Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 207/ма2025/00070

 

 

 

2025        06          16                                          207/МА2025/00070

 

 

Г.............ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч ............ ТӨҮГ-т

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дугаар 312/ШШ2025/00533 шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Г.............ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............ ТӨҮГ-т холбогдох,

“............ ТӨҮГ-ын Спорт цогцолборын биеийн тамир чийрэгжүүлэлтийн хэсгийн арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Г.............ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золжаргал, П.Одгэрэл, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г............. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ёс зүйн дэд хороо хуралдаад намайг өргөдөл бичиж өгвөл хариуцлага тооцохгүй гэж худал хэлж өргөдөл бичүүлж авсан. Халах шийдвэр байна гэж бодоод өргөдлөө авах гэж ороход хүний нөөц миний өргөдлийг өгөөгүй. Миний өргөдлийг ............ ТӨҮГ-ын Захиргаа хүний нөөцийн хэлтэст хүргүүлж 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал гаргасан байсан. Миний хувьд би ажлаас гарах ноцтой зөрчил, шалтгаан гаргаагүй, гэнэт ёс зүйн дэд хорооноос дуудахад нь ороод учрыг нь сайн ойлгоогүй, даргыг өргөдөл бич гэхээр нь айсандаа өргөдөл бичсэн. Тэгээд ............ ТӨҮГ-ын ерөнхий захирлын нэр дээр ажилдаа эргэж орох өргөдлөө 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр бичиж өгсөн. Ерөнхий захирал хууль тогтоомж хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд судлах шаардлагатай, арга хэмжээ авах гэсэн цохолт хийж Захиргаа хүний нөөцийн хэлтэст шилжүүлсэн байсан. Үүний дараа 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр цехийн дарга Ш.............дээр орж ажлаас гармааргүй байна, буруу өргөдөл бичсэн байна, өргөдлөө буцааж авъя гэж хэлсэн боловч шийдвэр гаргаагүй. Миний хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан өөрийгөө өмгөөлөх өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээр минь хангалгүй дээрх үйл явдал болсон. 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ёс зүйн дэд хороо хуралдаж, хурлын протокол болон бичлэгийг танилцуулж, гарын үсэг зуруулаагүй. Ш.............нар намайг удаа дараа байнга дарамталж ажлаа хийх нөхцөл боломжоор хангаж өгдөггүй, хэл үгээр доромжилдог байсан. Иймд ............ ТӨҮГ-ын Спорт цогцолборын тамир чийрэгжүүлэлтийн хэсэгт биеийн тамирын арга зүйчийн ажилд оруулахаар хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г............. нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ............ ТӨҮГ-ын спорт комплексийн ёс зүйн дэд хорооны хурлаар ороод ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн учраасхөдөлмөрийн маргаан үүсгэсэн. Яагаад үндэслэлгүй халагдсан гэхээр ёс зүйн зөвлөлөөр оруулаад өргөдөл аваад шийдвэрлэсэн байдаг. 10 дугаар сарын 10-ны өдөр өргөдлөө өгөөд 10 дугаар сарын 14-ний өдөр би буруу өргөдөл өгсөн байна, өргөдлөө буцааж авъя гэдэг байдлаар байгууллагынхаа удирдлагад хандсан. Гэтэл түүнийг шийдэж өгөөгүй. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах, гаргасан өргөдлөөсөө хэзээ ч татгалзах, буцааж авах эрхтэй байдаг. Шийдвэр 10 дугаар сарын 23- ын өдөр гарсан, шийдвэр эцэслэн гараагүй байхад өргөдпөө буцааж авъя гэсэн хүсэлт өгөхөд хүсэлтийг хүлээж авахгүй шийдвэр гаргасан байгаа. Ерөнхий үйл явдал нь сахилгын зөрчил гаргасан гээд арга хэмжээ авах гэж хуралдсан нь ойлгогдож байна. Хэрвээ сахилгын зөрчил байсан бол сонсох ажиллагаа хийх ёстой, тайлбараа бичиж өгөх ёстой. Ийм ажиллагаа хийгээгүй, хурлын тэмдэглэлд өргөдөл бичүүлж авав гэсэн тэмдэглэл байхгүй, өмнөх хуралд хэлэхдээ хурлын дуу хураагуурыг авч ирье гэхэд дуу хураагуур байхгүй гэж хэлсэн. Хуулийн хэлтсийнхэн мэдэхгүй байх нь аргагүй, хамгийн гол нь дуу хураагуур дээр юу бичигдсэн байгааг шүүх хуралдаан дээр нотлох баримтаар судлуулах байсан. Өргөдөл бичих үндэслэл нь өргөдөл биччих юм бол үйлдвэрт буцаж орох боломжтой байдаг гэж хэлээд өргөдөл бичүүлсэн байгаа. Тэгээд өргөдөл бичээд өргөдлийг үндэслээд шийдвэр гаргасан байгаа. Өргөдлийг хууран мэхэлж бичүүлсэн гэж үзэж байгаа учраас өргөдлийг анхнаас нь хүчин төгөлдөр бусд тооцоод 10 дугаар сарын 23-ны өдөр гарсан тушаалыг хүчингүй болгож, ажилтныг ажилд нь эгүүлэн оруулж, ажилгүй байсан хугацааны цалин нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж өгнө үү. Гэрч ............ ёс зүйн дэд хороонд гомдол мэдээлэл ирээгүй гэж хэллээ гэж ойлголоо. “............” ТӨҮГ-ын ёс зүйн хороо байгууллагаас ирсэн гомдол мэдээллийг үндэслээд, ёс зүйн зөрчил гаргаснаас хойш 15 хоногийн дотор хуралдаж дүгнэлт гаргах ёстой. Мөн ёс зүйн зөвлөлийн хурлаар орж байгаа этгээдэд 1 өдрийн өмнө мэдэгдсэн байх ёстой. Гэтэл өглөө 08 цаг 30 минутад ажилдаа ирэхэд нь авч ороод хурал хийсэн байдаг. Бадамгарав ч хэлсэн, хурлын тэмдэглэл дээр ч гэсэн ............ тайлбар өгөөгүй юм байна. Хуралд суугаад чи сонссон уу? ойлгосон уу? гэдэг байдлаар тал талаас нь яриад тайлбар аваагүй. Тайлбар өгсөн гэдэг асуудал нь өмнө 5 сард өгсөн тайлбарыг уншиж сонсгосон юм билээ. Тиймээс тайлбар авах боломжийг хангаагүй байна. Эрдэнэбаяр 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажлаа тасалсан гэж хэлж байна. 10 дугаар сарын 20-ны дотор ажлаас чөлөөлж өгнө үү гэчхээд ажлаа тасалсан асуудал нь тушаал дээр тусгагдаагүй асуудал учраас ярихгүй орхиё, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золжаргал, П.Одгэрэл, Ш.............нар шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Г............. нь өөрийн хүсэлтээр ............ ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ............дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд уг тушаалыг хүчингүй болгуулах хүсэлтийг ............ ТӨҮГ-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан. Уг комиссын хурал 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хуралдсан бөгөөд хуралд Г............. нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй. Энэ нь тус комиссын хурлын тэмдэглэлээс тодорхой харагдана. Монгол улсын Засгийн газрын 2022 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын дүрмийн 3.14-т Гомдол гаргагч хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бөгөөд гаргасан гомдолтой холбоотойгоор маргалдагч нөгөө талтайгаа тохиролцож болох нөхцөлийг тодорхой тусгасан саналыг энэ дүрмийн 3.7-д заасны дагуу комисст ирүүлээгүй, эсхүл хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол гомдлыг хэрэгсэхгүй болгож хуралдааныг дуусгасан тухай тэмдэглэл үйлдэж комиссын гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна гэж заасан. Г............. нь үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд оролцоогүй, хурлын тэмдэглэлийг тус хуралд оролцсон бусад маргалдагч талаас хуулбарлаж авсан учраас урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээс сайн дураараа татгалзсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй:, 154.6.Энэ хуулийн 154.5-д заасан хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч аль нэг тал хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандана., 154.8.Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. гэж тус тус заасан. Гэтэл Г............. нь дээрх урьдчилан шийдвэрлэх ажиллагааг алиныг ч хийлгэхгүйгээр шууд шүүхэд хандаж Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн учраас шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ерөнхий захирлын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ............тоот тушаалаар Спорт цогцолборт Биеийн тамир чийрэгжүүлэлтийн хэсгийн арга зүйчээр ажиллаж байсан Г.............ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 79.1 дэх хэсэгт зааснаар буюу Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачлан цуцлах эрхтэй гэсэн заалтын дагуу ажилтны өөрийн бичгээр гаргасан хүсэлт Спорт цогцолборын даргын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 43/251 тоот албан бичгийг үндэслэсэн бөгөөд уг тушаал нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэж байна. Г............. нь нэхэмжлэлдээ ...уг нь би ажлаас гарах ноцтой зөрчил шалтаг гаргаагүй, гэнэт Ёс зүйн дэд хорооноос дуудахад нь ороод л ийм зүйл сонсоод айж балмагдан сандарч байгаад учрыг нь ч сайн ойлгохгүйгээр даргыг бич гэхээр нь айсандаа өргөдөл бичээд өгсөн... гэж дурдсан байна. Хэрэв дээрх нөхцөл байдал бий болсон бол энэ байдлынхаа талаар үйлдвэрийн газрын Ёс зүйн хороонд гомдол гаргах, цаашлаад ажлын байрны дарамт шахалт байсан бол хууль хяналтын байгууллагад гомдол гаргах эрх нь байсан. Г............. нь олон жил, удаа дараа архи ууж ажил тасалдаг байсан. Энэ нь тухайн ажилтны бүтцийн нэгжийнхээ удирдлагад бичгээр гаргаж өгсөн тайлбаруудаас харагддаг. Г............. нь 2018 оноос эхлээд архи ууж ажил тасалсан, "ахин архи ууж ажил таслахгүй гэсэн утга бүхий тайлбаруудыг хариуцсан ахлах арга зүйч болон бүтцийн нэгжийн удирдлагууддаа бичиж өгч байсан байна. Дээрх байдлаас харахад тус ажилтан нь архи ууж ажлаа таслах, ажлын цагаар архи ууж ажлын байрыг зөвшөөрөлгүй орхих зэрэг зөрчлүүдийг байнга гаргадаг байсан байна. Энэ болгонд бүтцийн нэгжийн удирдлагаас ар гэр, ахуй амьдралыг нь бодоод ажлаас чөлөөлөлгүй цаашид ажиллах боломжийг олгож явсан нь харагдаж байна. Тухайлбал Г............. нь хамгийн сүүд 2024.09.09-16-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй ажил тасалсан нь наряд даалгаврын дэвтэр, ажлын карт уншуулсан ажлын цагийн бүртгэл зэргээс харагдаж байгаа. Тухайн ажилтныг хариуцаж ажилладаг ахлах арга зүйч нь ажилдаа ирээгүй гэсэн тэмдэглэлийг наряд даалгаврын дэвтэрт бичсэн. Мөн ажлын карт уншуулсан мэдээллээс ч ажил тасалсан нь харагддаг. Мөн Г............. нь 2024 оны 09 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд ............ эмнэлгээс эмнэлгийн магадлагаа авч ирсэн бөгөөд уг магадлагаа нь тамга тэмдэггүй байсан тул Эрдэнэт сувиллын цогцолбороо шалгуулахад ...тухайн эмнэлгийн ерөнхий эмчийн гарын үсэг болон тамга тэмдэг дарагдаагүй, магадлагаа олгосон эмчийн өдөр тутмын үзлэгийн бүртгэл үзлэгийн бичилт байхгүй тул хүчин төгөлдөр бус магадлагаа гэж дүгнэв... гэсэн утга бүхий Эрдэнэт сувиллын цогцолборын 2024.09.24-ний өдрийн 41/368 тоот албан бичгийг ирүүлсэн. Г.............ийн архи ууж, ажил таслах байдал дахин давтагдаж дээрх зөрчлүүдийг гаргасан тул энэ талаар бүтцийн нэгжийн удирдлагууд болон холбогдох ажилтнууд түүнд дахин боломж олгохгүй, сахилгын арга хэмжээ авах талаар ярилцсан. Харин Г............. нь сахилгын арга хэмжээ авах нөхцөл байдал судлагдаж, тушаал гаргуулахаас өмнө ажлаас өөрийн хүсэлтээр гарах шийдвэрийг гаргаж энэ талаарх өргөдлөө бүтцийн нэгжийн удирдлагадаа уламжилсан. Үүний дагуу бүтцийн нэгжийн даргын албан бичиг ажилтнуудын өргөдлийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон. Г............. нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй байсан ч гэсэн түүнд сахилгын арга хэмжээ авагдах байсан, үүнийгээ ч Г............. нь бүрэн мэдэж, ухамсарлаж байсан бөгөөд сахилгын арга хэмжээ авахуулахаас өмнө өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхөөр шийдэж, энэ талаарх хүсэл эрмэлзлэлээ илэрхийлсэн бөгөөд үүнийг үндэслэн ажлаас чөлөөлөх тушаал гарсан. Гэтэл үүнийг өөрт ашигтай байдлаар урвуулж ямар ч зөрчил гаргаагүй байхад дарамт шахалт үзүүлж ажлаас өөрөө чөлөөлөгдөх хүсэлтийг хүчээр бичүүлсэн мэтээр гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд дээрх үндэслэлүүдээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дугаар 312/ШШ2025/00533 шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.............ийн хариуцагч ............ ТӨҮГ-т холбогдуулан гаргасан ............ ТӨҮГ-ын Спорт цогцолборын биеийн тамир чийрэгжүүлэлтийн хэсгийн арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г............. шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

2024.10.02-ны өдөр би ажил дээрээ ажлаа гуйцэтгээд байж байтал гэнэт даргын өрөөнд дуудахад нь очтол Ёс зүйн дэд хороо хуралдана гэж хэлээд гишүүд нь байсан ба бидний 3 хүнийг тус хорооны хурлаар авч хэлэлцэнэ гэсэн.Гэтэл энэ тухай надад огт мэдэгдээгүй бөгөөд гэнэт тэр өглөө л дуудаж оруулаад шууд арга хэмжээ авах тухай асуудал хэлэлцэнэ гэсэн.Үүнд би балмагдаж сандарсан.Учрыг нь олох гэж ядаж байтал шууд хүний нөөцийн ажилтан Д............. үзэг цаас авчирч өгөөд дарга Ш.............нь ажлаас гарах өргөдлөө бич гэсэн. Тэгэхдээ өөрийн хүсэлтээр ажлаас гарвал үйлдвэрт буцаад ажилдаа ороход амар байдаг юмаа гэж хэлсэн. Тэр үед би айж сандраад бас даргын хэлсэн үгэнд итгээд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичиж өгсөн. Энэ үйл явдал дээр хууль зөрчсөн асуудлууд байгаа бөгөөд шүүх үүнийг авч үзсэнгүй буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй байна. Учир нь шүүх зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн ажилтны санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцлах гэсэн үндэслэлд хэт хөтлөгдөн бусад хуулийг анзаарахгүй орхигдуулсанаас болж миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, миний эрхийг хохироож байна. Байгууллагын ёс зүйн дэд хороо бол зөвхөн ёс зүйн асуудпыг авч хэлэлцэх учиртай, тийм ч дүрэмтэй байдаг ............ ТӨҮГ-ийн ёс зүйн хорооны дүрэмд ч гэсэн ажлаас халах санал гаргах эрх хэмжээ байхгүй байна. Зөвхөн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсхүл зөрчөөгүй талаар дүгнэлт гаргаж ажил олгогчид хүргүүлэх үүрэгтэй байгуулагдсан дэд хороо шүү дээ. Гэтэл яагаад дүрмээ зөрчиж ажилтны өргөдлийг хүлээн авч ажил олгогч руу буюу хүний нөөцийн хэлтэс рүү явуулах болов гэдэг нь сонирхол татна. Ёс зүйн хороо хуралдахдаа надад хариуцлага тооцох зорилготой хуралдсан боловч сонсох ажиллагаа oгт хийгээгүй надад нэг өдрийн өмнө хуралтай талаар мэдэгдэх ёстой дүрмийн заалттай атал тэгж мэдэгдээгүй шууд оруулж ирээд учир зүггүй загнаж зандраад өргөдлөө бич л гэсэн. Энэ асуудлыг би мэдээгүй яагаад ёс зүйн дэд хороогоор авч хэлэлцэх зөрчил гаргаснаа ч мэдээгүй байсан.Би тэр үеэс архи ууж ажил таслаагүй зүгээр л ажлаа хийж байсан. Мөн уг хурлын тэмдэглэлд өөрөө хүсэлт гаргаж өргөдпөө бичиж өгье гэж хэлсэн эсэх талаар тусгаагүй ер нь энэ өргөдөл бичих талаар огт дурьдаагүй байсан. Иймд шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа гэж огт хийгээгүй, хурлаас өмнө мэдэгдэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, хууль дүрэмд заагдаагүй эрх үүргийг буюу бусдын өргөдпийг хүлээн авч хүний нөөцийн хэлтэст явуулж эрх хэмжээгээ хэтрүүлсэн зэрэг асуудпыг сайтар нягтлан үзэж, хууран мэхэлсэн байж болзошгүй байтал харагдаж байгааг анхааралдаа авна уу. Ёс зүйн зөрчил гаргалаа гэж үзэж байгаа л бол тэр талаараа дүгнэлт гаргаад л холбогдох газар руу нь явуулахгүй яагаад заавал ажлаас чөлөөлөгдөх өргөдөл бичүүлсэн байх вэ гэдэг асуудал үүсч байна.Түүнээс биш хүн өөрөө өргөдпөө өгөөд л ажлаас чөлөөлөгдчихөөд намайг халчихлаа гэж шүүхэд өргөдөл гаргаад явахуу гэдэг асуудал ч гэсэн эргэлзээтэй шүү. Надтай хамт халагдах өргөдлөө өгч халагдсан нэг ажилтныг буцаагаад ажилд нь авсан асуудал гарсан. Зөрчил байхгүй бол бил адилхан зөрчил байхгүй. Адилхан ёс зүйн дэд хорооны хурлаар орж өргөдлөө өгсөн. Гэтэл яагаад тэрийг буцааж ажилд нь аваад намайг яагаад авахгүй байгааг ойлгосонгүй, Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн заалт яагаад хэрэгжихгүй байна. Би 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хүний нөөцийн хэлтэст очиж бичсэн өргөдлөө буцааж авъя би өргөдөл өгөх учиргүй байсан байна гэхэд өгөхгүй гээд дараад байсан учир булаацалдаж байгаад урсан байгаа энэ өргөдөл маань хэрэгт скочоор наасан байдалтай байгаа. Иргэн хүн өргөдлөө шийдвэрлэхээс өмнө хэдийд ч буцааж авах эрхтэй шүү дээ. Гэтэл хүний нөөцийн хэлтсийн ажилтан өгөхгүй гэж дараад байсан учир би наанаас нь татаж байгаад урсан нь үнэн билээ. Үүнээс үзэхэд намайг хувийн сонирхолоор халах хүсэлтэй байсан нь харагдаж байна. Төр нь иргэнийхээ эрх хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах хариуцлага хүлээх Үндсэн хуулийн зарчимын адгуу энэхүү гомдлоо гаргалаа. Иймд дээрх  үндэслэлийг хянан үзэж, ашиг сонирхолын зөрчилтэй, дээр нь шүүхэд худлаа тайлбар мэдүүлэг өгч байгаа хүнийг хаацайлан миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.............  нь хариуцагч “............” ТӨҮГ-т холбогдуулан “............” ТӨҮГ-ын Спорт цогцолборын биеийн тамир чийрэгжүүлэлтийн хэсгийн арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай  нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.............ийн хариуцагч ............ ТӨҮГ-т холбогдуулан гаргасан ............ ТӨҮГ-ын Спорт цогцолборын биеийн тамир чийрэгжүүлэлтийн хэсгийн арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон  байна.

............” ТӨҮГ-ын Ерөнхий захирал ............нь нэхэмжлэгч  Г.............ийг  2025 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 43/24/35 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан байна.

............” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ............дугаартай тушаалаар “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалт, 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалт, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3 дахь хэсгүүд, 83 дугаар зүйлийн 83.3, 83.4, 83.5 дахь хэсгүүд, 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэг, Спорт цогцолборын даргын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 43/251 дүгээр албан бичиг, ажилтан Г.............ийн өргөдөл зэргийг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Спорт цогцолборын биеийн тамир чийрэгжүүлэлтийн хэсгийн арга зүйчийн ажлаас чөлөөлжээ.  

Нэхэмжлэгч Г............. нь 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 16-ны өдөр хүртэл хугацаанд ажил тасалж хуурамч эмнэлгийн магадлагаа авчирсан болох нь тогтоогдож, түүний гаргасан зөрчлийг тус Спорт цогцолборын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны  өдрийн хурлаар хэлэлцэж, түүнд хөдөлмөрийн хуульд заасан ажлаас халах арга хэмжээ авахуулахаар тус газрын удирдлагад албан бичиг хүргүүлэхээр шийдвэрлэх шатанд нэхэмжлэгч нь  2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ажлаасаа чөлөөлөгдөх” өргөдөл хүсэлтийг Спорт цогцолборын захиргаанд бичгээр гаргаж өгсөн байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэгч Г.............ийн хариуцагч ............ ТӨҮГ-т холбогдуулан гаргасан “............” ТӨҮГ-ын Спорт цогцолборын биеийн тамир чийрэгжүүлэлтийн хэсгийн арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй байх ба  Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1., мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2.-д заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч Г............. нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч  биелүүлээгүй байна. 

Иймд ажилтны хүсэлтэд үндэслэн Г.............той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ............дугаартай тушаал үндэслэлтэй байх тул түүний шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Г.............ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар  сарын 28-ны өдрийн дугаар 312/ШШ2025/00533 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.............ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар   зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Г.............ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн  хууль хэрэглээний  зөрүүг арилгах, хэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын  дээд  шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход  зарчмын   хувьд   нийтлэг ач  холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Р.ҮҮРИЙНТУЯА

 

                                                      ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТТӨР