дансанд Г.............аас 24,000,000 /хорин дөрвөн сая/ ороогүй. 4.2024.01 26-ны өдрийн Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ2024/00214 тоот шийдвэрээр төрсөн охин болох Г............., Г............. нарыг Н. ............ асрамжид үлдээсэн. 2024.06.13-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 142/ШШ2024/00911 тоот шийдвэрээр Г.............аас 22.500.000 /хорин хоёр сая таван зуун мянгаАн төгрөгийг гаргуулж Н.............т олгох шийдвэр гарсан. 5.Н............. нь Г.............ын төрсөн 2 охины тээж төрүүлэн, эсэн мэнд өсгөн цэцэрлэгт хүмүүжүүлж байна. Төрсөн эцэг болох Г............. нь төрсөн алаг үрээ алагчилж үзэн Г.............ийг миний хүүхэд биш гэсэн учраас ............ нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан. 2023.12.25-ны 5854 тоот Монгол улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын дүгнэлтээр Г............. нь Г.............ийн төрсөн эцэг болох 99.9 хувиар тоггоогдсон шинжээчийн дүгнэлт гарсан. 6.П.............ы гэрт /............, ............/ Г............. болон Н............. нар нь хүүхдүүдийн хамт амьдардаг байсан. Зуны 3 сард Г............. болон Н............. нар нь хүүхдүүдийн хамт өөрсдийн гэрт /............, ............/ очиж амьдардаг байсан. Энэ хувийн орон сууц нь дулаалга байхгүй зуны орон сууц байсан болно. 7.Г............. нь эхнэр Н............., охин Г............., Г............. нарыг ээжийнх гэрт үлдээн өөрөө хаяад явсан. 8.Г............. нь 2 охиныхоо хүүхдийн тэтгэлгийн мөнгийг өгдөггүй болно. Иймд 2024.02.21 - ний өдрийн Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 142/Ш32024/0157 тоот шүүхийн шийдвэрийг албан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгсөн болно. 9............. нь 2023.04.17-нд Худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан байсан. Иймд П............. нь хашаа байшингийн 24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа болно. гэжээ
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаар 312/ШШ2025/00504 шийдвэрээр:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч П.............аас 24,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.............д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 277,95 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сайзанбүтэд шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
1.Г............. нь эхнэр Н............. төрсөн охин Г............., Г............. нарыг ............байрлах миний гэрт үлдээн өөрөө хаяад явсан. Шалтгаан нь Г............. нь биеэ үнэлэгч хүүхнүүдэд мөнгө шилжүүлж байсныг охин Н............. бид 2 мэдээд өөрт нь болон төрсөн ээж Н.............т өөрийн биеэр очиж хэлсэн. 2.Н............. нь энэ байдлыг мэдсэнээсээ хойш Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.26-ны өдрийн 142/ШШ2024/00214 тоот шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгон төрсөн охин Г............., Г............. нарыг Н.............ийн асрамжид үлдээсэн. 3.Г.............ын хойд аав Ц............., ээж Н............. хоёр нь хашаа байшин авч бэлэглэсэн гэдэг нь худлаа юм. 4.Н............. нь Г.............тай ярилцан тохиролцож хадам аав болох ............ гэдэг хүний оршин суух Архангай аймаг руу 2020.07 сард очиж төрсөн охин Г............. танилцуулан, өөрсдийн гэсэн орон гэртэй болох тухайгаа хэлэхэд аав нь алийн болгон орон гэргүй байх вэ гээд аав нь малчны зээл 20.000.000 (хорин сая) төгрөг авсан бөгөөд авсан мөнгөнөөсөө 15,000,000 (арван таван сая) төгрөгийг 2020.07.07-нд ............ын данс руу ............ гэсэн нэрээр шилжүүлсэн байдаг. 5.2021.05.18-нд нөхөр Г............. нь төрийн банкны дансаар 10,000,000 (арван сая) төгрөгийн цалингийн зээлийг нэмж авсан. Хадам аав ............өгсөн менгөн дээр ............ын зээл авсан мөнгийг нэмэрлэн бид 25,000,000 (хорин таван сая) төгрөгтэй болсон. Улсын бүртгэлийн үл хөдлөх хөрөнгө худалдаж авах бүрттэлийн 3777 тоотоор 2022.11.10 өдөр ............ гэдэг хүнээс ............, ............ хаягт байрлах хашаа байшинг 25,000,000 (хорин таван сая) төгрөгөөр худалдаж ам бүл дорвүүлээ амьдардаг байсан. Уг байр нь дулаалга байхгүй зуны хувийн сууц байсан. Гэвч 2 охин, нөхрийн хамт зуны улиралд энэ орон сууцандаа амьдарч өвлийн улиралд манай гэрт бид нартай цуг хамтран амьдарч байсан нь үнэн юм. Миний зээ охин Г.............ийг алагчилж үзэн Г............. болон гэр бүл нь ............ын төрсөн хүүхэд биш гэсэн учраас ............ нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан. 2023.12.25-ны 5854 тоот Монгол улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын дүгнэлтээр Г............. нь Г.............ийн төрсөн эцэг болох 99.9 хувиар тогтоогдсон шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтээс үзэхэд Г............. нь хүн чанаргүй, малаас дор хүн юм гэсэн дүгнэлтийг хийж байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд П.............ы дансанд Г.............аас 24,000,000 (хорин дөрвөн сая) төгрөг ороогүй. Охин, хүргэн хоёр орон сууцанд орж амьдрал ахуйгаа дээшлүүлэх нь зөв гэж ярилцсаны улмаас Г.............ын ээж Н.............ээс хашаа байшингаа зарах зөвшөөрлийг авсан байдаг. Г............. худалдах худалдан авах гэрээнд өөрийн гарын үсэг зурсан байдаг. Н.............т хашаа байшинг зарах итгэмжлэлийг наториатаар өгөөгүй. Охин Н............. нь Нөхөр Г.............тай дээрх хашаа байшингаа зарж сайжруулан үр хүүхдүүдээ халуун орон сууцанд амьдруулъя гэж ярилцаж шийдвэр гаргасны эцэст хадам ээж Н.............ээс хашаа байшингаа зарах зөвшөөрлийг авсан. Хадам ээж нь хашаа байшинг худалдахыг зөвшөөрсөн бөгөөд байранд орж амьдар, харин хашаа байшинг зарсан мөнгөө үрээд юу ч үгүй болов гэж охин Н.............. Г.............нарт захьсан байсан. П............. миний бие нь Улаанбаатар хотод эмчилгээнд явсан байсан үед миний данс руу 2023.04.17-нд Б.............-с 800,000 (найман зуун мянга)-н төгрөг, 2023.04.17-нд Ц.............-с 23,500,000 (хорин гурван мянга таван зуу)-н төгрөг нийт 24,300,000 (хорин дөрвөн сая гурван зуу)-н мянган төгрөг эдгээр хүмүүсээс шилжигдэн орж ирсэн. Ямар учиртай мөнгө шилжигдэн орж ирсэн талаар охин Н............. рүү ярихад Г............. бид хоёр хашаа байшингаа зарсан. Хашаа байшин зарсан мөнгийг бид үрчих гээд байгаа учраас тань руу шилжүүлж түр хадгалуулж байна гэсэн. Аав (............) энд манай гэрийн юмыг зөөж егч байна гэж тухайн үед ярихад хэлж байсан. Хашаа байшин зарсан 30,000,000 (гучин сая) төгрөгнөөс Г............. зээл төлөх 6,000,000 (зургаа)-н сая төгрөгийг авч зээлийнхээ дансруу хийсэн гэж хэлсэн. Миний бие юу ч бодолгүй уг мөнгийг нь хадгалж байсан. Миний охин болон Г............. нар нь хамтран амьдрахдаа нэг ч удаа муудалцаж хэрэлдэж байгаагүй. Харин ч би Г.............ын талд зогсдог байсан. Би энэ мөнгийг нь хадгалж байгаад 2023.06.01-нд хүүхдээ баярлуулахад 300,000 (гурван зуун мянга)-н төгрөгийг бэлнээр авах зөвшөөрлийг өгсөн бөгөөд уг мөнгийг Г............., Г............. нарын хүүхдийн баярыг хийхэд хэрэглэсэн. 2023.06.02-ны өдөр охин Н.............ийн голомт банкны ............ тоот дансанд 10,000,000 (арван сая), 2023.06.02-ны өдөр 14,000,000 (арван дөрвөн сая) төгрөгөөр тус тус 2 удаа шилжүүлсэн. Нийт 24,300,000 (хорин дөрвөн сая гурван зуун мянга)-н төгрөгийг буцаан өгсөн. Би энэ мөнгийг 2023.04.17-2023,06.02-ны одөр хүртэл хадгалж байгаад охин Н.............ийн дансанд шилжүүлэн нэг ч төгрөгийг өөртөө захиран зарцуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл байхгүй байхгүй тул шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Г............. нь хариуцагч П.............д холбогдуулан хашаа, байшингийн үнэ 24,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх хэргийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч П.............аас 24,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.............д олгож шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
Нэхэмжлэгч Г............. хариуцагч П.............ы охин Н.............тэй 2017 оны 11 сард танилцан гэрлэлтээ батлуулахгүйгээр хамтран амьдрах хугацаанд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр охин Г............., 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр охин Г............. нар төржээ.
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар 142/ШШ2024/00214 шийдвэрээр охин Г............., Г............. нарыг эх Н.............ийн асрамжид үлдээж, эцэг Г.............аар нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Г............. нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ............дугаарт бүртгүүлж, ............ нэгж талбарын дугаартай 798 м 2 талбайтай ............хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч болсон байна.
2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраа Б.............т 24,000,000 төгрөгөөр худалдсан түүний эхнэр Н............. нь нэхэмжлэгч Г.............ын авах ёстой 24,000,000 төгрөгийг өөрийнхөө ээж П.............ы дансыг худалдан авагчид өгснөөр мөнгө дээрх дансанд орсон байна. Нэхэмжлэгч Г............. нь хариуцагч П.............аас мөнгөө авахаар хэлсэн боловч тэрээр өгөхөөс татгалзжээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хариуцагч П.............аас 24,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.............д олгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сайзанбүтэд “...шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ хариуцагч тал биелүүлээгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сайзанбүтэдийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаар 312/ШШ2025/00504 шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сайзанбүтэдийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сайзанбүтэдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 277,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ШҮҮГЧ Б.............
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР