| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 129/2024/00372/и |
| Дугаар | 211/МА2025/00013 |
| Огноо | 2024-06-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 211/МА2025/00013
211/МА2025/00013
С.Дийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 301/ШШ2025/00254 дугаартай шийдвэртэй
А аймгийн Х сумын Н багт оршин суух Н овгийн Сын Д /ИБД000/-ийн нэхэмжлэлтэй
Хохирол 21,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Удвал эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Прокурор: Ц.М
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Удвал
Нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1 Нэхэмжлэгч С.Д анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Би буруугүй байтал намайг гэм буруутайд үзэж, 2023 оны 7 сарын 17-ноос эхлэн 2024 оны 04 сарын 10-ний өдөр хүртэл хугацаанд цагдаа, прокурор, шүүх, хорих байгууллагаар явуулж, шалгаж, шүүж, хорьж надад сэтгэл санаа, эрүүл мэндийн болон эд материалын хохирол учруулсан учраас төрөөс дараах хохирлыг нэхэмжилж байна. Эрүүгийн хэрэгт шалгагдсан хугацааны зардал 800,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 11,000,000 төгрөгийг төрөөс гаргуулахаар нэхэмжлэл гаргав... гэжээ.
1.2 Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч В.Удвал нар анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Д 1949 онд төрсөн 75 настай, 2023 оны 7 сарын 16-ны өдөр А аймгийн Х сумын Н багийн С гэх газарт төрсөн хүү Д.Ч болон зээ хүүхдийнхээ хамт амьдарч байгаад өөрийн төрсөн хүү “амь насыг хохироосон” гэх хэрэгт шалгагдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүү Д.Чг алсан гэж А аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 7 сарын 19-ний өдрийн 2312000000192 дугаартай тогтоолоор яллагдагчаар татаж, 2023 оны 7 сарын 20-ноос 8 сарын 18-ний өдрийг хүртэл 29 хоног цагдан хорьсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 293 дугаартай шийтгэх тогтоолоор намайг хүүгээ санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгэж, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 сарын 30-ны өдрийн 2024/ДШМ/05 дугаартай магадлалаар С.Дийг хүүгээ алах санаа зорилго байгаагүй, санаатай болон болгоомжгүй хэлбэрээр эсхүл санаа сэтгэл нь цочрон давчидсаны улмаас хохирогч Д.Чг хутгалсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Би анхан шатны шүүх хурлын өдрөөс хойш давж заалдах шатны шүүхийн шийдвэр гартал 54 хоног цагдан хоригдсон. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, хяналтын шатны шүүхэд хандсан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 49 дугаартай тогтоолоор А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх надад холбогдох хэргийн үйл баримтын талаар хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн, харин давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, намайг цагаатгасан нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн болохыг эцсийн байдлаар шийдвэрлэсэн. С.Д миний бие гэнэтийн үйл явдлаас болж маш их сэтгэл санааны гүн цочролд орсон бөгөөд улмаар намайг хүүгээ алсан гэж үзэж, надад эрүүгийн хэрэг үүсгэж, хорьж, улмаар хүүгээ алсан алуурчин болгож, 8 жилийн хорих ял сонсгосон нь миний сэтгэл санааг туйлдуулж, сэтгэл санааны асар их хямрал, цочрол, уй гашууд автуулж, өөрийн гэсэн ухамсарт үйлдэл хийх ямар ч чадваргүй болгож, юу хийж, юу идэж уусан, юу ярьснаа, барьсан тавьснаас ч мэдэхгүй, шөнө унтахгүй, өөрийн өвдөж байгааг ч үл хайхран, үхмээр, амиа хорломоор санагдтал өөрийн гэсэн ухаан мэдрэлгүй байсаар 2024 оны 1 сарын 30-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр хэрэг маань цагаадсанаар сэхэл авсан. Гэтэл дээд шүүх рүү хэрэг шилжсэнийг мэдсэнээр мөн л хоног өдрийг хэрхэн өнгөрч байгаа ч мэдэхгүй шүүх хурлыг тэсэн ядан хүлээж байсан бөгөөд дээд шүүхийн хуралд өөрийн биеэр оролцож, шийдвэрээ өмгөөлөгчөөсөө сонсож дуулаад сэтгэл санаа минь тайвширсан. Эрүүгийн хэрэгт өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсөнд 11,000,000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцож, үүнийг хэсэгчлэн төлж дуусгасан. Эрүүгийн хэрэгт шалгагдсан хугацааны зардал 800,000 төгрөг гаргуулах зардалд мөрдөн шалгах ажиллагааны явцад ирсэн, очсон зардал орж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох нэхэмжлэгчийн үүрэг боловч сэтгэл санааны хохирлыг нотлох боломжгүй нөхцөл байдал нь нэхэмжлэгчээс өөрөөс нь шалтгаалахгүй байна. Учир нь шинжээч сэтгэцэд учирсан хохирлын талаар дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариу өгч байгаагаас шалтгаалаад нэхэмжлэгч тал сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нотлох боломжгүй нөхцөл байдал байгаа гэдгийг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлт гараагүй хэдий ч шүүхийн практик, Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол, Иргэний хуулийн 230 дугаар зүйл, 497 дугаар зүйл, 498 дугаар зүйлийн 498.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлд заасныг үндэслэн сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байгаа хэмжээгээр гаргах боломжтой гэж үзэж байна... гэжээ.
2.1 Прокурор Ц.М анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...С.Д өмгөөллийн хөлс 11,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, эрүүгийн хэрэгт шалгагдсан хугацааны зардал 800,000 төгрөг нэхэмжилсэн байна. С.Дийн тухайд 2023 оны 7 сарын 16-ны өдөр өөрийн төрсөн хүүгийн амь насыг хохироосон хэрэгт холбогдож 29 хоног цагдан хоригдсон. Анхан шатны шүүхээс С.Дийг гэм буруутайд тооцож, давж заалдах шатны шүүхээс С.Дийг цагаатгаж, хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Энэ хугацаанд С.Д эрүүгийн хэрэгт 264 хоног шалгагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлд зааснаар хохирол нөхөн төлүүлэх эрх С.Дт үүссэн. Сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд нотлох баримтгүй учраас гаргах боломжгүй. С.Д 83 хоног цагдан хоригдож, 264 хоногийн хугацаанд эрүүгийн хэрэгт шалгагдсан болох нь тогтоогдож байгаа боловч энэ хугацаанд сэтгэл санаагаар хэрхэн яаж хохирсон, мөнгөөр тооцвол хэдэн төгрөгийн хохирол учирсан гэдэг нь тодорхой биш байна. С.Д хэрэгт холбогдоод мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчийн хамт оролцсон, өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцож тайлбар өгсөн байдаг. Тухайн үед байгуулсан хууль зүйн туслалцааны гэрээ байгаагүй. Гэтэл өмгөөлөгчтэй байгуулсан гэрээг өнөөдөр өгч байна. Мөнгө төлөгдсөн баримтаас үзэхэд С.Дт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэгдээд Монгол Улсын Дээд шүүхээр хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд өмгөөллийн хөлс 8,600,000 төгрөг төлөгдсөн байдаг. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа өмгөөллийн хөлс нийт 11,000,000 төгрөг төлсөн гэдэг нь тогтоогдохгүй байна. С.Дт холбогдох хэрэг цагаатгагдсанаас хойш төлөгдсөн 2,400,000 төгрөг нь С.Дт холбогдох эрүүгийн хэрэгт төлөгдсөн хөлс биш харин иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан цаг хугацаанд хамаарна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1.1-1.6-д хохирол нөхөн төлөх талаар хуульчилсан. С.Дийн тухайд хэрэгт холбогдох үедээ ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй, тэтгэвэрт байсан учраас хөдөлмөр эрхэлж байсан орлого болон тэтгэвэр тэтгэмж алдагдаагүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч бусад зардал 800,000 төгрөгийг нотлох баримт байхгүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагаасаа хасахад татгалзахгүй гэж байгаа учир үүн дээр хэлэх зүйлгүй. Сэтгэл санааны хохирлыг тооцож гаргасан шинжээчийн дүгнэлт гараагүй учраас хохирлыг тооцож гаргах боломжгүй. Учир нь хэдэн хоног хоригдсон бол хэдэн төгрөг гаргуулна гэсэн тодорхой хуулийн зохицуулалт байхгүй. Өмгөөллийн хөлсийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй боловч 11,000,000 төгрөгийг бүхэлд нь гаргуулах үндэслэлгүй. С.Дт холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэгдээд Монгол Улсын Дээд шүүхээр хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд төлөгдсөн өмгөөллийн хөлс 8,600,000 төгрөгийг гаргах үндэслэлтэй. Цаг хугацааны хувьд эрүүгийн хэрэг цагаатгагдсанаас хойш төлөгдсөн өмгөөллийн хөлс 2,400,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж үзэж байна... гэжээ.
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 301/ШШ2025/00254 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 11,000,000 (арван нэгэн сая) төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Дт олгож нэхэмжлэлийн шаардлагаас 10,800,000 (арван сая найман зуун мянга) төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж, Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарлан шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Удвал шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: ... А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 сарын 08-ны 301/ШШ2025/00254 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. С.Д нь 1949 онд төрсөн 75 настай эрэгтэй. Би 2023 оны 7 сарын 16-ны өдөр А аймгийн Х сумын Н багийн С гэх газарт төрсөн хүү Д.Ч болон зээ хүүхдийнхээ хамт амьдарч байгаад өөрийн төрсөн хүү “Д.Ч амь насыг хохироосон” гэх хэрэгт шалгагдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүү Д.Чг алсан гэж А аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 7 сарын 19-ний өдрийн 2312000000192 дугаартай тогтоолоор яллагдагчаар татаж, 2023 оны 7 сарын 20-ноос 8 сарын 18-ний өдрийг хүртэл 29 хоног цагдан хоригдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 293 дугаартай шийтгэх тогтоолоор түүнийг хүүгээ санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгэж, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 сарын 30-ны өдрийн 2024/ДШМ/05 дугаартай магадлалаар С.Дийг хүүгээ алах санаа зорилго байгаагүй, санаатай болон болгоомжгүй хэлбэрээр, эсхүл санаа сэтгэл нь цочрон давчидсаны улмаас хохирогч Д.Чг хутгалсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1,15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тэрээр анхан шатны шүүх хурлын өдрөөс хойш давж заалдах шатны шүүхийн шийдвэр гартал 54 хоног цагдан хоригдсон. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, ханалтын шатны шүүхэд хандсан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 49 дугаартай тогтоолоор А аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх надад холбогдох хэргийн үйл баримтын талаар хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн, харин давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, С.Дийг цагаатгасан нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн болохыг эцсийн байдлаар шийдвэрлэсэн. С.Д нь гэнэтийн үйл явдлаас болж маш их сэтгэл санааны гүн цочролд орсон бөгөөд улмаар хүүгээ алсан гэж үзэж, түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, хорьж, улмаар хүүгээ алсан алуурчин болгож, 8 жилийн хорих ял сонсгосон нь түүний сэтгэл санааг туйлдуулж, сэтгэл санааны асар их хямрал, цочрол, уй гашууд автуулж, өөрийн гэсэн ухамсарт үйлдэл хийх ямар ч чадваргүй болгож, юу хийж, юу идэж уусан, юу ярьснаа, барьсан тавьснаас ч мэдэхгүй, шөнө унтахгүй, өөрийн өвдөж байгааг ч үл хайхран, үхмээр, амиа хорломоор санагдтал өөрийн гэсэн ухаан мэдрэлгүй байсаар 2024 оны 1 сарын 30-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр хэрэг маань цагаадсанаар сэхэл авсан гэдэг. Гэтэл Дээд шүүх руу хэрэг шилжсэнийг мэдсэнээр мөн л хоног өдрийг хэрхэн өнгөрч байгаа ч мэдэхгүй шүүх хурлыг тэсэн ядан хүлээж байсан бөгөөд дээд шүүхийн хуралд өөрийн биеэр оролцож, шийдвэрээ өмгөөлөгчөөсөө сонсож дуулаад сэтгэл санаа нь тайвширсан. Би хүүгээ алдаж. зүгээр ч нэг алдаагүй, өөрийнх нь амь насыг хамгаалах гэж байгаад хүчинд автаж унаж, миний барьж байсан мэсэнд өртөж хүү нь амь насаа алдаж, маш их цус алдаж, миний нүдэн дээр амь насаа алдсан маш хэцүү зүйлтэй нь зэрэгцэж, хүүгээ алсан алуурчин нэр зүүж, түүний улмаас өөрийн төрсөн ах дүү, хамаатан садан нь түүнийг жигшиж, зэвүүцэж, ял аваад хоригдоход нь “хохь нь” гэж хүртэл ярьж нутаг усаар нэг түүнийг хүүгээ алсан, хорих ял авсан ялтан мэтээр үзэж, ярьцгааж, түүний нэр төр гутаагдаж, хүүхдүүдийнх нь амьдралд ч хар толбо болон үлдсэн, түүний бага охин Отгонбатын гуйлга 2023 оны зун ирэх гэж байсан нь хүртэл хойшлогдож, Солонгос гарах виз нь гарчихсан байхад явахаа больж, өөрийн төрсөн хүүхдүүдээсээ айж, санаа зовж, эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг байснаа хүртэл больж амьтай голтой өдрийг өнгөрөөж байсан. 8 жилийн хорих ял сонсоход тархинд цус харвачих шиг л болсон. Одоо ч өнгөрчээ, шоронд ороод амьд гарч ирэхээсээ өнгөрч л гэж бодож байсан Хүүгээ үхсэнийг бодохоор амьд гарч ирэх хэрэг ч байна уу даа гэж олон янзаар бодсоор сүүлдээ хүнтэй ярихгүй, дуугаа хурааж, ямар ч ярих, сайхан зүйл бодох тэнхэлгүй, орон дээрээ буруу хараад хэвтэж өдрийг өнгөрөөж, шөнө нойр хүрэхгүй, залныхаа өмнө босож суугаад эрх эргүүлж л шөнийг өнгөрөөж байсан байдаг. Үүнээс болж түүний эрүүл мэнд доройтож, улам гар хөл хөшиж, даралт ихсэж, нойргүйдэж байсан гэж өөрт учирсан хор хохирлоо тодорхойлдог. С.Дийн сэтгэцэд хохирол учирсан эсэх, учирсан бол хохирлын зэргийг тогоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилуулах хүсэлтийг удаа дараа гаргасныг шүүх хүлээн авсан боловч гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын зэргийг тогтоохоор хуульчилсан гэх агуулгаар шинжээчид дүгнэлт гаргахаас татгалзсан. С.Д нь хууль бус ажиллагааны улмаас хууль бусаар ял шийтгүүлж, түүний нэр төр алдар хүнд гутаагдсан нь илэрхий тодорхой үйл баримт байх тул ил үндэслэлээр Иргэний хуулийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар 20.000.000 төгрөгийн нэхэмжлэлээс тодорхой хэмжээний хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү. С.Дийн сэтгэл санаанд асар их хохирол, хор уршиг учирсан гэдэгтэй хэн ч санал нийлэх биз ээ, гагцхүү хуулиар түүний сэтгэцэд учирсан хохирлын зэргийг хэрхэн тодорхойлох нь ойлгомжгүй байгаагаас С.Д хохирсон хэвээр үлдэх нөхцөл бүрдээд байна. Тус нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Шүүх хуралд оролцож нэмэлт тайлбар гаргах хүсэлттэй байна... гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Удвал давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шийдвэр, өмгөөллийн хөлс дээр үндэслэлтэй шийдвэр гаргасан байгаа. С.Дийн тухай хэрэгсэхгүй болгогдож байгаа зүйл нь сэтгэл санааны хохирол, өөрөө тухайн гэмт хэрэгт холбогдсоноор нэр төр гутаагдаж байгаа. Түүний амьдралд хар толбо болж байгаа ийм нөхцөл байдал бий болж байгаа. Үүнтэй нь холбож шүүхийн зүгээс түүний нэхэмжлэлийн шаардлагаас боломжит, тодорхой хэмжээгээр хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна. Өөрийнх нь сэтгэцэд хор уршиг учирсан, энэ байдлаа нотлох, хэрхэн яаж гэмтсэн, сэтгэцэд ямар хор уршиг учирсан, үр дагавар нь ямар байсан гэдэг талаар шинжээчийн дүгнэлт гаргахаар хэд хэдэн удаа хүсэлт гаргасан. Хэд хэдэн удаа Улаанбаатар хот болон Өвөрхангай аймаг руу явсан. Энэ чинээгээр миний үйлчлүүлэгчид хохирол, төлбөр учирсаар л байсан. Харамсалтай нь зарим холбогдох нотлох баримтаа бүрдүүлэхгүй, бүрдүүлсэн баримтаа устгах, алга болгох гээд иймэрхүү нөхцөл байдал үүсэж байна. Тэгээд зардал мөнгөө нэхэмжилж чадаагүй нөхцөл байдал үүсэж байна. Энэ ч яах вэ өөрсдийнх нь хариуцлагын асуудал гэдэгтэй санал нэгдэж байгаа юм. С.Дийн хувьд тухайн гэмт хэрэгт холбогдсоноос хойш ах, дүү нар нь үзэж чадахаа больсон. Тэдний гэр орон байдаг байсан бурхан тахилыг нь аваад явсан. С.Д нь өөрийн төрсөн эрэгтэй хүүхдүүдээс айгаад, ер нь бол нилээн хүнд байсан. Үр дагаврууд нь ийм хүнд нөхцөлтэй байсан. Нэгэнт хууль бус үйл ажиллагааны улмаас хохирсон иргэнийхээ өмнө төр хариуцлага хүлээдэг. Хохирол төлбөрөө гаргадаг. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд шүүх тодорхой хэмжээгээр нэхэмжлэлийн сэтгэл санааны хохирол гэж тодорхойлсон боловч давхар нэр төр нь гутаагдсан нөхцөл байдал байгаа. Хууль зүйн зохицуулалт нь байгаа учраас энэ үндэслэлээр зарим хэсгийг нь хангаж өгнө үү гэсэн гомдлоо дэмжиж байна...гэв
Прокурор Ц.М давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч С.Дийн давж заалдах гомдолтой танилцсан. С.Дийн тухайд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлд зааснаар хохирол нэхэмжлэх эрх үүссэн. Гэсэн хэдий ч нэхэмжилж байгаа хохирлын нотлох баримт хангалттай байхгүй байсан учраас анхан шатны шүүхээс сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 8.000.000 төгрөгийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Өмгөөллийн хөлс бол Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт өмгөөллийн хөлсийг нэхэмжлэх эрх байгаа. Өмгөөллийн хөлсний хувьд анхан шатны шүүхэд зарим хэсэг дээр нь маргаж байсан хэдий ч өмгөөллийн хөлс 11.000.000 төгрөгийг гаргаж шийдвэрлэсэн. Сэтгэл санааны хохирлын хувьд нотлох баримт байхгүй. С.Дийн хувьд сэтгэл санаагаар хохирсон байхыг үгүйсгэхгүй л дээ, хүүхдээ алсан ч бай, хүүхэд өвчнөөр нас барсан ч бай тэр хүний хувьд хэцүү байсан нь тодорхой, гэсэн хэдий ч сэтгэл санаа нь яаж хохироод байгаа юм. Мөнгөөр илэрхийлбэл хэдэн төгрөгөөр яаж илэрхийлэх юм. Ийм асуудлууд, нотлох баримт байхгүй, дүгнэлт байхгүй байгаа учраас сэтгэл санааны хохирлыг гаргах үндэслэл байхгүй. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна...гэв
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.
Нэхэмжлэгч С.Д гэмт хэрэгт шалгагдаж, шийтгүүлснээс учирсан эрүүгийн хэрэгт шалгагдсан хугацааны зардал 800.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 11.000.000 төгрөг, нийт 21.800.000 төгрөгийг төрөөс гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргажээ.
Төрийг төлөөлж прокурор Ц.М анхан шатны шүүх хуралдаанд “...С.Д нь хэрэгт холбогдох үедээ ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй, тэтгэвэрт байсан учраас хөдөлмөр эрхэлж байсан орлого болон тэтгэвэр тэтгэмж алдагдаагүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч бусад зардал 800,000 төгрөгийг нотлох баримт байхгүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагаасаа хасахад татгалзахгүй гэж байгаа учир үүн дээр хэлэх зүйлгүй. Сэтгэл санааны хохирлыг тооцож гаргасан шинжээчийн дүгнэлт гараагүй учраас хохирлыг тооцож гаргах боломжгүй. Өмгөөллийн хөлсийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй боловч 11,000,000 төгрөгийг бүхэлд нь гаргуулах үндэслэлгүй. С.Дт холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэгдээд Монгол Улсын Дээд шүүхээр хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд төлөгдсөн өмгөөллийн хөлс 8,600,000 төгрөгийг гаргах үндэслэлтэй. Цаг хугацааны хувьд эрүүгийн хэрэг цагаатгагдсанаас хойш төлөгдсөн өмгөөллийн хөлс 2,400,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй”... гэсэн тайлбар гаргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Д эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа мөрдөн байцаалт болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний үндсэн дээр өмгөөлөгч авч, хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсийг 11.000.000 төгрөгөөр харилцан тохиролцож, хууль зүйн туслалцаа авсан хөлсөнд 11.000.000 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас 11.000.000 төгрөгийг хангаж, эрүүгийн хэрэгт шалгагдсан хугацааны зардал нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотолж чадаагүй, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль бус ажиллагаанаас учирсан эдийн бус хохирол буюу сэтгэл санааны хохирлыг үнэлэх, гаргуулах талаар хуульд тусгайлан зохицуулаагүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт шалгагдсан хугацааны зардал 800.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг, нийт 10.800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Удвал “С.Д нь хууль бус ажиллагааны улмаас хууль бусаар ял шийтгүүлж, түүний нэр төр алдар хүнд гутаагдсан нь илэрхий тодорхой үйл баримт байх тул Иргэний хуулийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар 10.000.000 төгрөгийн нэхэмжлэлээс тодорхой хэмжээний хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн...этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг...төр хариуцан арилгана... гэж заасан.
Нэхэмжлэгч С.Д нь 2023 оны 7 сарын 16-ны өдөр А аймгийн Х сумын Н багийн С гэх газар нутаглах гэртээ төрсөн хүү Д.Ч амь насыг хохироосон гэх хэрэгт шалгагдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүү Д.Чг алсан гэж А аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 7 сарын 19-ний өдрийн 2312000000192 дугаартай тогтоолоор яллагдагчаар татагдаж, 2023 оны 7 сарын 20-ноос 8 сарын 18-ний өдрийг хүртэл 29 хоног цагдан хоригдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 293 дугаартай шийтгэх тогтоолоор хүүгээ санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 сарын 30-ны өдрийн 2024/ДШМ/05 дугаартай магадлалаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Монгол Улсын Дээд шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 49 дугаартай тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн болох нь хэрэгт авагдсан А аймгийн Прокурорын газрын 2023 оны 07 сарын 19-ний өдрийн 2312000000192 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолын хуулбар /хх-ийн 49-50/, А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 20-ны өдрийн 2023/ЦХШЗ/23 дугаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 53-54/, А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 сарын 18-ны өдрийн 2023/ЦХШЗ/26 дугаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 55-56/, А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/293 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 07-11//, А аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 сарын 30-ны өдрийн 2024/ДШМ/05 дугаар магадлалын хуулбар /хх-ийн 12-18/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2024 оны 04 сарын 10-ны өдрийн 2021/ХШТ/49 дугаар тогтоол /хх-ийн 19-21/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.2-т заасан хохирол нөхөн төлүүлэх эрх үүсжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.1-1.6-д эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх үндэслэлүүдийг зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч С.Д нь дээрх хуулийн 1.6-д заасан үндэслэлээр хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс нэхэмжлэх үндэслэлтэй юм.
Тэрээр хууль зүйн туслалцаа авсны хөлс 11.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхөн төлөхөөр тодорхойлсон хохиролд хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс хамаарна, нэхэмжлэгч С.Д хууль зүйн туслалцаа авсны хөлсөнд 11.000.000 төгрөг төлсөн нь бэлэн мөнгөний тасалбар, В.Удвалын ХААН банкны депозит дансны хуулгаар нотлогдож байна гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч С.Д хууль зүйн туслалцаа авсны хөлсөнд 2023 оны 07 сарын 20-нд 1.500.000 төгрөг, 2023 оны 07 сарын 22-нд 1.500.000 төгрөг, 2024 оны 01 сарын 14-нд 100.000 төгрөг, 2024 оны 02 сарын 01-нд 5.500.000 төгрөг, 2024 оны 05 сарын 04-нд 400.000 төгрөг, 2024 оны 06 сарын 24-нд 1.000.000 төгрөг, 2024 оны 07 сарын 17-нд 1.000.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан өмгөөлөгч В.Удвалын ХААН банкны депозит дансны хуулга, бэлэн мөнгөний тасалбараар тогтоогдож байна.
С.Дт холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар 2024 оны 04 сарын 10-ны өдөр шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч С.Д төрөөс хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 сарын 12-ны өдөр гаргажээ.
Хэрэгт авагдсан өмгөөлөгч В.Удвалын ХААН банкны депозит дансны хуулга, бэлэн мөнгөний тасалбараас үзэхэд нэхэмжлэгч С.Д өмгөөлөгч В.Удвалд эрүүгийн хэрэгт шалгагдаж, шийдвэрлэгдэх хугацаанд 8.600.000 төгрөг, анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаанд 2.400.000 төгрөг төлсөн байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Удвал анхан шатны шүүх хуралдаанд эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсийг цувуулж авсан, иргэний хэрэгт үнэ төлбөргүй туслалцаа үзүүлж байгаа гэж тайлбарласан ч цаг хугацааны хувьд анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш төлсөн хөлсийг эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа авсны хөлс гэж дүгнэх үндэслэлгүй учир хууль зүйн туслалцаа авсны хөлс 11.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 2.400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.Д эрүүгийн хэрэгт шалгагдсан хугацааны зардал 800.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй, нотлох баримт бүрдүүлүүлэхээр гаргасан хүсэлтийг шүүх хангасан ч нотлох баримтын бүрдүүлбэр хангагдаагүйгээс анхан шатны шүүх эрүүгийн хэрэгт шалгагдсан хугацааны зардал нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотолж чадаагүй, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль бус ажиллагаанаас учирсан эдийн бус хохирол буюу сэтгэл санааны хохирлыг үнэлэх, гаргуулах талаар хуульд тусгайлан зохицуулаагүй гэж дүгнэн, эрүүгийн хэрэгт шалгагдсан хугацааны зардал 800.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг, нийт 10.800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас тодорхой хэмжээний хэсгийг хангуулахаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Удвалын давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага хангасан, хэрэгсэхгүй болгосон хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж нөхөн төлүүлэх байтал нэхэмжлэгч С.Дийн шүүхэд гаргасан нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ч шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангасан, хэрэгсэхгүй болгосон хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах хуулийн зохицуулалттай тул нэхэмжлэгч С.Дээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж гаргуулан, Төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 301/ШШ2025/00254 дугаартай шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтын “11.000.000” гэснийг “8.600.000” гэж, “10.800.000” гэснийг “13.200.000” гэж, 2 дахь заалт “Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С.Дээс улсын тэмдэгтийн хураамж 223.950 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С.Дээс хэрэгсэхгүй болгосон 12.400.000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 213.350 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай..
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ
Б.БОЛОР-ЭРДЭНЭ