Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2000 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 00000

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж  заалдах шатны  шүүхийн Иргэний хэргийн  шүүх  хуралдааныг  шүүгч  М.Мөнхдаваа  даргалж, шүүгч Г.Уламбаяр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

            Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2016 оны  7 дугаар сарын 7-ны  өдрийн 131/ШШ2016/00466 дугаар  шийдвэртэй

            Нэхэмжлэгч Цэрэндоржийн Балжиннямын нэхэмжлэлтэй   

            Хариуцагч Лхамсүрэнгийн Ууганжаргалд холбогдох 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Л.Ууганжаргалын давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 9 дүгээр сарын 20-нд хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Балжинням, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Доржготов, хариуцагч Л.Ууганжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхжаргал,  нарийн бичгийн дарга  А.Батдорж  нар оролцов. 

Нэхэмжлэгч Цэрэндоржийн Балжиннямаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь 2007 онд Л.Ууганжаргалтай гэр бүл болж, 2008 онд хүү У.Оюунбаатарыг төрүүлсэн. Би гэр бүл болохоосоо өмнө нь  нэг охинтой байсан.  Намайг байнга зодож дарамталдаг байсан. Удаа дараа цагдаа болон Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэст хандаж байсан. 2011 оны 06 сард гэрлэлт цуцлуулахаар шүүхэд хандсан боловч  бид хоёрыг  эвлэрүүлсэн. Түүнээс хойшхи бүхий л хугацаанд намайг гарт таарсан зүйлээрээ цохиж, цахилгаан тогооны залгуураар ороолгох зэрэг маш хэрцгийгээр зодож миний биед удаа дараа гэмтэл учруулж байсан. Одоо миний 15 настай охиныг хүчирхийлэх гэж удаа дараа оролдож бэлгийн дарамтанд байлгадаг тул энэ талаар шалгуулахаар цагдаад өргөдөл гаргасан байгаа.

Бидний амь насанд болон  хүүхдүүдийн маань хүмүүжилд ч муугаар нөлөөлж байгаа тул цаашид эвлэрэн хамт амьдрах ямар ч боломжгүй байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Оюунбаатарт тэтгэлэг тогтоож өгнө үү.  Мөн  бид хоёрыг  хамтран амьдарсан хугацаанаас хойшхи хугацаанд бий болсон дараах дундын эд хөрөнгийг хуульд заасан үндэслэлээр адил тэнцүү тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Балжинням анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Охин Б.Оюунцацрал бол Л.Ууганжаргалын охин биш юм. Л.Ууганжаргал нь гэрлээд удаагүй намайг зодож эхэлсэн, цочмог ууртай хүн тул тодорхой шалтгаангүйгээр хүч хэрэглэж зоддог юм. Бид шүүх дээр хэрэг хянагдах хугацаанд харилцан тохиролцож эд хөрөнгөө тэнцүү хэмжээнд хуваан авч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүйгээр хүүхдээ 18 нас хүртэл нь 2 талаасаа харилцан дэмжиж байхаар харилцан тохиролцоод эвлэрлийн гэрээ байгуулсан.  Хүү У.Оюунбаатарыг би өөрийнхөө асрамжид авах болно. Бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Ууганжаргал шүүхэд гаргасан тайлбартаа:

Л.Ууганжаргал миний хувьд салж үр хүүхдээ өнчрүүлэх сонирхол байхгүй.  Эхнэрийн ах дүү нар манай гэр бүлийн амьдралд ордог. Ямар учраас салгах гээд байгаа учрыг би ойлгохгүй байна. Би салахгүй гэхэд би чамаас салмаар байна гээд манай эхнэр миний дагавар охин болох Б.Оюунцацралыг татаж чангаасан гэж намайг гүжирдэж цагдаад өгсөн. Би эхнэрээ чи яагаад намайг цагдаад өгч байгаа юм бэ гэхэд  чи надаас салахгүй байгаа биздээ, тийм болохоор чинь өгсөн гэж хэлсэн. Надад үр хүүхдээ өнчрүүлэх бодол байхгүй, үр хүүхэд хань ижилтэйгээ элэг бүтэн амьдрах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Л.Ууганжаргал анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би цочир ууртайгаасаа болж эхнэртээ гар хүрч байсан нь үнэн. Миний буруу гэж бодож байна. Цаашид эвтэй найртай явах болно. Гэрлэлтийг цуцалж, хүү У.Оюунбаатарыг эх Ц.Балжиннямын асрамжид үлдээхийг зөвшөөрч байна гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Түгчин овогт Цэрэндоржийн Балжинням, Сартуул овогт Лхамсүрэнгийн Ууганжаргал нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2008 оны 12 сарын 09 ний өдөр төрсөн хүү У.Оюунбаатар, 2000 оны 07 сарын 28-ны өдөр төрсөн охин Б.Оюунцацрал нарыг эх Л.Ууганжаргалын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Балжинням нь хариуцагч Л.Ууганжаргалтай тохиролцон хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу тогтоолгохгүйгээр хүү У.Оюунбаатарыг 18 нас хүртэл тэжээн тэтгэж, мөнгө санхүүгийн хувьд дэмжиж явах талаар харилцан тохиролцсон болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5-д заасныг баримтлан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Crery маркийн автомашиныг нэхэмжлэгч Ц.Балжиннямд, хувийн орон сууц, хоёр тал хашаа, газрын хамт, гурван машины граш, гэрийн тавилга зэргийг хүү У.Оюунбаатарт, Сонота автомашин, Исүзү машин зэргийг хариуцагч Л.Ууганжаргалд тус тус олгохоор зохигчид харилцан эвлэрсэн болохыг дурьдаж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсоноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Л.Ууганжаргалаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Балжиннямд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 519450 төгрөгийн тал хувь болох 259725 төгрөгийг төрийн сангаас, 259725 төгрөгийг хариуцагч Л.Ууганжаргалаас гаргуулж нэхэмжлэгч Ц.Балжиннямд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.Ууганжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн 131/ШШ2016/00466 дугаартай шүүхийн шийдвэрийг 2016 оны 09 сарын 06-ны өдөр гардаж авсан болно.   Гэр бүл салах шүүх хурлаас өмнө, гэр бүлийн хүн болох Ц.Балжинням нь шүүхээр эд хөрөнгийн маргааныг шийдвэрлүүлвэл маш их мөнгө хий зарцуулах юм байна. Бид хоёр тохирчихвол маргаан шийдвэрлэх тэмдэгтийн  хураамж 519540 төгрөгийг төрөөс буцаан авч болох юм байна гэж манай өмгөөлөгч Доржготов зөвлөгөө өглөө, тэгэхээр хоёулаа эд хөрөнгө дээрээ тохирчихъё гэсэн. Миний хувьд өмгөөлөгч аваагүй, хуулийн мэдлэггүй учир, мөнгө төгрөг олдохгүй байхад, тэр мөнгийг нь буцаагаад авбал банкны өр зээл төлөхөд хэрэг болно гэж бодсон. Тэгээд Ц.Балжинням өөрөө авна гэсэн бүхнээ авсан, надад хохиролтой байсан ч би аргагүй эрхэнд зөвшөөрсөн, би өөрөө ч толгой хоргодох оромжгүй болж байгаагаа тухайн үед мэдэж байсан. Нөгөө талаар мөн намайг дагавар охиноо хүчиндсэн гэж гомдол гарган гүтгэж шалгуулж байсан бөгөөд хадмын талын ах дүү нар, эхнэр Балжинням нар нь гэр бүлийн асуудлаа хэрүүл, маргаангүй шүүхээр шийдүүлчихвэл охиныг хүчиндсэн гэж охиноороо худлаа хэлүүлж байсан юм гэдгээ хэлээд цагдаад гаргасан өргөдлөө буцааж авна гэсэн. Би өөрийн хийгээгүй хэрэгтээ шалгагдаж сэтгэл санаа ч маш хүнд байсан учир эд хөрөнгийн талаар хэлсэн бүхнийг биелүүлсэн.

Ц.Балжинням нь анх шүүхэд хувийн орон сууц 2 тал хашааг адил тэнцүү хуваалгах хүсэлт гаргаж байсан ч намайг төөрөгдүүлэх, амлалт өгөх зэргээр хуурч хүсээгүй шийдвэр гаргуулсан. Иймд дундын эд хөрөнгийг Балжинням, хүү Оюунбаатар бид гуравт хуулийн дагуу хувааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т зааснаар нэхэмжлэлийг шүүгчид хуваарилсан 2016 оны 3 дугаар сарын 2-ны  өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх шүүгчийг захирамж гарган томилох байтал хэргийг хүлээн авсанаас хойш 4 сарын дараа, шүүх хуралдаан болохоос 3 хоногийн өмнө  2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр /хх-ийн 54 дүгээр тал/  шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулсан нь шүүгч томилогдоогүй байж хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан,  хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гараагүй байхад 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр шүүх хуралдааны товыг 7 дугаар сарын 7-ны өдрөөр тогтоож, шүүх хуралдааны товыг  хэргийн оролцогчдод мэдэгдсэн, 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, хэргийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэний дагуу  эвлэрүүлэн зуучлах  ажиллагаа  амжилтгүй болсон тул 2016 оны 5 дугаар сарын 10 нд эвлэрүүлэн зуучлах  ажиллагаа  дуусгавар болгож, хэргийг  буцааж  хүргүүлсэн байхад  2 сар ямар ч ажиллагаа хийлгүй байж байгаад  2016 оны 7 дугаар сарын 1-нд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн  зөрчлүүдийг гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.Балжинням нь 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан байхад /хх-ийн 25 дугаар тал/ шүүх хэзээ хүлээн авсан нь тодорхойгүй, дардас тэмдэглэгээ байхгүй, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулаагүй, танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасныг зөрчсөн.

Хэргийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлэх тухай 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 01053 тоот захирамж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 01748 тоот захирамжуудыг  хэргийн оролцогч нарт танилцуулаагүй, гардуулаагүй, мөн анхан шатны шүүхийн шийдвэр 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр гарсан байхад 2 сарын дараа буюу 2016 оны 9 дүгээр сарын 6-нд хариуцагчид гардуулж, ИХШХШТХуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу шийдвэрийн хувийг хариуцагчийн хаягаар баталгаат шуудан болон шүүхийн ажилтнаар хүргүүлэх арга хэмжээ аваагүй зөрчил гаргасан байна.   

Л.Ууганжаргалаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “..эхнэр Ц.Балжинням нь  гэр бүлийн асуудлаа хэрүүл, маргаангүй шүүхээр шийдүүлчихвэл охиныг хүчиндсэн гэж охиноороо худлаа хэлүүлж байсан юм гэдгээ хэлээд цагдаад гаргасан өргөдлөө буцааж авна гэсэн. Би өөрийн хийгээгүй хэрэгтээ шалгагдаж сэтгэл санаа ч маш хүнд байсан учир эд хөрөнгийн талаар хэлсэн бүхнийг биелүүлсэн..”  гэж мэдүүлж  байгаа нь  хэргийн оролцогч нь нөгөө талын ямар нэг дарамт шахалтгүйгээр  шүүхэд тэгш эрхтэй оролцох эрхтэй байтал хариуцагч тал нь  нэхэмжлэгч талын шахалтанд орж  гэр бүл цуцлуулах, дундын эд хөрөнгөө хуваах маргаанаа шийдвэрлүүлж байгаа эсэх талаар  анхан шатны шүүх анхаараагүй, мөн хариуцагч эсрэг талын өмгөөлөгчийн зөвлөсний дагуу шийдвэрлүүлсэн гэж гомдолдоо дурьдсан байгаа нь шүүх хариуцагчийг  өмгөөлөгч авах,

өмгөөлүүлэх  эрхтэй болохыг сайн  тайлбарлаж өгөөгүй байгаа нь  хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан гэж үзэхэд учир дутагдалтай болжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл явагддаг, Л.Ууганжаргал нь дагавар охиноо хүчиндсэн гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа тогтоол /хх-ийн 6 дугаар тал/, мөн хэрэг нь одоо прокурорын шатанд байгаа гэж  хариуцагч талаас тайлбарлаж байгаа тул энэ хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1-д  заасныг зөрчиж  хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд  хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх,  болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Л.Ууганжаргалаас  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  392.950 төгрөгийг төрийн сангийн данснаас буцааж гаргуулж хариуцагчид олгох  үндэстэй байна.

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.5,  168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1.  Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 131/ШШ2016/00466 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч Л.Ууганжаргалаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 392.950 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж  хариуцагчид олгосугай.

3. Давж  заалдах  шатны  шүүх  хэргийг  шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг  гардан  авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд   хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг  дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ  

                                                   Г.УЛАМБАЯР