| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2016/00346/И |
| Дугаар | 181/ШШ2016/00412 |
| Огноо | 2016-07-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 181/ШШ2016/00412
| 2016 оны 07 сарын 29 өдөр | Дугаар 181/ШШ2016/00412 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбааатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаан 17 гудамж 49 тоотод оршин суух Н.Туулын хүсэлттэй,
О.Батсүрэнг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ц.Золбоо оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие О.Басүрэнд хашаа байшингаа сарын 800 000 төгрөгөөр түрээслүүлсэн бөгөөд сүүлийн 10 сарын төлбөрөө өгөлгүй өдийг хүрч байна. Иймд үлдэгдэл төлбөр болох 8 000 000 төгрөгийг нэхэмжлэхэд түүний оршин суугаа хаяг нь тодорхойгүй байх тул О.Батсүрэнг эрэн сурвалжлуулж өгнө үү, О.Батсүрэн нь Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо Зүүн сэлбийн 168 А, Зөгийн үүр барилгын материалын дэлгүүрийн 1 давхрыг эзэмшиж ашигладаг гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөр нэхэмжлэх зорилгоор О.Батсүрэнг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх бөгөөд хүсэлтийг хангах үндэстэй байна.
Н.Туул нь О.Батсүрэнтэй 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр дэлгүүр агуулах түрээслэх тухай хэлцэл хийжээ.
Тус хэлцлийн дагуу үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэхэд О.Батсүрэн нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Элит апартмент 83-р байрны 29 тоот гэсэн хаягт оршин суудаггүй болох нь, нэхэмжлэгчийн тайлбар болон бусад баримтуудаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н.Туул нь өвчтэй хэвтрийн дэглэм барьж байгаа тул өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул түүний эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон
тогтоох нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар О.Батсүрэн /Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо Зүүн сэлбийн 168 А, Зөгийн үүр барилгын материалын дэлгүүрийн 1 давхрыг эзэмшиж, ашигладаг утас 99051578/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар О.Батсүрэнг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа явуулахыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО