Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 225/МА2025/00027

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 225/МА2025/00027

 

 

М.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 320/ШШ2025/00434 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.Тийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ШХХК-нд холбогдох

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар багийн 0 дүгээр байрны 0 дүгээр давхрын 0 тоотод байрлах, 54.2м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Т, түүний өмгөөлөгч Б.Батдорж, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2020 оны 0 дүгээрсарын 20-ны өдөр ШХХК болон захирал З.Г, ерөнхий менежер Д.Э нартай уулзан, Мөрөн сумын 0 дугаар багт шинээр баригдаж эхлэж байгаа 0 дүгээр байранд 54.2м2 хоёр өрөө байр авахаар харилцан тохиролцож, 1 метр талбайн үнэ 1,100,000 (нэг сая нэг зуун мянга) төгрөгөөр тооцож, нийт 59,620,000 (тавин есөн сая зургаан зуун хорин мянга) төгрөгөөр бодож гэрээ байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа 20,000,000 (хорин сая) төгрөгийг ШХХК-ийн ерөнхий менежер Д.Эын ХААН банкны 000 тоот дансанд 2020 оны 00 дүгээрсарын 21-ний өдөр шилжүүлэн 2020 оны 3 дугаар улиралд багтаан байрандаа орохоор тохиролцсон. Ингээд заасан хугацаандаа гүйцэтгэгч компани нь орон сууцаа барьж дуусгаагүй 2 жил орчим болсон. 2022 оны 10 дүгээрсард барилгыг улсын комисст хүлээлгэж өгөлгүйгээр тус байранд иргэн Ц гэдэг хүнийг оруулсан байсныг би 2023 оны 9 дүгээр сард мэдсэн. Тэгээд Ц гуайтай 000 утасны дугаараар холбогдож уулзахад 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр манайх мөнгө төлөөд орсон гэж хэлсэн.

Иймээс захиалагч иргэн М.Т миний бие 2020 оны 00 дүгээр сарын 20-ны өдөр буюу хамгийн эхэлж гэрээ байгуулсан хүчин төгөлдөр гэрээтэй тул Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагт байрлах, 0 дүгээрбайр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчдын орон сууцны 0 дүгээр давхрын 0 тоотод 54.2м2 талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. гэжээ.

Хариуцагч ШХХК-ийн захирал З.Г шүүхэд гаргасан тайлбартаа: М.Тийн гаргасан нэхэмжлэлд манай компанид ажиллаж байсан Д.Эын дансанд урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөг хийсэн гэж байна. Урьдчилгаа гэх 20,000,000 төгрөг манай компанийн данс руу орж ирээгүй, мөн уг барилгыг улсын комисс хүлээж аваагүй байгаа. М.Т нь байрны захиалгын гэрээ хийсэн боловч байрны төлбөр төлөөгүй, барилга бүхэлдээ АББСБ-д барьцаанд байгаа тул 0 дүгээр байрны 1 давхрын 2 тоот 54,2мкв орон сууцыг М.Тийн өмчлөлөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь дэмжихгүй. гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Ттэй гэрээ байгуулсан талаар маргах зүйлгүй. Гэхдээ гэрээний үүргээ биелүүлсэн эсэх нь эргэлзээтэй байгаа. Байрны урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөгийг М.Т өөрөө төлсөн тухай баримт байхгүй. Мөн тухайн маргааны зүйл болох байранд дүр үзүүлж захиалгын гэрээ байгуулсан н.Дыг өмчлөгчөөр тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байна. Тус байрны өмчлөгчөөр М.Тийг тогтоосон ч биелэгдэх боломжгүй, тэрээр гэрээний үүргээ зөрчиж, төлбөр төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 320/ШШ2025/00434 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Тийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 дүгээрбайрны 0 дүгээрдавхрын 0 тоотод байрлах, 54.2м.кв талбайтай, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ШХХК-иас тус орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 20,000,000 (хорин сая) төгрөг гаргуулан, нэхэмжлэгч М.Тд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 456,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ШХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 247,950 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч М.Тд олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г давж заалдах гомдолдоо: ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээ-нд үндэслэн зөвхөн Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай гэж тодорхойлон улмаар гэрээний үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг төлжээ.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан үйл баримтад маргадаггүй боловч нэхэмжлэгч гэрээнд заасан төлбөрөө төлсөн эсэх, мөн уг маргааны зүйл болох орон сууцны өмчлөгчөөр иргэн М.Д нь урьд шүүхэд нэхэмжлэл гаргах замаар өмчлөгч болохоо тогтоолгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй тул нэг эд хөрөнгө дээр хоёр өмчлөгч буюу хоёр шүүхийн шийдвэр гарах боломжгүй гэх үндэслэлээр маргасан.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэх боловч нэхэмжлэлийн шаардлагаас хальж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад огт байхгүй 20,000 ,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд Анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 00434 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад заасан хариуцагчаас 20,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч М.Т ШХХК-нд холбогдуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 дүгээрбайрны 0 дүгээрдавхрын 0 тоотод байрлах, 54.2м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч ...Урьдчилгаа гэх 20,000,000 төгрөг манай компанийн данс руу орж ирээгүй, мөн уг барилгыг улсын комисс хүлээж аваагүй байгаа, М.Т нь байрны захиалгын гэрээ хийсэн боловч байрны төлбөр төлөөгүй, барилга бүхэлдээ АББСБ-д барьцаанд байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх маргааны зүйл болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 дүгээрбайрны 0 дүгээрдавхрын 0 тоотод байрлах, 54.2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр М.Дыг тогтоосон Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 155/ШШ2024/00264 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч хариуцагчаас 20,000,000 /хорин сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч М.Т нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Гэрээний дагуу урьдчилгаа 20,000,000 (хорин сая) төгрөгийг ШХХК-ийн ерөнхий менежер Д.Эын ХААН банкны 000 тоот дансанд 2020 оны 0 дүгээрсарын 21-ний өдөр шилжүүлэн 2020 оны 3 дугаар улиралд багтаан байрандаа орохоор тохиролцсон. ...2022 оны 10 дүгээрсард барилгыг улсын комисст хүлээлгэж өгөлгүйгээр тус байранд иргэн Ц гэдэг хүнийг оруулсан байсныг би 2023 оны 9 дүгээр сард мэдсэн. ...Иймээс захиалагч иргэн М.Т миний бие 2020 оны 0 дүгээрсарын 20-ны өдөр буюу хамгийн эхэлж гэрээ байгуулсан хүчин төгөлдөр гэрээтэй тул Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагт байрлах, 0 дүгээрбайр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчдын орон сууцны 0 дүгээрдавхрын 0 тоотод 54.2 м2 талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. гэх агуулгаар тодорхойлсон байна.

Гэтэл шүүх Хариуцагч буюу гүйцэтгэгч ШХХК нь Орон сууц захиалгын гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.5-д заасан үүргээ зөрчиж, дээрх орон сууцыг М.Д, М.Т нарт давхардуулан олгохоор Орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-д заасны дагуу нэхэмжлэгчид орон сууцыг шилжүүлэх боломжгүй тул урьдчилгаа төлбөрт төлсөн 20,000,000 (хорин сая) төгрөгийг хариуцагчаас гаргуулж, түүнд олгох үндэслэлтэй... гэж дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх зарчмыг зөрчсөн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй. гэж заасан бөгөөд нэхэмжлэгч 20,000,000 (хорин сая) төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардлагаа тодорхойлоогүй, энэ байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...нэхэмжлэлийн шаардлагаас хальж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад огт байхгүй 20,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч ШХХК-иас тус орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 20,000,000 (хорин сая) төгрөг гаргуулан, нэхэмжлэгч М.Тд олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М.Т нь орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 20,000,000 (хорин сая) төгрөгийг ШХХК-иас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Ц.Гын давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 320/ШШ2025/00434 дүгээр шийдвэрийн Тогтоох нь: хэсгийн 1 дэх заалтын ...хэрэгсэхгүй болгож, хариуцагч ШХХК-иас тус орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 20,000,000 (хорин сая) төгрөг гаргуулан, нэхэмжлэгч М.Тд олгосугай. гэснийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын ...хэвээр үлдээж, хариуцагч ШХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 247,950 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч М.Тд олгосугай гэснийг хэвээр үлдээсүгэй. гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 /хоёр зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                Р.ҮҮРИЙНТУЯА

Н.БАЯРХҮҮ