Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 261

 

Д.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор О.Мөнхбаатар, хохирогчийн өмгөөлөгч К.Жархынбек, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаар магадлалтай, Д.А-т холбогдох 1913000950198 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Х овогт Д-ий А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.  

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.А-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.А-ээс 251,242 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б-д олгож, илүү нэхэмжилсэн 340,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Б-ий онгоцны зардал гэх 464,000 төгрөг, аймгийн нэгдсэн эмнэлэг нь байгууллагад учирсан хохирол гэх даатгалаас төлсөн 96,279 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж” шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Хавтаст хэргийн материалтай танилцаж үзэхэд Д.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн эсэх нь дараах байдлаар эргэлзээтэй байна. Тодруулбал, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 0004466 тоот шийтгэлийн хуудас, хохирогч Д.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, холбогдогч Б.Д, гэрч Т, Бг, Х, Б, М, Х,  Х нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд Б.Б нь Д.А-ийг багалзуурдах байдлаар цамцны захаас нь барьж чирсэн үйлдэл эсхүл зөрчлийн хэргийн холбогдогч Б.Д-ы үйлдлийг таслан зогсоох зорилгоор ноцолдсоноос болж гар нь гэмтсэн байх магадлалтай байна. Мөн гэрч Х-ийн мэдүүлэг нь эргэлзээтэй байна. Мөрдөгч, прокуророос тус хэргийг шалгахдаа хэт нэг талыг барьж, цагаатгах талын нотлох баримтыг цуглуулахаас татгалзсанаар хэргийн оролцогчид бидний Монгол улсын Үндсэн хууль заасан эрх ноцтой зөрчигдсөн. Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр яллагдагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс Х-ийг гэрчээр асуулгах тухай хүсэлт гаргаж, шүүх хүлээн авсан боловч захирамжийн биелэлтийг хангуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Д.А нь Б.Б-ий биед гэмтэл учруулахын тулд санаатай үйлдэл хийгээгүй. Гагцхүү өөрийгөө бусдын хууль бус халдлагаас хамгаалах гэсэн оролдлого бүхий үйлдэл хийсэн болох нь тогтоогдсон. Үүнээс болж хохирогчийн биед ямар нэгэн гэмтэл учирсан байвал гэмт хэрэгт тооцогдох ёсгүй юм. Учир нь Д.А Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-т "өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй", 2-т "Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй" гэж тус тус заасны дагуу хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд нийгэмд аюултай халдлага үйлдсэн этгээдийн тэрхүү халдлагыг таслан зогсоохын тулд түүнд хүч хэрэглэж хийсэн үйлдэл тул Д.А-ийн үйлдлийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх ёстой. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Д.А-ийг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч К.Жархынбек хэлсэн саналдаа “Хохирогчоос авсан мэдээллийн хүрээнд тайлбар хэлье. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн зөвлөх эмч Б.Б нь Д.А-ийг “гадуур хувцастай орлоо, Халдвар хамгааллын журам зөрчлөө” гэх үндэслэлээр шаардлага тавихад шаардлагыг биелүүлээгүйн улмаас маргаан үүссэн буюу Д.А түүний биед халдсан. Харин хохирогч Б.Б нь шүүгдэгчийг зодсон үйл баримт тогтоогдоогүй. Гэрч Б.Х худал мэдүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй учир шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийн зэрэгт маргаан байхгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд ахлах прокурор О.Мөнхбаатар гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.А-т холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хэргийн бодит байдал, үйл баримтад нийцсэн. Шүүгдэгч Д.А нь хохирогчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн маргалдаж, улмаар зүүн талын гарын булчин хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогдсон. Мөн шүүгдэгчийн үйлдлийг “аргагүй хамгаалалт” гэж үзэх үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны гаргасан гомдлыг үндэслэн Д.А-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.

              Шүүгдэгч Д.А нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өглөөний 10 цагийн үед Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт гадуур хувцастай орж халдвар хамгааллын журам зөрчсөн байх бөгөөд мэс заслын зөвлөх эмч Б.Б гарахыг шаардаж зууралдахад түүнтэй маргалдаж, улмаар түүний зүүн гарыг тавиулах зорилгоор булчин хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

              Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

              Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.А-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

              Анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А өмгөөлөгчийн хамт өөрийгөө халдлагад өртсөн, өөрийгөө хамгаалж хохирогчийн гарыг тавиулахаар татаж гэмтэл учруулсан тул аргагүй хамгаалалтад тооцож цагаатгуулах агуулга бүхий гомдлыг гаргажээ.

              Аргагүй хамгаалалт нь халдагч этгээдийн хууль бус, тулгарсан довтолгооны эсрэг өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах санаа зорилгоор хариу довтолгоон хийж, халдагч этгээдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж буй хувь хүний гэмт халдлагаас өөрийгөө хамгаалах эрхийг баталгаажуулсан гэмт явдалтай тэмцэхэд иргэдийн оролцооны ач холбогдлыг нэмэгдүүлсэн нийгэмд ашигтай ажиллагаанд тооцогдоно.

              Хохирогч Б.Б-ий тавьсан шаардлага хууль тогтоомжид нийцсэн, Д.А-ийг тасгаас гаргах гэж зуурсан үйлдэл нь хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учруулах зорилго бүхий довтолгоон биш тул аргагүй хамгаалалтын тохиолдол үүсээгүй гэж үзнэ.

              Мөн дээрх байдлаар шүүгдэгч Д.А-ийн үйлдэл аргагүй хамгаалалтад тооцогдохгүй талаар шат, шатны шүүхүүд хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж шийтгэх тогтоол, магадлалд тодорхой тусгасан байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                       

                       ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН