Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 1286

 

2019         08         14                                         2019/ШЦТ/1286

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч Э.Ундраххэрлэн,

шүүгдэгч Д.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Б эд холбогдох эрүүгийн 1903 00708 0313 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Б , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Б  нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны орой 21 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт, "Баянцээл" худалдааны төвийн баруун замд, өөрийн эзэмшлийн "Honda Civic" маркийн 25-01 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайн хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч 82 настай, эмэгтэй Т.С ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Т.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр орой хүүхдийндээ очоод буцаад гэр рүүгээ явган хүний гарцаар гарах гээд ирсэн, тэр үед замаар машин яваад байхаар нь хүлээж сууж байгаад, машины хөдөлгөөн бага болохоор нь явган хүний гарцаар гарч байгаад санаандгүй явж байсан, машины шилийг гараараа хүрээд унаж гэмтсэн, жолооч хүү бууж ирсэн, би 103 эмчид үзүүлсэн, дараа нь гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Гэмтлийн эмнэлэгт үзүүлээд баруун хөлөндөө гипс тавиулсан. Одоо бие гайгүй байгаа, би жолооч хүүд санаа зовж байна, тэр хүүхдийг л ял шийтгэлгүй гаргаж өгөх хэрэгтэй байна. Би явган хүний гарцаар ганцаараа гарч байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 17-19 дүгээр хуудас/,

Замын цагдаагийн албаны зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хэргийн 5-6 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн ¹894 дүгнэлтэд “Т.С ын биед зүүн тавхайн өлмийн 5-р ясны хугарал, баруун гарын шууны хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 28-29 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 40 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Б  нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны орой 21 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт, "Баянцээл" худалдааны төвийн баруун замд, өөрийн эзэмшлийн "Honda Civic" маркийн 25-01 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайн хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч 82 настай, эмэгтэй Т.С ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг, хохирогч Т.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр орой хүүхдийндээ очоод буцаад гэр рүүгээ явган хүний гарцаар гарах гээд ирсэн, тэр үед замаар машин яваад байхаар нь хүлээж сууж байгаад, машины хөдөлгөөн бага болохоор нь явган хүний гарцаар гарч байгаад санаандгүй явж байсан, машины шилийг гараараа хүрээд унаж гэмтсэн, жолооч хүү бууж ирсэн, би 103 эмчид үзүүлсэн, дараа нь гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Гэмтлийн эмнэлэгт үзүүлээд баруун хөлөндөө гипс тавиулсан. Одоо бие гайгүй байгаа, би жолооч хүүд санаа зовж байна, тэр хүүхдийг л ял шийтгэлгүй гаргаж өгөх хэрэгтэй байна. Би явган хүний гарцаар ганцаараа гарч байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 17-19 дүгээр хуудас/, Замын цагдаагийн албаны зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хэргийн 5-6 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн ¹894 дүгнэлтэд “Т.С ын биед зүүн тавхайн өлмийн 5-р ясны хугарал, баруун гарын шууны хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 28-29 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 40 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Б эд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Д.Б эд холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Д.Б эд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.