Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 1218

 

  2019         08         01                                       2019/ШЦТ/1218

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Э.Намуун,

шүүгдэгч Д.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б д холбогдох эрүүгийн 1806 05680 1367 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, , Д.Б , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Б  нь 2018 оны 06 дугаар сарын 30-аас 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар байрны урд талд иргэн Г.О той тамхи нэхсэний улмаас маргалдаж, түүний нүүрэнд 2-3 удаа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би эхлээд зүгээр тамхи байна уу гэж гуйсан. Би гомонууд гэж хэлээгүй. Өөрсдөө эхлээд хөгшин хүний тамхийг бэлдэж өгөх ёстой юм уу гэж хэлэхээр нь би ганц тамхи нэхсний төлөө юун сүртэй юм бэ гэж хэлсэн. Ер нь бол харилцан зодолдсон” гэв.

Шүүгдэгч Д.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед намайг цохиж зодоод байхаар нь би өөрийгөө хамгаалах гээд цохиж зодсон нь үнэн гэхдээ яг хаана нь цохиж зодсоноо санахгүй байна. ...Би гарын шуунд учирсан гэмтлийг майжиж учруулсан байх, харин тархи доргилт гэмтлийг зууралцах үед учирсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 82-83 дугаар хуудас/,

Хохирогч Г.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 01-ний өглөө 05 цагийн орчим Баянзүрх дүүргийн 18-р хороо 12-р байрны урд талд Ууганбаяр, Батнасан нарын хамт хөл бөмбөг үзчихээд намайг таксинд суулгаж өгөх гээд зогсож байтал үл таних цагаан футволктой залуу ирээд тамхи байна уу гэхэд байхгүй гэж хэлэхэд тамхи татаж сурахгүй хаагуур явж байсан юм бэ гомо нар минь гэж хэлэхэд би хөгшөөн зүгээр явцгаая гэж хэлэхэд та нар гурвуулаа байсан ч амжихгүй шүү гэж хэлсэн. Гэтэл цаанаас бордуу царайтай залуу ирээд Батнасанг түлхээд шанаадсан юм. Тэгтэл цагаан цамцтай залуу нь миний цээж хэсэг өшиглөөд, миний цамцнаас ороож заамдахад хоолой боогдсон. Намайг татаж өвдөглөөд толгой руу хэд хэдэн удаа цохиход толгой манараад унасан, тэгтэл цээж рүү хэд хэдэн удаа цохисон юм. ...Би зургийг нь дарах гэтэл миний утсыг булааж аваад голоор нь хугалаад шидсэн юм.” гэх мэдүүлэг. /хэргийн 18-19, 20 дугаар хуудас/,

Гэрч Ж.Батнасангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...үл таних цагаан фудбалктай залуу бид 3-с тамхи асуусан. Уг залуу бид 3-г үгээр өдөөд маргаан үүсгээд бид нар маргалдахгүйг хичээгээд байж байтал цаанаас найз болох нэг үл таних эрэгтэй хүрч ирээд шууд үгийн зөрүүгүй цохисон. Тэр үед анх бид нараас тамхи гуйсан залуу Очирдоржийг заамдаж аваад 2 машины дунд орж маргалдсан. ...цагаан футболкатай залуу Очирдоржийг хөөгөөд хэд хэдэн удаа нүүр рүү нь цохиод авсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/,

Гэрч С.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөгөө цагаан футболктой бид нараас анх тамхи асуусан залуу Очирдоржийг шууд барьж аваад цохисон. Очирдорж зугтаасан чинь араас нь хөөгөөд яваад өгсөн.” гэх мэдүүлэг. /хэргийн 23 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн ¹8283 дүгнэлтэд “...Г.О ийн биед тархи доргилт, баруун хөмсөг, хүзүү, баруун зүүн тохой, зүүн сарвуунд зулгаралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэжээ /хэргийн 64 дүгээр хуудас/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 97-102 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Б  нь 2018 оны 06 дугаар сарын 30-аас 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар байрны урд талд иргэн Г.О той тамхи нэхсэний улмаас маргалдаж, түүний нүүрэнд 2-3 удаа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Б д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Б  нь 2018 оны 6 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө тус гэмт хэргийг үйлдсэн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж үзнэ.

Хохирогч Г.О  нь гомдол санал,нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр байхгүй байна.