Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 1236

 

2019         08         05                                         2019/ШЦТ/1236

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч Я.А  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Я.А д холбогдох эрүүгийн 1906 03517 1653 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Я.А, /РД:/

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Я.А нь 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дугаар хорооны нутаг дэвсгэр Хуучин товчооны задгай тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.М ыг хагарсан архины шилээр цээжин тус газар нь хатгаж, эрүүл мэндэд нь "цээжний хэнхэрцгийн зүүн талд зөөлөн эдэд хатгагдсан шарх" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Я.А  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 6 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө найзын хамт архи согтуураалах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж хоорондоо маргалдаж найзтыгаа гэмтээсэн. Би буруу зүйл хийсэн. Архины шилний хагархайгаар найзыгаа гэмтээсэн буруутай үйлдэл хийсэн. ” гэв.

Хохирогч Э.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр найз А тай Ботаникийн буудал дээр уулзаад бид хоёр А гийн гэрийг барихаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хуучин товчоо гээд гэр хороололд очсон. Хаягыг нь сайн санахгүй байна. Нэг хашаанд очоод А гийн гэр ирээгүй, удахгүй ирнэ гэхээр нь бид хоёр дэлгүүрээс 2 шил 0.75 литрийн Хараа архи хувааж уугаад "гэр чинь ирэхгүй байна би явлаа" гэсэн чинь А  "орой болсон байна, хоноод яв" гэхээр нь "хонохгүй явна" гээд бид маргалдаад А гийн машинд суусан чинь А  миний зүүн хөхний доор нэг удаа үзүүртэй зүйлээр хатгасан. Тэгэхээр нь би "чи намайг хутгалчихлаа ш дээ" гэж хэлээд машинаас буугаад зугтаад гудамжинд гараад эхнэр рүүгээ залгаад төв зам руу явж байгаад замын хүн надад цагдаа дуудаж өгсөн. Одоо надад гомдол санал байхгүй. А  надад эмчилгээний зардал гэж бэлэн 2 сая төгрөг өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг. /хэргийн 9-11 дүгээр хуудас/,

Гэрч А.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 11-ний орой 23 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд хаягыг нь мэдэхгүй байна задгай тоот хашааны гадаа нэг согтуу хүн "намайг хүн хутгалчихлаа, Товчоо руу хүргээд өгөөч" гэж хэлсэн. Тэгэхээр нь асуухад "намайг хүн хутгалчихлаа, манай гэрийнхэн товчоон дээр хүлээж байгаа" гэсэн. 30 гаран насны ногоон өнгийн футболктой эрэгтэй хүн байсан. Нүүр болон цээж хэсэг нь цус болсон байсан. Манай найз хутгалчихлаа л гээд байсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 5-6 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн ¹109 дүгнэлтэд “Э.М д цээжний хэнхэрцгийн зүүн талд зөөлөн эдэд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-ын 2.4.1-т заасан “ХӨНГӨН” зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй.” гэжээ /хэргийн 22 дугаар хуудас/,

Шүүгдэгч Я.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хохирогч Э.М ын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ...Мандал надад худал хэлсэнд уур хүрч ууж байсан архиныхаа шилийг хагалаад Мандалын цээжний зүүн хэсэгт 1 удаа хатгаж гэмтээсэн.” гэх мэдүүлэг. /хэргийн 29 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Я.А  нь 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дугаар хорооны нутаг дэвсгэр Хуучин товчооны задгай тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.М ыг хагарсан архины шилээр цээжин тус газар нь хатгаж, эрүүл мэндэд нь "цээжний хэнхэрцгийн зүүн талд зөөлөн эдэд хатгагдсан шарх" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Я.А д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Я.А д холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Я.А д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Я.А  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.