Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 111/ШШ2017/0021

 

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа би С.Баярсайханы нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох “С.Баярсайхан намайг Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргаар томилохгүй байгаа нь илт хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох, намайг Галуут сумын Засаг даргаар томилж, холбогдох шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“Сартуул овогт Сосорбарамын Баярсайханыг Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргад батламжлуулахаар Галуут сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 1/04 дүгээр хуралдааны тогтоолоор уламжилсныг аймгийн Засаг даргын 2016 оны 1а/928 тоот албан бичгээр Засаг даргаар томилохоос татгалзсан болно. Галуут сумын Засаг даргаар томилж, холбогдох шийдвэр гаргахыг даалгах тухай Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан С.Баярсайханы нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул тус нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. С.Баярсайханыг 2017 оны 07 сард багтаан томилохоор зөвшилцөлд хүрсэн болно” гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, 67 дугаар зүйлийн 67.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно..” гэж заасны дагуу хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал нь “С.Баярсайхан намайг Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргаар томилохгүй байгаа нь илт хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох, намайг Галуут сумын Засаг даргаар томилж, холбогдох шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан С.Баярсайханы нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох “С.Баярсайхан намайг Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргаар томилохгүй байгаа нь илт хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох, намайг Галуут сумын Засаг даргаар томилж, холбогдох шийдвэр гаргахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

ШҮҮГЧ Ц.СУВДМАА