Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/01228

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/03714 дугаар шийдвэртэй,

 

*******-ийн нэхэмжлэлтэй,

*******-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 151,650,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Манай компани 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээг *******-тай бичгээр байгуулж, уг гэрээгээр манай компанийн үйлдвэрлэдэг эм бараа, бүтээгдэхүүнийг зээлээр авч гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд үнийг төлөхөөр тохиролцсон. Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн бүтээгдэхүүнээ нийлүүлсээр ирсэн боловч хариуцагч нь гэрээний 3.1, 5.4-т заасан үүргээ биелүүлэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд төлбөрийг бүтэн төлөөгүй боломжтой үедээ багаар төлсөөр зарим хэсгийг нь төлсөн. Нэхэмжлэгийн зүгээс хариуцагч компанид удаа дараа төлбөрөө төлөхийг шаардсан боловч төлөхгүй байсаар хуульд заасан алданги тооцох хугацаа болсон. Талуудын тооцооны үлдэгдэл нь 2025 оны 01 дүгээр сарын байдлаар үндсэн төлбөрийн 101,100,000 төгрөг, алданги 50,550,000 төгрөг, нийт 151,650,000 төгрөгийн өр төлбөртэй байна. Иймд, 151,650,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохыг даалгах шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нь 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч хариу тайлбар гаргаагүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч *******-иас 101,100,000 төгрөг, алданги 50,550,000 төгрөг нийт 151,650,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-нд олгож,

Нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 916,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 916,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэргийн оролцогчдыг илт ялгаварлан гадуурхаж хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг нь ноцтой зөрчиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3 дахь хэсэгт заасанчлан шүүгчийн зайлшгүй явуулах ажиллагааг хийж гүйцэтгэлгүйгээр шүүх хуралдааныг хуралдуулж шийдвэр гаргасан асуудал нь хариуцагчийн шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна.

...Хариуцагчийн төлөөлөгч миний бие 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүх хуралдаан давхацсан, харин 2025 оны 04 дүгээр сарын 22, мөн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрүүдэд эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан учир 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шүүхээс тов хүлээн авах боломжгүй байсан төдийгүй шүүхээс хурлын товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэг, мөн хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдэх үүргээ биелүүлээгүй учир хариуцагчийн төлөөлөгчийг шүүн таслан ажиллагаанд тэгш эрхтэй оролцох болон мэтгэлцэх зарчим алдагдсан үйл баримт болсон байна.

Хэдийгээр анхан шатны шүүх ....хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбараа ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй гэсэн байх боловч хэргийн оролцогчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтаа хэдийд ч гарган өгөх эрхтэй, мөн шүүхэд хандан хуульд заасан үндэслэлээр шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах, үзлэг хийлгэх гэх мэт ажиллагаануудыг ч хийлгүүлэх эрх нь нээлттэй байсан.

Өөрөөр хэлбэл, хариуцагч талаас шүүхэд тайлбар гаргах, нотлох баримт гарган өгч мэтгэлцээний журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах боломжгүй байхад шүүх хуралдааныг явуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

2. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт заасны дагуу зохигчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэх боломжтой байсан эрхийг нь эдлүүлээгүйд гомдолтой байна.

Хариуцагч талаас нэхэмжлэгч талын нийлүүлсэн гэх эм, бараа бүтээгдэхүүний тoo ширхэг болон зарим бараа бүтэгдэхүүнийг буцаах боломжтой зэргээр нэхэмжлэлийн үнийн дүнгийн тухайд шүүхийн хэлэлцүүлгийн явцад харилцан тохиролцож эвлэрэх боломжтой байсан төдийгүй энэ тухайд нэхэмжлэгч талтай урьдчилсан байдлаар санал хүргүүлэн цаашид эвлэрэн хэлэлцэх талаар тохиролцсон байсан учир дэлгэрэнгүй хариу тайлбар өгөөгүй байсан.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой нотлох баримтыг хэдийд ч гарган өгөх боломжтой тул нэхэмжлэгч талтай урьдчилан тохиролцох эвлэрэх зорилгоор бэлтгэн нэгтгэсэн нотлох баримтыг шүүхэд гарган өгч хуульд заасан үндэслэлээр эвлэрэн хэлэлцэх боломжтой байсан атал шүүхийн хэлэлцүүлгийг хариуцагч талыг оролцуулахгүйгээр хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтад нийцээгүй байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан гэрээний үүрэгт 151,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч *******-ийн гүйцэтгэх захирал *******т 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг ирүүлээгүй байна. /х.х-ийн 23/

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нар 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зээлээр худалдах худалдан авах нэртэй гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь чанарын шаардлага хангасан бараа материалыг хариуцагчид нийлүүлэх, хариуцагч нь бараа материалыг татан авснаас хойш 30 хоногийн дотор үнийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /х.х-ийн 4/

 

3.2. Талууд дээрх гэрээг дүгнэж тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн бөгөөд уг баталгаагаар хариуцагч нь 101,100,000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг харилцан баталгаажуулсан байна. /х.х-ийн 5/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Хэдийгээр талууд уг гэрээг зээлээр худалдах, худалдан авах гэрээ хэмээн нэрлэж, худалдсан эд зүйлийн үнийг нэг дор биш тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байх боловч тус гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнэ эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ-ээс нэмэгдсэн шинжгүй, зөвхөн төлбөрийг хожим төлөх нөхцөлтэй байх тул энэ нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний бус худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан гэж дүгнэнэ.

 

4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол, худалдан авагч тал үнийг нь тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

 

Дээр дурдсан тооцооны үлдэгдлийн баталгаанаас үзвэл нэхэмжлэгч *******-ийн зүгээс нийт 119,978,950 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хариуцагч *******-д хүлээлгэн өгсөн байх тул гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэнд тооцно.

 

5. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаагаар хариуцагч ******* нь өмнөх онд авсан боловч төлөөгүй бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 18,075,900 төгрөг дээр нэмж 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүртэлх хугацаанд 119,978,950 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авч, үүнээс 36,954,850 төгрөгийг төлж, үлдэгдэл 101,100,000 төгрөгийг төлөөгүй байна.

 

Тиймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 101,100,000 төгрөгийг шаардах эрхтэй.

 

6. Талуудын байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан Энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд худалдан авагч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө гэх алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, мөн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасантай нийцсэн байна.

 

Дээрх гэрээний хугацаа 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан байх тул уг хугацаанаас хойш нэхэмжлэл гаргасан 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх 34 өдрийн өдрийн алдангийг тооцвол 17,187,000 төгрөг /101,100,000 х 0.5% = 505,500 х 34/ болно.

 

Гэвч анхан шатны шүүхийн хариуцагчаас алдангид 50,550,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн хэсэгт хариуцагч нь гомдол гаргаагүй тул энэхүү шийдлийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ.

 

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагчийн төлөөлөгчид 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гардуулсан байхад тэрээр хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаар хариу тайлбар өгөөгүй, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс алдангийн талаар анхнаасаа маргаж байгаагүй, хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, зөвхөн процесс /тооцооллын талаар гомдол гаргаагүй/-ын гомдол гаргасан байх тул алдангийн талаарх шүүхийн уг шийдлийг өөрчлөхгүй.

 

7. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

7.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна гэж заасан.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид түүний ******* дугаарын утсаар шүүх хуралдааны товыг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдсэн болох нь мөн өдрийн 11 цаг 14 минутад 9 секунд, 11 цаг 15 минутад 12 секундын дуудлага хийсэн болон шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудаст ...******* дугаарт тов мэдэгдэв, утсаар ярьсан тэмдэглэлийг хавсаргав гэх баримтаар тогтоогдож байх тул шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдээгүй гэх хариуцагчийн гомдлыг хүлээн авахгүй.

 

Тодруулбал, дээрх хуульд шүүхийн мэдэгдэх хуудсыг утсаар мэдэгдэж болно гэсний дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ******* дугаарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн тул дахин мэдэгдэх хуудсыг цахимаар явуулах шаардлагагүй.

 

7.2. Түүнчлэн дээр дурдсан хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ гэж, 71.2-д Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж тус тус заасан.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, мөн оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, улмаар хэргийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хянан шийдвэрлэсэн нь дээрх хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар хариуцагч нь татгалзлын үндэслэл түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ гагцхүү хуульд заасан хугацаанд хэрэгжүүлэх ёстой.

 

7.3. Хэргийн баримтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүх хуралдаанд ирүүлсэн шүүх хуралдаан давхацсан, хэргийн материалтай танилцах хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хойшлуулж, /х.х-ийн 37/

 

улмаар 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ирүүлсэн эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, 2025 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн шүүх хуралдааныг мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан гэх хүсэлтийг тус тус хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан зэргээс үзэхэд шүүхийн зүгээс хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах, түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлэх боломж олгож, мэтгэлцэх эрхээр нь хангаж байснаас гадна нотлох баримт бүрдүүлэх, гэрч асуулгах, үзлэг хийлгэх хүсэлтийг гаргах эрхийг хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. /х.х-ийн 45, 53-54/

 

7.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай эвлэрэх талаар аливаа тохиролцоо хийгээгүй, хариуцагч нь төлбөрт машин, чихэр өгье, эсвэл 6 сарын хугацаанд хуваан төлбөрийг барагдуулах санал тавьсан ба нэхэмжлэгчийн зүгээс татгалзаж, гэрээний дагуу мөнгөн төлбөрөө гаргуулна, үгүй бол шүүхэд хандах тухай хариу өгч байсан... гэх тайлбар ирүүлжээ. /х.х-ийн 76-78/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэгч талтай урьдчилсан байдлаар санал хүргүүлсэн цаашид эвлэрэн хэлэлцэх талаар тохиролцсон байсан учир дэлгэрэнгүй хариу тайлбар өгөөгүй байсан, зохигч эвлэрэн хэлэлцэх боломжтой байсан атал хариуцагч талыг оролцуулахгүйгээр хэрийг хянан шийдвэрлэсэн... гэх гомдол дээрх тайлбараар няцаагдаж байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/03714 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 916,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

Б.МАНДАЛБАЯР