Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 1222

 

  2019         08         01                                       2019/ШЦТ/1222

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Ж.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Н т холбогдох эрүүгийн 1906 03777 1553 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ж.Н  /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ж.Н нь 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Болортуул" амралтын газар иргэн Р.П тай маргалдан зодолдож төмөр хашлага давуулан унагааж, түүний зүүн гарын богтос ясны далд хугарал, бүсэлхийн зулгаралт зэрэг эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Р.П ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар хараад зогсож байтал нэг хүүхэн гарч ирээд гичийнүүдээ үхсэнээ хараад байгаан гээд орилоод бид нар руу гараараа чичээд байсан...Тэгсэнээ тайрмал үстэй хүүхэн намайг үсдээд миний дээр гараад хэвтчихсэн. Намайг тэр хүүхнээс хэн салгасныг би мэдэхгүй байна. Газраас босоод иртэл миний гар хугарчихсан юм шиг түр түр гээд дуугараад байсан. Намайг төмөр хашлага давуулаад газар унагаагаад чирэхэд миний гар хугарчих шиг болсон... Би архи уугаагүй байсан... Шар тайрмал үстэй 30 гаруй насны хүүхэн намайг ганцаараа үсдэж хашлага давуулж үсдэж чирсэн. Энэ үед миний гар хугарсан гэж бодож байна. Тэр хүүхнээс намайг манай эгч Нармандах салгасан.” гэх мэдүүлэг. /хэргийн 11 дүгээр хуудас/,

"... Тэгсэн миний урдаас нэг тайрмал цайвар өнгийн үстэй хүүхэн хүрч ирээд намайг үсдээд машины зогсоолын төмөр хамгаалалтын хашлагыг давуулан үсдэж чирээд, миний дээрээс дараад унасан. Тэгээд манай хүү Ган-Эрдэнэ намайг тэр хүүхнээс салгаж аваад би газраас бостол миний зүүн гар эвгүй болоод түр түр гээд дуугараад байсан. Би миний гар хугарчихлаа гэж хэн нэгэнд нь хэлсэн. Миний биед учирсан гэмтлийг шар богино тайрмал үстэй хүүхэн намайг үсдэж чирч хамгаалалтын төмөр хашлага давуулахдаа миний гарыг хугалчихсан. Намайг өөр зодож цохисон хүн байхгүй..." гэх мэдүүлэг. /хэргийн 52-53 дугаар хуудас/,

Гэрч Б.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...юунаас болж муудалцсаныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан Наранчимэг эгчтэй тэр хүмүүсийн ээж нь гэх Пүрэвжав гэх эмэгтэй муудалцаад Пүрэвжавыг түлхээд унагаасан байсан. Тэгсэн Пүрэвжав гэдэг хүн миний гар хугарчихлаа гэж орилсон.” гэх мэдүүлэг. /хэргийн 20-21 дүгээр хуудас/,

Гэрч М.Золжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхөр нь удалгүй зүүн гар талдаа таавчиг барьчихсан буцаад машины зогсоол дээр ирээд бид нарын хажуугаар гарахдаа манай нөхрийг мөрлөөд гараад явахаар нь би уурлаад чи одоо аятайхан яваач ууж идсэн юмаа шингээгээч гэж хэлтэл чи муу юу гээд байгаа гичий вэ гээд тэр залуу над руу хүрээд ирсэн. Тэгсэн хадам ээж тэр залуугийн цээж рүү нь 2 гараараа хойиш нь түлхсэн. Тэгсэн тайрмал шар үстэй хүүхэн согтуу хүрч ирээд юугаа хараад байгаа гичий нар вэ гээд орилоод байсан. Тэгэхээр нь би машины араар ороод цагдаад дуудлага өгсөн. Тэр хойгуур л тайрмал шар үстэй хүүхэн ээжийг үсдэж чирсэн юм шиг байна лээ... Хадам ээжийг тайрмал шар үстэй хүүхэн үсдээд байж байхад нь манай нөхөр Ган-Эрдэнэ салгасан гэсэн.” гэх мэдүүлэг. /хэргийн 23-24 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Г.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Наранчимэг эгч тэр ээж гээд байгаа эгчийг нь чамд ямар хамаатай юм бэ? муу янхан минь гэж хэлээд Наранчимэг эгч нөгөө ээж гээд байгаа Пүрэвжав гэх эмэгтэйд ойртоод алхаад хажууд нь хүрээд ирсэн. Тэгсэн нөгөө Пүрэвжав нь Наранчимэг эгчийн хоёр гарнаас бариад авсан. Тэгтэл Наранчимэг эгч нөгөө ээж гээд байгаа Пүрэвжав гэх эмэгтэйн хоёр гарыг гараараа хүчтэй дугтартал нөгөө Пүрэвжав гэх эмэгтэй газар бөгсөөрөө суугаад 2 гараараа газар тулаад уначихсан. Тэгээд газар унаад босч ирэхдээ миний гар хугарчихлаа гээд орилж байсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 34-35 дугаар хуудас/,

Гэрч Э.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай хүүхэд уйлаад би хүүхдээ машиндаа оруулчихаад эргээд хартал манай ээжийг машинуудын завсраар нөгөө тайрмал үстэй эмэгтэй чирээд орж байсан. ...би машинуудын хажуугаар гүйгээд ээж дээр очтол нөгөө тайрмал үстэй эмэгтэй манай ээжийг машинуудын зогсоолын төмөр хашлагын хажууд авчирчихсан, араас нь татаад хашлага давуулаад, толгойгоор нь унагаасан. Би очоод тэр эмэгтэйг ээжээсээ салгатал үснээс нь зулгаагаад тавихгүй байсан. Би арай гэж ээжийг босгоод иртэл ээж зүүн гараа бариад миний энэ гар нур нур гээд сонин дуугараад байна гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг. /хэргийн 54-56 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹7862 дүгнэлтэд “Р.П ын биед зүүн богтос ясны далд хугарал, бүсэлхийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хэргийн 59 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ж.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Пүрэвжав миний хоёр гарнаас барьчихсан байсан. Тэгэхээр нь би гараа салгаж авах гээд гараа хойш нь дугтартал Пүрэвжав гэх эмэгтэй газар унасан. Унаад босч ирэхдээ миний гap хугарчихлаа гээд орилоод байсан..." гэх мэдүүлэг. /хэргийн 30-31 дүгээр хуудас/,

"...Пүрэвжавын гараас гараа мултлах гэж байгаад хоёр гараа дугтраад түлхтэл бид хоёр газар хамт унасан. Тэгээд Пүрэвжав гэгч нь газраас босохдоо миний гар хугарчихлаа гэж орилж байсан. Пүрэвжав надтай ноцолдож байгаад би гараа салгаж авах гэж түлхтэл Пүрэвжав нь газар унаж гар нь хугарсан гэж бодож байна. Миний буруутай үйлдлээс болоод гар нь хугарсан гэж бодож байна. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг. /хэргийн 51-53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ж.Н нь 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Болортуул" амралтын газар иргэн Р.П тай маргалдан зодолдож төмөр хашлага давуулан унагааж, түүний зүүн гарын богтос ясны далд хугарал, бүсэлхийн зулгаралт зэрэг эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ж.Н т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Ж.Н т холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Ж.Н т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.