Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 1226

 

  2019         08         02                                       2019/ШЦТ/1226

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Э.Ундраххэрлэн,

шүүгдэгч Б.И  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.И д холбогдох эрүүгийн 1906 02083 0296 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.И, /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.И  нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хавдар судлалын үндэсний төвийн автобусны буудлын урд замд "Hyundai Aerocity" маркийн 83-18 УНН улсын дугаартай "Зайсан-Офицеруудын ордон" чиглэлийн автобусыг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг ...тохируулан сонгож явна." гэсэн заалтыг зөрчсөний улмаас тус автобусанд зорчин явсан зорчигч Д.Ц  нь унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.И  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Халдвартын эмнэлгээс Офицеруудын ордон чиглэлд явж байгаад явган хүний гарцны наана түгжрээд явж байтал урдуур хүүхэд гүйгээд урд байсан машин огцом тоормослоод би дагаж тормос гишгэсэн. Настай хүн сул барьж явсан юм шиг байна лээ. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 12-13 дугаар хуудас/,

Ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 14-18 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар хураан авсан камерын бичлэгт үзлэг хийсэн тухай
тэмдэглэл /хэргийн 21-22 дугаар хуудас/,

Хохирогч Д.Ц ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний бие...гадуур хувиин ажилтай явж байгаад өдөр 18 цагийн орчим гэртээ харихаар БЗД-ийн 18 дугаар хороо Хавдар судлалын автобусны буудлын өмнө 83-18 УНН улсын дугаартай "Офицеруудын ордон-Зайсан" чиглэлийн автобусанд суусан юм. Би уг автобусанд ороод сандал дээр суулгүй явж байтал уг автобусны жолооч БЗД-ийн 14 дүгээр хороо "Сандей" плаза худалдааны төвийн урд очоод их огцом тоормос гишгэсэн. Тэгтэл миний бие жолоочийн ард талын дугуйны хүрээ хэсэгт маш хүчтэй унасан. Би уначхаад уг автобусны жолоочид би гэмтчихлээ гэж хэлэхэд уг автобусны жолооч юмнаас барьж явахад яадаг юм гээд загнаад байсан. Ингээд би явсаар байгаад Хурдын автобусны буудал дээр буугаад хүүхдээ дуудсан. Би хүүхэдтэйгээ уулзчихаад шууд Интермэд эмнэлэг орж үзүүлэхэд миний баруун гарын атгаал чөмөгний толгой хэсгээр 1 удаа хугарсан байсан. Ингээд би гэмтлийн эмнэлгийн гар сарвууны тасагт хэвтэн эмчлүүлсэн, дахин мэдүүлэгт...жолооч эмчилгээний зардалд нэг сая гурван зуун мянган төгрөг бэлнээр өгсөн, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг. /хэргийн 25-31 дүгээр хуудас/,

Иргэний хариуцагч Г.М ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ““Hyundai aerocity" маркийн 83-18 УНН улсын дугаартай автобус нь Эмсид ХХК-ний нэр дээр бүртгэлтэй байдаг. 2019 оны 03 дугаар сарын 25-ны 18 цаг өнгөрч байхад автобусан дотор хүн унасан талаар мэдсэн. ...жолооч Итгэл хохирлоо өөрөө төлсөн болно.” гэх мэдүүлэг. /хэргийн 35 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн ¹3944 дүгнэлтэд “Д.Ц ийн биед баруун атгаал ясны хүзүү хэсгийн бяцарсан хугарал, дагзны хуйхны зулгаралт, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хэргийн 45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.И  нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хавдар судлалын үндэсний төвийн автобусны буудлын урд замд "Hyundai Aerocity" маркийн 83-18 УНН улсын дугаартай "Зайсан-Офицеруудын ордон" чиглэлийн автобусыг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг ...тохируулан сонгож явна." гэсэн заалтыг зөрчсөний улмаас тус автобусанд зорчин явсан зорчигч Д.Ц  нь унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.И д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Б.И д холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Б.И д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.И  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.