| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/00224/И |
| Дугаар | 207/ма2025/00069 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 207/ма2025/00069
| 2025 оны 06 сарын 16 өдөр | Дугаар 207/МА2025/00069 |
............ ХХК-ийн
нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.............д
холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 312/ШШ2025/00566 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : ............ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.............д холбогдох,
Шинжээчээр ажилласны хөлс болон алданги 4,434,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагч Ч.............гийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д............, хариуцагч Ч............., хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч Ч.............гийн шүүхэд гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ............ ХХК хариуцагч Ч.............д холбогдуулан шинжээчээр ажилласны хөлс болон алданги 4,434,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан./хх, 1-5х/
Хариуцагч Ч............. ...ажлын хөлсийг 8,000,000 төгрөгөөр тохироогүй, 5,000,000 төгрөгөөр тохироод үүнийгээ 2 хувааж төлсөн....Цагдаагийн байгууллага шинжээчийг томилсон. Эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон хүн шинжээчийн хөлсийг төлөх үндэслэл байхгүй гэсэн үндэслэл зааж, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.хх26, 2767-72х/
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1 ............Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолоор хэрэг бүртгэлтийн 222500207 /Цагдаагийн газраас ирүүлсэн албан бичигт 2225002070570 гэсэн байх тул цаашид 2225002070570 гэх/ дугаартай хэрэгт эдийн засгийн шинжилгээ хийлгэх шинжээчээр ............ ХХК-ийг томилсон.
3.2 Дээрх мөрдөгчийн тогтоолын дагуу нэхэмжлэгч ............ ХХК /гүйцэтгэгч гэх/-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Д...............хэрэг бүртгэлтийн 2225002070570 дугаартай хэргийн хохирогч болох хариуцагч Ч............. /захиалагч гэх/-тай 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ш/23/10/10 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г бичгээр байгуулж, тус гэрээгээр ............ ХХК нь санхүүгийн шинжээчээр ажиллаж, мөрдөгчийн тогтоолд дурдсан асуултад хариулж дүгнэлт гаргах үүргийг, Ч............. нь ажлын төлбөрт 8,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн,
3.3 Мөн нэхэмжлэгч ............ ХХК болон хариуцагч Ч............. нар нь 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэсэн огноотой, Ш/23/10/10 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г дахин байгуулсан байх ба, тус гэрээгээр хариуцагч ............/захиалагч/ ажлын хөлсний үлдэгдэл 3,000,000 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төлөх үүргийг хүлээсэн байна.
4. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна.
5. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч ............ ХХК нь шинжээчээр ажиллан Шинжээчийн дүгнэлтийг гарган 2024 оны 02 дугаар сард Орхон аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсэн, хариуцагч Ч............. нь ажлын хөлсөнд 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн зэрэг үйл баримт тогтоогдсон.
6. Гэрээний дагуу төлөх ажлын хөлсний хэмжээ /нэхэмжлэгчийн төлөөлөгч 8,000,000 төгрөг гэж, хариуцагч тал 5,000,000 төгрөгөөр тохирсон гэж/ талуудын маргааны зүйл болсон байх ба зохигчдын хооронд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Ш/23/10/10 дугаартай гэрээний талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 43 дугаар зүйлийн 43.2., 43.2.1-д нийцсэн.
6. Харин алданги тооцсон хугацаа тодорхойгүй, гэрээнд ажлын хөлсний хэмжээ зөрүүтэй тусгасан байтал гэрээний хувийг хариуцагчид өгөөгүй зэргийг харгалзан шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8.-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас алданги 1,434,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, дээрхи үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 312/ШШ2025/00566 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6., 232.8., 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар хариуцагч Ч.............гаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ............ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 1,434,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай,
2 дугаар заалтад нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,894 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.............гаас улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчи ............ ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.11 дүгээр зүйлийн 75.11.2.-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр бөгөөд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА