Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 318

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Одонгэрэлд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Хэрлэнчимэг,

ялтан Б.Одонгэрэл /онлайнаар хорих 461 дүгээр ангиас/,

            нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Хэрлэнчимэгийн бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 5/18 тоот улсын яллагчийн эсэргүүцлээр эрүүгийн 201725010620 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Баярсайханы Одонгэрэл, 1990 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 31-509 тоотод оршин суух,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1367 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:НН90010176/;

Б.Одонгэрэл нь согтуугаар 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Маахуурын 4 тоот хашаанд хадам ээж Т.Амаржаргалтай маргалдан, таарамжгүй харьцааны улмаас зодож Т.Амаржаргалын бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Одонгэрэлийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Одонгэрэлийг ялтай байдал дуусаагүй байхдаа бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Б.Одонгэрэлийг 2 сарын баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Б.Одонгэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаатай баривчлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн буюу 1 сарын баривчлах ялыг нэмж нэгтгэн, нийт 3 сарын баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Б.Одонгэрэлд оногдуулсан 3 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж, Б.Одонгэрэл цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор М.Хэрлэнчимэг бичсэн эсэргүүцэлдээ: “...Б.Одонгэрэл нь 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1367 дугаар шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ялаа эдэлж дууссан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар ялтай байдал дуусаагүй байхад буюу 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна. Гэтэл шүүхээс Б.Одонгэрэлд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасан “шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа буюу оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусахын өмнө гэмт хэрэг шинээр үйлдэж шийтгүүлж байгаа бол шүүхийн сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно” гэсэн заалтыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын баривчлах ял дээр 1 сар баривчлах ял нэмж, нийт 3 сар баривчлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Б.Одонгэрэл нь согтуугаар 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Маахуурын 4 тоот хашаанд хадам эх Т.Амаржаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож Т.Амаржаргалын бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            Хохирогч Т.Амаржаргалын: “...Тэгээд би охин Мөнхбаярын ажилладаг Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Сэнгүүр горхи хотхоны “АПУ” нэртэй супермаркетад очиж охинтойгоо уулзаад гэрт нь очтол араас түүний нөхөр Одонгэрэл согтуу орж ирэхээр нь түүнд энд юу болоод байгаа юм бэ гэж хэлтэл чи муу дандаа охиноо өмөөрч ирдэг биздээ гээд охин руу дайраад цохиод өшиглөөд байхаар нь дундуур нь орсон чинь намайг заамдаж аваад, түлхээд ор руу унагаасан, тэгээд охиныг чирээд гарахаар нь би араас нь зууралдаж гараад хашаанд байсан үүдний амбаар руу бид хоёрыг түлхэж унагаасан босоод ирсэн чинь үснээс зулгаагаад нүүр рүү цохисон тэгэхэд зүүн талын хацар хөхөрсөн, тэгтэл дүү нь ирээд салгасан. Тэгээд охин бид хоёрыг аавынд нь ороход араас орж ирээд ална хядна гээд үсчээд дахиж зодох гээд саравганаад байхаар нь дүү нь дундуур орж хориод байсан. Би гараад цагдаад дуудлага өгсөн...” /х-18-19/,

            Гэрч А.Мөнхбаярын: “...2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр намайг ажлаа хийж байхад нөхөр Одонгэрэл утсаар яриад дэлгүүрээс архи аваад өгчих архи уумаар байна гэсэн. Би өгөхгүй гэсэн чинь удаа дараа мэссэж бичээд байсан ба өөрөө дэлгүүр дээр ирээд нэг шил архи аваад явсан. Одонгэрэлтэй хэрүүл, маргалдаан болж намайг цохих гэж байхад ээж урдуур нь ороод цохиулсан, гадаа гарсан чинь ээж бид хоёрыг үснээс зулгаагаад хашаа мөргүүлж түлхэж унагаасан. Тэгэхээр нь ээж бид хоёр зугтаад хадмынд  орсон чинь араас орж ирээд хэрүүл маргаан хийж миний толгой руу цохисон тэгээд л цагдаа дуудсан. Энэ үед хамт архи уусан Одонгэрэлийн найз нь байсан. Одоо надад ямар нэг гомдол санал байхгүй, тухайн үед ээжийн шанаа нь Одонгэрэлд цохиулснаас болж хавдсан байсан /х-20-21/ гэх мэдүүлэг,

            Гэрч Б.Одмичидийн: “...2017 оны 01 дүгээр сарын 28-ны орой 18 цагийн үед гэртээ байж байхад хажуу ахын гэрт хэрүүл болоод байх шиг байхаар нь ахын гэр лүү шагайсан чинь ах эхнэртэйгээ хэрэлдээд байхаар нь юундаа хэрэлдээд байгаан больцгоо гэж хэлчихээд гэртээ ороод зурагт үзээд сууж байсан чинь дахиад эмэгтэй хүн орилоод байхаар нь дахиад орсон чинь бэр эгчийн ээж нь ирсэн хэрэлдэж байснаа ахыг маажиж самардаад байхаар нь ахыг салгаад гэрээс түлхээд гаргасан тэгтэл ахын хадам ээж нь араас нь гарч ирээд нэг юм шидээд байсан, энэ үед би ахыг тэвэрсэн байсан чинь намайг тавь гээд түлхсэн тэгэхэд ард  хадам ээж нь байж таараад бид гурав давхралдаад хашаа руу унасан тэгээд би ахыг салгаж аваад явсан. Ер нь манайх ахтай нэг хашаанд байдаг хэрүүл маргаан хадам ээжээс нь байнга болдог...Гайгүй байсан гэхдээ архи уусан байсан үнэртэж байсан. Хэрэлдэж маргалдаад байхаар нь гэр лүү нь ороход ахын найз Батпүрэв ахыг байсан эсэхийг анзаараагүй, дараа нь орохдоо мөн анзаарч хараагүй. Хохирогчийн нүүр нь зүгээр байх шиг байсан” /х-24-25/ гэх мэдүүлэг,

            Гэрч Т.Гэрэлтунгалагийн: “...Хүү Одонгэрэл эхнэр 2 хүүхдийн хамт тусдаа бид нар нэг хашаанд амьдардаг. 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр орой 21 цагийн үед гэртээ байж байсан чинь гаднаас Одонгэрэлийн эхнэр нь ээжийнхээ хамт орж ирээд “энэ хоёр муудалцаад байна” гэсэн тэгтэл араас нь Одонгэрэл орж ирээд “энд хэрүүл хийгээд яахав гэртээ орьё” гэсэн чинь эхнэр, хадам ээж хоёр нь 2 талаас самардаад эхлэхээр нь гэрт битгий муудалцаад бай гарцгаа гэсэн чинь гурвуулаа зууралдаад гарсан, хадам ээж нь цагдаад өгнө гэсээр гарсан. Удаагүй цагдаа ирээд аваад явцгаасан. Өөр мэдэх зүйл байхгүй. Ер нь манай хүү, бэр хоёрыг муудалцаад байгааг нь сонсоход хүүг баривчилгаанд явсан хойгуур эхнэр нь өөр хүнтэй явалдсан асуудлаас болж муудалцаад байгаа гэсэн. Хохирогч Амаржаргалыг цохисон эсэхийг нь хараагүй мэдэхгүй байна. Манай хүү архи уусан байсан /х-22-23/ гэсэн мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №2171 тоот Шинжээчийн “ Т.Амаржаргалын биед тархи доргилт, зүүн хацарын төвгөрийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /х-37/, зэрэг баримт болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар  тогтоогдож  байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг шалгаж тогтоосон, шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоожээ.

          Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд  Б.Одонгэрэл нь урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1367 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар  “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялтайд тооцогдох” заалтын дагуу ялтай байдал арилаагүй байна.

 Б. Одонгэрэл нь ялтай байдал арилаагүй байхдаа “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12 дугаар хэсэгт зааснаар  ял хүндрүүлэх  нөхцөл байдал байтал анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын баривчлах ял дээр  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйл буюу “хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” заалтыг баримталж өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ял гэж үндэслэлгүйгээр “1” сарын баривчлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 сараар тогтоож Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, прокурор М.Хэрлэнчимэгийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож,

2. 4 дэхь заалтын “3 /гурав/ сар” гэснийг “2 /хоёр/ сар” гэж өөрчилж, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

            3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                               

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН                                                     

                                    ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

                                                                                                           

                                                                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ