Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 983

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/00926/И

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум **-р баг **-р хороолол ** байрны ** тоотод оршин суух, регистрийн дугаар **, М** овогт П.Д*** нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум **-р баг ** байрны ** тоотод оршин суух, регистрийн дугаар **, Б*** овогт С.Ц*** холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Д***, хариуцагч С.Ц***, нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Д*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие П.Д*** нь нөхөр болох С.Ц***тай 2012 онд танилцан 2013 онд гэрлэлтээ батлуулан манай аав ээжийн гэрт хамт амьдрах болсон 2013 оны 06 дугаар сарын 29-ны өдөр хүү Ц.Б***төрсөн. Хүү маань ярьж, явж чадахгүй саажилттай гэсэн оноштой төрсөн, одоо хүний асрамжинд байнга хажууд нь байж харах хэрэгтэй байдаг учраас миний бие хүүгээ төрсөн цагаас нь хойш гэртээ хүүгээ харж байна. С.Ц*** нь манай аавын гэрт хамт амьдарч байх хугацаандаа байнга архи ууж, архидан согтуурч намайг дарамтлан гар хүрдэг байсан. Мөн жирэмсэн байх үед хамаатан садангууд болон гэрийн идэш махыг хулгайлан зардаг ба ах эгчийн гэрээс мөнгөн аяга, алт монетан ээмэг, бөгжийг хулгайлсан. Мөн манай ахын компанид ажиллаж байх үедээ цемент хулгайлан зарсан гэж маш олон удаа хулгай хийж баригдаж байсан. Энэхүү үйлдэлдээ ер гэмших сэтгэлгүй харин ч намайг байнга дарамтлан хэлвэл ална гэж зовоодог байсан. 2014 оны 06 дугаар сараас хойш бид 2  уулзаагүй. Энэ олон хулгайн үйлдлүүдийг нь манай хамаатаны ах эгч нар  мэдсэн учраас манай гэрээс явсан үеэс хойш бид 2 уулзаагүй бөгөөд миний утасруу байнга мэссэж бичин намайг дарамталдаг. Бас гэрийн цонхыг 3-4 удаа чулуугаар хагалан зугтаадаг байсан. Би энэ хүнтэй танилцан гэр бүл болсноос хойш байнга дарамт шахалт архины хэрүүл, хамаатан садангуудаасаа ичиж зовж шаналж зовсоор ирсэн. Бас өөрийн хүүгээ саажилттай хөгжлийн бэрхшээлтэй юм байна гэж бодож явсан учраас гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна. Миний хувьд одоо үүнээс хойш хамт амьдарч чадахгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулж насанд хүрээгүй хүүхдээ өөрийн асрамжинд авна, хүүхэддээ тэтгэлэг тогтоолгоно. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч С.Ц*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2011 онд Архангай аймгаас Дархан-Уул аймагт ирээд 2012 онд эхнэртэйгээ танилцсан. 2013 онд гэрлэлтээ батлуулсан. Хүү Булганхангай 2013 онд төрсөн. Бид гэр бүл болоод хадмындаа амьдардаг байсан. Таарамжгүй байдлаас болж 2014 оноос тусдаа амьдарч байна. Эхнэр П.Д*** нь намайг хүүхэдтэй минь уулзуулдаггүй. Би эвлэрэхээр очиход хаалгаа тайлж өгдөггүй. П.Д***аас гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдээ ээжийнх нь асрамжинд өгөхийг зөвшөөрч байна. Нялх хүүхэд ээжтэйгээ байх нь дээр гэж бодож байна. Хүүхдийн тэтгэлэгийн хувьд бид ярилцаад эвлэрэн шийдэх боломжтой гэж бодож байна. Миний хувьд хүүхэддээ чадлаараа тусалж дэмжинэ. Иймд П.Д*** биднийг уулзаж хүүхдийн тэтгэлэгийг эв зүйгээр шийдэж өгөхийг хүсье. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч П.Д*** нь хариуцагч С.Ц***ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч П.Д*** нь хариуцагч С.Ц*** нар нь 2012 онд танилцаж, улмаар 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулан хамтран амьдарч байх хугацаандаа 2013 оны 6 дугаар сарын 29-нд хүү Ц.Б***г төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна. /хх-ийн 6-7/

 

Нэхэмжлэгч П.Д*** нь хариуцагч С.Ц*** нар нь 2014 оноос тусдаа амьдарч байх бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн зохигчдын тайлбар, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

 

Зохигчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул 2013 оны 6 дугаар сарын 29-нд төрсөн хүү Ц.Б***г Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар эхийнх нь асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг С.Ц***аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б***овогт С.Ц***, М*** овогт П.Д***нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 6 дугаар сарын 29-нд төрсөн хүү Ц.Б***г эх П.Д***ын асрамжинд үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа нөхцөлд 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг С.Ц***аар тэжээн тэтгүүлсүгэй.

3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг С.Ц***, эх П.Д*** нарт даалгасугай.

5. Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2–т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч С.Ц***аас нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн үнийн дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамж 28209 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Шүрэнчимэгт даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

    

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНТУЯА