Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2025/0066

 

 

Д.Г-ын нэхэмжлэлтэй,

Архангай аймгийн Засаг дарга, тус аймгийн

Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд

тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:          Г.Банзрагч

Шүүгчид:                          М.Батсуурь

                                              Х.Батсүрэн

                                              Ц.Цогт                                           

Илтгэгч: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга:           Б.Энхжаргал

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 109/ШШ2025/0005 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2025/0223 дугаар магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 001/ШХТ2025/0245 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, хариуцагч Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын гомдлоор, нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г (цахимаар), хариуцагч Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга В.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Б-Э нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/10 дугаар тогтоол, Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Д.Г-ыг албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/65, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Б.Б-ыг албан тушаалд томилох тухай” Б/66 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”.

2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн анхдугаар хуралдаанаар сумын Засаг даргад нэр дэвшүүлж, дээд шатны Засаг даргад уламжлах асуудлыг хэлэлцсэн бөгөөд миний бие сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Б-Э санал гаргасны дагуу сумын Засаг даргад нэр дэвшсэн юм. Тус хуралдаанд сумын Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Эрдэнэжав тус намын бүлгээс Б.Б-ыг сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн.

2.1.Б.Б нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасан “... төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх” шаардлагыг хангаагүй байхад сумын хурал уг нэр дэвшигчийн нэрийг хуралд оруулж тухайн нэр дэвшигч дээр санал хураасан нь тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

2.2.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтран энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана” гэж хуульчилжээ.

2.3.Гэтэл энэхүү хуулийн шаардлагыг зөрчиж, сумын хуралд тус хурлын төлөөлөгч биш, намын бүлгээр нэр дэвшүүлсэн нь мөн хуулийн дээрх заалтыг зөрчсөн.

2.4.Дээрх хууль зөрчиж сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн, хурал тухайн нэр дэвшүүлсэн хүнийг хүлээн авч санал хураасан үйлдэл нь Архангай аймгийн Цахир сумын Засаг даргад нэр дэвшигч Д.Г миний эрх ашгийг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна” гэх агуулгатай байна.

3.Хариуцагч Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хариу тайлбар: “... Б.Б-ыг Засаг даргад иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч Д.Э нь нэр дэвшүүлсэн учир Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-д заасан журмыг зөрчөөгүй.

3.1.Б.Б нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа бөгөөд Цахир сумын Монгол Ардын намын даргаар 3 жил ажилласан учраас Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу төрийн алба хаасан гэж үзсэн. ...” гэх,

4.Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын хариу тайлбар: “...Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тухайн сумын Засаг даргад дэвшүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 25 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтуудад үндсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасан шаардлагыг хангаж байсан тул нэр дэвшсэн этгээд Б.Б-ыг томилсон, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан хугацаа дууссан тул Цахир сумын Засаг дарга Д.Г-ыг чөлөөлсөн захирамжийг хууль ёсны гэж үзэж байна. ...” гэх,

5.Гуравдагч этгээд Б.Б-оос: “... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан гэж үзэж байгаа тул Архангай аймгийн Цахир сумын Засаг даргад нэр дэвшигдэхэд тавигдах шаардлагыг бүрэн хангасан. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэх агуулгатай тайлбарыг тус тус гаргажээ.

6.Хэргийн нөхцөл байдал:

6.1.Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанд сумын Засаг даргад Монгол Ардын намаас Б.Б-ыг, Ардчилсан намаас Д.Г-ыг тус тус нэр дэвшүүлж, санал хураалт явуулснаас Б.Б 19 төлөөлөгчийн буюу 90.5 хувийн санал авсан тул Хурлын мөн өдрийн 01/10 дугаар тогтоолоор сумын Засаг даргад Б.Б-ын нэрийг дэвшүүлж, аймгийн Засаг даргад уламжилсан байна.

6.2.Архангай аймгийн Засаг дарга дээрх тогтоолыг үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/65 дугаар захирамжаар “бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон” гэх үндэслэлээр Цахир сумын Засаг даргын албан тушаалаас Д.Г-ыг чөлөөлж, мөн өдрийн Б/66 дугаар захирамжаар Цахир сумын Засаг даргын албан тушаалд Б.Б-ыг томилж шийдвэрлэжээ.

7.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр:

7.1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 56.3.2, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ дараах агуулгатай дүгнэлтүүдийг хийсэн байна.

7.1.1.“... 1995 оны Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно” гэж заасан боловч ... уг хууль нь 1994 оны Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөгдөхөөр гарсан, гагцхүү уг хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үе болон шилжилтийн үеийн харилцааг зохицуулахад хэрэглэгдэхээр байна.

7.1.2. ... /Иймд/ гуравдагч этгээд Б.Б-ын Архангай аймгийн Цахир сумын Монгол Ардын намын хорооны даргаар ажилласан хугацааг “төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан” байх хугацаанд хамааруулж, уг шалгуурыг хангасан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

7.1.3. ... Б.Б нь 2012 оноос хойш төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд буюу “Төрийн банк” ХК-ийн Архангай салбарын Цахир сумын тооцооны төвийн захирлаар ажилласан боловч энэ нь “төрийн алба”-нд ажилласан хугацаанд хамааралгүй, ... ашгийн төлөө хуулийн этгээд Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан хугацааг “төрийн албан тушаал” хашиж, төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажилласан гэж үзэх үндэслэлгүй байна.

7.1.4. ... Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.4, 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.3.1, 56.3.2, 56.3.3, 56.3.4, 56.3.5-д тус тус зааснаар тухайн сумын Засаг даргад санал болгосон хүнийг буюу нэр дэвшигч Б.Б нь дээрх хуулийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг хариуцагч нар тодруулах үүрэгтэй.

7.1.5. ... Маргаан бүхий Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/10 дугаар тогтоол, Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/65, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/66 дугаар захирамжууд нь дээр дурдсан үндэслэлээр хууль дээдлэх, хуульд нийцсэн байх, хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн. ...” гэжээ.

8.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал:

8.1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г, хариуцагч Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга В.Б, гуравдагч этгээд Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Б-Э нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ дараах агуулгатай дүгнэлтийг хийсэн:

8.1.1.“…Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчин төгөлдөр байна гэх үндэслэлээр дагаж мөрдөхөөр журамласан 1994 оны Төрийн албаны тухай хууль нь хүчингүй болсон байхад бусад хуулиар зохицуулсан “төрийн алба хаасан хугацаа”-тай холбоотой хэм хэмжээг хэрэгжүүлэх бүрд уг хуулийг хэрэглэх хууль зүйн боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

8.1.2. ... Засаг дарга нь өндөр хариуцлагатай, төрийн удирдлагыг орон нутагт хэрэгжүүлэгч албан тушаалтан болохынх нь хувьд “төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх” шаардлагыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т тусгайлан заасан байх тул Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албанд төрийн албан хаагчаар ажиллагаагүй этгээдийг уг шаардлагыг хангасан гэж үзэхгүй” гэжээ.

9.Хяналтын журмаар гаргасан гомдол:

9.1.Хариуцагч Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга В.Б-өөс 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хяналтын журмаар гаргасан гомдлын агуулга:  

9.1.1.“... Б.Б нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа бөгөөд Цахир сумын Монгол Ардын намын даргаар гурван жил ажилласан учраас хүчин төгөлдөр үйлчлэлтэй Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу төрийн алба хаасан гэж үзсэн. Хэдийгээр 1994 оны Төрийн албаны тухай хууль хүчингүй болсон ч 1995 оны Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болоогүй, мөн хуулиар тухайлсан харилцааг зохицуулсан.

9.1.2. ... 1994 оны Төрийн албаны тухай хуулийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүчингүй болсонд тооцох тухай хууль батлан хүчингүй болгосон байна. Харин 1995 онд баталсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болгосон аливаа хуулийг Улсын Их Хурлаас батлан гаргаагүй байна.

9.1.3. ... Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 3 дахь заалт, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 9 дүгээр тогтоолын 3.1.3-т Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцохоор зохицуулсан байх тул Б.Б-ыг төрийн албад 3 жил ажилласан гэж үзэхээр байна.

9.1.4. ... Б.Б-ыг Засаг даргаар томилсны улмаас ...  нэхэмжлэгч Д.Г-ын хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй.

9.1.5.Уг хэрэг маргааныг Улсын дээд шүүхээр хэлэлцүүлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т зааснаар эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэж энэхүү гомдлоо гаргаж байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

9.2.Гуравдагч этгээд Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Б-Э нараас хяналтын журмаар гаргасан гомдлын агуулга:

9.2.1.“... Нэр дэвшигч Б.Б нь ... Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаалыг буюу Архангай аймгийн Цахир сумын Монгол Ардын намын хорооны даргын албан тушаалыг 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 3 жил 2 сар 21 өдөр эрхэлсэн тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т “... төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан” байх хуулийн шаардлагыг хангасан.

9.2.2. ... Анхан шатны шүүхээс “Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн үйлчлэл нь тухайн дагаж мөрдөх гэж буй хууль буюу 1994 оны Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтад хамааралтай бөгөөд уг хэрэг маргаанд дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүх одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг хэрэглэх үүрэгтэй.

9.2.3.Хууль тогтоомжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд ... хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалт, 27.1.3-т ... хуулиар тухайлсан харилцааг зохицуулсан байсан хууль, эрх зүйн зохицуулалтын дагуу үүссэн харилцаа, иргэн, хуулийн этгээдийн эрх, үүргийг шинэ хуулийн дагуу хэрхэн хамгаалах, хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах, өөрчлөх, хүчингүй болсонд тооцох болон сөрөг үр дагаврыг арилгах нөхцөл, арга зам, хариуцлагыг зохицуулах хэлбэр”, 27.1.5-д “өмнөх хууль, эрх зүйн зохицуулалт, тэдгээрийн зарим хэсэг хүчин төгөлдөр үйлчлэх тодорхой нөхцөл, тохиолдол”-ын талаар зааж өгсөн байна.

9.2.4.Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Жаран гуравдугаар зүйлийн 2-т “Хурлын тогтоол, Засаг даргын захирамж нь хууль тогтоомжид, ... нийцсэн байх” гэж зааснаар Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/10 дугаар тогтоол, Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Д.Г-ын албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/65, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Б.Б-ыг албан тушаалд томилох тухай” Б/66 дугаар захирамж нь хууль дээдлэх үндсэн зарчимд тулгуурлан, түүнд нийцүүлэн гарсан байна.

9.2.5.Иймд, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 109/ШШ2025/0005 дугаар шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2025/0223 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

10.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 001/ШХТ2025/0245 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3, 123.2.4-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

11.Хариуцагч Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нараас хяналтын журмаар гомдол гаргасныг нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А нарт 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г-д 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тус тус цахимаар танилцуулсан байна. Хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

12.Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

13.Анхан болон давж заалдах шатны шүүхээс Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасан “төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан” байх шаардлагад холбогдуулан хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, гуравдагч этгээд Б.Б нараас гаргасан “... 1994 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийг дагаж гарсан Төрийн албаны хуулийг дагаж мөрдөх журмын тухай /1995 онд батлагдсан/ хуулийг хэрэглэнэ” гэх маргаанд уг хуулийн агуулга, зорилгыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

14.Төрийн албаны тухай хуулийг 1994 онд, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг 1995 онд тус тус баталсан, уг Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай /1995 оны/ хуулийн 6 дугаар зүйлд “Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно” гэж заажээ.

15.Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай 1995 оны хуулийн зохицуулалт нь шинээр батлагдсан Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлж эхлэхэд 1994 оноос өмнө улс төрийн намд тодорхой албан тушаал эрхэлж байсан иргэний эрх зүйн байдлыг тогтоох зорилготой, уг хуулийн үйлчлэх хүрээнд хамааралтай бөгөөд уг хуулийн 6 дугаар зүйлд заасан “Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно” гэх заалт нь 1994 онд хууль батлагдахаас өмнөх хугацаанд “Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан” иргэдэд хамааралтай гэж үзнэ.

16.Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг 1992 онд баталж мөрдсөнөөс хойш төрийн алба, төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг анх удаа 1994 онд хуулиар тогтоосон бөгөөд уг хуульд аливаа улс төрийн намын байгууллагын орон тооны албан тушаалыг “төрийн алба”-нд тооцохоор заагаагүй, түүнээс хойш батлагдаж мөрдөгдсөн 2002 оны болон одоо хүчин төгөлдөр үйлчилж буй 2017 оны Төрийн албаны тухай хуулиудад ийм зохицуулалт байхгүй байна.  

17.Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай 1995 оны хууль нь Төрийн албаны тухай хууль батлагдахаас өмнөх үеийн болон хууль батлагдсанаар үүсэх үр дагаварт шилжилтийн зохицуулалт хийх зорилгоор батлагдсан бөгөөд дагаж мөрдөх журмын тухай хуулийн аль нэг заалтыг эх хуулийн хэм хэмжээний агуулгаас хальж дүгнэхгүй, Төрийн албаны тухай хуульд “Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэнийг төрийн алба хаасанд тооцох” агуулгатай заалт байхгүй байхад уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй юм. 

18.Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 139 дүгээр тогтоолоор “... 2009-2012 онуудад Дорнод аймгийн МАН-ын орон тооны дэд даргаар ажилласан хугацааг төрийн албанд ажилласан гэж үзэх боломжгүй ...  Төрийн албаны хуулийг дагаж мөрдөх журмын тухай /1995 оны/ хуулийг Улсын Их Хурлаас хүчингүй болгоогүй, хуулийн 6 дугаар зүйлд “УИХ-д суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно” гэж заасны дагуу түүнийг төрийн албанд ажилласнаар тооцох ёстой гэж маргаан үүсгэсэн боловч дээрх хуулийн заалтыг хэрэглэх боломжгүй ...” гэж дүгнэсэн энэ тохиолдолд маргааны үйл баримтууд ижил төстэй байна.

19.Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолоор “... Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай 1995 оны хуулийг батлан гаргасан зорилго, тухайн хуулиар зохицуулах харилцааны мөн чанараас үзэхэд 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнөх буюу шилжилтийн үеийн цаг хугацаанд хамаарах харилцааг зохицуулахад хэрэглэхээр байна. 1994 оны Төрийн албаны тухай хууль батлагдахаас өмнө холбогдох албан тушаал эрхэлж байсан иргэдийн эрх зүйн байдлыг тодорхойлох, түүнийг дордуулахгүй байх зорилгоор Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай 1995 оны хууль нь эдүгээ хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж үзэхээр байна. ... 2013-2016 онд Хөвсгөл аймгийн Монгол Ардын намын хорооны даргаар ажилласан хугацаа нь дээрх хуулийн үйлчлэлд хамаарахааргүй байх тул энэ хуулийг баримтлан төрийн албанд ажилласан хугацаанд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна ...” гэж дүгнэжээ.

20.Иймд дээрх хуулийн заалтыг баримталж гуравдагч этгээд Б.Б-ын Монгол Ардын намын хорооны даргаар ажилласан хугацааг төрийн албанд ажилласнаар тооцох боломжгүй.

21.Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 09 дүгээр тогтоолуудын хавсралтаар баталсан журмууд нь төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох, төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхэд цалин, урамшуулал олгохтой холбоотой харилцааг зохицуулсан байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “эдгээр тогтоолуудыг үндэслэн төрийн албанд 3 жил ажилласан гэж үзнэ” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

22.Иймд, Архангай аймгийн Цахир сумын сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн маргаан бүхий 01/10 дугаар тогтоолоор гуравдагч этгээдийг сумын Засаг даргаар сонгож, томилуулахаар шийдвэрлэсэн болон үүнийг үндэслэн Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/66 дугаар захирамжаар Б.Б-ыг сумын Засаг даргын албан тушаалд томилсон нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасан “... төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх” заалтыг зөрчсөн, түүнчлэн Архангай аймгийн Цахир сумын Засаг даргад нэр дэвшин өрсөлдсөн нэхэмжлэгч Д.Г-ын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж дүгнэн анхан шатны шүүхээс уг тогтоол, захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

23.Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/65 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг “гуравдагч этгээд Б.Б-ын нэрийг дэвшүүлсэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Засаг даргаар томилсон аймгийн Засаг даргын захирамж хуульд нийцээгүй” гэх үндэслэлээр хангаж шийдвэрлэсэн, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд болон уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, зөрчигдсөн талаар дүгнэлт хийгээгүй, энэ алдааг давж заалдах шатны шүүх засаагүй нь буруу байх тул шийдвэр, магадлалын энэ хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

24.Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/65 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг тус тус үндэслэн “бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон” гэх үндэслэлээр сумын Засаг даргын албан тушаалд ажиллаж байсан Д.Г-ыг чөлөөлжээ.

25.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Засаг даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байна” гэж заасан, нэгэнт нэхэмжлэгч Д.Г-ын бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тохиолдолд энэ үндэслэлээр сумын Засаг даргыг чөлөөлсөн аймгийн Засаг даргын шийдвэр хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхгүй.

26.Өөрөөр хэлбэл, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсны улмаас чөлөөлөгдсөн тохиолдолд уг захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэснээр нэгэнт хуульд заасан хугацаа дуусгавар болсон Засаг даргын бүрэн эрх цаашид үргэлжлэх хууль зүйн боломжийг хуулиар олгоогүй тул Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/65 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгч Д.Г-ын түүний зөрчигдсөн гэх эрх сэргэх, Засаг даргаар үргэлжлэн ажиллах үр дагавар үүсэхгүй юм. 

27.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт ...-ыг хүчингүй болгуулах ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” болохыг тодорхойлох шаардлагатай, түүнчлэн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасан тул маргаан бүхий Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/65 дугаар захирамж хууль ёсны эсэх, түүний улмаас нэхэмжлэгч Д.Г-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар дүгнэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн байна.  

28.Иймд, дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж , Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/65 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 109/ШШ2025/0005 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2025/0223 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Г-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/10 дугаар тогтоол, Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Б.Б-ыг албан тушаалд томилох тухай” Б/66 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтад “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Д.Г-ыг албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/65 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж, тогтоох хэсгийн “2”, “3” дугаарыг “3”, “4” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                                 М.БАТСУУРЬ

                                                                                     Х.БАТСҮРЭН

                                                                                     Ц.ЦОГТ