| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 129/2024/00281/и |
| Дугаар | 211/МА2024/000014 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 211/МА2024/000014
211/МА2024/000014
Ч.Угийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 301/ШШ2025/00170 дугаартай шийдвэртэй
А аймгийн Э сумын 0 дугаар баг, 0 дугаар 0 айлын орон сууцны 0 дүгээр орц 0 тоотод оршин суух Б овогт Чын У /ИБД:000000/-гийн нэхэмжлэлтэй
А аймгийн Э сумын 3 дугаар багт байрлах А аймгийн Нт холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийлгэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, орон нутгийн нэмэгдэл, унаа хоолны хөнгөлөлт, амралтын цалин, үр дүнгийн урамшуулал зэрэг нэмэгдэл цалин хөлсний олговоруудыг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэгч Ч.Угийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батжав, Б.Түвшинтөгс /цахимаар/,
нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1 Нэхэмжлэгч Ч.У анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ч.У нь А аймгийн Н /одоогийн нэршил Н/ 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/33 тоот тушаалаар сангийн зарлагын нягтлан бодогчийн ажлын байранд ТҮ 3-5 ангилал зэрэглэлд хамааруулан хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Тухайн ажлын байранд ажиллахдаа ямарваа хөдөлмөрийн сахилгын зөрчил, дутагдалгүй ажиллаж ирсэн бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/15 тоот тушаалаар намайг ажлаас халахдаа үндэслэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтууд, Н даргын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/17 тоот тушаал болон Н 2023 онд А аймгийн Н хийсэн шалгалтын дүнгийн танилцуулга зэрэг нь миний хөдөлмөрийн харилцаанд хамааралгүй зохицуулалтууд бөгөөд эдгээр үндэслэлийг дурдан ажлаас үндэслэлгүй халсанд гомдолтой байна. Үүнд: Нэгдүгээрт, Ажлаас халах тушаалдаа үндэслэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4 болох “... эрх бүхий байгууллага шаардсан” гэх үндэслэл хангагдахгүй байгаа тухайд:
Н даргын “Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/17 тоот тушаалын 2.8 дахь хэсэгт дурдсан байгаа “Н даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/22 тоот тушаалын 6 дугаар хавсралтаар баталсан А аймгийн Н орон тоо, албан тушаалын жагсаалтыг мөрдөж, тасгуудын чиг үүргийг тодорхойлж, төрийн үйлчилгээний албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг боловсруулж, тэдгээр албан хаагчдтай Хөдөлмөрийн хуульд заасны дагуу зохих гэрээ байгуулан ажиллуулах” гэж даалгасан байх атал тус тушаалыг зөрчин, Н хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохыг шаардсан болгож, намайг ажлаас халсан нь хууль бус байна.
Хоёрдугаарт, Ажлаас халах тушаалын үндэслэл болгосон 78.1.9 болох ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нөхцөл хангагдаагүй байхад хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэж халсан тухайд:
Хөдөлмөрийн хуулийн 78.1.9-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан байх гэсэн үндэслэл нь хэрвээ ажил олгогч санаачилсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1-т заасан тодорхой үндэслэлүүдээс чухам аль үндэслэлээр халж байгаагаа тодорхой дурдаж байж, хууль зүйн хүчин чадалтай болох ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1-т заасан үндэслэл байхгүй бол ажилтныг ажил олгогчийн санаачилгаар халах нь хууль бус, үндэслэлгүй юм. Гэтэл тус ажлаас халах тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 дэх заалтуудаас нэг ч дурдагдаагүй бөгөөд дурдах үндэслэл мөн бүрдээгүй байсан болно.
Гуравдугаарт, Хөдөлмөрийн тухай хуулийн 83.3 болон 83.4 дэх заалтууд нь өмнө дурдагдсан хуулийн зүйл заалтууд үндэслэлтэй тохиолдолд ажил хүлээлцэхтэй холбоотой процесс ажиллагааг зохицуулсан буюу хамааралгүй зохицуулалтууд болох тухайд:
Хөдөлмөрийн тухай хуулийн 83.3 Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацаа заана. Хөдөлмөрийн тухай хуулийн 83.4 Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн хувийг хүлээлгэн өгнө. Хэрэв ажилтан тухайн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг шуудангаар хүргүүлснээр тухайн шийдвэртэй танилцсанд тооцно.
Дөрөвдүгээрт, Н даргын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/17 тоот тушаал болон Н 2023 онд А аймгийн Н хийсэн шалгалтын дүнгийн танилцуулга зэргийг ажлаас халах тушаалдаа үндэслэсэн байгаа нь ажилтан миний хөдөлмөрийн эрхийн харилцаанд огт хамааралгүй болох тухайд:
Ажил олгогч ажилтныг халах харилцаа нь хөдөлмөрийн эрхийн маргааны төрөлд хамаарах иргэний эрх зүйн харилцаа бөгөөд халах тодорхой үндэслэлүүдийг Хөдөлмөрийн тухай хуульд нэрлэн заасан. Эдгээр нэрлэн заасан үндэслэлээс бусад үндэслэлээр ажлаас халах нь хуулиар хориотой бөгөөд улсаас баталсан тухайн байгууллагын бүтэц, орон тоо, албан тушаалын жагсаалтыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах нь ажилтан надаас үл хамаарах буюу төрийн захиргааны эрх зүйн харилцаа, тэдгээрт хамаарах хууль тогтоомжоор зохицуулах харилцаа юм. Дээр үүссэн төрийн байгууллагын захиргааны эрх зүйн харилцааг хөдөлмөрийн харилцаанд хамруулан хэрэглэх нь ажилтныг хууль бусаар хохироосон үйлдэл болох тул Хөдөлмөрийн тухай хуулийн 2.5-д заасан үндсэн зарчмыг дагаж мөрдөж хөдөлмөрлөх эрхийг минь хангаж өгнө гэж итгэж байна. Тиймээс миний ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
1.2 Хариуцагч А аймгийн Н анхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн Ч.Утай холбогдох нэхэмжлэлтэй танилцан дараах тайлбарыг хүргүүлж байна.
Нэг: Н даргын 2022.05.02-ны өдрийн тушаалаар Ч.Уг гэрээт ажилтнаар томилон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авсан билээ. Гэтэл Ч.У нь хувийн өш хонзон өвөрлөн НДЕГазарт 2023 онд 2 удаа газрын дарга А.Аг шалгуулахаар өргөдөл гарган шалгуулсан. Уг шалгалтын дүнгийн тайлан дээр Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчсөн талаар НДЕГ-ын даргын тушаал болон шалгалтын дүнгийн танилцуулга дээр тэмдэглэгдэн ирсэн. Шалгалтын дүнгийн танилцуулгад 2018.02.28-ны өдрийн А/22 тоот Н даргын баталсан “Бүтэц, орон тоо батлах” тухай тушаалыг зөрчин чиг үүргийг давхардуулан гэрээт ажилтныг томилсон, шинээр орон тоог бий болгосон нь Төрийн Хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.9 дах заалтыг зөрчсөн үндэслэлгүй хууль бус шийдвэр гаргасан гэж үзсэн байх тул төсөв захирагчийн хувьд хуульд нийцүүлэх болон дээд байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой тул өөрийн шийдвэрийг хуульд нийцүүлэн гэрээт ажилтан болох Ч.Утай байгуулсан гэрээг цуцалж хөдөлмөрийн харилцааг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болгосон. Мөн 2023 оны Нийгмийн даатгалын сангийн болон үйл ажиллагааны жилийн эцсийн тайланд аудит хийж Төрийн аудитын газрын дүгнэлтээр мөн дээрхтэй адил орон тоог давхардуулан ажиллуулсан, дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн тул зөрчлийг таслан зогсоох талаар дурдан албан шаардлага өгч хуульд нийцүүлж ажиллах хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Хэдийгээр Төрийн аудитын газрын 2024.03.22-ны дүгнэлтийг үндэслэн ажлаас Ч.Уг чөлөөлөөгүй ч төсөв захирагч миний биеийг тус хэлтсийн 2023 оны бүтэц орон тоон дээр зөрчил гаргасан нь тогтоогдож байх тул НДЕГ-ын дүнгийн танилцуулга, Н даргын тушаал, Төрийн аудитын газрын 2023 оны 294/АО370220 албан даалгаврыг биелүүлэх нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт, 16 дугаар 16.5.3 дах заалт Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь заалт, Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2.11 дэх заалт “Хууль тогтоомж гэрээ хэлцэл зөрчсөн алдаа зөрчлийг таслан зогсоож, давтан гаргуулахгүй байх үр нөлөөтэй гэж үзсэн бусад нөхцөл байдал гэсэн заалтыг тус тус үндэслэн хийсэн үйлдлээ төсөв захирагч миний бие ухамсарлан хуульд нийцүүлж ажиллах нь зүй ёсны хэрэг тул ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан билээ. Н болон Төрийн аудитын газар нь дээрх зөрчлийг гаргасан байна гэж үзэн хууль бус томилгоо гэсэн байх тул дээд байгууллагын шаардлагыг хууль болон дүрэм журамд нийцүүлэн биелүүлсэн гэж үзэж байна. Ч.У нь 2023 онд 1 удаа сахилгын шийтгэл, 1 удаа төрийн албан хаагчийг ажлын байран дээр элдвээр хэлж ёс зүйн зөрчил гарган авирласанд тус хэлтсийн ёс зүйн хорооноос сахилгын арга хэмжээ авсан Ч.Уг ажлаас нь чөлөөлөөгүй, Н шалгалтын дүнгийн танилцуулга 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ирсэн байхад Монголын уламжлалт цагаан сараа тэмдэглэг гэж бодож 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгон чөлөөлсөн. Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн зөрчин Ч.У гэдэг хүнийг ажилд авч ажиллуулан гэрээт ажилтнаар томилж, түүний эрх зүйн байдлыг нь дордуулалгүй цалин хөлс, төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа болох хангамжуудаар бүрэн хангаж ажилласаар ирсэн байхад намайг ХНХЯам, Ерөнхий сайд, дээд шатны байгууллага болох Н, ард иргэд мөн тус хэлтсийн ажилтан албан хаагчдын дунд байгууллагын дарга болох удирдлагыг гутаан доромжилж, нийгмийн сүлжээгээр хүртэл нэр төр, алдар хүндэд маш бүдүүлэг дайралт хийж удаа дараа доромжилсоор ирсэн билээ. Хоёр ажлаас чөлөөлөх тушаалыг гаргахдаа 2023 оны Н шалгалтын дүнгийн танилцуулгыг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн. Н даргын 2018 оны А/22 тоот тушаалаар баталсан А аймгийн Н бүтэц орон тоог баталсан байх тул гэрээт ажилтан буюу 4 манаачийн орон тоон дээр өөр ажил албан тушаалыг бий болгон авсан нь дээрх шалгалтаар нотлогдож байх тул хамт олны дунд танилцуулан хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөн хуульд нийцүүлж ажиллахаар гэрээт ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн нь үнэн болно. Гурав, Ч.Уг ажлаас чөлөөлөх тушаалыг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гарган Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 83.4 дахь заалтад заасны дагуу ажил хүлээлцүүлэх хугацааг зааж 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон хүлээлцүүлэх талаар ажлаас чөлөөлөх тушаалд тусгасан. Мөн Ч.Утай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр буюу ажил дуусгавар болгохоос 2 өдрийн өмнө тушаалыг эх хувиар нь өөрт нь гардуулан өгсөн. Дөрөв, Н 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/17 тоот тушаал, Н 2023 онд хийсэн шалгалтын дүнгийн тухай танилцуулгад А аймгийн Н үйл ажиллагаа болон нийгмийн даатгалын сангийн баримтад тулгуурлан үзлэг шалгалт хийгдсэн. Уг шалгалтын хүрээнд гарсан зөрчил дутагдлыг арилгах, хуульд нийцүүлэн ажиллах, зөрчлийг таслан зогсоох, цаашид алдаа гаргахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах нь байгууллагын удирдлага болгох төсөв захирагчийн үүрэг тул уг шалгалтын дүнг үндэслэн хуульд нийцүүлэн ажилласан. Уг Н даргын шалгалтыг Ч.У өөрөө захиалан шалгуулсан билээ. Хөдөлмөрийн тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн дагуу Ч.Утай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо дараах арга хэмжээг авч ажилласан. Үүнд:
1. 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тус хэлтсийн хамт олныг байлцуулан бүх нийтийн хурлыг хийж Н ирүүлсэн шалгалтын дүнгийн тухай танилцуулга болон 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/17 тоот тушаалыг уншиж танилцуулсан. Уг хуралд Ч.У өөрийн биеэр сууж сонссон. Тус хурал дээр Ч.Уд мэдэгдэх хуудсыг хамт олны дунд гардуулж өгсөн. Хамт олон гэрчлэх бөгөөд хурлын тэмдэглэл миний хэлсэн үгс тэмдэглэгдсэн байгаа.
2. 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 01/125 тоот хэлтсийн даргын албан тоотоор мэдэгдэх хуудас хүргүүлэх тухай албан тоотыг Ч.Уд өгсөн.
3. 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдэл өгсөн боловч Ч.У нь уншиж танилцсан бөгөөд гарын үсэг зурахгүй байна. Мэдэгдэлд Ч.Утай хамт нэг өрөөнд сууж ажиллаж байгаа албан хаагчид бүгд сонсоод сууж байсан бөгөөд мэдэгдэлд тайлбар бичсэн гарын үсгүүд байгаа болно. Гэрчтэй тул мэдэгдлийг аваагүй гэх үндэслэл байхгүй байна.
4. 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ч.Утай Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны актыг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох үүднээс сонсон ажиллагааг явуулсан. Ч.У нь өөрийн биеэр оролцон хариу тайлбар хийж гарын үсэг зурсан. Сонсох ажиллагааны үеэр хүртэл намайг худал гүтгэн гутаан доромжилж, хүний нэр төрийг уландаа гишгэсэн үйлдэл гаргасныг хуралд оролцож байсан 7 албан хаагч гэрчилнэ.
5. 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ч.Утай хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/15 тоот тушаалыг гардуулан өгсөн бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөр дуусгавар болгон ажил, амралтын тооцоог хийж дуусгасан.
Нэхэмжлэлийн шаардлага болох ажилд нь эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулах асуудлыг ханган шийдвэрлэх боломжгүй тул хариу тайлбарыг ийнхүү хүргүүлж байна гэжээ.
2.1 Нэхэмжлэгч Ч.У анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч Ч.У нь тус шүүхэд 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай” шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлага маань учир дутагдалтай тул өмнөх нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмээд дараах цалин хөлс болох нэмэгдлүүд, амралтын цалин олговоруудыг гаргуулах хүсэлтэй байгаагаа уламжилж байна. Үүнд: ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, орон нутгийн нэмэгдэл, унаа хоолны хөнгөлөлт, амралтын цалин, үр дүнгийн урамшуулал зэрэг нэмэгдэл цалин хөлсний олговоруудыг нэмж гаргуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна гэжээ.
2.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Тус байгууллагад сангийн нягтлан бодогч гэрээт ажилтнаар ажиллаж байгаад хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон талаарх гомдлыг Ч.У гарган хариуцагчаар А аймгийн Н оролцож байгаа болно. Хөдөлмөрийн гэрээр дуусгавар болгосон талаарх хариу тайлбарыг өмнө хүргүүлж байсан бол манай байгууллагын зүгээс Ч.Угийн нэмэлтээр гаргасан нэхэмжлэлд тайлбар хүргүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Үүнд: Иргэн Ч.У нь 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч байгаа бөгөөд өндөр насны тэтгэвэр авч байгаа иргэнийг төрийн захиргааны албан тушаалд жинхлэн томилох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тухайн албан тушаал төрийн захиргааны албан тушаал болж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалт өгч томилогдох ёстой тул Ч.У нь төрийн албаны ерөнхий шалгалт өгч нөөцөд бүртгэгдээгүй байх тул ажилд эгүүлэн томилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм. Түүнчлэн Ч.У нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон 3 шатны шүүхийн шийдвэрээр төрийн албанд 3 жил ажиллах эрхгүй шүүхийн шийдвэр гарсан тул Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т зааснаар Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж түүнд холбогдож, шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх гэсэн шаардлагыг хангахгүй байх тул тус газар нь ажилд эгүүлэн томилох, ажиллаагүй хугацааны цалинтай тэнцэх олговор, нэмэгдэл цалин хөлс, орон нутгийн нэмэгдэл, унаа хоолны хөнгөлөлт, ээлжийн амралтын олговор, үр дүнгийн урамшууллыг олгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.
2.3 Нэхэмжлэгч Ч.У анхан шатны шүүх хуралд гаргасан тайлбартаа: ... Би А аймгийн Н дарга А.Агийн гаргасан 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/15 дугаартай тушаалаар “хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон” хэмээн ажлаасаа чөлөөлөгдсөн. Би ажлаас чөлөөлсөн тушаалыг үндэслэлгүй гэж үзээд А аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Яагаад үндэслэлгүй гэж үзэж байгаа талаараа дараах байдлаар тайлбарлая. Үүнд: би ажлаасаа чөлөөлөгдөөд жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хариуцагч тал тухайн асуудалд холбогдох нотлох баримтыг хангалттай бүрдүүлсэн гэж ойлгож байна. Миний хувьд хууль эрх зүйн мэргэжилгүй, гэхдээ багш, нягтлан бодогч мэргэжлийнхээ хүрээнд энэ тушаалыг үндэслэн гаргасан хуулийн зүйл заалтад тайлбар гаргаж, сийрүүлэн бичсэнээ уншиж танилцуулъя гээд, тушаал гаргахдаа Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн дүрэм, заалт, Н даргын тушаал, Н шалгалтын танилцуулга зэргийг тус тус үндэслэл болгосон байна. Нэгдүгээрт: Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйл 78.1.4 дэх хэсгийн эрх бүхий байгууллага шаардсан гэх боловч яг ямар байгууллага, ямар үндэслэлээр шаардсан гэх зүйл заалт байхгүй байна. Хоёрдугаарт: Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.9 “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэгийг нь гаргасан бол гэх заалтуудыг үндэслэсэн. Ажил олгогч санаачлан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсгийг дурдаагүй тул уг тушаал үндэслэлгүй. Гуравдугаарт: Н даргын 2024 оны 02 дугаар 25-ны өдрийн А/17 тоот тушаалыг үндэслэсэн гэх боловч энэ тушаал хариуцагч талын бүрдүүлсэн нотлох баримтад байхгүй байна. Мөн уг тушаалын гаргасан хугацаа зөрөөтэй. 2024 оны 02 дугаар 20-ны өдөр гэдэг үг байхгүй. 25-ны өдрийн А/17 дугаартай тушаал байхгүй байхад Н даргын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/17 дугаартай тушаалыг адилтгаж хамааруулан ойлгож болохгүй. Албан хэрэг хөтлөлтөд тооны зөрүү битгий хэл цэг таслал бүхэн утга учиртай байдаг. Тушаал шийдвэрийг хэн нэгэн хүн ганцаараа гаргадаггүй. Холбогдох ажилтнууд тушаалын төслийг боловсруулаад дарга хянаж баталгаажуулдаг зарчимтай. Тэгээд ч хүний ажил амьдралыг шийдвэрлэх тушаалд хуурмаг хандаж болохгүй гэж бодож байна. Хариуцагч талын бүрдүүлсэн нотлох баримтад 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/17 дугаартай тушаал байна. Энэ тушаал нь шалгалтын үр дүнд авах арга хэмжээний тухай буюу сайжруулах үйл ажиллагааны утгатай тушаал болохоос биш Ч.У намайг ажлаас чөлөөл гэсэн зүйл заалт байхгүй байна. Мөн Н 2023 онд А аймгийн Н хийсэн шалгалтын дүнгийн танилцуулгыг үндэслэсэн гэх боловч мөн энэ танилцуулга энэ бүрдүүлсэн нотлох баримтад бас байхгүй байна. Тодруулбал хавтаст хэрэгт А аймгийн Н хийсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын дүнгийн тухай танилцуулга гэж байна. Энэ танилцуулга нь хугацаа байхгүй байна. Тэр ч байтугай шалгалтын нэр нь зөрөөтэй байхад адилтгаж хамааруулан ойлгох боломжгүй гэж бодож байна. Мөн дараах зүйлүүдийг анхааран харах хэрэгтэй байх. Үүнд: А аймгийн Н хийсэн шалгалтын дүнгийн танилцуулгын толгой хэсэгт нь 2023, 10, 12 гэсэн хууль бус огноо бичсэнийг харахад 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн танилцуулга байна гэж харагдаж байна. Гэтэл шалгалтын бүрэлдэхүүн хугацаа хэсэгт нэрийг бичээд 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэлээ гэж бичсэн байна. Үүнээс дүгнэн үзэхэд шалгалтын танилцуулга нь шалгалтаа хийхээс өмнө гарсан харагдаж байгаа тул хуурамч танилцуулга байна. Мөн А аймгийн Н дарга А.Агийн гарын үсэг уг танилцуулагад байхгүй байгаа нь тус шалгалтын дүнг хүлээн зөвшөөрөөгүй, хүчингүй танилцуулга гэж харагдуулж байна. А аймгийн Н хийсэн шалгалт гэсэн боловч танилцсан хэсэгт аймгийн Н дарга А.А гэснийг харахад байгууллагын нэр өөрчлөгдөөд газар болсон байгаа зэрэг нь албан хэрэг хөтлөлтийн дүрэм журамд нийцээгүй, буруу зөрүүтэй танилцуулга байна гэж харж байна. Миний дээр дурдсан тайлбарт үндэслэн ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.
2.4 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т анхан шатны шүүх хуралд гаргасан тайлбартаа: ... Би 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн хариу тайлбарыг хүргүүлсэн. Тус хариу тайлбарт дурдсанаар сангийн нягтлан бодогч гэрээт ажилтнаар ажиллаж байгаад хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон талаарх гомдлыг иргэн Ч.У гаргасан бөгөөд хариуцагчаар Н оролцож байна. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон талаар У нь 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч байгаа. Өндөр насны тэтгэвэр авч буй иргэнийг төрийн захиргааны албан тушаалд жинхлэн томилох хууль зүйн үндэслэлгүй. Учир нь тухайн албан тушаал нь төрийн захиргааны албан тушаал болж өөрчлөгдсөнтэй холбогдуулан “Төрийн албаны тухай” хуулийн дагуу төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалт өгч томилогдох шаардлагатай. Гэвч У нь төрийн албаны ерөнхий шалгалт өгч, нөөцөд бүртгэгдээгүй байна. Иймд түүнийг ажилд эгүүлэн томилуулах, нэхэмжлэлд тусгагдсан шаардлагыг хангах боломжгүй болохыг тайлбарласан. Мөн У нь Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрээр төрийн албанд 3 жилийн хугацаанд ажиллах эрхгүй болох шийдвэр гарсан. Энэ нь “Төрийн албаны тухай” хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан “Эрүүгийн хуулиар заасан авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх” гэсэн шаардлагыг хангахгүй байна. Иймд манай байгууллага ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, нэмэгдэл цалин хөлс, орон нутгийн нэмэгдэл, унаа, хоолны хөнгөлөлт, ээлжийн амралтын олговор, үр дүнгийн урамшуулал зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 301/ШШ2025/00170 дугаартай шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Угийн хариуцагч А аймгийн Нт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийлгэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, орон нутгийн нэмэгдэл, унаа хоолны хөнгөлөлт, амралтын цалин, үр дүнгийн урамшуулал зэрэг нэмэгдэл цалин хөлсний олговоруудыг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарлан шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ч.У давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Ч.У миний бие А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 сарын 01-ийн өдрийн 301/ШШ2025/000170 тоот шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дахь хэсэгт заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй тухайд: Хариуцагч байгууллага нэхэмжлэгч намайг ажлаас халахдаа эрх бүхий дээд шатны байгууллага шаардсан хэмээн ажлаас халсан билээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсэгт “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” хэмээн хуульчилсан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Н даргын 2024 оны 2 сарын 2-ийн өдрийн “шалгалтын мөрөөр арга хэмжээ авах тухай” А/17 тоот тушаалаар тогтоогдож байна хэмээн дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Уг тушаалаар нэхэмжлэгч Ч.У надад арга хэмжээ авах ажлаас халах үүрэг чиглэл өгөөгүй бөгөөд ийм агуулгатай дүгнэлт байхгүй. Түүнчлэн анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлөөлөгч асуусан асуултад хариулт өгөхдөө тийм зүйл байх болохыг нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Анхан шатны шүүх ажлаас чөлөөлсөн тушаалын хүрээнд дүгнэлт хийх бөгөөд тушаалаас өөр үйл баримт нь тухайн хэрэгт хамааралгүй юм. Гэвч анхан шатны шүүх анхнаасаа уг орон тоо байхгүй байсан байх бөгөөд уг орон тоон дээр нэхэмжлэгчийг авсан буруу гэж дүгнэсэн байна. Нэхэмжлэгч миний хувьд тус байгууллагад ажилд ороод гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаж байсан төдийгүй түүнд тохирсон цалин хөлсөө авч байсан. Ажлаас халагдахаас өмнөх үйл баримтыг шүүх дүгнэж уг дүгнэлтээрээ ажлаас халсан тушаалыг зөвтгөсөн нь буруу юм. Ажлаас халагдсанаас хойш цаг хугацаанд бүтэц болон нэршлийн хувьд өөрчлөлт орсон ажлаас халсан тушаалыг зөвтгөх үндэслэл болохгүй бөгөөд энэ ажилтан миний буруу биш юм. Түүнчлэн уг орон тоо байхгүй болоогүй бөгөөд зөвхөн нэршлийн хувьд өөрчлөлт орсон ба нэхэмжлэгч миний хийж гүйцэтгэж байсан ажил албан тушаалыг мэргэжилтэн гэх нэршилтэйгээр гүйцэтгэж байгаа. Гэвч анхан шатны шүүх уг үйл баримтыг буруу дүгнэж хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Төвшинтөгс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэд хэдэн агуулгаар гомдол гаргасан. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад хамраалгүй, ач холбогдолгүй дүгнэлт хийсэн. Жишээ нь ажлаас халагдахаас өмнөх процесст дүгнэлт хийгээд тэр үндэслэлийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нотлох баримтыг иш татсан. Түүнчлэн ажлаас халагдсанаас хойших цаг хугацаанд болсон үйл баримтад дүгнэлт хийсэн. Бүтэц орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотой энэ хүнийг ажиллуулах боломж байхгүй байна. Хариуцагчийн тайлбартаа гаргаад байгаа тэтгэвэр тогтоолгосон байна. Гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдож, тогтоогдсон учир энэ үндэслэлээр ажилд эгүүлэн авах боломжгүй байна. Хүний нөөцтэй холбоотой ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй байна гэдэг агуулгатай асуудал дээр анхан шатны шүүх дүгнэлт хийсэн. Давж заалдах шатны шүүх гомдлын гол агуулга энэ хэсэг дээр, яг маргааны гол агуулга дээр дүгнэлт хийж өгнө үү гэж байгаа. Өөрөөр хэлбэл яг ямар үндэслэлээр халагдсан, халсан үндэслэл нь үндэслэлтэй байна уу, үгүй юу гэдэг дээр голлож дүгнэлт хийж өгнө үү гэсэн агуулгатай гомдол гаргасан. Бүтэц орон тооны өөрчлөлтөөр ажлаас халаагүй. Эрүүгийн хариуцлага хүлээсэн энэ үндэслэлээр цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжгүй гэсэн үндэслэлээр халаагүй. Гагцгүй маргааны төрөл нь үнэхээр энэ хүнийг эрх бүхий дээд шатны байгууллага халахыг шаардсан юм уу, үгүй юм уу. Тушаалын хууль зүйн үндэслэл бол эрх бүхий албан тушаалтан, дээд шатны байгууллага буюу Н энэ хүнийг халах агуулгатай үүрэг чиглэл өгсөн, хяналт шалгалтын дүгнэлт байгаа гэдэг ийм зүйл ярьж байгаа. Маргааны хувьд үнэхээр Н хяналт шалгалтын үр дүнд энэ хүнийг халахыг шаардсан юм уу, үгүй юм уу. Анхнаасаа бид нар өөр үндэслэлээр бүтэц орон тоотой холбогдолтой гэдэг юм уу, аль эсвэл мэргэжил, ур чадвартай холбоотой гэдэг үндэслэлээр халагдаад, тушаалд тэр үндэслэлийг зааж өгсөн бол бид анхнаасаа өөр үндэслэлээр маргалдана. Өөр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа нотолно, түүний холбоотой баримтыг бүрдүүлж өгнө. Гэтэл бид нарын маргааны зүйл болсон, үнэхээр дээд шатны байгууллага тэр хүнийг халахыг шаардсан, шаардаагүй гэдэг дээр тулгуурлаад маргаад явсан байхад, анхан шатны шүүх үүнээс хамааралгүйгээр олон өөр асуудалд дүгнэлт хийгээд, тэдгээр дүгнэлт хийсэн асуудлаар нэхэмжлэлийг хангах боломжгүй юм байна гэсэн дүгнэлт хийсэн. Үнэхээр үндэслэлгүй халагдсан болох нь тогтоогдох юм бол энэ хүн ажилдаа орсны дараагаар энэ хүн үргэлжлүүлээд ажиллах боломжтой юм уу, боломжгүй юм уу гэдэг асуудал дараагийн асуудал байгаад байгаа. Бид нарын хувьд юу гэж гомдож хуулийн байгууллагад хандаж байгаа юм бэ гэхээр дээд шатны байгууллага халахыг шаардаагүй, аль нэг хяналтын шалгалтаар надтай холбоотой арга хэмжээ авсан үндэслэл байхгүй гэдэг дээр гомдож байгаа. Нэгдүгээр асуудал маргааны зүйл ийм байхад өөр асуудал дээр дүгнэлт хийлээ гэж гомдсон. Хоёрдугаарт нь хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй, хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлнэ гэсэн агуулгатай хуулийн зохицуулалт байж байгаа. Нотлох баримттай холбогдолтой асуудал дээр анхан шатны шүүх хуульд заасан, яг энэ зохицуулалтын хүрээнд нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт ач холбогдолтой талаас үнэлж чадаагүй гэдэг ийм агуулгатай гомдлоо илэрхийлж гаргасан. Эрх бүхий дээд шатны байгууллага, албан тушаалтан шаардсан гэдэг хяналт шалгалтын тайланг үндэслэл болгож тайлбарлаад байдаг. Анхан шатны шүүх дээд шатны байгууллага, албан тушаалтан шаардсан юм байна гэдэг ийм агуулгатай дүгнэлт хийчхэж байгаа. Гэтэл нотлох баримтад тусгагдсан хяналт шалгалтын тайланг үг үсгээр нь утга найруулгаар нь аваад үзэх юм бол Ч.Утай холбоотой ямар ч хяналт шалгалт явуулаагүй юм билээ. Энэ хүний ажилд орсон, ямар албан тушаалд орсон, хэзээ орсон, энэ хүний хөдөлмөрийн гэрээ биелэгдэж байгаа эсэх, ямар нэг алдаа, дутагдал, зөрчил гаргасан эсэх гэх мэтчилэн Ч.Утай холбоотой ажил, албан хаагчийнх хувьд хяналт шалгалт явуулаагүй байгаа юм. Тушаал дээр Ч.Утай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах, үүрэгт ажлаас чөлөөлөхтэй холбогдуулаад нэг ч үг, үсэг байхгүй байгаа. Ерөнхийдөө хал гэсэн чиглэл өгсөн гэж ойлгосон, тэгж ойлгож хэрэгжүүлсэн нь буруу биш байхаа гэсэн агуулгаар тайлбарлаад байдаг. Хамгийн гол бидний гомдож байгаа маргаан гол зүйл нь энэ хяналт шалгалт Ч.Утай хамааралтай байсан юм уу. Үнэхээр энэ хяналт шалгалтын үр дүнд Ч.Утай холбогдолтой зөрчил, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох нөхцөл байдал байсан юм уу. Үнэхээр энэ хяналт шалгалтын үр дүнд энэ хүнтэй эрх зүйн харилцааг дуусгавар болгох үндэслэл, чиглэл өгсөн юм уу, үгүй юу гэдэг дээр маргааны гол зүйл байж байгаа. Хяналт шалгалтын талаар анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс нь асуусан. Өөрөөр хэлбэл Ч.Утай холбогдолтой, халсан гэсэн, ийм ийм зөрчил илэрлээ гэсэн хяналт шалгалтын тайлангийн хэддүгээр хуудас, хэддүгээр догол мөрөнд байгаад байгаа юм бэ гэж асуусан, харамсалтай нь хариулж чаддаггүй. Ийм байхад анхан шатны шүүх энийг, өөрөөр хэлбэл Ч.Уг халагдсан тушаалд зааснаар эрх бүхий дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрээр халагдсан гэсэн дүгнэлтийг хийсэн нь буруу юм. Маргааны төрөл ердөө л энэ байсан. Энэ төрлийн нотлох баримт, энэ төрлийн үйл баримтыг үнэлэхгүй байсан. Энэний өмнөх болон хойдох асуудлууд хамааралгүй байсан учраас үнэхээр халсан тушаалд заасан үндэслэл хэсэгт дүгнэлт хийж өгнө үү гэж гомдлыг гаргасан. Дараагийн үндсэн гол асуудал нь анхан шатны шүүх хуралдаан дээр бид ярьдаг. Шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан байгаа. Н буюу эрх бүхий дээд шатны байгууллагаас халахыг шаардсан гэдэг асуудал гаргангуут, миний үйлчлүүлэгч өөрийн биеэр Н очиж биечлэн уулзаад, намайг халах процесс байгаа юм уу, ямар учиртай юм бэ. Байгууллагын энэ асуудалд хяналт шалгалт оруулахгүй бол өөр бусад тэтгэвэр, тэтгэмж илүү олгож байгаа асуудал байна гэж гомдол гаргаж байж тухай байгууллагад хяналт шалгалт оруулсан байдаг. Ингээд Н биечлэн очиж уулзаад надтай холбоотой асуудал байгаа юм уу, яагаад ингэж дүгнэсэн бэ, аль хэсэг нь надтай хамааралтай юм бэ гэхээр Н тантай холбоотой асуудал байхгүй, таныг халах ямар нэг үүрэг, чиглэл өгсөн зүйл байхгүй. Та хууль хяналтын байгууллагадаа хандаад эрх ашиг, сонирхлоо хамгаалаад яваарай гэдэг хариу өгдөг. Үүний дагуу бид шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2, 38.1-д зааснаар хариуцагч өөрийн татгалзлаа нотолно. Нэхэмжлэгч мөн өөрийн шаардлага, үндэслэлээ нотолно, шаардлагатай баримтыг бүрдүүлж өгөх үүрэгтэй гэж байгаа. Гэтэл маргаантай холбогдуулаад Н хяналт шалгалтын ганцхан тайланг өгсөн байдаг. Тайлан дээр тийм үг, үсэг зөрчил илрүүлсэн дүгнэлт байхгүй. Үнэхээр эрх бүхий байгууллага, албан тушаалтан шаардсан бол Н хяналт шалгалт хийсэн улсын байцаагч гэдэг юм уу, эсвэл үүрэг, чиглэл өгсөн этгээдүүдээс гэрчээр асуулгах боломж байсан уу гэвэл байсан. Хариуцагч байгууллага өөрийн татгалзлаа нотлох үүргийг биелүүлэх процесс ажиллагаа хийгдээгүй. Тийм болохоор энэ хүн үнэхээр үндэслэлгүй халагдсан нөхцөлтэй байгаа. Өнөөдөр миний үйлчлүүлэгч цагаа андуураад биечлэн орж ирээгүй байгаа учраас үйл баримтыг тайлбарлаад хэлье. Ер нь бол өмнөх гэм буруутай холбоотой асуудал дээр бүрэлдэхүүн өмнө нь удирдлага, ажилтан, нэхэмжлэгч, хариуцагч 2 бие, биедээ авилга өгч авалцсантай холбоотой асуудлын хүрээнд хэлэлцэж байсан. Үүнтэй холбоотойгоор хариуцагч хувийн таарамжгүй харилцаатай байдаг. Сав л хийвэл Ч.У руу чиглэнэ, нөгөөдөх үүнтэй холбоотойгоор удирдлагын шаардлагыг хүлээж авахгүй гээд ийм таарамжгүй харилцаа байсан. Хариуцагч байгууллага үүрэг ажлаасаа чөлөөлөгдөхөөсөө өмнө Ч.Уг явуулна, зайлуулна гэдэг агуулгаар процесст хандсан юм. Түүнээс Ч.У сахилгын зөрчил гаргаад, хуульд заасан чөлөөлөгдөх нөхцөл бүрдээд халагдсан асуудал биш. Хяналт шалгалтын байдлыг Ч.Уд хамаатай байдлаар хамаатуулж, ямар нэгэн байдлаар чөлөөлсөн тушаал гаргаад, өөрөө ажлаасаа чөлөөлөгдсөн процесс болсон байдаг. Тийм учраас иймэрхүү агуулгатай байдлаар чөлөөлөгдсөн учраас бид гомдол гаргаж, тухай хэрэг маргаанд ач холбогдол өгч явдаг. Өөрөө ч гэсэн иймэрхүү байдлаар чөлөөлөгдсөн учраас гомдолтой байна. Ямар нэг хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн, хуульд заасан нөхцөл бүрдээд чөлөөлөгдсөн бол гомдол байхгүй. Зөвхөн ажил олгогч гэдэг юм уу дээд шатны байгууллага ажилтантайгаа хувийн таарамжгүй, ийм харилцаанаас үүдэлтэй ажил мэргэжлийн, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох ийм нөхцөл байдал байж болохгүй. Тийм учраас энэ асуудал дээр ач холбогдол өгч явдаг юм. Ийм нөхцөл байдал үүсээд байна гэдгийг тайлбарлаж хэлдэг. Та бүхэнд хэлэхэд тухайн маргаанд хамааралтай дүгнэлт хийж өгөөч. Яг чөлөөлөгдсөн үндэслэл нь юу юм бэ. Чөлөөлөгдсөн үндэслэл, тушаалд дурдагдаад байгаа үйл баримтад бий болсон эсэх дээр дүгнэлт хийж өгнө үү. Чөлөөлөгдсөн үндэслэлд холбогдуулж авагдсан тэр баримтад нь үнэн зөв, хууль зүйн үнэлэх агуулгатай байдлаас нь дүгнэлт хийж өгнө үү гэсэн тайлбар гаргаж байна... гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батжав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...... Тэгэхээр миний давж заалдах гомдолтой холбоотой тайлбар, хууль зүйн дүгнэлтийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод буцаахтай холбоотой, тухайлбал үүнтэй холбоотой анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох давж заалдах шатны асуудал бол процессын хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.1, 68.1.7 гэсэн 2 үндэслэл байна гэж харлаа. 68.1.7-оос эхэлье. Өөрөөр хэлбэл процессын хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн байна гэж үзлээ. 38.6-д болохоор зохигчдын хүсэлтээр шүүх нотлох баримтыг цуглуулах асуудал байдаг. 2 зүйлийг харлаа. Нэг нь хавтаст хэргийн 104 хуудаст хүсэлт гаргаад, анхан шатны шүүхээс 117, 118 хуудсанд хүсэлтийг хангасан захирамж гарсан байна. Тэр хүсэлт нь маргаан таслах зөвлөлийн хуралдааны бичлэг, тэмдэглэл 2-ыг гаргуулъя гэсэн хүсэлт байдаг. Уг хүсэлтийг хангасан, хүсэлт цаашаа явж байгаад, цаад байгууллагаас хуралдааны бичлэг байхгүй, Э сумын ажилтан н.Бат-Ирээдүй гэдэг хүний утсан дээр бичлэг байгаа гэдгээр явсаар байгаад н.Бат-Ирээдүй гэдэг хүнийг гэрчээр асуугаад, уг хүний утсанд үзлэг хийснээр энэ хүсэлт хангагдаж, төгссөн байдаг. Гэхдээ тэмдэглэлийг гаргуулах захирамж огт биелэгдээгүй. Тэр хүсэлтээсээ татгалзаагүй. Процессын хувьд шүүгч захирамжаа гаргачхаад түүний биелэлтийг шийдэлгүйгээр орхиод энэ хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байна. Процессын хуулийн 38.6-д заагдсан ажиллагаа хийхдээ нотлох баримтыг дутуу бүрдүүлж шийдсэн гэж харж байна. 1 дүгээр хавтаст хэргийн 222 хуудсанд хүсэлт гаргаад, 226, 227 дугаар хуудсан мөн хүсэлтийг хангаж шийдсэн захирамж байгаа. Бас энэ хүсэлтийн тэмдэглэл гаргуулах хүсэлт нь хангагдаагүй, байхгүй. Тэгэхээр нотлох баримтыг дутуу гаргаж хэргийг шийдсэн байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл гэж харж байна. Хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайлбал энэ тушаал дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 78.1.9, 83 дугаар зүйлийн 83.3, 83.4 гэсэн заалтуудыг үндэслээд асуудлыг шийдсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч дүгнэлт хийхдээ, нэхэмжлэгч Ч.Угийн нэхэмжлэлтэй хариуцагч А аймгийн Нт холбогдох маргааны тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 80, 123 дугаар зүйлд заасан үндэслэлээр ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоогүй. Тухайн зохицуулалтад энэ маргаан хамраахгүй гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Энэ тушаалын 78.1.4 гэдэг нь эрх бүхий байгууллага шаардсан. 78.1.9 нь аль нэг тал нь санаачилсан гэж байгаа. Энэ санаачилсан тал нь мэдээж ажил олгогч санаачилсан. Ажил олгогч 87.1.4-ийг санаачилсан тохиолдолд заавал 80 дугаар зүйлийг барих ёстой асуудал яригдана. Ажил олгогч санаачлах юм бол түүнтэй холбоотой тэтгэвэр, тэтгэмж бусад харилцаанууд байх ёстой. Гэтэл энийг шүүгч хууль буруу тайлбарлаж, хэрэглэсэн байна гэж үзэж байна. Шүүгч цааш нь 78.1.4-т заагдсанаар, өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу дүгнэлт хийгээд шийдвэрээ гаргасан байна. 78.1.4-т шаардах тухай асуудал, Б.Төвшинтөгс өмгөөлөгч хэлсэн шаардсан зүйл байхгүй байгаа тухай асуудлыг ярьдаг. Ингээд үзэхээр анхан шатны шүүхийн шүүгч хууль буруу хэрэглэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ийм 2 үндэслэл байна гэж харлаа. Иймээс уг хэргийг нухацтай, ултай суурьтай шийдвэрлэхийн тулд, миний бодлоор процессын хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-г зөрчсөн, 168.1.7 бол яалт ч байхгүй тэмдэглэл нь огт байхгүй. Огт байхгүй байна гэдэг нь захирамж хангагдаагүй. Энэ нь өөрөө хууль зөрчсөн байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн дүгнэлт, хүсэлттэй байна.... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.
Нэхэмжлэгч Ч.У хариуцагч А аймгийн Нт холбогдуулан, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийлгэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, орон нутгийн нэмэгдэл, унаа хоолны хөнгөлөлт, амралтын цалин, үр дүнгийн урамшуулал зэрэг нэмэгдэл цалин хөлсний олговоруудыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч А аймгийн Н “...Н 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/17 тоот тушаал, Н 2023 онд хийсэн шалгалтын дүнг үндэслэн хуульд нийцүүлэн Ч.Уг ажлаас чөлөөлсөн тул ажилд эгүүлэн томилох, ажиллаагүй хугацааны цалинтай тэнцэх олговор, нэмэгдэл цалин хөлс, орон нутгийн нэмэгдэл, унаа хоолны хөнгөлөлт, ээлжийн амралтын олговор, үр дүнгийн урамшууллыг олгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй...” гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх хариуцагч А аймгийн Н нь “А аймгийн Н орон тоо, албан тушаалын жагсаалт”-д байхгүй, сангийн нягтлан бодогчийн чиг үүргийг гүйцэтгэх орон тоог давхардуулан 1 орон тоо нэмсэн болох нь Н даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Бүтэц, орон тоо батлах тухай” А/22 тоот тушаал, Н даргын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” А/17 тоот тушаал, А аймгийн Төрийн аудитын газрын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 356 тоот албан бичгээр ирүүлсэн А аймгийн Н 2022 оны санхүүгийн аудитын дүгнэлт зэргээр тогтоогдсон, орон тоо бүтцийг баталсан жагсаалтын дагуу ажиллахыг шаардсан эрх бүхий байгууллагын шаардлагыг биелүүлж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй бий болгосон орон тоонд ажиллаж байсан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Ч.У шийдвэрийг эс зөвшөөрч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
Нэхэмжлэгч Ч.У ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж маргасан бөгөөд “...Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй, хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, Н даргын 2024 оны 2 сарын 2-ийн өдрийн “шалгалтын мөрөөр арга хэмжээ авах тухай” А/17 тоот тушаалаар тушаалаар надад арга хэмжээ авах, ажлаас халах үүрэг чиглэл өгөөгүй, анхан шатны шүүх ажлаас чөлөөлсөн тушаалын хүрээнд дүгнэлт хийх бөгөөд ажлаас халагдахаас өмнөх үйл баримтыг дүгнэж, уг дүгнэлтээрээ ажлаас халсан тушаалыг зөвтгөсөн нь буруу...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан.
Харин шүүх нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болгосон хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж нөхөн төлүүлэх байтал нэхэмжлэгч Ч.Угийн шүүхэд гаргасан нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ч шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангасан, хэрэгсэхгүй болгосон хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах хуулийн зохицуулалттай тул нэхэмжлэгч Ч.Угаас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж гаргуулан, Төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй болно.
2025 оны 06 сарын 26-ны өдрийн 0930 цагт болсон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батжав цахимаар оролцож, хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 06 сарын 27-ны өдрийн 0900 цаг хүртэл хойшлуулж, шүүх хуралдааны бэлтгэл хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батжавт хэргийн материал танилцуулахыг шүүгчийн туслах /А.Батсанаа/-д даалгасан.
Давж заалдах шатны шүүх хуралдаан 2025 оны 06 сарын 27-ны өдрийн 0900 цаг хүртэл хойшилсон нь дуу, дүрсний бичлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр тогтоогдсон, нэхэмжлэгч Ч.У 2025 оны 06 сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд оролцож, шүүх хуралдаан 2025 оны 06 сарын 27-ны өдрийн 09 цаг хүртэл хойшилсон болохыг мэдсэн, улмаар шүүх хуралдааны тов мэдэгдсэн тухай тэмдэглэлд гарын үсэг зурсан боловч нэхэмжлэгч Ч.У шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батжав миний үйлчлүүлэгчийг шүүх хуралдаанд оролцуулбал зүгээр байна гэсэн тайлбар гаргасан боловч шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаагүй тул нэхэмжлэгч Ч.Уг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 301/ШШ2025/00170 дугаартай шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 2 дахь заалт “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Угаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Угийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай..
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ
Б.БОЛОР-ЭРДЭНЭ