Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2025/0059

 

 

Б.Б нарын 7 иргэний нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газрын

Кадастрын хэлтсийн даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:          Х.Батсүрэн

Шүүгчид:                           Г.Банзрагч

                                              М.Батсуурь

                                              П.Соёл-Эрдэнэ                           

Илтгэгч: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга:           Б.Энхжаргал           

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/1065 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2025/197 дугаар магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 001/ШХТ2025/0223 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, гуравдагч этгээд “Г...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор, нэхэмжлэгч М.Б-Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 365 дугаартай шийдвэрийн “Г...” ХХК-д холбогдох хэсэг, түүний хүрээнд “Г...” ХХК-д олгосон XV-... дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах”.

2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “... Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-т тус тус зааснаар санал аваагүй, тухайн газарт амьдардаг иргэдэд мэдэгдээгүй. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг зөрчиж Т... голын хамгаалалтын бүс болон Х... дээд, доод булгийн хамгаалалтын бүсэд давхцуулан хайгуулын тусгай зөвшөөрөл олгож хууль зөрчсөн. ... ажиллаж, амьдарч уламжлалт мал аж ахуй эрхэлж, өвөлжөө, хаваржааны болон бэлчээрийн нөхцөлөөр ашигладаг газарт тухайн хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь иргэдийн эрх ашгийг зөрчсөн. ...” гэж маргажээ.

3.Хариуцагчаас: “... Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасны дагуу 2018.01.29-ний өдрийн 7/617 дугаар “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг Дорнод аймгийн Засаг даргад хүргүүлж, 2018.03.16-ны өдрийн 1/379 дүгээр албан бичгээр хариуг ирүүлсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5.2-д “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх”, 17.5.3-д “хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх” гэж заасантай нийцсэн. Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолын хавсралтаар Сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицолд хамаарсан “Баатарын булаг” нэртэй талбайд нээлттэй сонгон шалгаруулалтад “Г...” ХХК шалгарсан тул Ашигт малтмалын хайгуулын XV-... дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон хууль зүйн үндэслэлтэй. ...” гэх,

4.Гуравдагч этгээд “Г...” ХХК-аас: “ ... Тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолын дагуу зохион байгуулж, уг тогтоолд заасан талбайгаас олгосон тул Ашигт малтмалын тухай хуулийн зөрчөөгүй, хуулийн дагуу олгосон тусгай зөвшөөрөл юм...” гэх агуулгатай тайлбарыг тус тус шүүхэд гаргажээ.

5.Хэргийн нөхцөл байдал:

5.1.Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 7/617 дугаар албан бичгээр Дорнод аймгийн Засаг даргад “...танай аймгийн нутагт 944,728.15 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой” талаар мэдэгдэл хүргүүлсний дагуу Дорнод аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/379 дугаар албан бичгээр “... Сонгон шалгаруулалтаар олгох боломжтой талбай нь орон нутгийн нөөцөд авсан газар, усан сан, ойн сан бүхий газар, малчдын өвөлжөө хаваржааны бэлчээр нутаг, хадлан бэлтгэлийн нөөц газруудтай давхцалтай байгаа тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Сэргэлэн сумын 23, 24 дүгээр талбайгаас бусад бүх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгохоос татгалзах саналтай байгаа” талаар хариу хүргүүлсэн байна.

5.2.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021.09.27-ны өдрийн 365 дугаар шийдвэрээр ...2021.07.27-ны өдөр зарлагдсан ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтад шалгарсан “Г...” ХХК-д Дорнод аймгийн Баяндун сумын нутагт орших Бараатын булаг нэртэй 1514.05 га бүхий (СШ-57-10) талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал хугацаагаар олгожээ.

5.3.Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 407 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг үндэслэн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс тооцож, 2027 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан байна.

6.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр:

6.1.Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 11 дүгээр зүйлийн 11.1.13, 11.1.25, 17 дугаар зүйлийн 17.5.2, 20 дугаар зүйлийн 20.1, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

6.2.Шүүх дараах агуулгатай дүгнэлтүүдийг хийсэн байна.

6.2.1.“... Газрын тухай хуульд заасны дагуу нэр бүхий нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн асуудал, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу гуравдагч этгээдийн ашигт малтмал эрэх, хайх эрхийн асуудал нь тус тусдаа, тухай тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулиудаар хэрэгжих, хуулийн дагуу гэж үзэхээр байна.

6.2.2.... Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг-ийг баталсан Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Хилийн заагийг тогтоох тухай 194 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралт, уг тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулсан, Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоол, 2015 оны 302 дугаар, 2016 оны 155 дугаар тогтоол, 2018 оны 243, 2023 оны 268, 2023 оны 447 гэхчлэн хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэхээр батлан гаргасан Засгийн газрын дээрх тогтоолуудад сонгон шалгаруулалтаар олгосон /маргаан бүхий/ хайгуулын талбайн солбицолд хамаарахгүй байна. ... Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5.2.тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх гэснээр маргаан бүхий хайгуулын талбай нь шууд хориглосон газарт хамаарахгүй байна.

6.2.3. ... Түүнчлэн ... Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4. Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах хэмээн нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд хадгалж, хэрэгжүүлэхээр хуульчилсан зохицуулалтын дагуу хориглогдсон газарт хамаарахгүй байна.

6.2.4.Харин хэн нэгэн этгээдийн газар эзэмших эрхийг зөрчихгүйгээр хэрхэн ашигт малтмал эрэх хайгуулын үйл ажиллагаа явуулах, хэрэв тэр эрх нь зөрчигдсөн тохиолдолд хэрхэх вэ гэдгийг Ашигт малтмалын тухай /хуулиар/ зохицуулж өгсөн, ... маргаан бүхий үйл баримт болох нэхэмжлэгч нарын эзэмшил газраар дамжин өнгөрөх, түүний өвөлжөөг шилжүүлэн байрлуулахтай холбоотой зардлыг хариуцах байдлаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжтой. Энэ утгаараа маргаан бүхий захиргааны акт нь хуульд нийцсэн, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна. ...” гэжээ.

7.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал:

7.1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шийдвэрт Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 365 дугаар шийдвэрийн “Г...” ХХК-д холбогдох хэсгээс, “Г...” ХХК-д олгосон XV-... дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас Дорнод аймгийн Баяндун сумын нутагт байрлах Т... голын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, Х... дээд болон доод булгийн онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй тус тус давхцалтай хэсгийг хүчингүй болгосон, 2 дахь заалтаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт тус тус оруулж, нэхэмжлэгч нарын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ дараах агуулгатай дүгнэлтийг хийжээ:

7.1.1.“... Хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь нэхэмжлэгч нарын эзэмшил газартай давхцалтай гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, мөн өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн, эсхүл эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл ноцтой байдлаар зөрчигдсөн болохоо хангалттай нотлоогүй, нотлох эрхээ хэрэгжүүлээгүй, энэ тохиолдолд бодит байдлаар зөрчигдсөн гэж үзэх боломжгүй.

7.1.2. ... /Харин/ Гол мөрний урсад бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “гол, мөрний урсад бүрэлдэх эх” гэж гадаргын урсцын үндсэн хэсэг бүрэлдэн бий болдог өндөр уулсын бүс, сав газрын эхийг ойлгоно, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д зааснаар Засгийн газраас баталсан талбайн солбицлын хүрээнд төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг ялгаж, сонгон шалгаруулалт явуулах бөгөөд уг солбицол бүхий талбай нь 17.5.2-т зааснаар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газартай ямар нэг байдлаар давхцаагүй байх хуулийн заалттай.

  7.1.3. ... Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар Усны сав газраас урьдчилан санал авах байтал авалгүйгээр зөвхөн "Талбайн солбицол тогтоох тухай” Засгийн газрын тогтоолыг үндэслэн гуравдагч этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосны улмаас тухайн газрын тодорхой хэсэг гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхацсан, энэ нь тус орон нутгийн усны сан бүхий газар, усны эх үүсвэрийг хомсдох, бохирдох эрсдэл учруулж болзошгүй байх тул... хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 1514.05 га талбайгаас голын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, булгийн онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй давхацсан хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй. ...” гэжээ.

8.Хяналтын журмаар гаргасан гомдлын агуулга:

8.1.Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга М.Э-аас 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5.2, 17.5.3-д заасанд нийцсэн байна. Засгийн газрын 2018 оны “Талбайн солбицол тогтоох тухай” 243 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицолд хамаарсан Дорнод аймгийн Б... сумын нутагт орших “Б...” нэртэй 1514.05 га талбайд зарласан СШ-57-10 дугаартай нээлттэй сонгон шалгаруулалтад “Г...” ХХК шалгарсан тул Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах” А/117 дугаар тушаал гарч, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олго тухай” 365 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-... дугаар тусгай зөвшөөрлийг “Г...” ХХК-д олгосон хууль зүйн үндэслэлтэй.

8.1.1.Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно.” гэж, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэж заасан.

8.1.2.Мөн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж, 4.5-д “Энэ хуулийн 4.1-д заасан газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй” гэж хуульчилсан.

8.1.3.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ...” гэж, 15 дахь заалтад “...байгаль орчны мэдээллийн сангийн үйл ажиллагааны талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, хэрэгжилтэд нь хяналт тавих...” гэж, мөн Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага усны харилцааны асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гэж, 10.1.9-д “улсын мэдээллийн сангийн бүрдүүлэлтэд хяналт тавих;” гэж заасны дагуу Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны эрх зүйн мэдээллийн сан /https://eic.mn/legalinfo/legalinfo.php/-аас маргаан бүхий ашигт малтмалын хайгуулын XV-... дугаар тусгай зөвшөөрлийн лавлагаагаар “... Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289-р тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эхтэй давхцалгүй, ойн сантай давхцалгүй, усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалгүй, улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй байна. Орон нутгийн усны энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй давхцалгүй...” гэж бүртгэлтэй байна.

8.1.4.Магадлалын үндэслэх хэсгийн 2.8-д XV-... дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 1514.05 га талбай нь тухайн сумын нутаг дэвсгэрт байрлах Т... голын онцгой хамгаалалтын бүстэй 140.3 га, энгийн хамгаалалтын бүстэй 131 га, Х... дээд, доод булгийн онцгой хамгаалалтын бүстэй 1 га, энгийн хамгаалалтын бүстэй 11.7 га газартай тус тус давхцалтай гэж шийдвэрлэсэн нь тус талбайн аль хэсэг солбицлоор хэсэгчлэн давхацсан нь тодорхойгүй байна.

8.1.5.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын бүртгэлийн систем /CMCS/, болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны эрх зүйн мэдээллийн сан /https://eic.mn/legalinfo/legalinfo.php/-д Гол, мөрний урсац бүрэлдэх эхтэй давхцалгүй, ойн сантай давхцалгүй, усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалгүй, улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй байна. Орон нутгийн усны энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй давхцалгүй байна” гэжээ.

8.2.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-аас 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосон талбай нь тухайн хайгуулын талбайн геологийн гол нөөц илрэх боломжтой талбай бөгөөд ийнхүү хүчингүй болгосон тохиолдолд уг зөвшөөрөл бүхий талбай нь бүхэлдээ ямар ч эдийн засгийн ач холбогдолгүй, үнэ цэнэ үгүй болно. ...тухайн хайгуулын талбай нь хуулиар хориглосон талбайтай давхцалтай эсэхийг сонгон шалгаруулалтад оролцож манай компани мэдэх боломжгүй. Нөгөө талаас XV-... дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг авахын тулд хууль ёсоор зарласан сонгон шалгаруулалтад оролцоод, нийт 306,813,231 төгрөгийн төлбөр төлсөн ба үүнээс гадна жил бүр лицензийн төлбөр төлж байгаа. Гэтэл геологийн гол нөөц бүхий талбайг хүчингүй болговол дээрх төлбөрүүдийг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй үлдэхээс гадна үлдсэн талбайд манай компани үйл ажиллагаа явуулах боломжгүй болох юм” гэжээ.

9.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 001/ШХТ2025/0223 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

10.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагч болон гуравдагч этгээд хяналтын журмаар гомдол гаргасан тухай 2025 оны 04 дүгээр сарын 17, 22-ны өдрүүдэд мэдэгдэж, цахимаар танилцуулсан байна. Хяналтын журмаар гаргасан гомдолтой холбогдуулж аливаа тайлбарыг ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

11.Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

12.Нэхэмжлэгч Б.Б нарын 7 иргэнээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 365 дугаар шийдвэрийн “Г...” ХХК-д холбогдох хэсэг, “Г...” ХХК-д олгосон XV-... дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулахаар маргасан үндэслэлээ “... Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-т тус тус зааснаар орон нутгаас санал аваагүй, тухайн газарт амьдардаг иргэдэд мэдэгдээгүй. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг зөрчиж Т... голын хамгаалалтын бүс болон Х... дээд, доод булгийн хамгаалалтын бүсэд давхцуулан хайгуулын тусгай зөвшөөрөл олгож хууль зөрчсөн. Бидний ажиллаж, амьдарч уламжлалт мал аж ахуй эрхэлж, өвөлжөө, хаваржааны болон бэлчээрийн нөхцөлөөр бэлчээр ашиглалтын гэрээ байгуулж ашигладаг газарт тухайн хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь иргэдийн эрх ашгийг зөрчсөн” гэх зэргээр тодорхойлсон, анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүдэд холбогдох нотлох баримтуудыг дутуу цуглуулж, зөрүүтэй нотлох баримтуудын талаар тодруулаагүй, дүгнэвэл зохих нотлох баримтын үнэлгээний асуудлаар дүгнэлтүүдийг дутуу хийсэн, давж заалдах шатны шүүх энэхүү алдааг залруулалгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул хяналтын шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

13.Тухайлбал, нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “нэхэмжлэгч нар нь тухайн газарт уламжлалт мал аж ахуй эрхэлж, ... бэлчээрийн нөхцөлөөр бэлчээр ашиглалтын гэрээ байгуулж ашигладаг” гэж, өөрсдийн зөрчигдсөн гэх эрхийн үндэслэлээ тодорхойлсон, хавтаст хэрэгт Дорнод аймгийн Б... сумын ... дүгээр багийн Засаг даргын “... Б.Б, М.Б-Э, Ц.Б, Б.Б, Ю.Э, Д.Н, Ж.Ц нар нь тус багийн Бараат гэдэг газар оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт авагдсан байхад нэхэмжлэгч нар нь бэлчээрийн нөхцөлөөр газар ашиглалтын гэрээ байгуулсан эсэх талаар хэрэгт холбогдох баримт авагдаагүй, үүнтэй холбоотой нотлох баримтуудыг цуглуулаагүй, анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрхийг тодорхойлж дүгнээгүй, давж заалдах шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт зөрүүтэй болжээ.

14.Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс хийсэн нэхэмжлэгч иргэдийн шаардах эрхийн үндэслэл тодорхойгүй, маргааны үйл баримтад холбогдох хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь нэхэмжлэгч нарт хамааралгүй, эрхийг хөндөөгүй гэх агуулгатай дүгнэлтийг хяналтын шатны шүүхээс хянаж дүгнэх боломжгүй.    

15.Анхан шатны шүүх “уг талбай нь ЗГ-ын 2018 оны 243 дугаар тогтоолын хавсралтаар сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицолд хамаарсан талбай мөн” гэж, уг дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон атал хэрэгт Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Талбайн солбицлыг тогтоох тухай” 243 дугаар тогтоолын Өмнөговь аймгийн Номгон зэрэг суманд талбайн солбицол баталсан хавсралтыг хэрэгт хавсаргасан, нэхэмжлэгч нарын маргаж буй Дорнод аймгийн Б... сумын нутагт орших, Б... нэртэй газарт хамаарах Засгийн газрын тогтоолын хавсралт авагдаагүй байна.

16.Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 7/617 дугаар албан бичгээр Дорнод аймгийн Засаг даргад санал авахаар хандсан, уг албан бичгийн хариуд “... Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн санал авлаа. ... Сэргэлэн сумын 23, 24 дүгээр талбайгаас бусад бүх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгохоос татгалзах саналтай байгааг хүргүүлж байна” гэх саналыг Дорнод аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/379 дүгээр албан бичгээр ирүүлсэн нь хэрэгт авагджээ.

17.Шүүх уг үйл баримтад холбогдуулж хууль хэрэглээний дүгнэлт хийх шаардлагатай, хоёр шатны шүүх уг асуудлаар ямар нэг дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болно.

18.Түүнчлэн, хэрэгт авагдсан Онон-Улз голын сав газрын захиргааны 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 70, 2024 оны 100 дугаар албан бичгүүдээр маргаан бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь “тухайн сумын нутаг дэвсгэрт орших Т... голын онцгой хамгаалалтын бүстэй 140.3 га, энгийн хамгаалалтын бүстэй 131 га, Х... дээд, доод булгийн онцгой хамгаалалтын бүстэй 1 га, энгийн хамгаалалтын бүстэй 11.7 га газартай тус тус давхцалтай” гэж, хариуцагчаас “уг газарт ямар нэг гол байхгүй, мэдээллийн санд гол байгаа талаар бүртгэлгүй” гэж маргасан байхад шүүхүүд мөн нотлох баримтыг бүрэн цуглуулж үнэлэх үүргээ гүйцэтгээгүй, анхан шатны шүүхээс “ ... маргаан бүхий хайгуулын талбай нь шууд хориглосон газарт хамаарахгүй байна” гэж, давж заалдах шатны шүүх “... голын хамгаалалтын бүсэд давхацсан” гэж зөрүүтэй дүгнэлтүүд хийжээ.

19.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрэн бүрдүүлж, эргэлзээгүй талаас үнэлж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

20.Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/1065 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2025/197 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.БАТСҮРЭН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                                 Г.БАНЗРАГЧ

                                                                                      М.БАТСУУРЬ

                                                                                      П.СОЁЛ-ЭРДЭНЭ