Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 01 өдөр

Дугаар 994

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/00507/И

 

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч С*** ХХК-ний Дархан салбарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Дархан-Уул аймаг Дархан сум ** баг ** хороолол **в байр ** тоотод оршин суух, регистерийн дугаар ТВ***,  Н*** овогт ***гийн О***д холбогдох

 

936 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С***, нарийн бичгийн дарга Г.Д*** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С*** ХХК-ны гүйцэтгэх захирал Д.Б***, түүний итгэмжлэгдсэн  төлөөлөгч Д.С*** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Д.О*** нь 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч Дархан-Уул аймгийн ****г, С*** ХХК-ны хооронд байгуулсан гэрээнд хамрагдан 480,000 төгрөгийн үнэ бүхий ZTE таб, модемийн хамт, 165.000 төгрөгийн үнэ бүхий UNO Dual 2 ширхэг нийт 930.000 төгрөгийн худалдан авалт хийж төлбөрийг 6 сар хуваан төлөхөөр тохирсон.

Д.О*** нь хүлээсэн үүргээ үл биелүүлэн дээрхи гар утаснуудын төлбөр 930.000  төгрөгийг одоо болтол төлөөгүй байна.

            Иймд Д.О***ээс гар утасны төлбөр 930.000 төгрөг, нотариатын зардал 6.000 төгрөг нийт 936.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

           

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С*** ХХК нь хариуцагч Д.О***д холбогдуулан 936000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч С*** ХХК, Дархан-Уул аймгийн ****гтэй харилцан тохиролцож 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр чанарын болон эрхийн шаардлага хангасан гар утас худалдах, худалдан авагч нь гэрээнд заасан хугацаа буюу 6 сарын хугацаанд төлбөрийг төлөхөөр талуудын хооронд Зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэгч С*** ХХК нь Дархан-Уул аймгийн ****гтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч гэрээний зүйл болох 480,000 төгрөгийн үнэ бүхий ZTE таб, модемийн хамт, 165.000 төгрөгийн үнэ бүхий UNO Dual 2 ширхэг нийт 930.000 төгрөгийн эд зүйлсийг хариуцагч Д.О***д шилжүүлж, Ажилтанд төхөөрөмж олгох хуудсанд гарын үсэг зуруулсан байна.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдөр дууссан байна.

 

Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д  “Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч Д.О***ээс 936 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Хариуцагч Д.О***д нэхэмжлэлийн хувийг 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гардуулж, эрх үүрэг тайлбарласан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг өөрийнх шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж хойшлуулж, товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагч Д.О***ийг байлцуулахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Д.О***ээс 936 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С*** ХХК-д олгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 27014 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О***ээс 27014  төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.      

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Д.АЛТАНТУЯА