| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2023/00352/И |
| Дугаар | 218/МА2025/00003 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 218/МА2025/00003
******* ХХК-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Мөнхбат, Г.Баярдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 310/ШШ2025/00039 тоот шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Зуун найман ойл ХХК-ны нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 8,144,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Баярдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарийн бичгийн дарга Х.Мөнхсүх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: ******* ойл" ХХК нь 23-38 УНЧ улсын дугаартай Тоёота ланд крузер-200 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч юм. Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р багийн нутаг дэвсгэрт 2023 оны 03 сарын 15-ны өдөр 11 цагийн үед 31-49 УНЯ улсын дугаартай Хонда сивик маркийн тээврийн хэрэгсэл болон 23-38 УНЧ улсын дугаартай Тоёота ланд крузер- 200 маркийн тээврийн хэрэгсэл мөргөлдөж зам тээврийн осол гарсан. ... Цагдаагийн газраас шийтгэл оногдуулахдаа ******* ХХК-д зөрчлийн хэрэг нээж хариуцлага тооцох байтал гүйцэтгэх захирал ******* гэх хүнд хариуцлага тооцсон нь Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж Дундговь аймаг дахь сумын дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр тухайн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Буруутай этгээдэд хариуцлага тооцох ёстой гэж үзээд цагдаа, прокурорт хүсэлтээ гаргахад шүүх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бол дахин шийдвэрлэх зохицуулалт Зөрчлийн тухай хууль, болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад байхгүй, гэм хортой холбоотой хохирлоо иргэний хэргийн шүүхэд хандаж гаргуулж ав гэсэн утгатай хариу өгсөн. ... Дахин шинжээч томилуулах хүсэлтийг манай зүгээс гаргасан. Тухайн осолд замын нөхцөл байдал нөлөөлсөн байх боломжтой, замын эвдрэлээс болоод тухайн 2 тээврийн хэрэгсэл зохих журмын дагуу замын хөдөлгөөнд оролцож чадаагүйгээс осол гарсан гэсэн хариу шинжээчээс гарсан. ******* ХХК-ийг яагаад хариуцагчаар татаад байгаа вэ гэхээр ******* ХХК нь замын эвдрэл гэмтэл хариуцах, цас, мөс цэвэрлэх замын арчилгаа, үйлчилгээг хариуцах компани байгаа. Замын хөдөлгөөний дүрмийн 27.3-т Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, замын байгууламж, төмөр замын гарам болон хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна гэж заасан. Осол болсон газарт их хэмжээний нүх үүссэн гэдэг нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан. Хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтээс зам ямар байгаа нь харагдаж байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 498 дугаар зүйлийн 498.1-т заасныг баримтлан нийт 8144000 төгрөгийг ******* ХХК-аас нэхэмжилж байгаа гэв. .
2. Хариуцагч ******* ХХК-ийн хариу тайлбар татгалзалын агуулга: ...Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р багийн нутаг дэвсгэрт 2023 оны 03 сарын 15-ны өдөр 11 цагийн үед 31-49 УНЯ улсын дугаартай Honda Civic маркийн тээврийн хэрэгсэл, 23-38 УНЧ улсын дугаартай Toyota land cruiser-200 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Дундговь аймгийн Цагдаагийн газраас зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Шинжээчийн дүгнэлтээр тухайн зам тээврийн осол гарсан гэх авто замын ашиглалтыг хариуцсан байгууллагын холбогдох албан тушаалтан, ажилтан нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 27.3 заасныг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэж дүгнэж, үүний дагуу ******* ХХК-ийн захирал *******ыг 2023 оны 05-р сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. 1,000,000 төгрөгөөр торгосон уг үйлдлийг ******* нь хүлээн зөвшөөрөөгүй тул торгосон шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Дундговь аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Эрүүгийн анхан шатны шүүхээс захирал *******ыг 1,000,000 төгрөгөөр торгосон нь үндэслэлгүй гэж дүгнэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу зөрчлийн улмаас үүсэх гэм хор учруулсан гэм буруутай үйлдэл байх ёстой. Гэтэл манай талын гэм бурууг тогтоосон ямар нэгэн шийтгэвэр, тогтоол байхгүй. 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Эхний удаа гэм бурууг тогтоох боломжгүй учраас дүгнэлт гаргахаас татгалзаж байна гэдэг хариу өгсөн. Хоёр дахь шинжээчийн дүгнэлтээр тухайн зам эвдрэл гэмтэлтэй тул тээврийн хэрэгслийн осолд нөлөөлж болох үндэслэлтэй гэж дүгнэсэн байсан. Үндэслэлтэй гэдэг нь хариуцагч тал буруутай гэсэн дүгнэлт биш, нөлөөлөх үндэслэлтэй юу гэсэн асуулт байсан учраас үндэслэлтэй байх боломжтой гэсэн хариу өгсөн байна. Түүнээс ******* ХХК нь гэм буруутай, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна гэсэн үг, өгүүлбэр шинжээчийн дүгнэлтэд байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэжээ.
3. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ******* ХХК-аас 8144000 төгрөг гаргуулах тухай ******* ойл ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145254 /нэг зуун дөчин таван мянга хоёр зуун тавин дөрөв/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ******* Ойл ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01-р сарын 23-ны өдрийн 310/ШШ2025/00039 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01-р сарын 23-ны өдрийн 310/ШШ2025/00039 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 дахь заалтад "... гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь гэм хор учруулагчийн хууль зөрчсөн үйлдэл (эс үйлдэхүй), түүнээс үүсэх гэм хор тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулсан этгээдийн гэм буруу тогтоогдсон үед үүснэ. ... гэсэн байна. Шүүхээс гэм буруу тогтоогдоогүй байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа тохиолдолд ямар учраас эрх бүхий албан тушаалтан, байгууллага гэм бурууг тогтоогоогүй, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийлгэсэн шинжээчийн дүгнэлт хэрхэн гарсан эсэх талаар шинжлэн судалж дүгнэлт хийх шаардлагатай байсан.
Дундговь аймгийн Прокурорын газрын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1/21, Дундговь аймгийн Цагдаагийн газар 2024 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 40/939 дугаартай албан бичгүүдэд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд зөрчлийн хэрэгт ажиллагаа хийхээр зохицуулагдаагүй тул таны гаргасан хүсэлтийг хүлээн авч тухайн хэрэгт дахин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа авуулах боломжгүй байна. Та өөрт учирсан гэм хорын хохирлыг иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болно гэсэн утга бүхий хариуг бидэнд өгсөн байдаг. Цагдаагийн байгууллага болон Прокурорын газар нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн бодит байдалд нийцээгүй, дутмаг байдлаас үүдэн зөрчил үйлдсэн этгээдэд хариуцлага оногдуулах боломжгүй болсон нь харагдаж байна.
Монгол улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нар суурины гадна, тогтуун цаг агаартай, хуурай, асфальт гадаргуутай, шулуун тэгш, эсрэг урсгалтай, 2 эгнээтэй, үзэгдэх орчин чөлөөтэй, хашлагагүй зам нь 1,3x1,3 метр, 1,5x3,15 метр, 1,6x2,8 метр, 1,25x1 метр, 1,1x1,8 метр хэмжээтэй замын эвдрэл гэмтэлтэй тул тээврийн хэрэгслийн осолд нөлөөлж болох үндэслэлтэй гэх 3223 дугаартай дүгнэлтийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргаж шүүхэд ирүүлсэн. Тус дүгнэлтээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.3- т заасан тухайн замын эвдрэл гэмтлийг хариуцан засварлах үүрэгтэй компани буюу хариуцагч байгууллага зохих ёсоор засвар үйлчилгээ хийгээгүйн улмаас буюу эс үйлдэхүйн улмаас тээврийн хэрэгслийн осол болж, улмаар нэхэмжлэгчид хохирол учирсан гэдэг нь нотлогдсон билээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байх тул Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01-р сарын 23-ны өдрийн 310/ШШ2025/00039 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс хариуцагч компанийг гэм буруутайг тогтоохыг оролдоогүй. Энэ нь тогтоогдохгүйдээ биш тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн юм. Цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад Зөрчлийн тухай хуульд заасан торгох шийтгэлийг буруу оногдуулсан. Энэ нь мэдээж алдаа учраас хүчингүй болгох нь ойлгомжтой зүйл. Хэн нь буруутайг нь тогтоогоод өгөөч гэхээр цагдаагийн байгууллагаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон тохиолдолд дахиад үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах талаар тусгагдаагүй байна гэсэн хариу өгдөг. Үүнийг хуулийн цоорхой гэж хэлбэл илүү тохирох байх. Ийм хуулийн цоорхойгоос болоод гэм буруутай этгээдийг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тэрнээс тогтоогдоогүй биш. Ийм нөхцөл байдалд иргэн бид яах ёстой вэ. Цорын ганц гаргалгаа нь иргэний журмаар явах. ... Миний гол хэлэх гээд байгаа зүйл нь юу юм гэхээр тогтоогдоогүй биш тогтоогдох боломжгүй нөхцөл байдлыг та бүхэн дэлгэрэнгүй судлаад үзээч. Магадгүй шүүх хуралдаанд Прокурорын байгууллагыг гэрчээр оролцуулаад асуух шаардлагатай байжээ гэж миний хувьд одоогийн байдлаар дүгнэлт хийж байна. Шүүгч нар зөвхөн гомдлоор хязгаарлагдахгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэх учраас Прокурорын байгууллагыг гэрчээр оролцуулаад яагаад тогтоогоогүй юм, тогтоогдох боломжгүй нөхцөл байдал байгаа юу гээд явах юм бол хэрэг бас арай ондоо тийшээ шийдвэрлэгдэх боломжтой байсан гэж үзэж байна.... Нэхэмжлэгч байгууллагад хохирол учруулсан үйлдэлд хариуцагч буруутай гэдгийг шинжээчийн дүгнэлтүүд нотлохгүй байна гэж хариуцагч талаас тайлбарлаж байгаа. ... Хариуцагч компани буюу ******* компани тухайн замын засвар үйлчилгээг хариуцаж ажиллаж байсан замын нөхцөл байдал нь энэ осолд нөлөөлсөн байх үндэслэлтэй гэсэн дүгнэлтээ гаргасан. Дээрээс нь Цагаан шонхрын жигүүр гээд дахиад нэг шинжээчийн дүгнэлт байгаа. Энэ дүгнэлтийг хүчингүй болчихсон гэж хариуцагчийн зүгээс маргадаг юм. Гэхдээ эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор гүйцэтгэх захирал Баяртогтоход оногдуулсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон болохоос биш шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгосугай гэдэг шийдвэр гараагүй. Ингэхээр хоёрын хоёр шинжээчийн дүгнэлтээр хариуцагч компани зохих ёсны замын арчилгаа үйлчилгээгээ хийгээгүй байна. Үүнийх нь улмаас нүх тойрох үйлдэл хийж байгаад 2 машин хоорондоо мөргөлдөж, нэхэмжлэгч байгууллагад 8 сая гаран төгрөгийн хохирол учирсан гэдэг л агуулга явж байгаа. Миний хувьд яг үнэнийг хэлэхэд мэдэхгүй байна. Хуулийн цоорхой юм уу, та бүхнээс өөрийн тусгай мэдлэг чадварыг ашиглаад энэ нөхцөл байдалд үнэн бодитой хуулийн хүрээнд дүгнэлт хийгээд өгөөч гэж хүсэж байна. ... Гэм буруу нь тогтоогдох боломжгүй ийм нөхцөл байдал дээр хэн нь хуулиа зөрчсөн юм гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогоод гэм хорын хохирлыг гаргуулаад шийдвэрлэхэд болохгүй зүйл байхгүй гэж үзэж байна. Монгол улсад өнөөдөр хуулиар хориглоогүй бүх зүйлийг зөвшөөрнө гэсэн зарчим үйлчилдэг. Хуулиар хориглоогүй шүү дээ энэ зүйлийг. Гэм буруутай гэж заавал шүүхийн шийдвэр байж байж иргэний хэргийн шүүх гэм хорын хохирлыг гаргуулж өгнө гэсэн хуулийн заалт байхгүй. Магадгүй шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулаад анхан шатны шүүх дээр шийдвэрлэсэн бол илүү бодитой байх байсан гэдэг дүгнэлтэд би хүрээд байгаа. ... Магадгүй анхан шат руу нь буцаачих юм бол энэ хэргийг илүү бодитойгоор шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд манай гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. ******* ХХК-с Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн үндэслэлээр шаардах эрх нэхэмжлэгч талд үүсэх үү гэдэг асуудал яригдах ёстой. ******* ХХК-д Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар бусдад учруулсан гэм хорыг нь арилгах үүрэг үүсээгүй. Анхнаасаа бид хариуцагч биш гэсэн байр суурьтай байсан. Нэхэмжлэгч тал хариуцагчаа буруу тодорхойлсон. Хоёр жолоочийн үйлдэл дээр шинжээч томилох боломжтой юу гэвэл боломжтой. Гэтэл хоёр жолооч ямар ч гэм буруугүйгээр мултарчихаад зөвхөн замын хагархай руу бурууг өгөөд, үүссэн хохирлоо нэхэмжлээд байгаа нь өөрөө үндэслэлгүй. 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гарсан шинжээчийн дүгнэлтэд асуулт нь тухайн замын эвдрэл нь осолд нөлөөлсөн байх боломжтой юу гэхэд тухайн осолд нөлөөлж болох үндэслэлтэй гэсэн. Түүнээс энэ шинжээчийн дүгнэлт авто замын эвдрэл гэмтлээс болоод нэхэмжлэгч талд хохирол учруулсан байна гэдгийг тогтоогоогүй. Тогтоогоогүй зүйлээр хариуцагчийг буруутгаж, нэхэмжлэгч талын автомашинд 8.000.000 төгрөгийн хохирол учирсан байна гэдгийг тогтоох боломжгүй. Хариуцагч талын үйлдлийг буруутгах үндэслэл хэрэгт бусад нотлох баримтаар байхгүй. Цагаан шонхор гэдэг байгууллагын шинжээчийн дүгнэлтээр *******ыг Эрүүгийн хуулийн 27.3 дугаар зүйл дээр буруутай гэж орж ирсэн. Энэ нь эрүүгийн шүүхийн журмаар тухайн шийтгэлийн хуудас хүчингүй болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн дагуу үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ... гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч тал Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р багийн нутаг дэвсгэрт 2023 оны 03 сарын 15 өдөр гарсан зам тээврийн осолд хариуцагч ******* ХХК буруутай үндэслэлээр өөрийн өмчлөлийн 23-38 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол, шинжээчид төлсөн ажлын хөлс нийт 8,144,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч тал тухайн осолд ******* ХХК-г буруутай болохыг тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр байхгүй бөгөөд нэхэмжлэгч тал хариуцагчийг буруу тодорхойлсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
4. Анхан шатны шүүх .. .гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь гэм хор учруулагчийн хууль зөрчсөн үйлдэл /эс үйлдэхүй/, түүнээс үүсэх гэм хор, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулсан этгээдийн гэм буруу тогтоогдсон үед үүснэ. ... нэхэмжлэгч ******* ойл ХХК-ын өмчлөлийн .. 23-38 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хариуцагч ******* ХХК-ын хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдлийн улмаас гэм хор учруулсан шалтгаант холбоо, гэм буруу тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч тал 2023 оны 03 сарын 15 өдөр зам тээврийн осол болсон Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р багийн нутаг дэвсгэрт орших авто замын хэсгийн засвар арчлалтыг хариуцдаг талаараа, мөн тухайн ослоос шалтгаалан нэхэмжлэгч талд 8,144,000 төгрөгийн хохирол учирсан үйл баримтад маргаагүй байна. Маргаан бүхий зам тээврийн осолд замын эвдрэл гэмтэл нөлөөлсөн /буруутай/ болохыг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдсан эсэх, хариуцагч тал тухайн осолд гэм буруутай эсэх нь талуудын маргааны гол зүйл болжээ.
6. Хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 сарын 30 өдрийн 3223 дугаартай шинжээчийн дүгнэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2-д заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж .. зам тээврийн осол нь хариуцагч ******* ХХК-н засвар арчилгаа, үйлчилгээ хариуцан явуулдаг замын хэсгийн эвдрэл гэмтлээс шалтгаалан үүссэн гэдгийг нотлохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ. Өөрөөр хэлбэл хавтаст хэргийн 245-249 дүгээр талд авагдсан шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт тухайн зам нь эвдрэл гэмтэлтэй тул тээврийн хэрэгслийн осолд нөлөөлж болох үндэслэлтэй гэсэн байх боловч осол гарсан газрын аль хэсэгт үүссэн ямар хэмжээний эвдрэл гэмтэл тухайн осол гарахад нөлөөлсөн болохыг нарийвчлан тогтоогоогүй байх бөгөөд зам эвдрэл гэмтэлтэй л бол осолд нөлөөлнө гэх таамаглалаар хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.
7. Мөн хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч ******* ойл ХХК-н өмчлөлийн тээврийн хэрэгсэлд хариуцагч талаас хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан гэм буруу тогтоогдоогүй гэх анхан шатны дүгнэлт үндэслэлтэй байна.
8. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах тухай нэхэмжлэгч талыг гомдлыг хангах үндэслэлгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх зохицуулалттай бөгөөд талууд гэрчээс мэдүүлэг авахуулах, шүүх хуралдаанд шинжээч оролцуулах хүсэлт гаргаагүй байна.
Иймд Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 310/ШШ2025/00039 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 310/ШШ2025/00039 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* ойл ХХК-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нээмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,254 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧИД Г.МӨНХБАТ
Г.БАЯРДАВАА