| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 320/2025/00571/И |
| Дугаар | 225/МА2025/00030 |
| Огноо | 2025-09-19 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 225/МА2025/00030
2025 09 19 225/МА2025/00030
Б.Ж, Д.Д нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 320/ШШ2025/00712 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.Ж, Д.Д нарын нэхэмжлэлтэй,
Хамтын амьдалтай байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Жы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ж, түүний өмгөөлөгч Б.Амаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ж миний бие 1994 онд Шын Э гэх хүнтэй хууль ёсны гэр бүл болж, дундаасаа нэг хүүхэдтэй болсон. 2000 онд гэр бүлээрээ Улаанбаатар хотод ажиллаж, амьдрахаар шилжиж, 2003 он хүртэл хамт амьдарч байгаад Ш.Э нь Төв аймгийн Заамар сум руу ажиллахаар яваад буцаж ирээгүй.
...Ингээд 2009 онд нөхөр болох Д.Дтойгоо ойр дотно харилцаатай болж, 2010 оны 8 дугаар сарын 27-ны өдөр нөхөр Д.Дтой нэг гэрт орсон. Тэгээд одоог хүртэл хамтдаа малаа маллан амьдарч байна. Нөхөртэйгөө гэрлэлтээ батлуулах гэсэн боловч хүүгийн минь аав Ш.Этай холбогдож чадахгүй, олдохгүй байсан тул өмнөх гэрлэлтээ цуцлуулж чадаагүй. Тэгж хайж сурагласаар байгаад Ш.Эг олсон боловч шил, лааз түүж хэцүү амьдарч байсан тул хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гээд гэрлэлтээ цуцлуулахгүй орхиж байсан. Тэгээд одоо амьдарч байгаа нөхөртэйгөө албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлэх шаардлагатай байна гэж дахин дахин холбогдож 2024 оны зун ургийн баярт оролцохоор ирэхэд нь Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргах шаардлагатай байдаг юм байна гэхэд өөрөө хүсэлт бичиж өгснөөр 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ш.Эаас гэрлэлтээ цуцлуулж, тус оны 10 дугаар сарын 02-ны өдөр нөхөр Д.Дтой албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Гэрлэлтээ цуцлуулангуутаа маргааш нь нөхөртэйгөө шууд гэрлэлтээ бүртгүүлсэн шалтгаан нь малчин даатгуулагчаар тэтгэвэр тогтоолгохоор Нийгмийн даатгалын газарт хандахад малын А данс нөхрийн нэр дээр хөтлөгддөг учир таны нэр дээр ямар ч баримт байхгүй, иймд шүүхэд хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсний дагуу шүүхэд хандсан
Иймд нөхөр Дын Д бид нарыг Хөвсгөл аймгийн Ш сумын Баруун Хгэх газар 2010 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож өгнө үү... гэжээ.
Хамтран нэхэмжлэгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1985 онд Мын Отэй гэр болж хамт амьдарч байгаад 2007 оны 12 дугаар сард эхнэр минь бурхан болсон. Үүнээс хойш 2009 оныг хүртэл ганцаараа малаа маллаж амьдарч байгаад одоогийн эхнэр Б.Жтай танилцаж, 2010 оны 8 дугаар сарын 27-ны өдөр нэг гэрт орсон. Түүнээс хойш одоог хүртэл Хөвсгөл аймгийн Шсумын 4 дүгээр баг Баруун Хгэх газартаа малаа маллаж амьдарч байна. Одоо эхнэр Б.Ж маань өндөр насны тэтгэвэрт орох болтол малын А данс миний нэрээр хөтлөгдсөний улмаас тэтгэвэрт орох боломжгүй болоод байгаа юм.
Иймд эхнэр Б.Жтай намайг 2010 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч Б.Жы өмгөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нөхөр Б.Дтойгоо яагаад хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох хэрэгцээ, шаардлага үүссэн бэ гэхээр хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу малчин даатгуулагчаар өөрийн мал маллаж байсан хугацаагаа тооцуулж эрх зүйн харилцаанд оролцохыг хүссэн. Гэтэл өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор нийгмийн даатгалын байцаагчтай уулзтал малын А данс өрхийн тэргүүлэгчээр хөтлөгдсөн байх бөгөөд хамт мал маллаж байсан гэдгийг тогтоох хангалттай баримт байхгүй. ...Хэрэгт авагдсан малын А дансны баримтуудад малчин эмэгтэй 1 гэсэн бичиглэл нь 15 жилийн турш хамт амьдарч байгаа нэхэмжлэгч Б.Жыг илэрхийлж байгаа. Өдийг хүртэл мал малласныхаа үр шимийг хүртэж, нийгмийн даатгалын хөнгөлөлттэй нөхцөлөөр орох нөхцөл байдал нь үүссэн хэдий ч гэрлэлт бүртгэлтэй, бүртгэлгүй гэсэн асуудал үүссэнээс шалтгаалаад одоог хүртэл тэтгэвэртээ орох боломжгүйд хүрээд байна.
Иймд Б.Ж, Д.Д нарыг 2010 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож өгнө үү. 2010 онд хамт амьдарч байсан гэдгийг А дансны 39-59 насны эмэгтэй 1 гэх бүртгэл, малаа тоолуулж бүртгүүлж байсан баримт зэрэг, ингэхдээ бүртгэлийг насны байдлаар бүртгэж байсан шалтгааныг нь үзэхэд өрхийн тэргүүлэгчээр мал бүртгэгддэг. Энэ нь насны үзүүлэлтээр судалгаа, мэдээлэл гардагтай холбоотой. Шүүх шийдвэрээ гаргахдаа малын А дансанд авагдсан гишүүдийн мэдээллийг харьцуулан дүгнэлт хийж шийдэж өгөөсэй гэж хүсэж байна... гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 320/ШШ2025/00712 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Х Бгийн Ж (............), Б Дын Д (................) нарын 2010 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Жы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.Ж давж заалдах гомдолдоо: ...намайг өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй эрх зүйн мэдлэг дутмаг, амьдралын нөхцөл боломж ядруухан, хүнд хэцүү байдалд байсны улмаас өмнөх нөхрийн хаана байгаа хаягийг тодруулж чадалгүй, гэрлэлтээ цуцлуулж чадаагүй байдлыг зөвтгөж болохгүй ч гэсэн миний 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл нөхөр Дтой гэр бүлийн харилцаатай болж амьдарч байсныг, мал маллаж аймаг, улсын аварга малчин болох хүртлээ хөдөлмөрлөж зүтгэж байсныг хэн ч үгүйсгэж чадахгүй. Хуулиар өмнөх гэрлэлтээ цуцлуулалгүй өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болж хамтын амьдралтай байж болохгүй гэж хуулиар хориглоогүй.
Хүний амьдралын хийж бүтээсэн цаг хугацаа, он жилүүдийн хөдөлмөр зүтгэлийг өмнөх гэрлэлтээ цуцлуулалгүй тул гэх үндэслэлээр эрх зүйн байдлыг дордуулж өөр хүнтэй гэр бүл болж хамтын амьдралтай байсныг, амьдарч, ажиллаж хөдөлмөрлөж байсан он жилүүдийг минь үгүйсгэж эрх зүйн байдлыг минь дордуулж шийдэж байгаад гомдолтой байна.
Миний нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгч Б.Ж, хамтран нэхэмжлэгч Д.Д нарыг хамтын амьдралтай байсан талаар тогтоож шийдвэрлэснээр нэхэмжлэгч миний 2010 оны 8 сарын 27-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл мал маллаж ажиллаж хөдөлмөрлөж байсан байдлыг тогтоох, малчин даатгуулагчийн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогоолгох эрх ашиг сэргэх, дараагийн эрх зүйн харилцаанд орох боломж бүрдэх байсан юм.
Учир нь 2010 оноос 2024 он хүртэлх мал толлого нь яамнаас батлагдсан маягт бүхий хуудсаар тоологдож, бүртгэгдэж байсан. Уг маягт буюу А дансны баримтуудад өрхийн тэргүүний нэр бичигдэж байснаас биш, гэр бүлийн гишүүдийн нэрийг бичиж тэмдэгжүүлж байгаагүйн улмаас өрхийн тэргүүн л ганцаараа мал маллаж байсан мэт ойлголт өгөх тийм баримт байгаагийн улмаас Б.Ж миний нэр мал толлогын А дансны бүртгэлийн баримтад эмэгтэй малчны тоо, насыг л бичсэнээс өөрөөр нэр бичигдээгүй байгаагаас Б.Ж намайг Дтой мал маллаж байсан байдал тогтоогдохгүй байдалд хүрч малчин даатгуулагчийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон тул би шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргах болсон.
Өөрөөр хэлбэл би 2010 оны 8 сарын 27-ны өдрөөс 2024 оны 10 сарын 02-ны өдрийг хүртэл нөхөр Д.Дтой Хөвсгөл аймгийн Шсумын 4-р баг Б Хгэх газар жилийн дөрвөн улиралд мал маллаж байсны хувьд бодит эзэмшил нь зөрчигдөөгүй боловч өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзэж эрх зүйн нөхцөл байдлыг тодорхойлуулахаар нэхэмжлэл гаргасан. Миний хувьд энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь эрх зүйн нөхцөл байдлыг тодорхойлуулах нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж байгаа.
Гэвч анхан шатны шүүх хамтын амьдралтай байсныг тогтоолгох хууль зүйн үндэслэл байхгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 сарын 19-ний өдрийн 320/ШШ2025/00712 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.
1.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шалгаж, үнэлэх талаар хуульд заасан журмыг хэрэгжүүлээгүй, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах байдлаар шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2.Нэхэмжлэгч Б.Ж нь нөхөр Д.Дтой 2010 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Д хамтран нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлт гаргаж, нэхэмжлэгч нар 2010 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгохоор шаардлагаа тодруулсан байна.
Шүүх ...Б.Ж нь хамтран нэхэмжлэгчээс өөр иргэнтэй нэхэмжлэлийн шаардлагын хугацаанд буюу 2010 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд гэрлэлт бүртгэлтэй, уг гэрлэлтээ 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр захиргааны журмаар цуцалсан байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч, хамтран нэхэмжлэгч нарыг хамтын амьдралтай байсныг тогтоох нь хууль зүйн үндэслэлгүй... гэх байдлаар дүгнэлт өгч, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.
Учир нь нэхэмжлэлд дурдсан үйл баримтаар нэхэмжлэгч Б.Ж нь малчин даатгуулагчаар тэтгэвэр тогтоолгох зорилгоо хэрэгжүүлэхээр Д.Дтой хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох шаардлага гаргаж шүүхэд хандсан байна.
Иймд шүүх нэхэмжлэгчийн гэрлэлт бүртгэлтэй эсэхэд дүгнэлт өгөх бус хамтын амьдралтай байсан гэх хугацааны хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбар зэргийг тал бүрээс нь бүрэн, бодиттойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт өгөх учиртай.
3.Хэргийн 121 дүгээр талд авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Дын Д нь Хөвсгөл аймгийн Шсумын 4-р багт 2009 онд нийт 564 мал тоолуулсан байх ба уг баримтын 2010 он гэж тэмдэглэсэн малын орлого, зарлагын хөдөлгөөн гэсэн хэсэгт нийт 807 мал тоолуулжээ.
Өөрөөр хэлбэл 2010 оны жилийн эцсээр тоолуулсан малын тоо нь өмнөх оныхоос 243 толгой малаар нэмэгдэж өөрчлөгдсөн, хэргийн 57 дугаар хуудсанд ...бид хоёр амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн тул 400 толгой малаа хоёр талаасаа нийлүүлж малаа маллан өсгөж байсан... гэх хүсэлт байгааг шүүх маргааны үйл баримттай уялдуулан харьцуулах байдлаар шалгаж тодруулаагүй, мөн хэргийн 121-147 дугаар талд авагдсан 2010-2023 оны мал тооллого буюу мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын ...малчдын тоо 2, үүнээс эмэгтэй 1, 35-59 насны... гэж бүртгэлд бүртгүүлж байсан, нэхэмжлэгч Д.Дийн өмнөх гэрлэлт дуусгавар болсны лавлагаа /хх-н 49-р тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтад дүгнэлт хийгээгүй байна.
2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 03-07/4372 дугаартай Үндэсний төв архивын лавлагаанд: Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 133 дугаар хуудсанд: Хөвсгөл аймгийн Шсумын Б, 3 дугаар багийн Б Хийн ард оршин суугч: өрхийн тэргүүн Б ургийн овогт Дын Д, эрэгтэй, … оны …. сард төрсөн, … настай, малчин, эхнэр Хариад ургийн овогт Бгийн Ж, 1974 онд төрсөн, 36 настай, хүү Дийн М. онд төрсөн, 14 настай гэж бүртгэгдсэн талаар дурджээ.
Түүнчлэн Б.Ж Д.Д нарыг 2010 оноос эхлэн хамтран амьдарч мал маллаж байсан талаар гэрч Д.Ч, Д.Т, Н.Б, Б.Ч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой мэдүүлсэн байгааг шүүх анхаарч үзээгүй байна.
4.Нэхэмжлэгч нь гэрлэлтийн харилцаанаас үүсэх тэтгэвэр, тэтгэмжтэй холбогдуулан бус өөрийн ажиллаж байсан байдлаа нотлох зорилгоор Д.Дтой хамтран амьдарч байснаа тогтоолгох шаардлага гаргасан, дээрх шаардлага нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул түүний давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 320/ШШ2025/00712 дугаар шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Х Бгийн Ж (…................), Б Дын Д (…..........) нарын 2010 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан байдлыг тогтоосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Жы давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ
ШҮҮГЧИД Б.СОСОРБАРАМ
Л.ЭРДЭНЭБАТ