Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2025/01251

 

 

 

 

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/03598 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 44,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь 2023 оны 05 сарын 30-ны өдөр 6 сарын хугацаатай, 6.6 хувийн хүүтэй, 30,000,000 төгрөг зээлж, 40,000,000 төгрөг төлөхөөр тохирч гэрээ байгуулсан. Гэвч зээлээ төлөөгүй. Иймд *******ээс үндсэн зээл 30,000,000 төгрөг, хүү 14,000,000 төгрөг, нийт 44,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: *******аас 30,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн. Харин зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учир зээлийн хүү 14,000,000 төгрөгийг төлөх боломжгүй. Үндсэн зээл 30,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрнө гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ээс 39,900,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******ээс 357,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хэргийн агуулгыг зөв тодорхойлсон боловч хуулийг буруу тайлбарлаж, хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч нь нэхэмжлэгч *******аас мөнгө зээлсэн нь үнэн боловч нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд ямар нэг бичгэн гэрээ байгуулагдаагүй юм.

Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар хэлцэл байгуулагдсан гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хүү авах эрхтэй гэж тайлбарласан. Гэтэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол хүү авах эрхээ алдана гэж хуульчилсан буюу шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэг заалт нь нөгөө заалтаа үгүйсгэсэн байгаа юм. Хэлцэл болгон гэрээ биш, гэрээ болгон хэлцэл байдаг нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн ба гэрээ бичгээр байгуулагдаагүйд хоёр тал маргасан зүйл байхгүй. Хэлцэл хийх хүсэл зоригийн илэрхийлэл дээр үндэслэн зээлийн гэрээнд хүү төлнө гэсэн хуулийн нэг ч зүйл заалт байхгүй.

Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээг заавал бичгээр хийхийг шаардахгүй бөгөөд зээлийн гэрээнд хүү тогтоосон бол бичгээр байгуулна, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зохицуулсан. Гэсэн атал хэрэгт байхгүй гэрээг шүүх зохиомлоор бий болгож хариуцагч хүү төлөх ёстой гэж анхан шатны шүүх дүгнэснийг зөвшөөрөхгүй байна.

4.2. Хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх үнэлэхдээ зөвхөн нэг талыг барьж үнэлсэн учир нь хэргийн 2 дахь талд талуудын хооронд хэлцлийн шинжтэй хүсэлт байгаа боловч тухайн бичиг нь нэгт нотлох баримтын шаардлага хангаагүй буюу утасны мсж чатнаас скрийн шот хийсэн зураг, үүнээс гадна гэрээ байгуулагдсанд тооцох гол шаардлага болох хоёр тал харилцан хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх ёстой. Зээл авсан үнэн. Төлөх нь үнэн гэхдээ хүү төлөх ёстой юу, төлөх ёсгүй гэдэг бол хуульд зааснаар л шийдэх асуудал.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 01-ний өдрийн 03598 дугаар шийдвэрийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хариуцагчийн зүгээс мөнгө авсан, буцааж төлөх талаар маргаагүй атлаа талуудын хооронд бичгээр зээлийн гэрээ байгуулагдаагүй гэх үндэслэлээр маргадаг. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасныг баримталж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 44,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч үндсэн зээл 30,000,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учир зээлийн хүү 14,000,000 төгрөгийг төлөхгүй гэж тайлбарлан маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймээс анхан шатны шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, талууд бичгээр гэрээ байгуулаагүй учир нэхэмжлэгч хүү шаардах эрхгүй гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

4. Нэхэмжлэгч нь 2023 оны 05 сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг, 31-ний өдөр 9,980,000 төгрөгийг тус тус хариуцагчид шилжүүлсэн нь хэрэгт авагдсан Хаан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдсон ба зохигч энэ үйл баримтад маргаагүй байна.

Нэхэмжлэгч 30,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлснээр зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв тодорхойлж, дүгнэжээ.

 

5. Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзэхэд хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******аас зээлсэн 30,000,000 төгрөгийг 40,000,000 төгрөг болгож өгөх, хүү төлөхөөр хүсэл зоригоо тодорхой илэрхийлж, энэ тухай баримтыг гараар үйлдэн фэйсбүүк цахим сүлжээгээр илгээсэн нь шүүхээс 2025 оны 03 сарын 11-ний өдөр зохигчийн хооронд фэйсбүүк цахим сүлжээний шуудан буюу мессенжерээр харилцсан захидалд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогджээ. Мөн хариуцагч нь 2023 оны 05 сарын 31-ний өдөр нэхэмжлэгчээс зээлсэн мөнгийг 5 сарын хугацаатай, нэг сарын 6.6 хувийн хүү төлөх амлалтыг бичгээр үйлдэж, цахимаар илгээсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийж дээрх захидал, баримтыг үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлэн авсан нь мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан хэргийн нотлох баримтад хамаарна.

 

6. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заасан. Мөн хуулийн 42, 43 дугаар зүйлд зааснаар хэлцлийн хэлбэрийн шаардлага болон хэлцэл хийсэн гэж үзэх нөхцөлийг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан гэж заасан.

 

Нэгэнт талууд энэ хэлбэрээр хэлцэл хийсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул зээлийн гэрээг бичгээр байгуулааүй гэх хариуцагчийн гомдлыг хүлээн авахгүй.

Иймд зохигчийн хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан гэж үзэх тул анхан шатны шүүх мөн хуулийн 281, 282 дугаар зүйлд тус тус заасан үндэслэлээр хариуцагчаас зээлийн хүүг тооцон гаргуулсан нь хууль зүйн үндэслэлтэй.

Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй гэсэн үндэслэлээр хүү төлөхийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/03598 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173,350 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЭНЭБИШ