Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2020/0072

 

 

 

Э.С-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Баатархүү, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, хариуцагч Ж.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.О нарыг оролцуулан, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О-ын гаргасан давж заалдах гомдлын дагуу Э.С-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол соёл, урлагийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.С-ийн “Орхон аймгийн Баян-Өндөр сумын 26 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулах 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын” шалгалтын Э.С-ийн ярилцлагын шалгалтад авсан 9.8 оноог хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,  

Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 11 дүгээр зүйлийн 11.5, Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.7, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Э.С-ийн “Ярилцлагын шалгалтыг дахин үнэлж дүнг гаргах шалгалтын комиссыг байгуулах акт гаргахыг даалгах, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комиссын дүгнэлтийн Э.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч нь нийт үнэлгээ 57.5 гэж дүгнэсэн актын ярилцлагын 9.8 оноо хүчингүй болгох талаар дурдаж бусад үнэлгээ, оноонд маргаан үүсгээгүй буюу ярилцлагын хэсгийн 9.8 оноог хүчингүй болгох шаардлага гаргасныг дангаараа акт гэж үзэхгүй гэж буруу дүгнэлт хийсэн нь нэхэмжлэгч тал уг актыг дангаараа акт гэж мэтгэлцээгүй ба шалгалтын нийт үнэлгээ болох 57.5 оноотой хамааралгүй үнэлгээ гэж үзээгүй болно.

Өөрөөр хэлбэл 3 багц шалгалтын нэг ярилцлагын шалгалтыг дүгнэсэн хэсэгт маргаан үүсгэж, нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус бүр шууд эрх зүйн үр дагавар үүсэхээр тусгайлан зохицуулж хуульчилсныг шүүх анхаарч үзээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг баримтлан шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах комисс энэхүү хэрэгт 5 гишүүнийг томилсон болох нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А56 дугаар тушаалаар тогтоогдсон. Шалгалтын 3 багцын нэг болох ярилцлагын шалгалтад 1 комиссын гишүүн оролцоогүй буюу томилсон комисс ажилласан гэж үзэх үндэслэлгүй. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын 6 дугаар зүйлийн 6.2-т “Комисс шалгаруулалтыг... үнэлнэ” гэж заасан байх ба 1 гишүүн оролцоогүй нь комисс үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байгааг анхааралгүй, 4 комиссын гишүүний үнэлгээ, шалгалт авсныг комисс гэж үзэх боломжгүй дээрх заалтад байхад ярилцлагын шалгалтыг үнэлгээ хийсэн гэж үзэж комисс томилон ажилласан байна гэж дүгнэлт хийсэн нь хууль буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн ярилцлагын шалгалтыг дахин үнэлж, дүнг гаргах ярилцлагын шалгалтад комисс шалгалтыг явуулаагүй гэх үндэслэлээр комисс байгуулах акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн комиссын дүгнэлтэд Э.С-ийн нэгийг тэнцээгүй гэж үзэж уг акт гарахдаа түүний эрх ашгийг хөндсөн. Комиссын дүгнэлтээр Э.С-ийн дүнг хуралдаанаар хэлэлцэн тэнцээгүй гэж дүгнэсэн нь уг акт болон хуралдааны тэмдэглэл, бусад нотлох баримтуудаас харагдаж байгаа тул Э.С-ийн эрх ашгийг хууль ёсны дагуу шийдвэрлэсэн хүчин төгөлдөр гэж үзэх акт биш учир Э.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагыг гаргасан. Э.С-ийн талаар уг актад дурдаагүй байна гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь тэнцээгүй гэж үзэж нэрийг дурдаагүй болох нь бусад баримтаар нотлогдож байна.

Мөн ярилцлагын шалгалтад орох гэж байсан Э.С-г  оруулахгүй байх гэж хариуцагч нөлөөлж, уг ярилцлагад орсныг мэдээд эцсийн дүн гарах болохгүй шүү гэж хэзээ дүнг гарахыг мэдэж байсан төдийгүй дүнд нөлөөлөхөө илэрхийлж байсан зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр нотлогдож, түүнчлэн шалгалтыг зохион байгуулахдаа танхимаас гаргахгүй дүнг сонсгохоор зохион байгуулсан атлаа ярилцлагын шалгалтыг өгсний дараа бүх оролцогчийг гаргаж дүнг хэлэлцсэн зэрэг нотлох баримт хэрэгт авагдсан байхад Э.С-ийн эрх ашиг хөндөгдсөн асуудлын талаарх нотлох баримтыг тал бүрээс нь судалж, үнэлж дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй гэж үзэж байх тул Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 28 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд зохих өөрчлөлтийг оруулан шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Э.С нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сул орон тоог нөхөх /26 дугаар цэцэрлэгийн эрхлэгч/ сонгон шалгаруулалтад оролцож ерөнхий шалгалтаас 22.5, ур чадварын шалгалтаас 25.3, ярилцлагын шалгалтаас 9.8 оноо авч, нийт 57.5 оноо[1] авсан тул сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэж шалгалтын комисс шийдвэрлэжээ.

Э.С нь Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газрын даргад холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан байна.

1. “2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын 26 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулах шалгалтын Э.С-г аас авсан ярилцлагын 9.8 оноог хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар захиргааны акт гэж нийтийн эрх зүйн хүрээнд, захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар гадагш чиглэсэн эрх зүйн шууд үр дагавар үүсгэсэн захирамжилсан шийдвэрийг ойлгохоор байна

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Журам батлах тухай” 60 дугаар тогтоолын 6.1-д сонгон шалгаруулалтын 9 /1. Боловсролын түвшин, 2. Туршлага, 3. Мэргэшсэн байдал, 4. Сорилын шалгалт, 5. Бичгийн шалгалт, 6. Мэдээлэл технологийн мэдлэгийн түвшингийн шалгалт, 7. Хөтөлбөр, төсөл бэлтгэх байдал, 8. Өөрийн мэдлэг ур чадвараа нэмэлтээр илэрхийлсэн тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, чадавхийн талаарх өргөдөл ирүүлсэн байдал, 9. Ярилцлага/ хэлбэрийг тусгасан байх бөгөөд 6.2-т комисс уг 9 төрлийн шалгаруулалтыг энэ журмын хавсралт Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах зааврын дагуу үнэлнэ гэж заасан.

Өөрөөр хэлбэл дээрх 9 төрлийн шалгалтыг нэгтгэн тухайн төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын сул орон тоонд томилогдох эсэхийг шийдвэрлэхээр байна.

Эндээс үзвэл нэхэмжлэгчийн маргаж буй ярилцлагын 9.8 оноог хүчингүй болгосноор тухайн шалгалтын оноо бүхэлдээ хүчингүй болохгүй тул ярилцлагын шалгалтын оноо нь эрх зүйн шууд үр дагаврыг үүсгэх үндэслэлгүй, захиргааны актын шинжийг агуулахгүй юм.  

Тиймээс Э.С-аас “Ярилцлагын шалгалтын 9.8 оноог хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж үзэн хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Гэвч анхан шатны шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг удирдлага болгосон боловч уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан хэргийг хэрэгсэхгүй болголгүй, зөвхөн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.  

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

2. Нэхэмжлэгчээс “Э.С-ийн ярилцлагын шалгалтыг дахин үнэлж дүнг гаргах шалгалтын комиссыг байгуулах акт гаргахыг даалгах, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комиссын дүгнэлтийн Э.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв байна.  

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Орхон аймгийн Засаг дарга 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч /26 дугаар цэцэрлэгийн эрхлэгч/-ийн сонгон шалгаруулалтыг явуулах тухай” 1/2925 дугаар албан бичгээр[2] Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол соёл, урлагийн газарт хандсан байх бөгөөд уг албан бичгийг үндэслэн тус газрын дарга 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/56 дугаар тушаалаар[3] Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сул орон тоог нөхөх иргэдийг сонгон шалгаруулах тухай ажлын хэсгийг зохион байгуулжээ.   

Уг ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг явуулж, дүнг нэгтгэн комиссын хуралдаанаар хэлэлцээд захиалгат ажлын байранд тэнцсэн иргэдээс хамгийн өндөр үнэлгээтэй Б.Ө-ыг 1 дүгээр сургуулийн захирлаар, Ц.Ч-ыг 2 дугаар сургуулийн захирлаар, Ц.Ц-г 16 дугаар сургуулийн захирлаар, Д.Н-г Жаргалант сумын сургуулийн захирлаар тус тус томилуулахаар нэр дэвшүүлэх саналыг Аймгийн Засаг даргад хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна[4].

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 “Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргахаар хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл тухайн даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захиргааны актыг хариуцагч гаргахаас татгалзсан, эсхүл гаргаагүй эс үйлдэхүй гаргасан байхыг ойлгох бөгөөд комисс байгуулах талаар Э.С нь хариуцагчид хандаж өргөдөл гомдол гаргаагүй тул хариуцагч эс үйлдэхүй гаргасан, татгалзсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Мөн маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн бол уг эрхээ хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж болохоор хуульд тусгасан[5].

Гэвч 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулсан комиссын ажлын тайлан”-д тусгаснаас үзвэл нэхэмжлэгч Э.С-ийн тухай дурдаагүй, мөн 26 дугаар цэцэрлэгийн эрхлэгчид томилуулах нэр дэвшигчийн саналыг явуулаагүй зэргээс үзвэл уг маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 28 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.С-ийн “Орхон аймгийн Баян-Өндөр сумын 26 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулах 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын” шалгалтын Э.С-ийн ярилцлагын шалгалтад авсан 9.8 оноог хүчингүй болгох тухай”  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                         С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                            Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА

 


[1] 1 хавтаст хэргийн 27 хуудас

[2] 1 хавтаст хэргийн 20-р хуудас

[3] 1 хавтаст хэргийн 21-р хуудас

[4] 1 хавтаст хэргийн 26-р хуудас

[5] Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3