Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2025/01187

 

 

 

 

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/03580 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* болон тус  *******д тус тус холбогдох

 

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн *******ийн 2021 оны 03 сарын 01-ний өдрийн ******* тогтоолыг хүчингүй болгож, *******-ийн ерөнхий захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******-ын өмгөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь 2020 оны 08 сарын 24-ний өдөр Нэгдүгээр эмнэлгийн *******ийн даргатай контрактын гэрээ байгуулж, тус эмнэлгийн Ерөнхий захирлаар томилогдон ажилласан. Гэтэл *******ийн 2021 оны 03 сарын 01-ний өдрийн *******тогтоолоор нэхэмжлэгчийг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй байна гэж үзэн контрактын гэрээг цуцалж, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болсон.

Нэхэмжлэгчтэй байгуулсан контрактын гэрээний эцсийн үр дүн бодитой гараагүй, үүрэг биелэгдээгүй болох нь баримтаар тогтоогдоогүй, тогтоосон талаарх дүгнэлтийг мэдэгдэлгүйгээр шууд цуцалсан. Контрактын гэрээний 3.10.1-д зааснаар гэрээний хугацаа 5 жил буюу 2025 оны 08 сарын 21-ний өдрийг хүртэл байсан боловч хагас жилийн хугацаа өнгөрөөгүй байхад ажлыг дүгнэн үүрэгт ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас албан шаардлага ирүүлсэн бөгөөд уг шаардлагын хариуг 2021 оны 01 сарын 11-ний өдрийн 1/22 тоот бичгээр хүргүүлсэн. Өр төлбөртэй гарсан асуудал нь контрактын гэрээг цуцлах үндэслэл болохгүй. Тодорхой хэмжээний өр төлбөрүүд гарсан нь ковидтой холбоотой худалдан авалтууд нэмэгдсэнтэй холбоотой бөгөөд ******* гэдэг хүний буруутай үйл ажиллагаанаас болоогүй юм. Хэрэгт баримтаар ирүүлсэн үнэлгээний тайлан тодорхой бус, ойлгомжгүй байна.

Иймд тус эмнэлгийн *******ийн 2021 оны 03 сарын 01-ний өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 72,560,511 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******* болон *******-ын *******ийн тайлбар, татгалзлын агуулга:

*******ийн даргын 2020 оны 08 сарын 18-ны өдрийн 15 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг тус эмнэлгийн ерөнхий захирлаар томилсон. Гэвч ******* нь захирлын ажлыг хүлээн авснаас хойш байгууллагын төлөө ажиллах хүсэл эрмэлзэл, сэтгэл зориг, идэвх санаачилга, хандлага чадвар байхгүй нь харагдаж, цаашид байгууллагын удирдлага, зохион байгуулалтын сул тогтолцооноос үүдэлтэй алдаа зөрчил гарах эрсдэл бий болсон. Ерөнхий захирлаар ажиллаж байх хугацаандаа ТУЗ-өөс өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй.

Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2020 оны 12 сарын 26-ны өдөр тус коронавируст халдварын хяналт, сэргийлэлт, нөөцийн бүрдүүлэлт, барилга байгууламжийн эрүүл ахуйн нөхцөлд хяналт шалгалт хийгдсэн. Тус хяналт шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсэн. Мөн Үндэсний аудитын газраас 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайланд аудит хийхэд эмнэлэг тухайн онд 599,812,000 төгрөгийн өртэй гарсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлт 2020 оны сүүлийн 6 сард өмнөх хагас жилээс муу үзүүлэлттэй гарсан. Дээрх нөхцөл байдал эмнэлгийн захирлын ажлын гүйцэтгэлийг 2021 оны 02 сарын 26-ны өдөр *******ийн хурлаар эмнэлгийн захирлын ажиллах хугацаандаа хийж гүйцэтгэсэн ажил болон эмнэлгийн жилийн эцсийн тайланг *******гаар тайлагнуулж зөвлөлийн гишүүдээр хэлэлцүүлсэн.

Ажлын гүйцэтгэлийн контрактын гэрээний хавсралтын дагуу үнэлж гишүүдийн саналыг нэгтгэхэд 38.7 оноо авч муу гэж үнэлэгдэж ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тул хангалттай ажиллаж чадаагүй, ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэгдсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ийн 2021 оны 03 сарын 01-ний өдрийн ******* тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******г ******* ерөнхий захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 68,955,849 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч *******, түүний *******д тус тус даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч *******, түүний ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 502,729 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх "ажилтныг хангалттай ажиллаж чадаагүй, ажилдаа тэнцэхгүй байгааг баримтаар тогтоогоогүй, тухайн нэхэмжлэгчийг байлцуулаагүй, дүгнэлтээ танилцуулж гарын үсэг зуруулаагүй байна. ... нэхэмжлэгчийг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцээгүй болохыг тогтоосон эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэр хэрэгт авагдаагүй.  *******ийн дарга эмнэлгийн захиралтай байгуулах контрактын гэрээний үр дүнг талууд дүгнээгүй, уг гэрээний хугацаа дуусаагүй байна. Иймд хариуцагч ажилтныг захиргааны санаачилгаар ажлаас халахдаа хуулиар тогтоосон үндэслэл, журам зөрчиж, нэхэмжлэгч *******г ажлаас нь буруу халсан" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийг 41.1.1-д заасныг буруугаар тайлбарлан хэрэглэсэн.

Нэхэмжлэгч *******тай байгуулсан контрактын гэрээг ******* дүгнэсэн баримт, төлөөлөн удирдөх зөвлөлийн 2021 оны 02 сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэл, *******ийн гишүүн бүрийн өгсөн үнэлгээ, үнэлгээний дүнг нэгтгэхэд ******* нийт 38.7 оноо авсан талаарх баримтууд хэрэгт авагдсан.

Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.5-т "эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх", 17.10.11-д "эмнэлгийн захиралтай байгуулсан гэрээг дүгнэх", 17.11.6-т "эмнэлгийн захирлын гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлаар хууль, журмын дагуу хариуцлага хүлээлгэх; бүрэн эрхийг эмнэлгийн ******* хэрэгжүүлэхээр заасан, мөн Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.18-т "*******ийн хуралдаанаар хэлэлцсэн, санал хураалтаар шийдвэрлэсэн асуудал, санал хураалтын дүн, гаргасан шийдвэрийн тухай тэмдэглэл хөтөлж, шийдвэрлэсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд удирдах зөвлөлийн дарга хуралдааны тэмдэглэл, тогтоолд гарын үсэг зурж баталгаажуулна" гэж зааснаар нэхэмжлэгч *******тай байгуулсан контрактын гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь эмнэлгийн *******, уг зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, гишүүдийн саналын дүн буюу захирлын ажлын гүйцэтгэлд өгсөн үнэлгээний дүн нь хангалттай нотлох баримт болно. Гэтэл анхан шатны шүүх "ажил үүрэгтээ тэнцээгүй болохыг тогтоосон эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэр хэрэгт авагдаагүй, эмнэлгийн захиралтай байгуулах контрактын гэрээний үр дүнг талууд дүгнээгүй, ажилтныг хангалттай ажиллаж чадаагүй, ажилдаа тэнцэхгүй байгааг баримтаар тогтоогоогүй" гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй.

Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.11, Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйл, эмнэлгийн захиралтай байгуулсан контрактын гэрээгээр хугацаанаас нь өмнө ажил олгогч буюу *******ийн санаачилгаар цуцалж болохоор зохицуулсан байхад анхан шатны шүүх "... контрактын гэрээний хугацаа дуусаагүй байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д ажил олгогчийн санаачлаагаар цуцлахаар зохицуулсныг анхан шатны шүүх буруугаар хэрэглэсэн байна.

Тодруулбал, энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан контрактын онцлог зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 болон 3-т заасан үндсэн суурь зохицуулалттай холбоотой. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу өмчлөгч өөрийн өмч хөрөнгийг удирдан зохицуулах, өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж буй захирлыг томилох, уг захирлыг хэдийд ч чөлөөлөх эрхтэй болно. Энэ тохиолдолд өмчлөгчийн эрхийг түүний эрх олгосноор хэрэгжүүлж байгаа эмнэлгийн ******* нь "Ерөнхий захирлыг хангалттай ажиллаж чадаагүй, цаашид ажиллаж чадахгүй нь илэрхий" гэж өөрөө үзсэн, үнэлсэн бол контрактын гэрээг цуцлах эрхтэй.

Гэтэл анхан шатны шүүх "ажилтныг хангалттай ажиллаж чадаагүй, ажилдаа тэнцэхгүй байгааг баримтаар тогтоогоогүй, тухайн нэхэмжлэгчийг байлцуулаагүй, дүгнэлтээ танилцуулж гарын үсэг зуруулаагүй" гэж Хөдөлмөрийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д огт байхгүй шаардлагыг хангаагүй гэж үзэн, Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Эмнэлгийн захирал хангалттай ажиллаж чадаагүйг Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар "өмчлөгч үзсэн бол", Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар ******* дүгнэж, хариуцлага хүлээлгэх эрх хэмжээтэй байхаар заасны дагуу эмнэлгийн ******* нэхэмжлэгчтэй байгуулсан контрактын гэрээний хэрэгжилт, үр дүнг хангалтгүй гэж дүгнэсэн хэдий ч хавтаст хэрэгт нэхэмжлэгч *******г хангалттай ажиллаж чадаагүйг нотолсон хөндлөнгийн, эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн эрх бүхий байгууллагын албан шаардлага, дүгнэлт авагдсан. Үүнд:

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний бэлэн байдал, нөөц бүрдүүлэлтийг байнга хангаж ажиллаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийхэд хэд хэдэн зөрчлүүд тогтоож, улсын байцаагчийн албан шаардлага гарсан бөгөөд эмнэлгийн байгууллагад өдөр тутамд хийгдэж байх ёстой хамгийн энгийн шаардлагыг тавьсан байна. Өөрөөр хэлбэл, нэгт зөрчил гаргаснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн байна, хоёрт албан шаардлагыг биелүүлж, зөрчлийг арилгасан биш харин ирээдүйд арилгах талаар төлөвлөж байгаагаа илэрхийлсэн байна.

Үндэсний аудитын газраас хийсэн аудитын тайланд 2020 оны санхүүгийн тайлангаар 599,812,000 төгрөгийн өртэй гарсан байдаг. Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт орж, эмнэлгийг "гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх" зарчим нэвтрүүлж, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төв эмнэлэг дээр туршин хэрэгжүүлж байсан энэ үед эмнэлгийг өр төлбөргүй байлгах нь эмнэлгийн гүйцэтгэх удирдлагад тавигдах гол шаардлагуудын нэг юм.

Контрактын гэрээний онцлог зохицуулалт нь өмчлөгчийн эрхийг хамгаалахад чиглэгддэг үүгээрээ хөдөлмөрийн гэрээнээс ялгаатай. Нэхэмжлэгчийн өөрийн зөвшөөрч, баталгаажуулсан эмнэлгийн захирлын ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлага гэсэн хэсэгт боловсрол, мэргэжил, туршлага, ур чадвар, хувь хүний чадварыг тодорхойлсон ба зайлшгүй байх ур чадварт "харилцааны болон бусад чадвар, шийдвэр гаргах чадвар, манлайллын чадвар, багаар ажиллах чадвар, компьютер ашиглах чадвар", нэмэлтээр шаардагдах ур чадварт "хэлэлцээ хийх бусдад нөлөөлөх чадвар, дүн шинжилгээ хийх чадвар, хамтрагч талуудтай үр дүнтэй хамтарч ажиллах чадвар, англи хэлний мэдлэг" гэсэн чадваруудыг тодорхойлсон. Гэтэл эдгээр ур чадвар бодит байдал, ажил дээр хангалтгүй болох нь эмнэлгийн удирдлагыг хэрэгжүүлэгч *******ийн "удирдлагыг багаар хэрэгжүүлж чаддаггүй, удирдлагыг хэрэгжүүлэхдээ хамтарч ажиллаж мэдээлэл өгөхгүй байна" гэдэг үнэлгээ, тодруулбал, *******ийн 2021 оны 02 дугаар сарын хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна.

 

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дүрмийн 5.1-д зааснаар гүйцэтгэх удирдлагыг түүний удирдлага дор хамтран хэрэгжүүлдэг эрх бүхий албан тушаалтнууд "багаар хамтарч ажилладаггүй, уулздаггүй, сонсдоггүй, мэдээлэл өгдөггүй" гэсэн үнэлгээ, тайлбар 2021 оны 02 сарын 26-ны өдрийн *******ийн тэмдэглэлээр нотлогдож байна.

Тодруулбал, тэмдэглэлд "Захирлын ажлын албаны дарга Амаржаргал: Захирлын ажлын алба дээд шатны байгууллагаас ирсэн тайлангуудад хариу өгдөг байгаа. 2020 оны сүүлийн хагас жилд дээд шатны байгууллагаас тайлан ирүүлэх тухай албан бичгүүд над дээр цохогдож ирсэн удаа байхгүй. 10 сард ирүүлсэн тэр албан бичиг мөн над дээр цохогдож орж ирээгүй.", "ЭТҮЧанар аюулгүй байдлын албаны дарга *******: Би сүүлийн 3 сар эмнэлгийн даргатайгаа уулзсангүй. Уулзах гээд өрөөнд нь ажил байдлаа танилцуулах гээд орохоор завсаргүй байна, дараа бол...надад сүүлийн 3 сар, тэрнээс ч өмнө албан бичгүүд ерөөсөө цохогдохоо больсноос болоод эрүүл мэндийн яаманд асуудлууд чанарын албаны хамтын ажиллагаа албан бичгээр явахгүй байна гээд хувь хүний манай албанд хамааралтай шүүмжүүд ирэх болсон, "Сургалт эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал *******: Стратеги төлөвлөгөө бол 2020 оноос хойш ерөнхийдөө яаж уялдаж явах талаар нэг ч удаа хурал болоогүй. Хүний нөөц, байгууллага, оношилгоо эмчилгээ, шинэ технологийг нэвтрүүлэх, сургалт эрдэм шинжилгээний чиглэл, эрсдэлд ээлтэй орчинд тусламж үйлчилгээ үзүүлэх энэ 5 чиглэлээр гаргасан төлөвлөгөөний дагуу нэг ч ажлууд хийгдээгүй. Удирдлага зохион байгуулалтын асуудал дээр ерөнхий захирал бол ажилласангүй", "Захиргаа хүний нөөцийн албаны дараа *******: ******* захирал бид нарыг зөв удирдан чиглүүлж ажиллаж чадсангүй. Захирал бичиг цохохгүй мэдээлэл дамжуулах зарчмыг алдагдуулж шууд мэргэжилтэн рүү шилжүүлж хэдхэн хүн рүү бичиг цохсоноос болоод мэдээлэл эмх замбараагүй хуулирсан урсгалаар явагдсанаас болоод байгууллагын удирдлагын түвшний шийдвэр гаргалт, албан бичиг хэрэг хөтлөлтийн зарчим алдагдаж маш их саадтай удаашралтай зогсонги байдалд орсон гэж ерөнхий захирлын ур чадвар, ажлыг тодорхойлсон байна.

Эндээс дүгнэхэд, нэхэмжлэгчийн шууд дээд удирдлага болох *******, мөн гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтнууд, эмнэлгийн ажилтнууд нэхэмжлэгчийг удирдах, манлайлах, шийдвэр гаргах, харилцааны ур чадваргүй, эдгээр ур чадвар хангалтгүй гэж үнэлж дүгнэсэн байхад түүний "өндөр ур чадварыг хөлслөн, өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг хэрэгжүүлэх"-ээр контрактын гэрээ байгуулсан ******* нь өөрийн санаачилгаар контрактын гэрээний 7.3.2, 7.4.4-т заасныг үндэслэн уг контрактын гэрээг цуцалж, өмчлөгчийн эрхийг хамгаалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үнэлж дүгнэсэнгүй. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа улсын эмнэлгийг удирдан зохион байгуулах, манлайлах, шийдвэр гаргах, хамт олныг авч явах ур чадвар нэхэмжлэгч *******д хангалттай байж чадаагүй гэж хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтыг огт үнэлсэнгүй.

Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, бүрэн дүүрэн үнэлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг хэрэгжүүлээгүй, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/03580 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан "шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байх тул уг шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч нарын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Хариуцагч талын гаргасан давж заалдаж гомдлын нэгдүгээр үндэслэл нь *******г хангалттай ажиллаж чадаагүй болохыг нотолсон баримтыг үнэлээгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан нотлох баримт дотор нэхэмжлэгч *******г ажил үүргээ хангалттай биелүүлж чадаагүй гэдгийг нотолсон баримт байхгүй. 2021 оны 02 сарын 26-ны өдрийн *******ийн тэмдэглэлд нэхэмжлэгч *******г ажлаа хангалттай хийгээгүй гэдгийг нь нотолсон гэж тайлбарласан. Нэхэмжлэгч *******гийн контрактын гэрээг 2021 оны 02 сарын 26-ны өдөр хэлэлцэхээр хурал зарласан. Уг хуралдаанд нэхэмжлэгч *******г оролцуулан хийсэн ажлынх нь тайланг сонссон хуралдааны тэмдэглэлээр тогтоогдоно. Хариуцагч талын өмгөөлөгчийн зүгээс 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйл болон 41 дүгээр зүйлд заасны дагуу өмчлөгч үзсэн гэх асуудлыг дурдсан. Хөдөлмөрийн тухай хуульд өмчлөгч үзсэн гэдэг үгийг шууд хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл, аливаа этгээдийн хөндлөнгийн дүгнэлт байх ёсгүй гэх шаардлага тавьсан. Хэн нэг этгээдийн мэргэжил, ур чадварыг ашиглана гэж гэрээ байгуулдаг. Гэтэл өмчлөгч нь би чамайг мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй гэж үзлээ гэдэг өөрийнх нь хувийн бодлоор бусдын хөдөлмөрлөх эрхийг зөрчиж болохгүй гэх үүднээс Улсын дээд шүүх уг зохицуулалтыг хэрхэн ойлгох талаар тайлбар гаргасан.

Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 18 дугаар зүйлд уг асуудлыг тайлбарлаж өгсөн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр буюу хангалттай ажиллаж чадаагүй гэдгийг тогтоох, ажилтны контрактын гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг дүгнэхдээ өмчлөгч буюу түүний төлөөлөх эрх бүхий этгээд нь контрактад тусгасан журмыг баримталж ажилтныг байлцуулах үүрэгтэй гэж заасан. Талуудын хооронд 2020 оны 08 сарын 24-ний өдөр 01 дугаартай гэрээ байгуулсан. Уг гэрээг хэрхэн дүгнэх талаар гэрээний хоёрдугаар хавсралтаар зааж өгсөн. Стратеги удирдлага ба шинэчлэлийн шалгуур үзүүлэлтүүд нь эмнэлгийн хөгжлийн бодлого байгаа эсэх түүний чанар гэж тодорхойлсон. Эмнэлгийн хөгжлийн бодлого байхгүй хугацаа нь дууссан байгаа чанар муу байвал нэг оноо, эмнэлгийн хөгжлийн бодлоготой ч хүний эрүүл мэндийн хэрэгцээ амьдралд нийцээгүй бол хоёр оноо, эмнэлгийн хөгжлийн бодлого хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд нийцүүлэн боловсруулахад ******* болон бусад оролцогч талыг байлцуулсан бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсан ч бүрэн хэрэгжүүлээгүй бол гурван оноо гэж зохицуулсан. Нэхэмжлэгч *******г 2020 онд ажилд томилогдохоос өмнө эмнэлгийн хөгжлийн бодлого нь батлагдсан байсан. *******ийн хуралдааны тэмдэглэл болон 38.7 хувь гэж үнэлсэн үнэлгээг анхан шатны шүүх үнэлж үзээгүй гэж байгаа хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас албан шаардлага ирүүлсэн бөгөөд уг албан шаардлагыг биелүүлнэ гэх хариу өгсөн нь нэхэмжлэгч тал алдаа дутагдлаа зөвшөөрсөн, эм тариа зориулалтын бусаар хадгалсан, нэг удаагийн маск бээлий хэрэгслийг эмч нарт тарааж өгөөгүй гэж дурдсан. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн агааржуулалтын систем бүрэн гүйцэт ажиллахгүй байна гэх асуудал тавигдсан. Уг агааржуулалтын систем бүрэн гүйцэт ажиллахгүй байгаа нөхцөл байдал нь үе үеийн дарга нар солигддог, байгууллага засвар хийдэгтэй холбоотой агааржуулалтын системд доголдол үүссэн бөгөөд үүнийг шууд засах боломжгүй учраас ирээдүйд төлөвлөгөөгөөр засна гэх хариу хүргүүлсэн. Уг асуудал нь нэхэмжлэгч *******гийн ажил үүрэгтэй холбоотой шалгалт биш бөгөөд хөндлөнгийн дүгнэлт хэрэггүй гэж үзсэн субъект маань үүнийг хөндлөнгийн дүгнэлт гэж дурдсан.

Хэргийн 118 дугаар талд хэзээ, ямар шалтгаанаар 599,812,000 төгрөгийн өр төлбөр үүссэн талаар дурдагдсан. Гэвч 2019, 2020 онуудад 599,000,000 төгрөгийн өр тавьсан учраас уг ажил мэргэжил, ур чадвар нь тэнцээгүй гэдгийг хөндлөнгийн аудитын дүгнэлтээр тогтоогдсон гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй. Мөн орны фонд ашиглалт, өвчтөн ирж эмнэлгээс үйлчилгээ авах үлдэгдэл хоногийн хугацаа аль болох богино байвал сайн байна гэж тайлбарладаг. Уг тайлбараар *******гийн ажиллаж байх үеийн бүх асуудлууд тодорхой болж, тухайн байгууллагад ажиллах 4 сарын хугацаанд уг үр дүнгүүд гарсан. Гэвч 850 гаруй ажилчидтай байгууллагаас 1, 2 ажилтныг цохож, тухайн ажилд тэнцэхгүй гэх толгой байхгүй баримтад гарын үсэг зуруулсан. Тухайн нөхцөл байдлыг ажилтнуудын сэтгэл ханамж гэж ойлгох боломжгүй.

Улсын дээд шүүхийн тайлбарт контрактын гэрээг дүгнэхдээ контрактын эцсийн үр дүн бодитой гараагүй, үүрэг биелэгдээгүй болох нь баримтаар тогтоогдсон байх бөгөөд энэ тухай дүгнэлтийг ажилтанд танилцуулна гарын үсэг зурсан бол эсхүл уг дүгнэлтийг ажилтан эс зөвшөөрвөл тайлбар гаргана гэж заасан. Анхан шатны шүүх Улсын дээд шүүхийн тайлбараар үндэслэл бүхий дүгнэлтийг гаргасан. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон учраас хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* болон тус *******д тус тус холбогдуулан  *******ийн 2021 оны 03 сарын 01-ний өдрийн 01 дугаар тогтоолыг хүчингүй болгож, тус эмнэлгийн ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, тухайн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг контрактын гэрээний хавсралтад заасны дагуу үнэлэхэд 38.7 оноо авч муу үнэлэгдсэн, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн тайлбар гарган маргажээ.

 

3. *******, ******* нар 2020 оны 08 сарын 24-ний өдөр 01 тоот Эмнэлгийн *******ийн дарга эмнэлгийн захиралтай байгуулах Контрактын гэрээ-г 2020 оны 08 сарын 22-ны өдрөөс 2025 оны 08 сарын 21-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай байгуулж, *******ийн захирлаар ******* томилогджээ.

 

Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг хэрэгжүүлэхдээ бусдын хөдөлмөрлөх үйл ажиллагааг, мөн ажил олгогч нь иргэний гоц буюу ховор авьяас, өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглах зорилгоор иргэнтэй контракт байгуулна гэж зааснаар зохигчийн хооронд контрактын гэрээний харилцаа үүссэнийг анхан шатны шүүх зөв тодорхойлжээ. Энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдалд зохигч маргаагүй, гэрээ хүчин төгөлдөр байна.

Энэ төрлийн хөдөлмөрийн харилцаа нь өмчлөгч болох Улсын нэгдүгээр төв эмнэлэг, тус эмнэлгийг төлөөлж ******* /цаашид ТУЗ гэнэ/-өөс өмчлөх эрхийн тодорхой хэсгийг ажилтнаар дамжуулан хэрэгжүүлэх, байгууллагын удирдлагын түвшний ажил үүргийг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгчтэй дээрх гэрээг байгуулжээ.

 

Энэ нь нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтын Ажлын байрны үндсэн зорилт-ын хүрээнд эмнэлгийн ерөнхий захирлын үндсэн 4 чиг үүргийг хэрэгжүүлэхийг тусгасан нь мөн /1999 оны/ хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт нийцжээ.

4. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ТУЗ-ийн 2021 оны 03 сарын 01-ний өдрийн 01 дугаартай *******ийн Ерөнхий захирлын контракт гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тогтоолоор Монгол Улсын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийг 15.18 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.5. 17.10.11, 17.11.4, 17.11.6 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Эмнэлгийн *******ийн дарга, эмнэлгийн захиралтай байгуулах контрактын гэрээний 7.3.2, 7.4.4, 7.4.8, Эрүүл мэндийн яамны 2021 оны 02 сарын 05-ны өдрийн 1а/566 тоот албан бичиг, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн *******ийн 2021 оны 02 сарын 26-ны өдрийн хуралдааны шийдвэр, Захирлын гүйцэтгэлийн үнэлгээний дүнг тус тус үндэслэн тус эмнэлгийн ерөнхий захирал *******г мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй байгаа нь гүйцэтгэлийн үнэлгээний дүнгээр тогтоогдсон гэсэн үндэслэлээр мөн өдрөөр тасалбар болгон контрактын гэрээг цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт Талууд контракт байгуулах үедээ хугацаа, ажилтны гүйцэтгэх ажлын эцсийн үр дүн, ажил олгогчийн өмнө хүлээх үүрэг, контрактыг дүгнэх журам, ажилтны мэдэлд олгож буй хөрөнгийн хэмжээ, түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журам, ажилтанд олгох урамшуулал, хангамж, хөнгөлөлт болон үйл ажиллагааны хүрсэн үр дүн, ашгаас олгох хувь хэмжээ, түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхой заасан байна гэж заасан.

 

Хариуцагч дээрх шийдвэрийг гаргахдаа өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлж контрактын гэрээг дүгнэхэд нэхэмжлэгчийн гүйцэтгэж буй ажлын үр дүн нь гэрээнд зааснаар хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэж, контрактын гэрээг цуцалсан нь мөн /1999 оны/ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.1-д зааснаар контрактын гэрээг цуцлах үндэслэл бүрдээгүй буюу нэхэмжлэгчийг хангалттай ажиллаж чадаагүй, ажилдаа тэнцэхгүй болохыг баримтаар тогтоогоогүй, үнэлгээ тооцсон аргачлал нь ойлгомжгүй, тодорхой бус болсныг анхан шатны шүүх үндэслэл бүхий болсон, нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймээс хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үр дүнг хэлэлцэн дүгнэж, өмчлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх замаар нэхэмжлэгч *******г ажлаас чөлөөлсөн гэсэн тайлбар хэргийн бодит байдалд нийцэхгүй байх тул энэ тухай гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

5. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгч *******г ажлаас үндэслэлгүй халсныг тогтоосон хэдий ч нэхэмжлэгчийг хариуцагч байгууллагын ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн тогтоохдоо контрактын гэрээний агуулга, хугацааг харгалзан үзээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

Зохигч контрактын гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт нийцсэн байх бөгөөд контрактыг дүгнэх үед ажилтан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзвэл цаашид сунгаж болохоор мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт заасан нь өмчлөгч буюу хариуцагч байгууллагын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэгдэх асуудал юм. Контрактын гэрээний хугацаа 2025 оны 08 сарын 21-ний өдөр дуусгавар болохоор талууд тохиролцсон байх тул шүүх нэхэмжлэгчийг контрактын гэрээнд заасан ажлын байранд эгүүлэн тогтоох замаар тухайн гэрээний үргэлжлэх хугацааг сунгах, шинээр тогтоох чиг үүрэггүй.

 

Өөрөөр хэлбэл, контрактын гэрээнд ердийн хөдөлмөрийн гэрээний нэгэн адил хугацаагүй байгуулах шаардлага тавигддаггүй учир зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад контрактын гэрээний хугацаа дуусгавар болж байх тул шүүх нэхэмжлэгч *******г хариуцагч *******ийн ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох хууль зүйн боломжгүй юм.

 

Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгохтой холбоотой гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийн тус шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

Харин хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчтэй байгуулсан контрактын гэрээг хууль зүйн үндэслэлгүйгээр цуцалсан учир Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар контрактын гэрээний хугацаа дуусгавар болох хугацааны цалин хөлсөнд 74,696,657 төгрөг олгогдохоор байна. Гэвч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын зарчимд тулгуурлан явагдах учир гомдол гаргагч хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмыг баримталж, анхан шатны шүүх хариуцагчаас 68,955,849 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн мөнгөн дүнгийн хэмжээг өөрчлөхгүй.

 

6. Нэхэмжлэгч нь хариуцагч Улсын нэгдүгээр төв эмнэлгийн *******ийн 2021 оны 03 сарын 01-ний өдрийн ******* тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус эмнэлгийн *******д холбогдуулан гаргасан нь үндэслэлгүй. *******гийн *******ийн 2020 оны 05 сарын 23-ны өдрийн *******тай *******гийн дүрэм, бүтэц, орон тоо, стратеги төлөвлөгөө батлах тухай тогтоолын 1-р хавсралтаар баталсан дүрмийн 5.1, эмнэлгийн бүтцийг тодорхойлсон 2-р хавсралтад тус тус зааснаар тус эмнэлгийн удирдлагын бүтцэд *******тэй байхаар заажээ.

 

Хариуцагч *******гийн ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бие даан хариуцвал зохих этгээд биш бөгөөд тус эмнэлгийг төлөөлөн шийдвэр гаргажээ. Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагч *******гийн *******ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бие даасан оролцогч гэж үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Иймээс хариуцагч *******гийн ******* нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийн эрх, үүргийг хэрэгжүүлэхгүй учир нэхэмжлэгчийн зүгээс тус эмнэлгийн *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч *******-аас 68,955,849 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас ажилд эгүүлэн тогтоолгох болон хариуцагч *******гийн *******д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/03580 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1, 2 дахь заалтыг нэгтгэж Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-аас 68,955,849 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас ажилд эгүүлэн тогтоолгох болон хариуцагч *******гийн *******д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж тус тус өөрчлөн, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч ******* нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЭНЭБИШ