| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Сосорбарам |
| Хэргийн индекс | 320/2025/00187/И |
| Дугаар | 225/МА2025/00026 |
| Огноо | 2025-06-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 225/МА2025/00026
| 2025 оны 06 сарын 25 өдөр | Дугаар 225/МА2025/00026 |
ДХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 320/ШШ2025/00417 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ДХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.Сад холбогдох
Гэм хорын хохиролд 93,484,140 (ерэн гурван сая дөрвөн зуун наян дөрвөн мянга нэг зуун дөч) төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч Б.Буянтогтох /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ДХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б овогтой С нь 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ухаа худаг уурхайгаас Гашуунсухайт хилийн боомт орох хатуу хучилттай засмал замын 186 дахь километрт манай Дкомпанийн эзэмшлийн 0000 ӨМЕ улсын дугаартай хүнд даацын тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад жолооч Н.Мгийн жолоодож явсан Энержи ресурс ХХК-ийн эзэмшлийн 0000 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан. ...Осол жолооч Б.Сын гэм буруутай үйлдлээс шалтгаалан гарсан болохыг тогтоосон.
Ослын улмаас учирсан хохирол:
1.Хохирогч тал болох Энержи ресурс компаниас ослын улмаас 0000 ӨМӨ тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 16,226,207 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд жолоочийн хариуцлагын Мөнх даатгал даатгалын компанид даатгуулсан байсан учраас энэ даатгалаас 7,362,000 төгрөгийг төлсөн тул, бид үлдэгдэл 8,864,207 төгрөгийг төлсөн.
2.Энержи ресурс компанийн нэхэмжилсний дагуу 0000 ӨМӨ тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын дүгнэлт гаргах зардал болох 1,070,000 төгрөгийг Хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө Эстимэйт ХХК-нд төлсөн.
3.Өөрийн өмчлөлийн 0000 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын дүгнэлт гаргах зардал болох 4,102,000 төгрөгийг хөрөнгийн үнэлгээний Тэргүүн үнэлгээ ХХК-д төлсөн.
4.Гашуунсухайт Авто зам ХХК-с 2024.05.18-ны өдөр албан шаардлага ирүүлж, Гэрээний хариуцлагын заалт зөрчин, 0000 ӨМЕ автомашин замын зорчих хэсэгт асфальт болон замын хучилт дээр дизель түлш асгасан зөрчил гаргасан тул акт тогтоож 8,640,000 төгрөгийг төл хэмээн шаардсан.
5.Мөн энэхүү ослын улмаас Хөрөнгийн үнэлгээний Тэргүүн үнэлгээ компанийн гаргасан дүгнэлтээр манай компанид (0000 ӨМЕ тээврийн хэрэгслийн чирэгчид 67,150,983 төгрөг, чиргүүлд 3,656,000 төгрөг) нийт 70,807,933 төгрөгийн хохирол учирсан.
...Иймд тухайн ослын улмаас учирсан нийт хохирол болох 93,484,140 төгрөгийг Б.Саас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэжээ.
Хариуцагч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Дхязгаарлагдмал хариуцлагатай компанийн ачааны машиныг унаж хилийн наана ачааг буулгахаар уртын тээвэрт явсан. Тухайн компани намайг осолд орсон байхад над руу нэг ч удаа залгаагүй, харж үзээгүй. ...Тухайн үед над руу залгахдаа та ирж ажлаа хийх боломжтой байна уу, ийм өндөр дүн гарсан. Үүнийг яаж төлж барагдуулах вэ гэж асуусан. Тэгэхлээр нь би хөл дээрээ ч босож чадахгүй байна гэхэд энэ мөнгийг нэн яаралтай төлөх хэрэгтэй байна гэсэн. ...Тэгээд шүүхэд өгсөн байсан. Би нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 320/ШШ2025/00417 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч Б.Саас гэм хорын хохиролд 14,036,207 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Дгадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэм хорын хохиролд 79,447,933 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Дхязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 625,370.70 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Саас 228,131 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Дгадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 320/ШЗ2025/01017 дугаар Хүсэлт шийдвэрлэж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар авагдсан хариуцагч Дуут Бгийн Сын арилжааны банкнууд дахь харилцааны данснуудын зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 93,484,140 төгрөгийн хэмжээнд зогсоож, шүүхээс гарах шүүхийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гарсан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээж байгаа болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У давж заалдах гомдолдоо: ...дараах үндэслэлээр давж заалдах шатны гомдол гаргаж байна. Үүнд:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-р заалтад заасны дагуу шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж үнэлэх ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4-р хэсэгт Хариуцагч Б.С нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд Ухаа худаг уурхайгаас Гашуунсухайт хилийн боомт руу ДГХО ХХК-ийн өмчлөлийн Howo маркийн 0000 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасан нь эрх бүхий албан тушаалтны 2024.06.07-ны өдрийн дугаар: ЗТО-69 магадлагаа, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч нарын хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх ба энэ үйл баримттай талууд маргаагүй. хэмээн дүгнэсэн байна.
...Гэвч шүүх ...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зуйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага, туүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар туунтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй. хэмээн дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.
Нэхэмжлэгчийн зүгээс Хөрөнгийн үнэлгээний Тэргүүн үнэлгээ ХХК-ийн 2024.06.11-ны өдрийн №464/ДД№30276707 Автомашин техникийн үнэлгээний тайлан-г шүүхэд гарган өгсөн бөгөөд тус дугнэлтээр Нэхэмжлэгч компанийн өмчлөлийн 0000 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 70,807,933 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон.
... Гэм хорын хохирлын асуудлыг зохицуулсан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын .... эд хөрөнгөнд хууль бусаар санаатай бүюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсап этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.- гэж заасанчлан шүүх ...Иргэнийн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заалтыг үндэслэн, хариуцагч нь адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах, эсвэл мөнгөөр учирсан хохирлыг нөхөн төлөх зэрэг аргаар арилгах үүрэгтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас хасч шийдвэрлэсэн, 0000 ӨМЕ тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 70,807,933 төгрөг болон Гашуун сухайт авто зам ХХК-д төлөх 8,640,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.
Нэхэмжлэгч ДХХК нь хариуцагч Б.Сад холбогдуулан гэм хорын хохирол 93,484,140 (ерэн гурван сая дөрвөн зуун наян дөрвөн мянга нэг зуун дөч) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрчээ.
Анхан шатны шүүх нэхэмлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хуулийг агуулга, зорилгод нь нийцүүлэн, оновчтой зөв хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны байх шаардлага хангасан гэж үзэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангасан гэж үзэх үндэслэл болно.
Дкомпанийн жолооч Б.С нь 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 0000 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, урсгал сөрөх үйлдэл хийсний улмаас Энержи ресурс компанийн 0000 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргасан нь хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны магадлагаа, зохигчийн тайлбар болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 497, 499, 510 дугаар зүйлд зааснаар гэм хорын хохирол шаардах эрхтэй.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлж, гэм хорын хохирлыг нотлох баримтаар тогтоогдсон хэмжээнд буюу нэхэмжлэгчийн Энержи ресурс компанийн 0000 ӨМӨ тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд төлсөн 8,864,207 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд төлсөн 5,172,000 төгрөг, нийт 14,036,207 төгрөгийг хариуцагч Б.Саас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Мөн нэхэмжлэлийн шаардлагаас автомашин замын зорчих хэсэгт асфальт болон замын хучилт дээр дизель түлш асгасан хохиролд Гашуунсухайт Авто зам ХХК-ийн шаардсан гэх 8,640,000 төгрөг, Б.Сын жолоодож явсан 0000 ӨМЕ тээврийн хэрэгсэлд учирсан хохирол гэх 70,807,933 төгрөг (чирэгчид 67,150,983 төгрөг, чиргүүлд 3,656,000 төгрөг) гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий гэж үзнэ.
Учир нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан нь шүүхийн тогтоол, захирамжийн дагуу гарсан шинжээчийн дүгнэлт биш тул уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 44 дүгээр зүйлийн 44.1-т заасан бичгийн нотлох баримтын хэмжээнд үнэлэх ба дээрх хэмжээний зардал гаргаснаа холбогдох нотлох баримтаар нотолсон байхыг шаардана.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэг хүлээх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолж чадаагүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж дүгнэв.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 320/ШШ2025/00417 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Нэхэмжлэгч ДХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 555,190/ таван зуун тавин таван мянга нэг зуун ер/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Б.СОСОРБАРАМ