| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 102/2023/01321/И |
| Дугаар | 210/МА2025/01175 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/01175
*******-ын *******ны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Энэбиш, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******-ын *******ны нэхэмжлэлтэй,
*******-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлсэн 993,448,767 төгрөг гаргуулах тухай үндсэн, гэрээний хугацааг сунган байгуулах болон барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авч өгөхийг нэхэмжлэгчид даалгах, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн гэрээ дүгнэсэн актыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
...2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр *******-тай эв нэгдлийн өргөө барих асуудлаар гэрээ байгуулсан боловч хариуцагч нь өөрөө ямарваа нэгэн үйлдэл хийхгүй байсаар 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр дахин тухайн барилга барих ажил гүйцэтгэх гэрээг сунгасан байдаг. Барилгын газар шорооны ажлын суурийг 2021 онд багтаан хийж гүйцэтгэнэ гэсэн боловч хариуцагч огт хийж гүйцэтгээгүй. Улмаар 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тооцоо нийлсэн буюу гэрээ дүгнэсэн акт дээр нийтдээ 662,299,178 төгрөгийг хоорондоо өгч авсан гэдэг дээр тооцоо нийлсэн.
2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 271 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд хариуцагчийн захирал ******* 330,299,178 төгрөг бэлнээр авсан гэдгээ өөрөө гэрчийн этгээдээр орж байхдаа мэдүүлэг өгсөн байдаг. Мөн дээрээс нь 120,000,000 төгрөгийг *******-ийн дансанд шилжүүлсэн. Эдгээр баримтуудаас гадна хавтаст хэргийн 11-12 дугаар талд 166,000,000 төгрөг, 496,299,178 төгрөгийн төлбөрийн баримтуудыг гаргаж өгсөн байдаг. Хариуцагчийн өөрийн гаргаж өгсөн гэрээний 5 дугаар зүйлд ажил гүйцэтгэлд тавигдах чанар ба бусад гүйцэтгэлийн шаардлага гэдэг дээр ажил гүйцэтгэгч нь тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөлтэй байна гэж заасан. ******* нь өнөөдрийг хүртэлх шүүх хуралдаанд барилга барих тусгай зөвшөөрлийг гаргаж өгөөгүй. Нэг ёсондоо барилга барих эрхтэй этгээд байгаагүй. ...Иймд, гэрээний үүрэгт 662,229,178 төгрөг, алданги 331,219,589 төгрөг, нийт 993,448,767 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
...Захиалагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж гүйцэтгэгч нэхэмжлэгч талын яриад байгаа газар дээр барилга барих нөхцөл бүрдээгүй юм.
Нэгдүгээрт, барилгыг барьж эхлэхийн тулд техникийн дүгнэлтүүд гарч түүнд үндэслээд барилгын ажлын зураг гарах ёстой. Энэ барилгын ажлын зураг хийгдээгүйгээс шалтгаалаад 2020, 2021 онуудад ковидын нөхцөл байдлаас болоод удааширч байна гээд гэрээг сунгаад 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор ажлыг гүйцэтгэхээр байсан боловч барилгын ажлын зураг нь гарахгүй батлагдахгүй явсаар байгаад 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр барилгын ажлын зураг нь албан ёсоор батлагдсан. 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр барилгын газрыг хүлээлгэж өгсөн боловч барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл одоо болтол авагдаагүй, ...захиалагч тал Барилгын тухай хуулийн дагуу барилга барих зөвшөөрлийг авдаг. Эдгээр нөхцөл байдал бүрдээгүй учраас гэрээг цуцлах үндэслэл бүрдээгүй гэж үзэж байгаа юм.
Хоёрдугаарт, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тухай: *******-ын ны эрх барих дээд байгууллага нь үйлдвэрчний эвлэлийн тухай хууль болон төрийн бус байгууллагын тухай хуульд заасны дагуу тэргүүлэгчид нь тухайн төрийн бус байгууллагын эрх барих дээд байгууллага нь байгаа гэж харагдаж байгаа юм. Гэтэл ******* гэж хүн гэрээг цуцлах мэдэгдэл өгөөд шүүхэд хандаад байгаа юм. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт гишүүнчлэлтэй төрийн бус байгууллагын дүрэмд өөрөөр заагаагүй бол түүний эрх барих байгууллага нь энэ хуулийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрх бүхий удирдах зөвлөл байна гэж заасан. Иймд, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.
Гуравдугаарт, ...Хариуцагч компанийн зүгээс 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 120,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг дансаар орж ирснийг үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин бэлнээр болон чекээр үндэслээд зээл хэлбэрээр гээд байгаа 537,298,178 төгрөгийг бол огт зөвшөөрөхгүй. Үүнийг хүлээлгэж өгсөн, баримт үйлдсэн, зээлээр гээд байгаа бол энэ хооронд хийгдсэн зээлийн гэрээ баримт огт байхгүй. Гэрээний урьдчилгаанд нийт гэрээний үнийн дүнгийн 30 хувийг олгох ёстой, энэ үүрэг ч биелэгдээгүй байна. Захиалагч гэрээгээр хүлээсэн болон Барилгын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс үндсэн гэрээний харилцаа хэрэгжих боломжгүй болсон тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
*******-ын болон *******-ийн хооронд байгуулсан эв нэгдлийн өргөө барих барилгын ажил гүйцэтгэх гэрээний хугацааг 1 жил 8 сарын хугацаагаар сунган байгуулахыг нэхэмжлэгчид даалгуулах шаардлагыг гаргаж байна.
...Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 28 дугаар зүйлийн 28.2 дах хэсэгт заасны дагуу барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг гүйцэтгэгч эрх бүхий байгууллагаас авч өгөхийг нэхэмжлэгчид даалгах гэсэн шаардлага байгаа. Одоог хүртэл энэ зөвшөөрөл гараагүй байгаа учраас зөвшөөрлийг авч манайд өгч ажлаа эхлүүлмээр байна.
...талуудын хооронд 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн гэрээ дүгнэсэн актаар 662,299,178 төгрөгийг хүлээлцсэн гэсэн агуулга ярьж, энэ баримтыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлага бий болгоод байгаа учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн *******-ын болон *******-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ дүгнэсэн актыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох гэсэн ийм 3 шаардлага гаргаж байна. Энэ гурван шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа. ...Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж байна гэжээ.
4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
Хариуцагч нь барилга барих тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж. Барилгын тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуулиар барилга барих этгээд нь заавал тусгай зөвшөөрөлтэй байхыг шаардаж байна. Барилга барих тусгай зөвшөөрөлгүй, үйл ажиллагаа явуулах эрхгүй этгээдээр барилга бариулах ямар ч боломж бололцоо байхгүй учраас гэрээний хугацааг сунгахыг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь ямар ч үндэслэлгүй.
Нэгэнт барилга барих тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжид бид тэр зөвшөөрлийг авч өгөх ямар ч шаардлага үндэслэл бүрдэхгүй. ...Тийм учраас 1 болон хоёрдугаар сөрөг нэхэмжлэлийг хүлээж авах үндэслэл байхгүй байна.
...*******-ийн хуулийн этгээдийн гэрчилгээнд 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс ******* нь өнөөдрийг хүртэлх хугацаанд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байна. Тэгэхээр энэ өдөр ******* гэдэг хүн төлөөлөөд өөрөө очоод гарын үсэг зурж байгаа үйлдэл. Гарын үсэг зурахдаа өөрөө хуулийн этгээдээ төлөөлөөд тамга дарагдсан. Энэ тамга нь хэдэн онд яаж хийгдсэн гэдгийг бол нэхэмжлэгчийн зүгээс тухайн үед тодруулах шаардлагагүй. Иргэний хуулийн 466 дугаар зүйлд тооцоо нийлэх акт, тооцоо нийлэх гэдэг маань хоёр талаас ямар ч байсан хэдүүлээ барилга барих гээд байгаа юм байна, урьдчилгаанд бид та нарт 662,999,178 төгрөг өгсөн, мөн үү ******* оо, тэгвэл тооцоо нийлье гээд л тооцоо нийлсэн. Мөн Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт тодорхой заагаад өгчихсөн байдаг. Хэлцэл хийгч этгээд нь хүсэл зоригоо бичгээр илэрхийлэх буюу тооцоо хийхдээ илэрхий алдаа гаргасан нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй бөгөөд ийм алдааг гаргасан этгээд түүнийгээ засах эрхтэй байна гэж заасан. Тамга дарж байна гэдэг чинь хүлээн зөвшөөрч байна, хэзээ байх нь хамаагүй. 2016 оноос 2025 оныг хүртэл 9 жилийн хугацаанд ганцхан хүн энэ компанийг удирдаад үйл ажиллагаагаа өдөр тутамд хийж байгаа учраас энэ хүн өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрсөн байна. Тийм учраас энэ талаарх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл байхгүй байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******-аас 662 299 178 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-ын нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 331 149 589 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******-ын нд холбогдуулан гаргасан гэрээний хугацаа сунгахыг даалгах, барилгын ажлын зөвшөөрөл авч өгөхийг даалгах, 2021.10.18-ны өдөр Гэрээ дүгнэсэн акт хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч *******-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 289 240 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 609 850 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид 3,469,445 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Тухайн үед хариуцагч *******-ийн захирал ******* нь хотод ажлаар явж байсан, компанийн үндсэн болон санхүүгийн тамгагүй явж байсан тул шинээр 2022 оны 04 дүгээр сард хийлгэсэн Гэрээний тэмдэг-г дээрх баримтуудад дарж өгсөн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар 2022 оны 04 сард хийгдсэн хариуцагч *******-ийн Гэрээний тэмдэг дарсан талуудын хооронд байгуулагдсан гэх Эв нэгдэл-ийн өргөө барих барилгын ажил гүйцэтгэх гэрээ, гэрээ дүгнэсэн акт, кассын зарлагын ордер зэрэг баримтыг хүчин төгөлдөр гэх хууль зүйн үндэслэлгүй байхад анхан шатны шүүх талуудын хооронд барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ байгуулагдсан эсэх талаар талууд маргаагүй гэж дүгнээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
...Хариуцагч *******-д нэхэмжлэгчээс 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 120,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөгийг л шилжүүлсэн байдаг.
Гэтэл анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн гэрээ дүгнэсэн актаар 662,299,178 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн нь тогтоогдож байна... гэж дүгнэсэн атлаа санхүүгийн анхан шатны орлогын нэг ч баримт үндэслээгүй, зөвхөн хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн 2 аудитын тайланг үндэслэсэн нь хууль зүйн төдийгүй санхүүгийн огт үндэслэлгүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас огт дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.
...анхан шатны шүүх гэрээ дүгнэсэн акт үйлдсэн гэх 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс хойших хугацааны *******-ийн НӨАТ-ын шивэлтийн баримт, мөн *******-ийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны Кассын зарлагын ордер гэсэн баримтуудыг санхүүгийн анхан шатны баримт мэтээр үнэлж, эдгээр баримт нь нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгө шилжүүлсэн, хүлээн авсан баримт биш байхад төлбөрийг бүрэн нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлэн олгосон мэтээр дүгнэж хэргийг шийдвэрлэж байгаад гомдолтой байна.
Мөн нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн 1 дүгээр хавтаст хэргийн 55-57 дугаар хуудсанд байгаа баримтууд нь нэхэмжлэгчийн Зарлагын баримт-ууд гэж үзэхээр байгаа боловч *******-д олгосон санхүүжилт гэх баримт нь бэлэн гэсэн хэсэгт нийт 8 удаагийн гүйлгээгээр 207,000,000 төгрөгийг чек-ээр, зээл гэсэн хэсэгт 330,299,178 төгрөгийн зээл-ийг нийт 4 удаагийн гүйлгээгээр чек-ээр олгосон гэх боловч эдгээр нь хариуцагч компанид чекээр олгосон эсэх, эсвэл зээлээр олгосон, бэлнээр олгосон гэх нь санхүүгийн анхан шатны баримтаар 125,000,000 төгрөгөөс бусад 537,299,178 төгрөгийн төлбөр мөнгө огт нотлогдохгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчээс хариуцагчид төлбөрийг бүрэн шилжүүлсэн мэтээр дүгнэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасан ...үүссэн үүрэг хожим дуусгавар болсон гэх үндэслэл нь талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээний үүрэг үүссэн байх атал анхан шатны шүүх гэрээ хүчин төгөлдөр эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр гэрээний хугацаа дууссан тул үүрэг хожим дууссан гэж үндэслэлгүй дүгнэлт хийж байгаа нь хууль бус гэж үзэж байна.
Мөн түүнчлэн анхан шатны шүүх гэрээ байгуулагдсан эсэх талаар талууд маргаагүй гэж огт үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Хариуцагчийн зүгээс гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргасан байхад анхан шатны шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 537,299,178 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацааг сунгаж, уг гэрээний дагуу барилгыг барьж өгөх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан учраас Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлэл буюу талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Барилгын ажлын зураг, архитектур төлөвлөлт, аймгийн газрын албаны зөвшөөрөл, дулааны цахилгаан станц зэрэг байгууллагуудаас зөвшөөрөл аваад тамга тэмдэг даруулж, барилга барих ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид боломжит хугацаа олгож, талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацааг нэг удаа сунгаж, 2021 оны 12 дугаар сард ажлыг хүлээлгэн өгч, газар шорооны ажил хийхээр тохиролцсон. Гэвч хариуцагчийн зүгээс ажлыг эхлүүлээгүй. 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр аймгийн Прокурорын газрын 271 дугаартай тогтоолд *******-ийн захирал ******* нь 332,000,000 төгрөгийг бэлнээр авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг.
*******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс харахад 2016 оноос хойш ******* гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа гэх үйл баримт тогтоогддог. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд ******* нь өөрөө гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан. Мөн ******* нь барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй учраас цаашид барилгын ажил гүйцэтгэх боломжгүй гэж үзэж гэрээний дагуу өгсөн мөнгөө буцаан гаргуулах хүсэлтэй байна. Иймд, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *******-ын нь хариуцагч *******-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлсэн 662,299,178 төгрөг, алданги 331,149,589 төгрөг, нийт 993,448,767 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний хугацааг сунган байгуулах болон барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авч өгөхийг нэхэмжлэгчид даалгах, мөн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн гэрээ дүгнэсэн актыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:
3.1. *******-ын нь 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр *******-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хариуцагч нь тус ны Эв нэгдлийн өргөө нэртэй барилгыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор түлхүүр гардуулах нөхцөлтэй барьж гүйцэтгэн хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт 2,200,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, /1.х.х-ийн 6-7/
3.2. Хожим талууд 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр энэхүү гэрээний хугацааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан, /1.х.х-ийн 8-9/
3.3. Мөн зохигч 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэж, уг актаар нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт хариуцагчид 662,299,178 төгрөгийн санхүүжилт олгосон болохыг баталгаажуулсан байна. /1.х.х-ийн 10/
Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч нэхэмжлэгчийн болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхэнд хамааралтай хуулийг баримтлаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.
4. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тус тус зааснаар зохигчийн байгуулсан гэрээний тохиролцооноос үзвэл тэдгээрийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсжээ.
Зохигчийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар ажил гүйцэтгэгч ******* нь захиалагч *******-ын ны Эв нэгдлийн өргөө нэртэй барилгыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор барьж гүйцэтгэх үүрэг хүлээсэн боловч талууд гэрээний хугацааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан хэдий ч өнөөдрийг хүртэлх хугацаанд барьж гүйцэтгээгүй байна.
Тодруулбал, талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тус барилгын техникийн нөхцөл болон зураг төсөл батлагдаагүйгээс ийнхүү барилгын ажил хойшлогдож, гэрээний хугацааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгагдсан үйл баримтын талаар зохигч маргажээ. /1.х.х-ийн 108-117/
5. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Барилгын ажлын захиалагч дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ гээд 37.1.3-т барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх гэж заажээ.
Талууд гэрээний хугацааг сунгах болсон шалтгааныг захиалагч *******-ын нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй буюу тухайн барилгыг барихад шаардлагатай техникийн нөхцөл, зураг төсөл болон холбогдох бусад зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас зохих ёсоор аваагүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.
Учир нь, зохигчийн ажил гүйцэтгэх гэрээний сунгасан хугацаа нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусах байтал захиалагч буюу нэхэмжлэгч тал 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсан, мөн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Барилгын тэг тэнхлэг газар дээр байгуулсан тухай акт үйлдсэн байгаагаас гадна барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг төрийн эрх бүхий байгууллагаас аваагүй байна. /1.х.х-ийн 114-115, 170-171/
Энэ талаар /гэрээний хугацаа сунгасан нөхцөл байдал/ нэхэмжлэгч *******-ын болон хариуцагч ******* нарын хооронд удаа дараа харилцан бичиж байсан албан шаардлагаас тодорхой харагдаж байх тул нэхэмжлэгчийн ... хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдалд манай байгууллага холбоогүй ... гэсэн тайлбарыг хүлээн авахгүй. /1.х.х-ийн 48-53, 200-201/
6. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан.
Нэгэнт захиалагч буюу нэхэмжлэгч *******-ын нь барилгыг барьж гүйцэтгэхтэй холбоотой техникийн болон бусад нөхцөл, зураг төслийг хугацаандаа батлуулаагүй, мөн барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг зохих ёсоор аваагүй байх тул нэхэмжлэгч компанийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчлөхгүй.
Түүнчлэн хэдийгээр хэрэгт Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын зураг төсөл батлагдсан, мөн Барилгын тэг тэнхлэг газар дээр байгуулсан тухай акт үйлдсэн байгаа боловч барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй хэвээр байх тул хариуцагч ******* нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно гэж зааснаар барилгын ажлыг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.
7. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч *******-ын ноос 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч *******-д хүргүүлсэн 50 тоот албан бичгээр 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Эв нэгдлийн өргөө баригдаагүй, боломжит хугацаа олгож урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн боловч үр дүн гараагүй гэх үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай мэдэгджээ. /1.х.х-ийн 16/
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар захиалагч *******-ын нь хариуцагч *******-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд гэрээнээс татгалзаж болно.
Гэвч дээр дурдсанаар Эв нэгдлийн өргөө нэртэй барилга баригдаагүй хугацаа хэтэрсэн нөхцөл байдал хариуцагч *******-тай холбоотой гэж шууд дүгнэх боломжгүй юм.
8. Харин Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1-д Дараахь нөхцөл байдал байвал энэ хуулийн 204.2, 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй гээд 226.1.1-д ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол гэж зааснаар зохигч гэрээнээс татгалзах эрхтэй.
Тодруулбал, талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан бөгөөд нэхэмжлэгч тал цаашид тухайн барилгыг бариулахаас татгалзаж байгаа буюу түүнд шаардлагагүй болсон байх тул энэхүү үндэслэлээр гэрээнээс татгалзаж болно.
Энэ талаар, дээр дурдсан хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэж, 221.5-д Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж тус тус заажээ.
9. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.
Өөрөөр хэлбэл, зохигчийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсанаар талууд гэрээний дагуу шилжүүлсэн зүйлийг харилцан буцаах үүрэг хүлээх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* нь ямар нэгэн ажил хийж гүйцэтгээгүй байна.
Талуудын байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч нь тухайн барилгыг хариуцагчаар барьж гүйцэтгүүлэх шаардлагагүй болсон уг нөхцөл байдал барилгыг барихад шаардлагатай техникийн болон бусад нөхцөл, зураг төсөл, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлтэй холбоотойгоор ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илэрхий болсон учир ажил гүйцэтгэх гэрээний хугацааг сунгах болон барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авч өгөхийг даалгах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
10. Хэрэгт авагдсан баримтаар зохигч 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэхдээ хариуцагч нь нэхэмжлэгчээс нийт 662,299,178 төгрөгийн санхүүжилт авсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.
Тодруулбал, аймгийн прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 271 тоот дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг хаах тухай тогтоолд хариуцагч *******-ийн гүйцэтгэх захирал ******* нь барилгын ажлын урьдчилгаанд 330,299,178 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр бэлнээр авсан гэсэн тайлбар өгсөн байгаагаас гадна уг мөнгө авсан үйлдэл нь кассын зарлагын баримтаар давхар нотлогдож байна. /1.х.х-ийн 13-15/
Түүнчлэн нэхэмжлэгч *******-ын ноос хариуцагч *******-ийн банк дахь тоот данс руу 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 120,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь хариуцагч байгууллагын дансны хуулгаар тус тус тогтоогдсон. /1.х.х-ийн 166/
Ингээд хожим талууд 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг дүгнэн акт үйлдсэн байгаагаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчээс ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 622,299,178 төгрөгийг авсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.
11. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн байвал зохино гэж заасан.
Хэдийгээр хариуцагч нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн, мөн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн кассын зарлагын ордер болон 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн гэрээ дүгнэсэн актыг тухайн цаг хугацаанд үйлдээгүй, хожим нөхөж үйлдсэн тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх үндэслэлгүй гэж маргасан боловч тэрээр уг гэрээ, гэрээ дүгнэсэн акт, кассын ордерыг хүлээн зөвшөөрч түүнд гарын үсэг зурж, компанийн тэмдэг дарсан нь тухайн хэлцлүүдийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, талууд нэгэнт өнгөрсөн хугацаанд үүссэн байсан гэрээний харилцааг ийнхүү хожим хүлээн зөвшөөрч, тухайн хэлцлийг байгуулсан, үүний үр дагавар гэрээ дүгнэсэн актыг үйлдэж, 662,299,178 төгрөгийн санхүүжилт авсан гэдгээ харилцан баталгаажуулсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т тус тус заасан хуулийн хориглосон хэм хэмжээ зөрчсөн болон дүр үзүүлсэн хэлцэл хийсэн гэж дүгнэх боломжгүй.
Иймд, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй гэх хариуцагчийн гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
12. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алданги 331,149,589 төгрөгт холбогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2-т Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд дараахь үүрэг, үр дагавар үүснэ гээд 224.2.3-т мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэж энэхүү магадлалын 5, 6 дахь хэсэгт тодорхой дүгнэсэн тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй.
Түүнчлэн гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээ дуусгавар болох учир энэ тохиолдолд гэрээний үүргийг шаардах эрх мөн адил дуусгавар болно. Өөрөөр хэлбэл, алданги нь үүргээ гүйцэтгээгүй эсвэл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүсэх ба үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилго агуулах тул бусад үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэгэн адил үндсэн үүргээс хамааралтай үүсдэг шинжтэй тул үндсэн үүрэг хүчингүй болсон эсхүл дуусгавар болсон бол алдангийн талаарх тохиролцоо хэрэгжих боломжгүй.
13. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна. Учир нь,
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулахаар нэхэмжилсэн нь гэрээнээс татгалзсан агуулгатай байхад анхан шатны шүүх үүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр тогтоох хэсгийн нэг дэх заалтад мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг, 2 дахь заалтад сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхэнд хамааралгүй 189 дүгээр зүйлийн 189.1 дэх заалтыг тус тус баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай байгааг давж заалдах шатны шүүхээс өөрчилнө.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/02512 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн
1 дэх заалтад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 ... гэснийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 гэж өөрчилж,
2 дахь заалтад ... 189 дүгээр зүйлийн 189.1 ... гэснийг хасаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,844,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Б.МАНДАЛБАЯР