Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 10

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 215/МА2016/00010

 

 

 

 

 

 

Н.Дэлгэрцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 

шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                                                                         Даргалагч шүүгч:Т.Жаргалсайхан

                                                                                    Шүүгчид: Г.Уламбаяр, Н.Туяа

Оролцогчид:

Нэхэмжлэгч: Н.Дэлгэрцэцэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Отгонбаяр

Нарийн бичгийн дарга: Б.Одбаяр

                                                                  

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Н.Оюунбилэгийн даргалж шийдвэрлэсэн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 251 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Баярсайханы давж заалдах гомдлыг үндэслэн, Н.Дэлгэрцэцэгийн нэхэмжлэлтэй Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтэс /Хөдөлмөр халамж үйлчилгээний газар/-т холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор 4.160.270 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Дэлгэрцэцэг нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Нямдашийн Дэлгэрцэцэг нь Хөдөлмөрийн хэлтсийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс ажиллаж эхэлсэн. 2014 оны 2 дугаар сарын 03-ний өдрөөс бүтцийн өөрчлөлт хийж Шинэ ажлын байрны бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2014 оны 6 дугаар сарын 02-ний өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авсан. Үргэлжлүүлээд жирэмсний амралтаа авсан. Хүүхэд 2 нас хүрээд эргэн ажилдаа орохоор удаа дараа өргөдөл өгөхөд хүүхдээ 3 нас хүртэл хүүхдээ харах, бүтэц, орон тоо өөрчлөгдсөн, өөр ажилд оруулах асуудлыг судлан үзнэ гээд яг ажлын байр гарангуут өөр хүн ажилд авч ажиллуулж байна. Хүний нөөц дотоод ажил хариуцсан мэргэжилтэн хууль зөрчсөн гэж үзэж байна. 2015 оны 9 дүгээр сард ажилд орох өргөдлөө өгсөн. Миний бие төрийн албаны зөвлөлд хандсан. Мөн адил хариуг Хөдөлмөрийн хэлтсээс өгсөн. Ажилд авахгүй хэрнээ ажлаас чөлөөлөхгүй, ажиллах эрхийг минь хязгаарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд судлан үзэж, хянан ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин 4.160.270 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Баярсайхан шүүхэд ирүүлсэн тайлбар болон анхан шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Н.Дэлгэрцэцэг нь Хөдөлмөрийн хэлтэст Шинэ ажлын байрны бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авч, үргэлжлүүлэн жирэмсний амралт болон хүүхэд асрах чөлөөг тус тус авсан. Хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд нь Хөдөлмөрийн

 

яамнаас харьяа байгууллагуудын бүтэц орон тоонд өөрчлөлт оруулж улмаар Хөдөлмөрийн сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/127 дугаартай  хөдөлмөрийн хэлтсийн бүтэц орон тоо батлах тухай тушаалаар шинэ ажлын байрны бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтний  ажлын байр, орон тоо нь байхгүй болж, Хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл, программ хангамж хариуцсан мэргэжилтний ажлын байранд нэмэгдэн орж Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, программ хангамж, мэдээллийн сан, ажил олгогч, шинэ ажлын байрны мэдээлэл, тайлан хариуцсан мэргэжилтэн гэж нэгдэж ирсэн. Иймд сайдын тушаалаар орон тоо, бүтэц өөрчлөгдөж ажлын байр нь байхгүй болсон тул ажил олгогчийн зүгээс Н.Дэлгэрцэцэгт хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 3 жил хүүхдээ асрах, энэ хугацаанд бүтэц орон тоог судалж, өөр ажилд оруулах асуудлыг санал болгоно гэж хариу өгсөн. Хөдөлмөрийн хэлтсээс Н.Дэлгэрцэцэгийг ажлаас чөлөөлсөн ямар нэгэн шийдвэр гаргаагүй бөгөөд эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нь тус байгууллагаас төлж байгаа болно. Н.Дэлгэрцэцэгийн хүүхэд асрах чөлөөний хугацаа нь дуусаагүй байгаа бөгөөд ажилгүй байсан хугацааны мөнгө нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Н.Дэлгэрцэцэг нь төрийн албаны шалгалтанд ороод тэнцээгүй бөгөөд өмнө ажиллаж байсан албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалын орон тоон дээр төрийн үйлчилгээний ангиллаар ажиллаж байсан бөгөөд улмаар бүтцийн өөрчлөлтөөр уг ажлын байр нь байхгүй болсон.

Иймд Н.Дэлгэрцэцэгийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна н.Алдарсайханы тухайд 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гэрээгээр ажиллаж байгаа. Тийм учраас Н.Дэлгэрцэцэгт түр орон тоон дээр ажиллуулахгүй гэж бодоод хэлээгүй байгаа. Цаашид 9 сард зохион байгуулагдах төрийн албаны шалгалт зэргийг харгалзан өөрөө байх үедээ авч ажиллуулна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Н.Дэлгэрцэцэгт өөр ажил олж өгөхийг Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтэст даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дах хэсэгт зааснаар Н.Дэлгэрцэцэгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 2.501.733 төгрөгийг Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч Н.Дэлгэрцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.658.537 төгрөгийн  цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Н.Дэлгэрцэцэгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж барагдуулалт хийхийг Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтэст үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 2.501.733 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 19.228 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс гаргуулж төрийн санд оруулахыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Баярсайхан давж заалдах гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 251 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь: Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт " Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ыг зөрчиж байна. Өмнө нь шүүхэд хүргүүлсэн тайлбарт хөдөлмөрийн хэлтсээс Н.Дэлгэрцэцэгийг ажлаас чөлөөлсөн ямар нэгэн шийдвэр гараагүй бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийг хүүхэд асрах чөлөөний хугацаанд нь байгууллагаас бүрэн төлж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс гаргуулах нөхөн олговор болох 2.501.733 мянган төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Дэлгэрцэцэг нь Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтэст холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 4.160.270 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж гомдлын үндэслэлээ Н.Дэлгэрцэцэгийг ажлаас чөлөөлсөн ямар нэгэн шийдвэрийг аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс гаргаагүй бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийг хүүхэд асрах чөлөөний хугацаанд байгууллагаас бүрэн төлж байгаа учраас нөхөх олговор болох 2.501.733 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь тус аймгийн Хөдөлмөрийн хэлтэст 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс Хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс Ажлын шинэ байрны бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байгаад 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс ээлжийн амралтаа авч, үргэлжлүүлэн жирэмсний амралтаа авсан. Хүүхэд 2 нас хүрээд эргэн ажилдаа орохоор удаа дараа хүсэлт гаргахад бүтэц орон тоо өөрчлөгдсөн, өөр ажилд оруулах асуудлыг судлан үзнэ гээд өөр хүн ажиллуулж байна гэж тайлбарлаж байна.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 3 хүртэл жил хүүхдээ харах чөлөөг бүрэн эдэлсний дараа эргэн ажилдаа орохыг санал болгож байна. Тус хэлтсийн бүтэц орон тоо Хөдөлмөрийн сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/127 дугаар тушаалаар өөрчлөгдөж, таны эрхэлж байсан Шинэ ажлын байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан албан тушаал хасагдсан болно. Энэ хугацаанд бүтэц орон тооноос хамаарч өөр ажилд оруулах асуудлыг судлан үзнэ гэж тайлбарлажээ.

Хэдийгээр Хөдөлмөрийн сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн а/127 дугаар тушаалаар аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн орон тоо, бүтэцэд өөрчлөлт орж тухайн ажилтны эрхэлж байсан ажлын байр байхгүй болсон ч хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны хүсэлтийг яаж шийдвэрлэж зохицуулсан нь ойлгомжгүй, энэ талаар ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг биелүүлээгүй гэж үзэхээр байна.

 Нэхэмжлэгч нь 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ажилдаа орох хүсэлтээ Хөдөлмөрийн хэлтэст гаргаж өгсөн 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийг хүртэлх хугацааны цалингаараа хохирч байна гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар түүнийг нотлох баримт байхгүй, ажил олгогчоос түүний ажилдаа орохыг хүссэн хүсэлтэд 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хийсэн бичиглэл /тэмдэглэл/-ээр тооцсон шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Дэлгэрцэцэгт өөр ажил өгөхийг даалгаж, 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт 3 сар 31 хоногийн олговор 2.501.733 төгрөгийн нөхөх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн

сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтад заасныг жишиг болгон уг аргачлалаар тооцож олгосон нь үндэслэлтэй боловч ажилгүй байсан хугацааны хоногийг буруу тооцсон байх тул зөвтгөн тооцож, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 251 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Н.Дэлгэрцэцэгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 2.501.733 төгрөг” гэснийг “Н.Дэлгэрцэцэгийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт 2.659.800 төгрөг” гэж, “1.658.537 төгрөгийн” гэснийг, “1.500.470 төгрөгийг” гэж, 4 дэх заалтад “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1” гэж нэмэлт оруулж, “19.228 төгрөг” гэснийг, “57.506 төгрөг” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Т.ЖАРГАЛСАЙХАН

 

                       ШҮҮГЧИД                                              Г.УЛАМБАЯР

 

                                                                                     Н.ТУЯА