Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 207/ма2025/00074

 

 

2025       06           19                                          207/МА2025/00074

 

 

..............нэхэмжлэлтэй,

  хариуцагч .......... ХХК-нд

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 312/ШШ2025/00652 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : **********нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***********ХХК-нд холбогдох,

“Үлдэгдэл цалин 900,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч С.Нансалмаагийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нансалмаа, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ********** хариуцагч ********** ХХК-нд холбогдуулан үлдэгдэл цалин хөлс 900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан./хх1-5х/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...**********нь 2024 оны 09 дүгээр сард манайд ажиллаагүй, мөн 2024 оны 10-р сараас эхлэн **********орон сууцны оршин суугчдын дундаас СӨХ байгуулагдаж **********даргатай үйл ажиллагаа явуулж оршин суугчдаас хураамж авч эхэлсэн. 2024 оны 09 дүгээр сараас хойшхи ажиллагаа нь ********** ХХК-д хамааралгүй, хариуцахгүй” гэсэн үндэслэл зааж, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан./хх15,16х/

3.  Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. дахь хэсэгт зааснаар үнэлж ********** ********** ХХК-нд **********орон сууцны үйлчлэгчээр 2023 оны 03 дугаар сарын 16-наас эхлэн 2024 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд хөлсөөр ажиллах гэрээгээр сарын 600,000 төгрөгийн хөлстэй үйлчлэгчээр ажиллаж байсан үйл баримтыг зөв тогтоожээ.

 

4. Шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна.

5. Хариуцагч ********** ХХК нь шинээр ашиглалтад орсон **********орон сууцны СӨХ-ны ажлыг хариуцан ажиллуулж, оршин суугчдаас төлбөр СӨХ-ны төлбөрийг хурааж авч дундын өмчлөлийн эд хөрөнгийн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцаж ажиллуулдаг байсан, тэрээр нэхэмжлэгчид үйлчлэгчээр ажиллуулсны хөлсийг 2024 оны 09 дүгээр сар хүртэл сарын 600,000 төгрөгөөр тооцож 2 хувааж олгодог байсан, 2024 оны 9 дүгээр сарын царин хөлс 300,000 төгрөгийг ажилдаа ирээгүй үндэслэлээр, 2024 оны 10 дугаар сарын хөлс 600,000 төгрөгийг **********орон сууцны СӨХ 10-р сард ********** даргатай байгуулагдсан, манайд хамааралгүй болсон гэх үндэслэлээр өгөөгүй нь тогтоогдсон.

 

6. Хариуцагч нэхэмжлэгчид хөлс төлөх үүргээ биелүүлээгүй тул хариуцагчаас цалин, хөлс 900,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д нийцсэн.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч нь тайлбар, татгалзлаа нотлох баримтыг өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүрэгтэй тул “...тайлбараа баримтаар нотлоогүй буюу үүргээ хэрэгжүүлээгүй” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нансалмаагийн “...**********нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ огт нотлоогүй, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг нотлосон баримтыг гаргаж өгөөгүй, мөн шүүхэд нотлох баримт цуглуулахаар хүсэлт огт гаргаагүй. **********нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзалыг үгүйсгэх, өөрийн тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. **********нь нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, татгалзалыг үгүйсгэх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нэхэмжлэл нь нотлогдоогүй” гэсэн гомдлыг хангахгүй.

 

9. Иймд дээрхи үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нансалмаагийн шүүхэд  гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 312/ШШ2025/00652 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нансалмаагийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар   зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нансалмаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 26,150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.11 дүгээр зүйлийн 75.11.2.-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр бөгөөд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

                                                     ШҮҮГЧ                               Л.ХИШИГДЭЛГЭР

 

                                              ШҮҮГЧ                               Р.ҮҮРИЙНТУЯА