Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 014

 

Г.Алтаншагайгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 940 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.Алтаншагайгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Баатар-Очирт холбогдох

Зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохирол 6.258.500 /зургаан сая хоёр зуун тавин найман мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Г.Алтаншагай шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 5 дугаар сарын 10-нд Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр дээр дохио өгөөд хөдөлгөөнд оролцох гэж байхад иргэн Н.Баатар-Очир нь согтуугаар ирж мөргөн авто тээврийн осол гаргасан. Үүнээс болж би машинаараа болон эрүүл мэндээрээ хохироод байна. Иймд Н.Баатар-Очироос эмчилгээний зардал 1.358.500 төгрөг, олох байсан орлого өөрөөр хэлбэл ноолууранд явах гэж байсан тул 3.000.000 төгрөг, машины эвдрэл 1.600.000 төгрөг, хот явж эмчилгээ хийлгэхдээ хэрэглэсэн хоол унааны зардал болон таксины зардал 300.000 төгрөг, нийт 6.258.500 төгрөгийг Н.Баатар-Очироос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Баатар-Очир шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Г.Алтаншагайгийн машиныг бүрэн засварлаж гэмтсэн хэсгүүдийг шинээр тавьж 2016 оны 6 дугаар сарын 16-нд харилцан ярилцаж хүлээлгэн өгсөн. Цагдаагийн байгууллагын зүгээс надад Г.Алтаншагайгийн эрүүл мэндтэй холбоотой үүрэг хүлээсэн аливаа шийдвэр гаргаагүй байх. Мөн Г.Алтаншагай нь нэгдсэн эмнэлгээс 13 дугаар маягт авахгүйгээр өөрийн хүсэл шийдлээр Улаанбаатар хот явж үзлэг шинжилгээнд орсон нь тухайн хүний эрүүл мэнддээ анхаарал тавьсан асуудал байна. Харин холбогдон гарсан зардлаа нэхэмжилсэн нь хууль ёсны дагуу надад үүссэн үүрэг гэж үзэх боломжгүй байна. Учир нь түүний эрүүл мэндэд учирсан хохирлыг өөрөөс нь өөр хэн ч нотлоогүйгээр барахгүй нотлох баримтууд нь хууль ёсны баримтууд мөн эсэх нь эргэлзээтэй. Нэхэмжлэгч нь орлого хаасан тухай нэхэмжлэлдээ дурджээ. Тухайн хоног хугацаанд ямар ашиг орлоготой байхыг мэргэжлийн байгууллага тооцож, тогтоох нь зүйтэй бөгөөд аймгийн татварын хэлтсээс Г.Алтаншагай нь ашиг орлогоосоо хэрхэн татвар төлж ирсэн талаарх лавлагааг тодруулах нь зүйтэй. Г.Алтаншагайгийн нэхэмжлэл бүхэлдээ үндэслэл муутай, шунахай сэдэлтэй, эрүүл мэнд, хууль хяналтын байгууллагын тогтоол шийдвэрээс хальсан цэвэр гүтгэлэгийн шинжтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 940 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Н.Баатар-Очироос эмчилгээний зардалд 473.500 /дөрвөн зуун далан гурван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Алтаншагайд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг буюу 5.784.500 / таван сая долоон зуун наян дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Г.Алтаншагайг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Н.Баатар-Очироос 14.855 /арван дөрвөн мянга найман зуун тавин тав/ төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулахаар тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 940 дугаар шийдвэрээр хариуцагч Н.Баатар-Очироос гэм хорын хохиролд 473.500 төгрөг гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад огтхон ч нийцээгүй байхад эмчилгээний зардалд гэж 473.500 төгрөгийг хариуцагчид үүрүүлж байгаа нь бодитой болж чадсангүй. Нэхэмжлэгч Г.Алтаншагай нь эрүүл мэндээр хохирсон талаарх ямар ч үйл баримт хэрэгт авагдаагүй, тэр талаар шүүх эмнэлгийн дүгнэлт ч гараагүй байхад үзлэгт орсон, шинжилгээ хийгдсэн, толгой, бүсэлхий, нураагаа үзүүлсэн, эмчээс зөвлөгөө авсан, орон нутагт зорчсон байна гэх мэтээр төлбөр тооцож улмаар гэм хорын хохирол гаргасан нь ямар ч үндэслэлгүй болно.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шаардлагыг хангаагүй байна.

Хариуцагч  Н.Баатар-очир нь 2016 оны 5 дугаар сарын 10-нд Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт авто тээврийн осол гаргасан байх ба уг зөрчил болон хариуцагчийн гэм буруугийн талаар талууд маргаагүй, харин хариуцагч нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учруулаагүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Г.Алтаншагайгийн авто машинд зам тээврийн ослын улмаас 1.620.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон харин нэхэмжлэгчийн биед гэмтэл учирсан  эсэх үйл баримтыг тогтоогдоогүй байхад шүүх эрүүл мэндийн хохирол 473.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Хариуцагч Н.Баатар-Очир нь “нэхэмжлэгчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэсэн дүгнэлтийг нэхэмжлэгч өөрөө ямар эмнэлэг, эмчээр гаргуулсныг мэдээгүй, уг дүгнэлтийг үндэслэж надад арга хэмжээ авсан” гэх тайлбар болон  бусад нотлох баримтаас үзэхэд хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шийдвэр гарсан байхаар байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлээр хамгаалагдсан үнэт зүйлс, туйлын эрхийн зөрчил, эрх зөрчсөн хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/, гэм буруу, гэм буруутай үйлдлээс болж хохирол учирсан байх эрхийн зөрчил, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байх нөхцлүүд зэрэг хангагдсан тохиолдолд нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой.

 Хариуцагчийн гэм буруутай үйлдлээс болж нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэмтэл учирсан нь тогтоогдсон нөхцөлд хариуцагч хуулийн дагуу гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй юм.

Иймд шүүх нэхэмжлэгчийн гэм хорын хохирол шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүй, хуульд  заасан урьдчилсан нөхцлүүд хангагдсан эсэхийг бүрэн шалгахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн зөрчлийг гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин  шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 940 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.440 /арван найман мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

                  ШҮҮГЧИД                                  Б.ОЮУНЦЭЦЭГ                                                                                   

                                                                     Т.ГАНБАТ