Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2025/01206

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/03730 дугаар шийдвэртэй,

 

*******-ийн нэхэмжлэлтэй,

*******, ******* нарт холбогдох,

 

Интерьер зураг гүйцэтгэх ажлын гэрээний үлдэгдэл 79,734,200 төгрөг, алданги 8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

 

Манай компани ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр интерьер зураг гүйцэтгэх ажлын гэрээ байгуулсан бөгөөд гэрээгээр гүйцэтгэгч нь гэрээний 1.1, 1.2-т тодорхойлсон ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь гэрээний 3.3-т зааснаар 80,000,000 төгрөгийг үе шаттайгаар төлөхөөр харилцан тохирсон. Ажлыг гүйцэтгэх явцад нэмэлт ажлыг хийхээр амаар тохиролцож, ажил дууссаны дараа гүйцэтгэлээр нийт 94,734,200 төгрөгийн ажлыг хийж, хүлээлгэж өгсөн.

Гэрээний 6 дугаар зүйлд талуудын хариуцлагыг тусгасан байх бөгөөд 6.1.2-т Төлбөр тооцоо хийх үүргээ биелүүлээгүй тохиолдолд захиалагч талаас хоног тутамд 0.05 хувийн алданги төлнө гэж заасан ба гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг тодорхойлох боломжгүй бол гэрээний нийт үнийн 10 хувиар тооцож шаардахаар талууд тохиролцсон. Иргэний хуулийн 232.3-т зааснаар анзын гэрээг бичгээр хийсэн бөгөөд гүйцэтгэгч талын өмнө хүлээсэн үүргээ захиалагч биелүүлээгүй тул гэрээнд заасан төсөвт өртгийн 10 хувиар хязгаарлан 8,000,000 төгрөгийн алдангийг хариуцагч *******-иас нэхэмжилсэн болно.

Бид хэрэгт тус компаниас шилжүүлсэн 15,000,000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн.

...хамгийн анх ******* нь *******-д оффисын төлөвлөлт, рендер хийлгүүлэх саналыг тавьсан бөгөөд ажил гүйцэтгэх гэрээг *******-тай амаар байгуулж, ажлын даалгавруудаа өгсөн. Улмаар гэрээг иргэн ******* дүгнэж, үлдэх төлбөрийн талаар тооцоо нийлсэн байдаг.

...Иймд, *******-ийн зүгээс 79,734,200 төгрөгийг иргэн *******гээс, 8,000,000 төгрөгийг *******-иас гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

2.1. Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Учир нь, гэрээгээр тохирсон ажлыг хүлээлгэж өгөөгүй, хүлээлгэж өгсөн баримт байхгүй. Гэрээнд ажлыг 2 үе шаттайгаар гүйцэтгэж, хүлээлгэж өгөх ёстой байсан боловч өгөөгүй. Мөн гэрээнд 11 давхар гэж байхгүй, ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгөөгүй хэр нь алданги шаардаад байгаа нь үндэслэлгүй. Мөн ******* нь *******-ийг төлөөлөх эрхгүй этгээд. Нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргах хүртэл нэг ч удаа төлбөр шаардаж манай компанид хандаагүй ба хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.2. Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

болон ХХК нар 2020 оны 01 сарын 24-ны өдөр №20/01/24-01 дугаар бүхий интерьер зураг гүйцэтгэх ажлын гэрээг байгуулсан байна.

...дээрх үйл баримтаас харвал эдгээр компанийн хооронд Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд миний бие гэрээний оролцогч биш юм. нь нэхэмжлэлийн шаардлага болох 79,734,200 төгрөгийг 2020 оны 01 сарын 24-ны өдөр №20/01/24-01 дугаар бүхий интерьер зураг гүйцэтгэх ажлын гэрээ ажил гүйцэтгэх гэрээний дагуу шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Тухайн гэрээтэй холбоотой ажил хүлээж авах эрх надад олгогдоогүй бөгөөд дээрх гэрээний дагуу надад биетээр хүлээн авсан ажлын үр дүн байхгүй болно. Би, тухайн онд төрийн албанд ажилладаг байсан бөгөөд тус компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй байсан. Иймд, -ийн интерьер зураг гүйцэтгэх ажлын гэрээний үлдэгдэл төлбөр болох 79,734,200 төгрөгийг *******гээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 79,734,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч -д олгож, илүү нэхэмжилсэн 8,000,000 төгрөгийн шаардлагыг, хариуцагч *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 669,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 556,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

... 1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбарыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тухайд:

...Хариуцагч *******-ийн зүгээс алданги болох 8,000,000 төгрөгийг *******-д төлөх үндэслэлгүй байх эсэхэд дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг няцаах замаар шүүх хуралдаанд оролцсон. Гэвч шүүхээс нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгч шийдвэрээ гаргах байтал *******-ийн хариуцагч *******гээс амаар байгуулсан гэрээний үндсэн дээр нэхэмжилсэн 79,734,200 төгрөгийг *******-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Ингэхдээ анхан шатны шүүхээс дээрх гэрээт ажлын үр дүнг ХХК хүлээн авсан эсэхэд дүгнэлт хийгээгүй улмаар *******тэй амаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан гэж шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлж байгааг анхаарч үзэлгүй шаардаагүй нэхэмжлэлийн шаардлагыг манай компаниас гаргуулан шийдвэрлэсэн юм.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл хариуцагч нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бичгээр гаргасан болон шүүх хуралдааны явцад амаар гаргасан тайлбар, нотлох баримтыг үндэслэхгүйгээр талуудын дунд нэг л гэрээ байгуулагдсан мэтээр дүгнэж шийдвэрээ гаргасан нь үндэслэлгүй байна.

2. Анхан шатны шийдвэр хуульд нийцсэн, үндэслэл бүхий гараагүй тухайд:

2.1. ******* нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу *******-д гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэж өгөх ёстой. Гэвч нэхэмжлэгч нь энэхүү үүргээ гүйцэтгээгүй буюу бидэнд ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй. Энэ нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогддог. ...Гэрээний дагуу ******* биш манай компани тухайн ажлыг хүлээж авах ёстой байсан.

*******-ийн зүгээс хариуцагчаар уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон цагаасаа эхлээд *******-тай бичгээр байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн интерьер зураг гүйцэтгэх ажлын гэрээний дагуу ажлын үр дүнг хүлээн аваагүй, ажлын үр дүн гараагүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж ирсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хандан гэрээний үр дүнд бий болсон зүйлийг хариуцагчаас гаргуулахаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүхээс хүлээн аваагүй юм.

...Мөн манай компанид ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн талаарх нэг ч баримт хавтаст хэрэгт авагдаагүй, зургийн ажил бодитоор хийгдээгүй байхад дээрх нөхцөлийг шүүх эргэлзээгүй, үнэн зөв тогтоогоогүй нь хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна.

2.2. ...******* нь дээрх гэрээний ажлын үр дүнг хүлээж авсан болон авах эрх бүхий этгээд гэж үзэх үндэслэлгүй.

Учир нь, талуудын хооронд байгуулагдсан гэрээний оролцогч ******* анхнаасаа биш байсан. Тухайн гэрээг *******-ийн Гүйцэтгэх захирал ******* болон *******-ийн гүйцэтгэх захирал нар харилцан тохиролцож гарын үсгээ зурж, компанийн тамга тэмдгээр баталгаажуулан байгуулсан.

Гэрээний аль ч хэсэгт гүйцэтгэсэн ажлын үр дүнг ******* хүлээж авна гэсэн заалт байхгүй. ******* нь *******-ийгг төлөөлөх эрх бүхий этгээд биш. Өөрөөр хэлбэл, манай компанийн зүгээс *******д тухайн ажлын үр дүнг хүлээж авах талаарх бүрэн эрхийг аливаа хэлбэрээр огт олгоогүй болохыг шүүх харгалзаж үзээгүй.

Өөрөөр хэлбэл хавтаст хэргийн 10 дахь талд байх Ажил хүлээлцэх актад тусгагдсан *******гийн хүлээж авсан гэх ажлууд нь *******-ийн *******-тай гэрээгээр тохиролцсон ажлыг мөн эсэх нь тодорхойгүй бөгөөд шууд гэрээгээр тохиролцсон ажил гэж тодорхойлох боломжгүй байна. Тус актад гэрээгээр тохиролцоогүй маш олон ажлуудыг оруулсан байх бөгөөд тухайн нэмэлт ажлуудад бид Захиалагчийн эрх, үүргийг хэрэгжүүлж, хариуцлага хүлээх үндэслэлгүй.

2.3. ...гэрээ байгуулах үед болон энэхүү гэрээ хэрэгжээд дуусах үед ******* энэ компанид аливаа байдлаар хамааралгүй байсан болно.

2.4. ...Талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэрээний дагуу үүрэг гүйцэтгүүлэгч нь ******* болохоос биш ******* биш. Тус гэрээнд гэрээт ажлыг ******* хүлээж авна гэсэн заалт байхгүй ба хуульд заасан аливаа үндэслэлээр ч хүлээж авах эрхгүй болох нь тодорхой байгаа юм.

Мөн нэхэмжлэгч компанийн ерөнхий менежер , ******* нарын гэх хаягаар харилцсан чат нь 2 компанийн гэрээгээр тохиролцсон ажлын талаар ярилцсан эсэх нь тодорхойгүй, эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байгааг анхан шатны шүүх нотлох баримтаар шууд үнэлэн шийдвэрээ гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

3. Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн интерьер зураг гүйцэтгэх ажлын гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухайд:

Талуудын хооронд дээрх гэрээ 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан. Гэрээгээр харилцан тохиролцсон ажлын нэгдүгээр үе шатыг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр, хоёрдугаар үе шатыг барилгын инженерийн зураг болон гүйцэтгэл дууссаны дараа түүн дээр үндэслэж хуанлийн 30 хоногт гүйцэтгэхээр тохиролцсон. Тодруулбал, тус ажил 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэхэд бүрэн дуусах ёстой байсан. Гэвч ******* нь 2020 онд ч багтааж зургийн ажлыг хүлээлгэж өгөөгүй ба хүлээлгэж өгөөгүй эсэхдээ маргадаггүй.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар *******-ийн ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 2020 оны 05 дугаар сарын 31-ны өдрөөр дууссанаас харвал хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүх нь *******г хариуцагч биш гэж үзсэнд гомдолтой байсан боловч давж заалдах гомдол гаргаагүй. Учир нь, анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэж, *******г хувьцаа эзэмшигчийн хувиар ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу эрх эдэлж, үүрэг хүлээсэн гэдгийг хүлээж зөвшөөрч байна. Хавтаст хэргийн 67 дугаар талд ******* нь *******-д ажлын даалгавар өгсөн талаарх нотлох баримт, 10 дугаар талд *******д ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгч, үлдэгдэл төлбөрийн талаарх тооцоо нийлсэн баримт нотлох баримтаар авагдсан. Ажил гүйцэтгэх гэрээний 9.1.2-т заасны дагуу *******гийн цахим шуудангийн хаягийг бичиж, ажлыг хийж гүйцэтгэхтэй холбоотой асуудлаар компанийг тэрээр төлөөлөх талаар харилцан тохиролцсон. Анхан шатны шүүхээс уг нотлох баримтуудыг үндэслэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн тухайн нотлох баримтууд нь хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг няцааж байна. Уг баримтууд нь хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгааг нотолж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс *******д ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгсөн гэдгийг нотолж байна. Хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн татгалзлын үндэслэлийг нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах, бүрдүүлэх үүрэгтэй. Мөн чатад үзлэг хийсэн талаарх баримтыг үгүйсгэж байгаа тохиолдолд энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөх ёстой. Талуудын хооронд ажил хүлээлцсэн актад гарын үсэг зураагүй, он, сар, өдрийг нөхөж бичсэн, хуурамчаар нотлох баримт үйлдсэн гэдгээ нотолж, мэтгэлцэх боломжтой байсан. Гэвч хариуцагчийн зүгээс өөрийн хуульд заасан эрхээ эдэлж, үүргээ биелүүлж нотлох баримтуудаа хэрэгт хавсаргаж өгөөгүй болохыг анхаарч үзэхийг хүсэж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн хийгээгүй ажлын төлбөрийг нэхэмжилсэн зүйл байхгүй. *******-ийн захирал *******, ******* нар арван жилийн нэг ангийн хүүхдүүд бөгөөд анх *******гээс гэрээний санал ирсний дагуу түүнээс ажлын даалгавар авсан. Мөн ажлын явц, үр дүнг байнга *******д тайлагнаж, ярилцсаны дагуу өөрчлөлт оруулан *******гийн зааж өгсөн *******-тай гэрээ байгуулсан. Эцэст нь ажлын үр дүнг хүлээлгэн өгч, тооцоо нийлсний дагуу үлдэгдэл төлбөрөө шаардсан. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

6. Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* тайлбар гаргахдаа би уг ажлыг *******, ******* нарт хүлээлгэж өгөөгүй бөгөөд өөр компанид хүлээлгэж өгсөн, мөн уг ажлын зураг байгаагүй учраас тухайн ажлыг хийгээгүй гэж хэлсэн. Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч нарын зүгээс хийсэн ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн талаарх баримтуудыг гаргуулах хүсэлтийг гаргаж байсан гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл 79,734,200 төгрөг, алданги 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

 

3.1. болон ******* нар 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 20/01/24-01 дугаартай интерьер зураг гүйцэтгэх ажлын гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь нд байрлах оффисын барилгын 1 дүгээр давхрын лобби буюу үүд, хүлээлгийн хэсэг, ресейпшн, ажилчид хэсэг, эр-эм ариун цэврийн өрөө, уулзалтын 2 өрөө нийт 309 м.кв талбай, стандарт засалтай нэг давхрын 634.2 м.кв талбай, 11 дүгээр давхрын ET, N&CO байгууллагын 634.2 м.кв талбайн зураг төсөл боловсруулах ажлыг 2 үе шаттайгаар хийж гүйцэтгэх, хариуцагч ******* нь гэрээний төлбөрт 80,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, /х.х-ийн 17-19/

 

3.2. болон хариуцагч ******* нар 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажил хүлээлцсэн акт үйлдэж, уг актад нийт 94,734,200 төгрөгийн ажил хийж гүйцэтгэснээс урьдчилгаа төлбөрт 15,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 79,734,200 төгрөгийг бартераар төлөх буюу нд байрлах оффисын барилгад талбай өгөхөөр тохиролцжээ. /х.х-ийн 10/

 

Тодруулбал, хэрэгт авагдсан *******-ийн улсын бүртгэлийн лавлагаагаар тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй нь тухайн гэрээнд гарын үсэг зурсан байгаагаас гадна уг компаниас гэрээний урьдчилгаа төлбөрт -нд 15,000,000 төгрөгийг төлсөн байх тул эдгээр компанийн хооронд гэрээ, хэлэлцээр байгуулагдсан гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэгчийн шаардах эрхэнд хамааралгүй хуулийн заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталснаас гадна найруулгын болон техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна. /х.х-ийн 126/

 

4. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тус тус заажээ.

 

Хэрэгт авагдсан баримт болох 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ажил хүлээлцсэн актад хариуцагч ******* гарын үсэг зурж, ажлын үр дүнг хүлээн авсныг компанийг төлөөлөх эрхгүй болон компани ажил гүйцэтгэх гэрээний зүйлийг хүлээн аваагүй гэж хариуцагч нар маргажээ. /х.х-ийн 10/

 

Гэвч хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа болон ******* нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар маргаагүй.

 

Түүнчлэн тэрээр тус компанийн эцсийн өмчлөгчөөр 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн байгаагаас гадна хариуцагч компанитай огт холбоогүй этгээд гэж няцаагаагүй байх тул ажил гүйцэтгэгч -ийг захиалагч *******-тай холбоогүй этгээдэд ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн гэж үзэхэд учир дутагдалтай байна. /х.х-ийн138-139/

 

Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж зааснаар нэхэмжлэгчийг ажлын үр дүнг зохих этгээдэд хүлээлгэн өгсөн гэж дүгнэнэ.

 

Иймд, хариуцагч ******* нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээж аваагүй, хариуцагч ******* нь энэ компанид хамааралгүй, ажлын үр дүнг хүлээн авах эрх бүхий этгээд биш гэх хариуцагч нарын тайлбар үндэслэлгүй.

 

5. Нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 20/01/24-01 дугаартай интерьер зураг гүйцэтгэх ажлын гэрээг үндэслэн гэрээний тал /захиалагч/ болох *******-аас гэрээний үүрэг шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар *******г оролцуулах тухай хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэжээ. /х.х-ийн 35/

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр, мөн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тус тус хариуцагч нараас гэрээний үүрэгт 79,734,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 8,000,000 төгрөгөөр нэмэгдүүлэхдээ үүнийг компаниас гаргуулахаар тодорхойлжээ. /х.х-ийн 1-2, 22, 34, 49-50, 112-113/

 

Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь анхнаасаа ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг захиалагч талаас шаардсан байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн гэх хариуцагчийн гомдлыг хүлээн авахгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 26 дугаар зүйлийн 26.2-т тус тус зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах эрхийг гагцхүү зохигч эдлэх бөгөөд хожим нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсныг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг өөрчилсөн гэж үзэхгүй. /х.х-ийн 153-156/

 

6. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-д Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ гээд 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан.

 

Хэргийн баримтаар ******* нь *******-ийн эцсийн өмчлөгч болох нь тогтоогдсон, тэрээр 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ажил хүлээлцсэн актаар ажлын үр дүнг хүлээн авснаас хойш хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг тоолоход 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дуусах боловч нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй.

 

Мөн анхан шатны шүүхээс үзлэг хийсэн баримтаар нэхэмжлэгч *******-ийг төлөөлж менежер ын хариуцагч *******тэй харилцсан зурваст ...аа нөгөөдүүл чинь 2 давхрын төлөвлөлт нэмье гэж байгаа юм байна тийм үү, тэрийг нь хийчих тооцоогоо хоёулаа хийнэ, ...14г өөрчлөхгүй бол их сонин хийчихжээ, өөрсдийнх нь давхар болохоор аятайхан хийгээд өгөөрэй, дараа 7 хоногт төлөвлөлтөө батлаад дуусгая гэж тохирсон... гэснээс үзэхэд анх гэрээгээр тохиролцсон 80,000,000 төгрөгийн ажил дээр нэмэлтээр ажил хийлгэж, ажлын хөлсийг хариуцан төлөхөөр тохиролцсон гэж үзэхээр байх тул хариуцагчийн ... ажил хүлээлцэх актад тусгагдсан *******гийн хүлээж авсан ажлууд талуудын хооронд гэрээгээр тохиролцсон ажил мөн эсэх нь тодорхойгүй, тухайн нэмэлт ажлуудад бид захиалагчийн эрх, үүргийг хэрэгжүүлж хариуцлага хүлээхгүй... гэх гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд, анхан шатны шүүх хариуцагч *******-аас 79,734,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байх тул энэ талаарх шүүхийн шийдлийг өөрчлөхгүй.

 

7. Зохигч нарын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.2-т Төлбөр тооцоог хийх үүргээ биелүүлээгүй тохиолдолд захиалагч гүйцэтгэгчид төлбөр хийгээгүй хоног тутамд 0.05 хувийн алданги төлөх ба энэ нь төлбөр хийгээгүй ажлын 10 хувиас хэтрэхгүй байна гэх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэх заалтад нийцсэн.

 

Нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч тал эхний үе шатны ажлыг 2020 оны 01 дүгээр 22-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор хийх, хоёр дахь үе шатны ажлыг барилгын инженерийн зураг болон гүйцэтгэл дууссаны дараа 30 хоногийн хийж гүйцэтгэх байсан боловч талуудын хэн аль нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй.

 

Иймд, Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2-т Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд дараахь үүрэг, үр дагавар үүснэ гээд 224.2.3-т мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах гэж зааснаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-аас алданги 8,000,000 төгрөгийг шаардах эрхгүй.

 

8. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулна. Учир нь,

 

8.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт шаардах эрхэнд хамааралгүй заалт буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай байгааг давж заалдах шатны шүүхээс өөрчилнө.

 

8.2. Мөн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч *******-ийн оноосон нэрийг улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэнээс өөрөөр бичсэн байгааг залруулна.

 

8.3. Нэхэмжлэгч нь интерьер зураг гүйцэтгэх ажлын гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.2-д зааснаар алданги 8,000,000 төгрөгийг шаардсан байхад үүнийг анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад илүү нэхэмжилсэн 8,000,000 төгрөг гэж тодорхойлсныг зөвтгөнө.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/03730 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******-аас 79,734,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 8,000,000 төгрөг болон хариуцагч *******д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалтад ...... гэснийг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 556,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР