| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 500/2017/0015/Э |
| Дугаар | 317 |
| Огноо | 2017-05-04 |
| Зүйл хэсэг | 153.1., 181.2.1, |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 317
Б.Нямдашид холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Р.Очирсүрэн,
шүүгдэгч Б.Нямдашийн өмгөөлөгч Д.Буянхишиг,
хохирогч Н.Цэрэнпүрэв, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал,
нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 255 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Р.Очирсүрэнгийн бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 6 тоот улсын яллагчийн эсэргүүцлээр эрүүгийн 201726010160 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Айргийнхан овогт Баатарын Нямдаш, 1985 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Миний Сайншанд” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 21 дүгээр гудамжны 52 тоотод оршин суух,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 28 хоногийн хорих ял өршөөн хасч суллагдсан, /РД:ПК85021518/;
Б.Нямдаш нь согтуугаар 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд явж байсан иргэн Н.Цэрэнпүрэвийн 2214 УБЯ улсын дугаартай, “Тоёота приүс” загварын автомашинаар зорчиж улмаар Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын арын зам дээр хүргүүлэн таксины үйлчилгээний мөнгөө төлөлгүй автомашинаас буухгүй гэж маргалдан намайг цагдаагийн хэлтэст аваачиж өгөх гэлээ гэж автомашины жолооны хүрдийг булаацалдан замын хажуугийн хашлага мөргүүлэн машины урд гуперын сетка, хуванцар хамгаалалтыг хагалан бусдын эд хөрөнгийн санаатайгаар гэмтээсэн,
мөн Н.Цэрэнпүрэвийн автомашиныг хашлага мөргүүлсний дараа автомашины хаалгыг онгойлгон зугтааж байгаад Н.Цэрэнпүрэвт баригдан үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүрэн тус газарт нь цохих, цээж хэсэгт нь өшиглөх зэргээр зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Б.Нямдашийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Нямдашид холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж дараах ажиллагааг хийх шаардлагатай гэж дүгнэжээ. Үүнд:
1.Шүүх хуралдааны явцад яллах дүгнэлтэд тусгаагүй нөхцөл байдлыг тодруулах, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд засуулах, дутуу ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэх ажиллагааг хийх нь хэргийг бодитой, зөв шийдвэрлэх үндэслэл болох юм.
Шүүх хуралдаанд хохирогч Н.Цэрэнпүрэв мэдүүлэхдээ “...тухайн өдөр шүүгдэгч Б.Нямдаш намайг нүүрэнд цохисоны улмаас хамраас цус гарч,миний өмсөж явсан куртик, өмд, ноолууран цамц зэрэг нь урагдаж цус болсон.Мөрдөн байцаагчид дээрх хувцас байгаа талаар хэлэхэд асууна, тодруулна гэсэн. Гэтэл нэг мэдсэн хэрэг шүүхэд шилжсэн байсан.Одоог хүртэл миний эдгээр хувцас цустайгаа надад байгаа, цаашид хэрэглэх боломжгүй болсон.Иймд эдгээр хувцасны үнэн 300,000-400,000 төгрөгийг Б.Нямдашаас нэхэмжилнэ...” гэж мэдүүлсэн. Хохирогчийн хувцасыг үзэж шалгаагүй, үнэлгээг тогтоогоогүй байх бөгөөд шүүх хуралдаанд илэрсэн энэхүү шинэ нөхцөл байдлыг шалгаж, хохирогч Н.Цэрэнпүрэвийн гэмт хэрэг гарсан өдөр өмсөж явсан гэх куртик, өмд, ноолууран цамц зэрэгт үзлэг хийх шаардлагатай байна.Энэ нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг болон бусад асуудлыг нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдолтой.
2. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 101 дүгээр яллах дүгнэлтэд Б.Нямдашийг “...согтуугаар 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд явж байсан иргэн Н.Цэрэнпүрэвийн 2214 УБЯ улсын дугаартай, “Тоёота Приүс 20” загварын автомашинд сууж, улмаар Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын арын зам дээр хүргүүлэн таксины үйлчилгээний мөнгөө төлөлгүй, автомашинаас буухгүй гэж маргалдан, “намайг цагдаагийн хэлтэст аваачиж өгөх гэлээ” гэж жолооч Н.Цэрэнпүрэвийн жолоодож явсан автомашины жолооны рулийг булаацалдан замын хажуугийн хашлага мөргүүлэн машины урд буферын сетка, хуванцар хамгаалалтыг хагалан бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн...” гэжээ. Тухайн гэмт хэрэг гарсан өдөр хохирогч Н.Цэрэнпүрэвийн жолоодон явсан гэх 22-14 УБЯ улсын дугаартай “Тоёото приус” маркийн автомашин эзэмшигч нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр Ц.Золзаяа байна. Ц.Золзаяа нь мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэг өгөхдөө “энэ машин нь миний эзэмшлийн машин...” гэж мэдүүлсэн, “Ашид билгүүн” ХХК нь Ц.Золзаяагийн эзэмшлийн 22-14 УБЯ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Тоёота приус” загварын машины эд зүйлийн эвдрэлийг 110,000 төгрөгөөр тогтоожээ. Уг хохирлын дүнг шүүх хуралдаанд хохирогч Н.Цэрэнпүрэв нэхэмжилж байгаа ба хохирогч Н.Цэрэнпүрэв шаардах эрхгүй байна.Нөгөө талаас шүүгдэгч Б.Нямдаш нь хэний эд хөрөнгөд хохирол учруулсан эсэхийг шийдвэрлээгүй атлаа, яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзнэ.
Шүүх хуралдаанд хохирогч Н.Цэрэнпүрэвээс “...шүүгдэгч Б.Нямдаш нь тухайн өдөр Цагдаагийн хэлтэс дээр хүргэгдэж очсон байхдаа цагдаагийн албан хаагчийн биед халдаж гэмтэл учруулсан.Гэтэл цагдаагийн албан хаагч хэдэн төгрөг авч энэ хүнтэй тохиролцов, Цагдаагийн албан хаагч энэ хүнтэй тохиролцсоноор энэ хэрэгт нь шалгагдаагүй байна...” гэж мэдүүлэх ба энэ асуудлыг анхаарах нь зүйтэй. Дээрх нөхцөл байдлыг шалгах, зохих ажиллагааг хийх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал, 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ зэрэгт” шууд хамааралтай байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд заасан гэм буруу, хариуцлагын төрөл хэмжээг сонгож хэрэглэхэд онцгой ач холбогдолтойгоос гадна гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг тогтооход чухал юм.Б.Нямдашид холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт хүргүүлэх хүртэлх хугацаанд Б.Нямдашид шүүхээс авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэж, хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн зүйлгүйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Р.Очирсүрэн бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. ...Хохирогч Н.Цэрэнпүрэв нь мөрдөн байцаалтын явцад тухайн үед өмсөж явсан хувцас урагдсан, цус болсон талаар нэг ч удаа мэдүүлээгүй, энэ талаар гомдол гаргаагүй, цус болсон хувцасны төлбөрийг нэхэмжилсэн талаарх баримтыг мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй болно. Түүнчлэн хохирогч нь цус болсон хувцасны төлбөрийг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхээр нэхэмжлэх эрх нь нээлттэй ба энэ байдлыг шүүхийн шатанд хохирогч Н.Цэрэнпүрэвийн өмгөөлөгч Н.Баяржаргал нь мөн дурдаж, баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхэд нэхэмжлэх эрхийг шүүгч тогтоолдоо нээлттэй орхиж өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байсан болно.Хохирогчийн өмсөж явсан хувцасыг эд мөрийн баримтаар тооцох хураан авах, үнэлэх нь хэргийн зүйлчлэл болон шүүгдэгчийн гэм буруутай асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, цус болсон хувцасны хохирлын асуудлыг заавал хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж байж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлгүй байна.Иймд хохирогч Н.Цэрэнпүрэв нь хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Нямдашаас нэхэмжлэх эрх нь нээлттэй гэж үзэж байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хохирогч Н.Цэрэнпүрэв нь өөрийн төрсөн охин болох Ц.Золзаяагийн автомашинаар такси үйлчилгээнд явдаг бөгөөд энэ талаар Ц.Золзаяа гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...тухайн автомашин миний нэр дээр байдаг боловч ихэвчлэн аав Н.Цэрэнпүрэв нь эзэмшиж такси үйлчилгээнд явдаг...” гэж мэдүүлсэн /хх-ийн 45/, мөн аав, охин хоёрын дунд тухайн автомашины эзэмшил, ашиглалтын тал дээр ямар нэгэн маргаан байхгүй, хохирогч Н.Цэрэнпүрэв гэмт халдлагад өртөж Б.Нямдашид зодуулах үедээ тухайн автомашиныг жолоодож явсан, Б.Нямдаш нь Н.Цэрэнпүрэвийг “...намайг Цагдаагийн хэлтэст аваачиж өгөх гэлээ...” гэж түүний жолоодож явсан машины рулийг булааж замын хашлага мөргүүлэн санаатайгаар эд зүйлийг нь гэмтээсэн байтал тухайн автомашиныг жолоодож явсан Н.Цэрэнпүрэвийг автомашины эвдэрсэн эд зүйлийн хохирлыг нэхэмжлэх эрхгүй гэж шүүгч дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхэд иргэний нэхэмжлэгчээр татсан эсэх нь нөлөөлөхгүй, иргэний нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлын талаар эрүүгийн хэрэг шалгах явцад нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэх гаргах эрхээ сайн дураар эдлээгүй болно.Иймд тухайн хэрэгт хохирогч Н.Цэрэнпүрэвийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогчоор тогтоосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэх үндэслэлгүй.
Хавтаст хэрэгт цагдаагийн албан хаагчаас Б.Нямдаш гэгчид зодуулсан талаарх гомдол авагдаагүй, энэ талаар мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Цэрэнпүрэв болон яллагдагч Б.Нямдаш нараас мэдүүлж шалгагдаж тогтоогдсон зүйл хэрэгт авагдаагүй, анх Б.Нямдаш нь Цагдаагийн хэлтэст хүргэгдэн очоод ямар байдалтай, ямар өгүүлэмжтэй байсан талаар цагдаагийн алба хаагч Л.Бүдсүрэн гэрчээр өгсөн мэдүүлэгтээ /хх-ийн 12/, “Би 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд жижүүрийн шуурхай албанаас “Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн тасагт зодуулсан хүн байна” гэсэн дуудлага өгсний дагуу шуурхай очиход 50 орчим насны эрэгтэйн нүүр хэсэг цус болж хамрын төвгөр язарсан шархтай, нөгөө нь 30 орчим насны, согтууруулах ундаа үнэртүүлсэн залуу байсан ба хүний хэлснийг ойлгож байсан. Зодуулсан гэх хүн нь “энэ залуу намайг зодчихлоо” гэж, харин зодсон гэх хүн нь “хоёрын хооронд юман дээрээс шоронд орох гэж, нэг мөсөн зодчих байж” гэж ярьж байсан.Ингээд зодсон гэх залууг Цагдаагийн хэлтэс дээр авчирж шалгахад Баатарын Нямдаш гэдэг хүн байсан бөгөөд би таксины жолоочийг дагуулаад машин дээрээ хүргүүлэх гэж байсан чинь явахгүй гэхээр нь зодьё гэж зодсон гэж хэлсэн.Түүний биед үзлэг хийхэд гадна ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан ба протокол хөтөлж, саатуулах байранд хүргэж өгсөн” гэж тодорхой мэдүүлсэн байдаг. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар “шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд явагдана” гэж заасан байх тул шүүгчийн захирамжид дурдсан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтад тулгуурлаагүй, хийсвэр дүгнэлт болсон байна гэж үзэх үндэслэлтэй ба хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.Нямдашид холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү...” гэжээ.
ХЯНАВАЛ:
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 255 дугаар шүүгчийн захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэхь хэсэгт заасан “ хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Б.Нямдашид холбогдох хэргийг шүүх хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болох нөхцөл байдлуудыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгасан, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр заавал буцаах шаардлагагүй, хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж, тэдний мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугласан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчийг тогтоох эрхтэй байна.
Иймд прокурор Р.Очирсүрэнгийн бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 6 тоот улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 255 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Нямдашид холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 255 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Нямдашид холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүхэд очтол Д.Нямдашид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧИД Ц.ОЧ
О.ЧУЛУУНЦЭЦЭГ