| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/03273/И |
| Дугаар | 210/МА2025/01207 |
| Огноо | 2025-07-18 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2025/01207
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******-ийн нэхэмжлэлтэй,
*******-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 111,381,336 төгрөг гаргуулах, 2,000 м.кв талбайг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Манай компани *******,*******,******* тоотод байрлах 2,000м.кв талбайг тээврийн хэрэгсэл түр саатуулах журмын хашааны зориулалтаар 1 жилийн хугацаатайгаар *******-д түрээслүүлэхээр харилцан тохиролцож, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ТГ03/21 дугаартай түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний 2.1-т түрээсийн төлбөрийг 1 м.кв тутам нь 1,500 төгрөгөөр тооцож 1 сарын 3,000,000 төгрөг байхаар тооцож харилцан тохиролцсон. Үүнээс хойш хэд хэдэн удаа түрээсийн гэрээг сунгаж, өнөөдрийг хүртэл түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулсан хэвээр байгаа. Манай маргааны зүйл нь түрээсийн гэрээний төлбөр, алданги байгаа. Түрээсийн гэрээгээ цуцалсан байхад одоог хүртэл талбайг чөлөөлж өгөхгүй байгаа учраас түрээсийн гэрээний үүрэгт нийт 111,381,336 төгрөг гаргуулж, мөн талбайгаа чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:
Хариуцагч компанийн зүгээс тухайн *******-ийн тодорхой хэмжээний газрыг түрээсийн гэрээний дагуу талбайг ашиглаж байсан нь үнэн боловч түрээсийн гэрээ байгуулахдаа эхний 6 сарын төлбөрийг 2,000,000 төгрөгөөр 7 дахь сараас 3,000,000 төгрөгөөр авна гэж тодорхой заасан. 81,000,000 төгрөг нэмэгдүүлсээр байгаад одоо 100,000,000 гаруй төгрөг гэж байх шиг байна. Бидний зүгээс эхний 6 сарын төлбөрийг 2,000,000 төгрөгөөр бодоод өгөөч тэгэхгүй бол 3,000,000 төгрөгөөр бодоод байна гэж хэлж байгаа. Түүнээс гадна алдангиа зогсоогоод бууруулж өгөөч гэж хүсэлт гаргаж байгаа. Учир нь бидний маргаан гарсан зүйл нь 1 хашаатай үүгээр орж гарах зүйлийн талаар байдаг. Нэхэмжлэгч тал өөр аж ахуйн нэгжид давхар түрээсэлж харуул хамгаалалтыг хариуцагч тал хариуцаад байсан. Тодорхой хэмжээгээр манай компани харуул хамгаалалтыг хариуцаж байсан гэх зүйлээр алдангиа хасчихвал үндсэн төлбөрийг төлье гэж байгаа гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч *******-ийн хууль бус эзэмшлээс *******, 1 дүгээр хороо,******* тоотод байрлах 2,000 м.кв талбайг албадан чөлөөлүүлж, түрээсийн гэрээний үүрэгт 111,381,336 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,196,110 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 714,857 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
2. Мөн нэхэмжлэгчээс бидний үндсэн үйл ажиллагаа болох Тээврийн хэрэгслийн түр саатуулах зорилгоор ачилт, буулгалт хийх ажиллагаанд оролцож хашаанд давхар камер тавьж, ажил үүргээ биелүүлж байгаа жолооч, бүртгэлийн ажилтан болон манаач нарт шууд шаардлага тавих, ачилт хийсэн машиныг буцааж өгөхийг шаардах зэргээр бизнесийн ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргадаг. Харуул хамгаалалтын зардлыг болон алдангийг хасаж үлдэгдэл төлбөрийг төлж эвлэрэх саналыг удаа дараа гаргаж төлбөрийг *******- ийн нэр дээр бүртгэлтэй банкны пос машиныг бид өөрийн өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглаж төлбөрийг 4 сарын хугацаанд төлж барагдуулах саналыг гаргасан.
3. Түрээсийн гэрээнд эхний 6 сарын төлбөрийг 2 сая төгрөг байхаар тохирсон байтал нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нийт саруудыг 3 сая төгрөгөөр тооцон нэхэмжилсэн байгааг анхан шатны шүүх анхаарч үзэн шийдвэрлээгүй. Нэхэмжлэгч анхны нэхэмжлэлийн шаарддагаа төлбөрийн үлдэгдэл 54,970,000 төгрөгт 2,256,836 төгрөгийн алданги, цахилгааны төлбөрт 154,000 төгрөг нийт 81,381,336 төгрөг нэхэмжилсэн. Мөн шаарддагаа 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр19,030,000 төгрөгөөр, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 30,000,000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж нийт 130,411,336 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үнийн зөв тооцон нэхэмжлээгүй бөгөөд шаардлагаа 111,381,336 төгрөг болгож ямар нэг байдлаар тодруулсан зүйл байхгүй байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас 19,030,000 төгрөгийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхигдуулсан байна.
Иймд, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж хуулийг ноцтойгоор зөрчиж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч тал гурван агуулгаар давж заалдах гомдлоо гаргасан байна. Нэг, хоёр дахь асуудал нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй асуудлууд буюу *******-ийн харуул хамгаалалтын асуудлыг хариуцаж ажилладаг байсан гэж худлаа тайлбарласан. Мөн өөр бусад байгууллагад харуул хамгаалалтын ажил эрхэлдэг байсан гэж худлаа тайлбарласан. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний дагуу тухайн 2,000 м.кв талбайг ******* нь тээврийн хэрэгсэл түр саатуулах журмын хашаа болгон ашигласан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед эвлэрэх асуудал яригдаж байсан учраас хариуцагч талтай нэг удаа уулзсан. Нэхэмжлэгчийн зүгээс зохих саналаа тавьсан боловч хариуцагч тал үл зөвшөөрч уг хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн. Анх хариуцагчаас 81,381,336 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд үүнээс хойш 10 гаруй сарын дараа буюу 2025 оны 02 дугаар сард нэхэмжлэлийн шаардлагаа 30,000,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Учир нь, анх нэхэмжлэлийн шаардлага гаргасан өдрөөс хойш ******* тухайн 2,000 м.кв талбай дээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байсан нь баримтаар тогтоогддог. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 111,381,336 төгрөг гаргуулах, 2,000 м.кв талбайг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч 85,124,500 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 26,256,836 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нар 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, **************, *******,******* тоот хаягт байрлах 2,000 м.кв талбайг 1 жилийн хугацаатай, эхний 6 сарын хугацаанд сарын 2,000,000 төгрөгөөр, дараагийн 6 сарын хугацаанд сарын 3,000,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцож, /х.х-ийн 6-11/
3.2. Улмаар дээрх гэрээний хугацааг 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл сунгажээ. /х.х-ийн 12/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэгчийн шаардах эрхэнд хамааралгүй хуулийн заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталснаас гадна найруулгын шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.
4. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Өөрөөр хэлбэл, түрээслүүлэгч ******* нь ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг түрээслэгч *******-ийн эзэмшилд шилжүүлэх үүрэг хүлээнэ.
Зохигч түрээсийн гэрээ байгуулагдсан талаар маргаагүй боловч эхний зургаан сарын түрээсийн төлбөрийг 2,000,000 төгрөгөөр тооцох ёстой байсныг 3,000,000 төгрөгөөр тооцсон болон алданги төлөх эсэх талаар маргажээ.
5. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж, 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.
Тайлбарлавал, хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийн төрлөөс үл хамаарч түрээсийн гэрээг заавал бичгээр байгуулах ёстой бөгөөд энэ нь тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар хүчин төгөлдөр болох учиртай.
Үүнээс гадна үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь бусдад түрээслэх нөхцөлд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд гэрээг заавал бүртгүүлэхээр зааж, харин үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг түрээслэх нөхцөлд гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар бичгээр байгуулах шаардлагад нийцсэн бол гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.
Талуудын тайлбараар нэхэмжлэгч нь нийт 3,000 м.кв талбайгаас 2,000 м.кв талбайг хариуцагчид түрээслүүлсэн талаар зохигч маргаангүй тул энэхүү түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй юм.
6. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж, мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1-т Эд хөрөнгө хөлслөх гэрээ дараахь үндэслэлээр дуусгавар болно гээд 294.1.1-т Гэрээний хугацаа дууссан гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан баримтаар талуудын байгуулсан түрээсийн гэрээний хугацаа 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болж, зохигч гэрээг дүгнэж тооцоо нийлсэн акт үйлдсэн, уг актаар түрээсийн үлдэгдэл төлбөр 54,970,000 төгрөг болохыг харилцан баталгаажуулсан байна. /х.х-ийн 15/
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагчийг түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсон 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд түрээсийн зүйлийг чөлөөлж өгөхгүй ашигласан хэвээр байсан 10 сарын түрээсийн төлбөрт 30,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт түрээсийн төлбөрт 84,970,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. /х.х-ийн 77/
Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно гэж заасан.
Тиймээс нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-аас түрээсийн гэрээний хугацаа дууссанаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх 10 сарын ашигласан хугацааны түрээсийн төлбөрт 30,000,000 төгрөгийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан 54,970,000 төгрөгийн хамт нэхэмжлэх эрхтэй.
7. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.
Талуудын байгуулсан түрээсийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-д Түрээслэгч түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд түрээслүүлэгч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож нэхэмжлэх, төлүүлэх эрхтэй... гэх тохиролцоо нь дээрх хуулийн заалтад нийцсэн байна.
Хариуцагч нь тухайн түрээсэлж буй талбайг хяналтын камер болон харуул хамгаалалт, манаачаар хангаж, холбогдох зардлыг төлсөн учир алданги төлөхгүй гэж маргасан боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1-д тус тус зааснаар нотлоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй бөгөөд мөн энэ нь түүнийг алданги төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул энэ талаарх хариуцагчийн гомдлыг хүлээн авахгүй.
8. Түрээсийн гэрээний төлбөр төлөх хуваарьт 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр нэг сарын 2,000,000 төгрөг байхаар заасан бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тооцоо нийлсэн актад 2022 оны 03 дугаар сарын 2022 оны 09 дүгээр сар хүртэл 7 сарын түрээсийн төлбөр 14,000,000 төгрөг буюу нэг сарын түрээсийн төлбөрийг 2,000,000 төгрөгөөр тооцсон байх тул эхний 6 сарын төлбөрийг 2,000,000 төгрөгөөр тооцоогүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй. /х.х-ийн 10-ын ард тал, 15/
Мөн анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судалсантай холбоотой нэхэмжлэгч талаас гаргасан нэмэлт тайлбартаа ...нийт 74,000,000 төгрөг төлөх ёстой байснаас 19,300,000 төгрөг төлөөд 54,970,000 төгрөг үлдсэн, алданги нэмээд 81,381,336 төгрөг, нэхэмжлэл гаргаснаас хойш 10 сарын хугацаанд дахин үйл ажиллагаа явуулсан тул 30,000,000 төгрөгийг нэмээд шаардсан... гэх тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 111,381,336 төгрөг гаргуулах, талбайг чөлөөлүүлэх гэж тодруулсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй учир хариуцагчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 19,030,000 төгрөгийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхигдуулсан гэх гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй. /х.х-ийн 85-ын ард тал/
9. Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгнө гэж заасан.
Түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэх бөгөөд түрээсийн гэрээ дуусгавар болсноор түрээслэгч нь түрээсийн зүйлийг түрээслүүлэгчид буцаан өгөх үүрэгтэй тул анхан шатны шүүх түрээсийн зүйлийг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.
10. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулна. Учир нь,
Нэхэмжлэгч нь өмчлөгчийн болон гэрээнээс татгалзсан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, харин хариуцагчаас түрээсийн гэрээ дуусгавар болсон гэсэн үндэслэлээр түрээсийн зүйлийг буцаана авах буюу чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт шаардах эрхэнд хамааралгүй заалт буюу Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/03613 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан *******,*******, , тоот хаягт байрлах 2,000 м.кв талбайг чөлөөлөн хүлээлгэж өгөхийг хариуцагч *******-д даалгаж, хариуцагчаас 111,381,336 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай гэж өөрчилж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 714,857 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР