Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 207/ма2025/00076

 

   2025       06         19                                           207/МА2025/00076

 

Д.”““““““““ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Д.”““““““““т холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 312/ШШ2025/00688 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Д.”““““““““ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.”““““““““т холбогдох,

“Зээлийн төлбөр 24,000,000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, 

Хариуцагч Д.”““““““““ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.”““““““““, хариуцагч Д.”““““““““, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.”““““““““ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2023 оны 11 сарын 25-ны өдөр Д.”““““““““т би өөрийн хүсэлтээр 24,000,000 төгрөгийг 8 сарын хугацаагаар зээлдүүлэхээр түүний “““““““““ банкны “““““““““ данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш тогтсон хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл мөнгийг минь өгөөгүй байна. Иймд Д.”““““““““оос зээлсэн төлбөр болох 24,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

2.Хариуцагч Д.”““““““““ын татгалзал, тайлбарын агуулга: Миний бие 2023 оны 11 сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөгийг Н.”““““““““хамт авсан. Бид нар бизнес эрхлэхээр 4,000,000 төгрөгийн бараа авсан боловч зарж чадаагүй. Тэгээд хамтарч зайрмагийн машин авсан, Н.”““““““““ хүлэн зөвшөөрч байгаа. Тухайн өдрийн дансны хуулга байгаа 4,000,000 төгрөгт би бараа авсан, хүлээн зөвшөөрч байна. Сүүлд 20,000,000 төгрөг авсан, утсаар яриад зээлээч гэж хэлээд авсан. 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр аваад 2024 оны 11 дүгээр сар хүртэл 12 удаа хүү төлсөн. Өнгөрсөн 12 сараас хойш ажил бүтэлгүйтээд төлж чадаагүй. Авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Бид хоёрын дунд зээлийн гэрээ байхгүй учраас төлсөн хүүгээ үндсэн мөнгөнөөс хасуулмаар байна” гэжээ.

 

3.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 312/ШШ2025/00688 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Д.”““““““““оос 24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.”““““““““ид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.”““““““““ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.”““““““““оос улсын тэмдэгтийн хураамжид 277,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Чойжилсүрэнд олгож шийдвэрлэжээ. 

4.Хариуцагч Д.”““““““““ын давж заалдах гомдлын агуулга: Миний бие Д.”““““““““ нь 2023 оны 11 дүгээр сарын 25-нд Д.”““““““““оос 20,000,000 төгрөг өөрийн найз “““““““““ хамт бизнес хийж байхдаа хамтарч авсан. Үүнийг “““““““““ хүлээн зөвшөөрч нотариатаар баталгаажуулж өгсөн боловч миний нэр дээр шийдвэр гарч төлөх болсонд гомдолтой байна. Иймд “““““““““ бид 2 авсан мөнгөө тус тусдаа төлөх шийдвэр гаргаж өгнө үү. Уг мөнгийг авахдаа ямар ч зээлийн гэрээ хийгээгүй, 3 сар гэж тохирч авсан ба нийт 12 сар сард хүү өгсөн. 2024 оны 12 сараас ашиг доголдож хүү өгч чадаагүй. Иймд хүүнд төлсөн 12 сая төгрөгийг үндсэн мөнгөнөөс хасч өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч Д.”““““““““ын шүүхэд гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Д.”““““““““ нь хариуцагч Д.”““““““““т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,000,000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэл гаргасан.

3.Хариуцагч Д.”““““““““ “...Миний бие 2023 оны 11 сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөгийг Н.”““““““““хамт авсан. Мөн 4,000,000 төгрөгийн бараа авсан нь үнэн. Би Н.”““““““““тэй зээлээ хамтран төлөхөөр шийдвэр гаргуулмаар байна. Бид хоёрын дунд зээлийн гэрээ байхгүй учраас төлсөн хүүгээ үндсэн мөнгөнөөс хасуулмаар байна” гэсэн тайлбар гаргасан.

4.Нэхэмжлэгч Д.”““““““““ нь хариуцагч Д.”““““““““т 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр түүний “““““““““ банкны “““““““““ тоот дансаар 20,000,0000 төгрөгийг шилжүүлж зээлүүлсэн, мөн хариуцагч Д.”““““““““ нь нэхэмжлэгчээс 4,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан төлбөрөө төлж барагдуулаагүй үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн  тайлбарт үндэслэн зөв тогтоосон байна.

4.Шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна.

 

5.Зохигч 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй болох нь тэдний тайлбараар тогтоогдож байх боловч хариуцагч Д.”““““““““ нь нэхэмжлэгчээс 20,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй авсан болохоо хүлээн зөвшөөрч хүүнд 12,000,000 төгрөг төлсөн гэх тайлбарыг шүүх хуралдааны шатанд  гаргасан. Гэвч хариуцагч 12,000,000 төгрөгийг хүүнд төлсөн тухай нотлох баримтыг шүүхэд хуульд заасан үүргийнхээ дагуу гаргаж өгөөгүй байна.

 

Харин нэхэмжлэгч Д.”““““““““ нь хариуцагч Д.”““““““““той 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээг сарын 5 хувийн хүүтэй 8 сарын хугацаатай аман хэлбэрээр байгуулсан бөгөөд хариуцагчаас хүү 4,800,000 төгрөгийг авсан гэх тайлбарыг шүүх хуралдааны шатанд гаргасан.

 

6.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт “Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3 дахь хэсэгт  “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүүнд авсан гэж зөвшөөрч байгаа 4,800,000 төгрөгөөс 800,000 /20,000,000 төгрөгийн 8 сарын 5 хувийн хүү/ төгрөгийг хүүнд тооцож, 4,000,000 төгрөгийг үндсэн зээл 20,000,000 төгрөгөөс хасч үндсэн зээлд 16,000,000 төгрөг, барааны үнэ 4,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг хариуцагч Д.”““““““““оос гаргуулж нэхэмжлэгч Д.”““““““““ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

7.Дээрхи үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :  

1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 312/ШШ2025/00688 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 282.3.-д заасныг баримтлан хариуцагч Д.”““““““““оос 20,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.”““““““““ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 төгрөг хэрэгсэхгүй болгосугай…” гэж, 

Шийдвэрийн 2 дахь заалтыг “…Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.”““““““““ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.”““““““““оос улсын тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.”““““““““ид олгосугай…” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.”““““““““ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 277,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.БАТТӨР

 

                                                   ШҮҮГЧ                               Л.ХИШИГДЭЛГЭР

 

                                             ШҮҮГЧ                                 Р.ҮҮРИЙНТУЯА