Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 225/МА2025/00029

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 225/МА2025/00029

 

 

 

Б.Мы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 320/ШШ2025/00461 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Мы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох,

Ажилгүй байсан хугацааны 43 сарын цалин 91,603,932 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Мы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө, Б.Б, Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Б овогтой М нь ХТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хууль бусаар ажлаас халагдаж шүүхэд нэхэмжлэл гаргаж ажилд нь эгүүлэн тогтоох 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №01 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ХТ2020/00537 дугаартай тогтоолоор ажилд нь эгүүлэн тогтоосон юм.

Иймд Б.М нь би 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 14 сарын цалин, 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 29 сарын цалин бүгд 43 сарын цалинг нэхэмжилж байна.

ХТӨХК-д ажиллаж байсан сүүлийн 3 сарын дундаж цалин 2018 оны 4 дүгээр сард 1,625,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сард 1,650,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сард 3,140,972 төгрөг, бүгд 6,390,972 төгрөгөөс 3 сарын дундаж цалин нь 2,130,324 төгрөг х 43 сар= 91,603,932 төгрөг болж байна.

Б.М би ажилгүй байсан хугацааны 43 сарын цалин 91,603,932 төгрөгийг ХТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс нэхэмжилж байна. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө, Б.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...ХТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Б.Мг тус компанийн гүйцэтгэх захирлаар томилон ажиллуулж байсан. Нэхэмжлэгч Б.Мг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар тогтоолоор ажилд эгүүлэн томилсон бөгөөд ...Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Б.Мг албан үүргээ гүйцэтгэх үедээ хууль бусаар хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал бий болгосон нь тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн болно.

...Тухайн үед эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан бөгөөд эцэслэн шийдвэрлэгдэж тогтоол гараагүй байсан. Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 235 дугаар шийтгэх тогтоолоор Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож Б.Мг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,500,000 торгох ял оногдуулж шийтгэсэн байна.

Мөн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаартай албан бичигтэй танилцахад Б.М нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр насны тэтгэвэр тогтоолгосон байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 320/ШШ2025/00461 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасныг тус тус баримтлан ХТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох нэхэмжлэгч Б.Мы ажилгүй байсан хугацааны 43 сарын цалин 91,603,932 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 615,969 (зургаан зуун арван таван мянга есөн зуун жаран ес) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.Мд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.М давж заалдах гомдолдоо: ...шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Б.М би хууль бусаар ажлаасаа халагдаж шүүхэд нэхэмжлэл гаргаж ажилд эгүүлэн тогтоох 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №01 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ХТ2020/00537 дугаартай тогтоолоор мөн ажилд эгүүлэн тогтоосон.

Гэтэл ХТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь шүүхийн шийдвэр биелүүлэхгүй хууль зөрчиж намайг өнөөдрийг хүртэл ажилд эгүүлэн тогтоохгүй байгаа учир ажилгүй байсан хугацааны цалин 2022 оны 06-р сарын 26-ны өдрөөс 2024 оны 12-р сарын 26-ны өдөр хүртэл 30 сарын цалин 63,909,720 төгрөгийг нэхэмжилсэн боловч 60 нас хүрсэн, өндөр насны тэтгэвэр авдаг, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэдэг үндэслэлээр миний цалинг өгөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, нэг талыг барьсан буруу шийдвэр гарсан тул давж заалдах гомдол гаргаж байна.

1.ХТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь шүүхийн шийдвэр биелүүлээгүй.

2.Ажил олгогч нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тогтоол, шийдвэр гараагүй, 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авч байгаа гэсэн боловч тэтгэвэрт орох болсон тухай ажлаас чөлөөлөх тогтоол, шийдвэр гараагүй байгаа учир гомдол гаргаж байна.

Иймд Б.М миний ажилгүй байсан хугацааны 30 сарын цалин 63,909,720 төгрөгийг ХТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргуулж өгөхийг хүсэж байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

2.Нэхэмжлэгч Б.М нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 14 сарын цалин, 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 29 сар, нийт 43 сар ажилгүй байсан хугацааны цалин 91,603,932 төгрөг нэхэмжилсэн байх ба хариуцагч ХТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрчээ. 

3.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4.Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хуулийг агуулга, зорилгод нь нийцүүлэн, оновчтой зөв хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны байх шаардлага хангасан гэж үзэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангасан гэж үзэх үндэслэл болно.

5.Нэхэмжлэгч Б.М нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ХТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн байх ба түүнийг Хөвсгөл айгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №01 дүгээр магадлалаар урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосныг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ХТ2020/00537 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн.

6.Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 152 дугаар шийдвэр, Хөвсгөл айгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар магадлалаар 2019 оны 05 дугаар сарны 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх 19 сарын цалин хөлстэй тэнцэх олговор 16,809,270 төгрөгийг ХТӨХК-аас гаргуулж нэхэмжлэгч Б.Мд олгохоор шийдвэрлэсэн байна.

7.Дээрх шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д ...нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана: ...65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн ...шийдвэр ...байгаа гэж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т Зохигч ...шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй. гэж тус тус зохицуулсан тул нэхэмжлэгчийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор дахин нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

8.Нэхэмжлэгч Б.М нь Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын газарт өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаснаар 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн түүнд нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг тогтоож, тэтгэвэр олгож эхэлжээ.

Нэхэмжлэгч Б.М нэгэнт өндөр насны тэтгэвэр тогтоолгож, тэтгэврийн буюу нийгмийн даатгалын эрх зүйн харилцаа бодитой үүссэн учир түүнд төрийн албан хаагчийн цалин хөлс олгох үндэслэлгүй тул түүний 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий гэж үзнэ.

9.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцжээ.

10.Мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Мы давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 320/ШШ2025/00461 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгч Б.Мы давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 477,499 /дөрвөн зуун далан долоон мянга дөрвөн зуун ерэн ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД Р.ҮҮРИЙНТУЯА

Б.СОСОРБАРАМ