Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 1215

 

  2019         08         01                                       2019/ШЦТ/1215

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч В.Л  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн В.Л д холбогдох эрүүгийн 1906 03830 1655 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, В.Л , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч В.Л  нь 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сувдан сондор хотхоны 71 дүгээр байранд Б.Б ыг зодож эрүүл мэндэд нь "бугалга, зовхи, хацарт зулгаралт, нуруунд цус хуралт гэмтэл" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч В.Л  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, бичгээр гаргасан өргөдөл /хэргийн 2-3 дугаар хуудас/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 21 цагийн орчим гэрлүүгээ орж явахдаа 50 тоотын оршин суугч Лхагвасүрэн гэх хүнтэй тааралдсан. Тухайн хүн байнга унадаг дугуйгаа лифтээр авч орж орчин тойрноо бохирдуулаад байдаг учир би бухимдаад "чи наад дугуйгаа гадна харуулын хажууд тавьж бай" гэж хэлтэл тухайн эрэгтэй тэгэх боломжгүй дугуйгаа алдвал би яах юм бэ? чи цоожлогч авч өгөх юм уу? гэсэн. Ааш араншингийн хувьд маш таарамжгүй бухимдалтай харааж харьцаад байхаар нь чи хүнтэй зөв харьц гэсэн шаардлага тавьсан. Тэгээд би лифтний урд зогсож байтал холд гээд намайг түлхэхээр нь би яагаад хүний биед халдаад байгаа юм бэ гэж хэлээд барьцалдаж аваад түлхэлцээд маргаан эхэлсэн...тэгээд удалгүй бид хоёр салаад тэр эрэгтэй дугуйгаа шатаар өргөөд гарсан. Тэгээд би гэртээ ороод хувцасаа тайлчихаад эхнэртээ хүнтэй маргалдсан талаараа яриад зогсож байтал хаалга тогшсон. Тэгээд би хаалга тайлтал 50 тоотын оршин суугч Лхагвасүрэн гэх эрэгтэй эхнэрийн хамт ирээд нөхөр нь намайг түлхээд гэрлүү ороод ирсэн....гэрийн үүдэнд намайг түлхэхэд нь би буцаагаад нэг удаа цаашаа бай гээд түлхтэл над руу дайраад урдаас тэвэрч аваад хана руу түлхсэн...эхлээд маргахдаа лифтний хажууд заамдалцаад хэсэг хугацаанд барьцалдсан. Дараа нь гэрт орж ирээд намайг түлхээд урдаас цээжээр тэвэрч аваад хана руу түлхсэн. Тухайн үед баруун талын тохойны ард хэсэгт зулгарсан шархтай болсон....шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Тухайн гэмтлүүдийг Лхагвасүрэн гэх хүн учруулсан...надад одоо гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг. /хэргийн 13-14 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Хэрлэнчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд би нөхрөөс юу болсон талаар асуутал "СӨХ-ийн даргатай дугуй оруулснаас болж маргаад лифт зураад байна гэх мэтээр маргалдаад зодолдсон гэж хэлсэн...тэгээд уурандаа гэр лүү нь явж очоод хаалгыг нь тогштол хаалга тайлсан, тэгээд бид хоёр тухайн СӨХ-ийн даргыг гараад ир, чи ийм болгочихлоо гээд хэлээд маргалдсан. Тэгээд гарч ирэхгүй болохоор нь гарнаас нь татаад гаргасан. Тэгээд орцонд манай нөхөр тухайн СӨХ-ийн даргатай барьцалдаж аваад байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 18 дугаар хуудас/,

Гэрч Л.Чимэдлхамын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр би гэртээ байж байтал манай нөхөр 21 цагийн орчим орж ирээд хүнтэй маргалдсан гээд хувцасыг маань урчихлаа гээд суга нь урагдсан байдалтай орж ирсэн. Тэгээд 20 минутын дараа гэртээ амарч байтал 11 давхарын эхнэр, нөхөр хоёр гэрлүү дайрч орох гэсэн. Тэр үед манай нөхөр цааш нь түлхээд гараад явсан. Тэгээд гэрийн үүдэнд нөхөр нь болох эрэгтэй манай нөхрийг барьж аваад булан руу шахаад түлхээд байсан...нөхөр нь манай нөхрийг тэвэрч аваад хана руу шахахад баруун бугалга зулбарсан байх. Учир нь хана нь барзгар хана байсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 22 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн ¹8049 дүгнэлтэд “Б.Б ын биед бугалга, зовхи, хацарт зулгаралт, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэжээ /хэргийн 25 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч В.Л  нь 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сувдан сондор хотхоны 71 дүгээр байранд Б.Б ыг зодож эрүүл мэндэд нь "бугалга, зовхи, хацарт зулгаралт, нуруунд цус хуралт гэмтэл" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч В.Л д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч В.Л д холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч В.Л д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч В.Л  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.