Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2025/0065

 

Х.Б-ын нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                   Г.Банзрагч

Танхимын тэргүүн                Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                    Х.Батсүрэн

                                                       Ц.Цогт

Илтгэгч шүүгч:                       П.Соёл-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 116/ШШ2024/0041 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2025/0258 дугаар магадлалтай,

Хэргийн оролцогчид: Нэхэмжлэгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, А.Т, хариуцагчийн өмгөөлөгч О.Ц нарыг оролцуулан,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 263 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” эсэх гэсэн үндэслэлээр, нэхэмжлэгчийн гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Гарааш, үйлчилгээний зориулалттай, 1300 мкв газрын эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хугацаа сунгахыг даалгах,

2.Хэргийн нөхцөл байдал: Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 151 дүгээр захирамжаар, ****** баруун талд байрлах 1300 мкв газрыг Х.Б-т гараашийн зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлсэн байх бөгөөд газар эзэмших эрхийн хугацаа 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дуусах байсан, нэхэмжлэгчээс хуулийн хугацаанд буюу 1 сарын өмнө хугацаа сунгуулах хүсэлтийг гаргасан боловч хариуцагчаас уг хүсэлтийг шийдвэрлээгүй, хариу өгөөгүй, “... 404 мкв газар илүү эзэмшиж байгаа, энэ зөрчлөө арилгавал газрын эрхийг сунгана” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсан үндэслэлээ тайлбарлажээ.

3.Нэхэмжлэгчээс: “ ... хуульд заасан хугацаанд газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан, хариуцагч шийдвэрлээгүй, тухайн газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа, газар дээр байрлах үл хөдлөх хөрөнгө өмчилдөг, газар эзэмших хугацааг сунгаж өгөхгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж байгаа, гараашийн үл хөдлөх хөрөнгийн доорх газар нь 1300 мкв газарт орохгүй тус тусдаа газар” гэж,

4.Хариуцагчаас “...Х.Б нь захирамжаар олгосон 1300 мкв газраас 404 мкв газрыг дур мэдэн илүү эзэмшиж байсан тул тухайн иргэний өргөдлийг шийдвэрлэх боломжгүй байсан, илүү эзэмшиж буй газар нь авто замын ажлыг гүйцэтгэх талбайтай давхцаж байгаа, зөрчлөө арилгавал хугацааг сунгана” гэж тус тус маргажээ.

5.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Үүнд:

5.1.Иргэний зүгээс газар эзэмших хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргасан байхад хуульд заасан 15 хоногийн дотор өргөдлийг хянаж, газар эзэмших эрхийн хугацаа сунгах эсэх шийдвэрээ гаргаагүй, газар эзэмших хугацаа сунгасан эсэх талаар хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй байх тул Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан үүргээ биелүүлээгүй хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус байна.

5.2.Шинжээчийн дүгнэлтийн хавсралтаар ирүүлсэн “Газрын кадастрын мэдээллийн сангийн мэдээллийг ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнтэй давхцуулсан байдал”-ын зурагт бодит талбайн хэмжээ 1704 мкв, газрын кадастрын мэдээллийн санд баталгаажсан байдал 1300 мкв гэж талбайн зураглалыг үйлдэж ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн сунгуулахыг хүссэн 1300 мкв талбай, илүү эзэмшсэн гэх 404 мкв талбай бүхий газар нь харилцан давхцалгүй байх тул 1300 мкв газрыг эзэмших эзэмших эрхийг сунгах асуудалд буюу нэхэмжлэлийн шаардлага бүхий газарт хамааралгүй, шаардлагатай бол илүү эзэмшсэн гэх газрыг чөлөөлүүлэх эрх нь хариуцагч болон эрх бүхий байгууллагад нээлттэй байна.

6.Давж заалдах шатны шүүх дараах дүгнэлтээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Үүнд:

6.1.Нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн 1300 мкв газраас илүү 404 мкв газрыг дур мэдэн эзэмшсэн, илүү эзэмшиж буй тухайн газар нь авто замын ажлыг гүйцэтгэх талбайтай давхцаж байгаа нөхцөл байдлыг тогтоосон байна. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг хариуцагч хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хянаад нэхэмжлэгч Х.Б-ыг газар эзэмших эрхийн гэрчилгээний нөхцөлийг хангаж ажиллаагүй талаар тогтоож, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлсэн. Хариуцагч захиргааны байгууллагаас нэгэнт эс үйлдэхүй гаргасан нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа энэ тохиолдолд газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

6.2.Нэхэмжлэгчийн тухайд газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд өгснийг үгүйсгэхгүй бөгөөд уг газар дээр байрлаж буй гараашууд нь эзэмшил газрын хэмжээнд хамааралгүй гэх тайлбар ойлгомжгүйн дээр газар эзэмших эрхийн зөрчлийг арилгаж, газар эзэмших хүсэлтийг дахин гаргахад энэхүү магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

7.Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

7.1.Засаг даргын зүгээс миний газрын эрхийг сунгахгүй байгаа үндэслэлээ илүү газар эзэмшиж байгаа гэх асуудал гаргаж ирсэн, уг асуудлыг би давж заалдах шатны шүүх хуралд өөрийн биеэр оролцож, хэргийн баримт материалтай танилцаж байж мэдсэн, шинжээч дүгнэлт гаргахдаа уг асуудлыг ямар ч баримтгүйгээр баталгаажуулсан дүгнэлт гаргасан байна.

7.2.Шүүх хурал дээр намайг авто гараашаа зөвшөөрөлгүй газар барьсан, авто гараашийг урьд талын 1300 мкв газар нь зөвшөөрөлтэй тул зөвшөөрөлгүй барьсан авто гараашийн газрыг тухайн 1300 мкв газраас хасах ёстой гэж асуудлыг ярьсан. Миний хувьд ямар ч зөвшөөрөлгүй ямар нэг авто гарааш, мөн газар хашаалж авсан зүйл байхгүй, маргаан үүсэхээс өмнө ямар нэг асуудал байгаагүй, Засаг даргын зүгээс танай урдуур зам тавих гэж байгаа учир танай газраас хэсэг газрыг чөлөөлнө гэж хэлсэн миний зүгээс татгалзаагүй бөгөөд чөлөөлөх гэж байгаа газар дээр байгаа хөрөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн гэтэл чи илүү газар эзэмшиж байгаа гэх асуудлыг гаргаж ирсэн.

7.3.Би 2003 оноос өмнө газар авч авто гарааш барьсан, авто гарааш барьсны дараа тухай гараашийн урьд талын талбайг авах хүсэлтээ 2003 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр албан ёсоор гаргаж тухайн газрыг надад эзэмшүүлсэн. Энэ талын баримтыг би шүүхэд өгсөн боловч хэрэгт байхгүй байна.

7.4.Миний шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлийг шүүх буцаасан. Дараа нь гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ өмнө гаргасан нэхэмжлэлийн дагуу бүрдүүлсэн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хавсаргаагүй, татан авч хянаагүй гэж үзэж байна. Энэ нь хэргийн баримт материал дутуу байхад асуудлыг шийдвэрлэж намайг илүү газар эзэмшиж багаа мэтээр ойлгуулж миний эрх ашгийг ноцтой зөрчсөн. Намайг илүү газар эзэмшиж байна гэсэн шинжээчийн дүгнэлт нь тухай газрын хувийн хэрэгтэй бүрэн танилцаагүй, миний авто гараашийн газрын түүх, хувийн хэргийг судлаагүй байж сүүлд хийгдсэн зураг бусад баримтыг иш үндэс болгож гаргасан нь эргэлзээ төрүүлж байна.

7.5.Авто гараашийн урьд талын 1300 мкв газрын эзэмших эрхийн хугацааг сунгуулах тухай асуудлыг тавьж байгаа. Харин миний авто гарааш байгаа газар бол ямар нэг маргаан байхгүй миний авто гарж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй. Би уг авто гараашуудаа 2003 оноос өмнө барьж ашиглан үйл ажиллагаа явуулж аж амьдралаа залгуулж байгаа тусдаа асуудал юм. Уг газар болон үл хөдлөх эд хөрөнгүүд нь тусдаа юу, нэг үү гэдгийн ямар нэг баримтаар тогтоогоогүй би зөвхөн хуулийн дагуу эзэмшиж байгаа.

7.6.Давж заалдах шатны шүүх ямар ч үндэслэлгүй 1300 мкв газар эзэмших ёстой байтал 404 мкв газар илүү эзэмшиж, тэр газар нь авто зам барих талбайтай давхцаж байна гэж үзсэн ямар байдлаар би 404 мкв газар илүү эзэмшсэн тухай өөрөө ч ойлгохгүй байна. Авто гарааш байгаа газрыг оруулан тооцоод байна. Хэрэв тэгж үзэж байгаа бол миний авто гарааш хэдэн мкв газар дээр байгаа тухай хэмжилт хийгээд дараа нь миний хуулийн дагуу эзэмшиж байгаа 1300 мкв газар дээр нэмэхээр миний хуулийн дагуу эзэмшиж байгаа нийт газрын хэмжээ гарах ёстой.

7.7.Мөн зам тавих, миний газраас газар авах асуудал нь дараагийн тусдаа асуудал бөгөөд төр миний эзэмшиж байгаа газраас тодорхой хэмжээний газар хэрэгтэй гэж үзээд авна гэвэл би өгнө гэхдээ тухайн чөлөөлсөн газрын оронд өөр газар, тухайн чөлөөлөх газар дээр байгаа хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө миний хөдөлмөр, мөнгө шингэсэн бусад асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Харин Засаг даргын зүгээс зохиомол байдлыг зориуд бие болгон миний газрын эрхийг сунгахгүй байх замаар надтай тохиролцох гэж хүч хэрэглэж байгаа нь хуульд нийцэхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

8.Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

9.Тогтоогдсон үйл баримтын тухайд, Х.Б нь 1300 мкв газрыг гараашийн зориулалтаар эзэмшдэг бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр газар эзэмших эрхийн хугацаа дуусах байсан, нэхэмжлэгчээс хуулийн хугацаанд буюу 1 сарын өмнө хугацаа сунгуулах хүсэлтийг гаргасан боловч хариуцагчаас уг хүсэлтийг шийдвэрлээгүй, газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай мэдэгдэл хүргүүлж байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “... илүү эзэмшиж байгаа 404 мкв газрыг чөлөөлж, зөрчлөө арилгавал газрын эрхийн хугацааг сунгана” гэж тайлбарлажээ.

10.Энэ хэргийн тухайд, хяналтын шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай асуудал нь газрыг илүү хэмжээгээр хашсан нь газар эзэмших эрхийн хугацаа сунгахаас татгалзах үндэслэл болох эсэхэд оршиж байна.

11.Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, энэ тохиолдолд газар эзэмшигч нь газар эзэмших эрхийн гэрчилгээний нөхцөлийг хангаж ажилласан буюу 1300 мкв газраа зориулалтын дагуу ашиглаж байсан, газрын төлөв байдал чанарыг дордуулаагүй, хориглосон үйл ажиллагаа явуулаагүй байх тул эзэмшил газрын хугацааг сунгуулах бүрэн эрхтэй байна.

12.Гэтэл хариуцагчаас хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ, гэрээгээр олгосон 1300 мкв газарт хамаарахгүй, газар буюу “404 мкв газар илүү эзэмшсэн” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан нь хууль бус, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

13.Тодруулбал, хариуцагчийн “захирамжаар олгосон 1300 мкв газраас 404 мкв газрыг дур мэдэн илүү эзэмшиж байсан тул тухайн иргэний өргөдлийг шийдвэрлэх боломжгүй байсан” гэх тайлбар хоёр өөр хууль зүйн үр дагавар бүхий үйл баримтыг нэгтгэн шийдвэрлэж байгаа тул үндэслэлгүй.

14.Газар эзэмших эрхийн хугацааг сунгах, газар эзэмших эрхгүй этгээд газрыг эзэмшсэн бол газар чөлөөлөх шийдвэр нь өөр өөр үндэслэлээр үүсч, тусдаа хэрэглэгдэх зохицуулалт бөгөөд 1300 мкв газрын хувьд сунгахаас татгалзах хууль зүйн үндэслэлгүй, харин зохих зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа 404 мкв газрын асуудал нь нэгэнт хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээний дагуу эзэмшиж байгаа 1300 мкв газрын эрхийг хөндөх, хязгаарлах хууль зүйн үндэслэл болохгүй.

15.Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “... тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй” гэж, 59 дүгээр зүйлийн 59.1-д “Газар чөлөөлүүлэх, албадан нүүлгэхэд цагдаагийн байгууллага дараах үүрэгтэй” гэж, 59.1.1-д “... зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн, ашигласан бол албадан нүүлгэх тухай Засаг даргын шийдвэрийн биелэлтийг хангах” гэж зааснаар захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн илүү эзэмшиж байгаа 404 мкв газрыг чөлөөлж, албадан чөлөөлөх шийдвэр гаргах замаар зөрчлийг арилгах болохоос зөрчил үүсээгүй 1300 мкв газрын эзэмших эрхийг хөндөх эрхгүй.

16.Иймээс давж заалдах шатны шүүхийн “…газар эзэмших эрхийн гэрчилгээний нөхцөлийг хангаж ажиллаагүй талаар тогтоож,  энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлсэн, хариуцагч захиргааны байгууллагаас нэгэнт эс үйлдэхүй гаргасан нөхцөл байдал тогтоогдохгүй” гэх дүгнэлт буруу юм.

17.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Газар эзэмшигч дараах эрхтэй” гээд, 35.1.5-д “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах” гэж зааснаар газар эзэмшигч нь өөрийн эзэмшил газартаа хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулснаас бусад тохиолдолд өөрийн эзэмшил газрын хугацааг сунгуулах эрхтэй, энэ эрхийг захиргааны байгууллагаас зөвхөн хуульд заасан үндэслэлээр хязгаарлах бөгөөд энэ тохиолдолд захиргаа уг эрхээ буруу хэрэгжүүлсэн байна.

18.Харин нэхэмжлэгчийн “гарааш байрлаж байгаа газар нь 1300 мкв газарт орохгүй, тусдаа газар, эхлээд гараашаа барьчхаад дараа нь хүсэлтээ гаргаад 1300 мкв газрыг авсан” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй, шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч нь бодитоор 1704 мкв газрыг эзэмшиж байгаа нь тогтоогдсон, нэхэмжлэгчийн өмчлөлийн гарааш байрлаж байгаа газар нь 1300 мкв газарт багтсан болох нь газрын кадастрын мэдээллийн сангийн зургаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийн илүү эзэмшиж байгаа 404 мкв газрыг хуульд заасан журмын дагуу чөлөөлөхөд энэ тогтоол саад болохгүй.

19.Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2025/0258 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 116/ШШ2024/0041 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                             Х.БАТСҮРЭН

  Ц.ЦОГТ

  П.СОЁЛ-ЭРДЭНЭ