Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 207/ма2025/00081

 

 

 

 

 

 

 

 

 

2025        06          23                                          207/МА2025/00081

 

 

А.*******гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч А.*******д холбогдох

 иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давьж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар 312/ШШ2025/00620 шийдвэртэй,

Нэхэмжлэгч : А.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.*******д холбогдох,

“Хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох *******тоот 3 өрөө 38 м2 талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн засвар үйлчилгээ, засан сайжруулалтын зардал 25,199,300 төгрөг гаргуулах” тухай  үндсэн нэхэмжлэлтэй,

“Өөрийн хөрөнгөө эзэмших ашиглахад байнгын саад хийж байгаа үйлдлийг таслан зогсоож, өмчлөх эрхээ эдэлж, өмчөө зориулалтын дагуу эзэмших, ашиглах өмчлөхөд саад болохгүй байхыг даалгах”  тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч А.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ, хариуцагч А.*******, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат,нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүх хуралдаанд өгсөн  тайлбартаа:

 

 Миний бие А.******* нь *******тоот 3 өрөө орон сууцыг 2004 онд иргэн Г.*******оос 8 сая төгрөгөөр худалдаж авсан. Уг 8 сая төгрөгийн 3 сая төгрөгийг иргэн Г.*******од бэлнээр 2 хувааж өгч худалдах, худалдан авах гэрээ хийж 5 сая төгрөгийг тухайн үед Зоос банкнаас сарын 26.4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд өнөөдрийг хүртэл энэ байрандаа амьдарч байна. Ингээд эгч А.******* 2006 онд гоо сайхны салонд маань хамтарч ажиллахаар тохиролцож гоо сайхны чиглэлээр хамтарч ажиллахад шаардлагатай бүтээгдэхүүн худалдан авахад зориулж 3 сая төгрөгийг гаргаж хамтран ажиллах хугацаанд эгч А.*******д гоо сайхны үйлчилгээг хийх арга технологи бусад зүйлийг зааж сургаж гоо сайханч болгосон. Мөн Ивроше гоо сайхны бүтээгдэхүүн борлуулах албан ёсны эрхээ шилжүүлж өгсөн. Тухайн үед эгч цэцэрлэгт угаагч үйлчилгээний ажил хийж байсан бөгөөд надтай илүү цагаараа хамтарч ажиллан гоо сайхны үйлчилгээ болон бусад орлогоос ашгаа тэнцүү хувааж хамтарч ажиллаж байсан. Гэтэл эгч А.*******гийн нөхөр Д.******* хамтран ажиллахаар оруулсан 3,000,000 төгрөгийг нэхэж өөрөө хэлцэл гэсэн бичиг үйлдэн үүнийгээ үндэслэн 2017 онд А.******* *******тоот байрны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдсэн. Улсын дээд шүүхэд А.*******гийн өмгөөлөгч Х.Оюунбат гомдол гаргаж  хэрэгт огт хамааралгүй А.*******гийн нөхөр гэгдэх Д.******* гэдэг хүний үйлдсэн хуурамч бичгийг банкны баримт болгон А.******* 3,500,000 төгрөгийг банкинд байршуулсан гэж бичиж *******тоот байрны 41 хувийг өмчлөх эрхтэй гэж тогтоосон. Энэ шийдвэрийн дагуу А.******* би өмчлөгч учраас чи надад 50 сая төгрөг өг, аль эсвэл нааш нь татаж сунгасан өргөтгөлд чинь зогсож байгаа 2 үсчний түрээсийг авна гэж нэхдэг. Уг байранд би 2006 оноос хойш нийт 10-15 удаа 40-50 сая төгрөгийн засвар хийж үйлчилгээ сайжруулалт, өргөтгөл хийсэн. Мөн ашиглалтын зардлыг дангаар хариуцаж төлж байсан. Тэгэхээр А.******* уг байрны өмчлөгч гэж үзэж байгаа бол уг хөрөнгийг арчлан хамгаалахтай холбогдсон зардал, татвар, хураамж бусад үүргийг хуваалцаж байх шаардлагыг хангасан нөхцөлд эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхтэй бөгөөд өөрт ногдох хувь тэнцүүлэн хариуцах үндэслэлтэй гэж үзэж буй тул 41 хувь өмчлөгч гээд байгаа А.*******гаас уг байрыг арчлан хамгаалахтай холбогдсон зардал, үйлчилгээ, өргөтгөл сайжруулалттай холбоотой гарсан зардал 25,199,300 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. ... Улсын дээд шүүхийн шийдвэрийн дагуу 41 хувьд оногдох хэмжээ болон мөнгөн дүнг тодорхойлуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өмнө энэ орон сууцыг үсчин гоо сайхны хэлбэрээр ашиглаж байсан бол 2025 оны 1 сараас ******* гэр бүл, үр хүүхдийн хамт амьдрах болсон тул цаашид орон сууцыг үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Иймд *******гийн хамт эзэмшиж ашиглаж байсан үеийн 83,000,000 төгрөгийн үнэлгээний дагуу түүнд оногдох 41 хувийг тодорхойлж өгөөч гэсэн тодруулгыг гаргаж байна. ...Орон сууцны зориулалттай байр байгаа. Энэ орон сууцны өмчлөлийн хувьд нэг нь 59 хувийг, нэг нь 41 хувийг өмчилж, нэг нь арилжаа наймааны зориулалттай ашиглана гээд, нэг нь амьдран суух гэж байна. Өмнө нь үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан нь үнэн гэхдээ одоо тэгж ашиглахаа больсон гэдгийг маш олон удаа хэлж байна. 2025 оны 02 дугаар сараас эхлээд байнга хэлж байгаа. Өчигдрийн байдлаар нотлох баримтуудыг гаргаж өгсөн, ******* салон одоо байхгүй. Ийм учраас амьдран сууж байгаа байранд орж ирж арилжаа наймаа хийх талаар ярих боломжгүй. Яагаад гэхээр орон сууцны зориулалттай байранд орж ирээд наймаа хийх боломжгүй, орж ирээд хамт амьдаръя гэх юм бол тэрийг бодож үзье гээд байгаа шүү дээ. Үнэлгээний тухайд ямар ямар үндэслэлээр алийг нь шийдэх ёстой юм бэ гэдэгт товчхон тайлбар хэлье. Хэд хэдэн удаагийн үнэлгээ хийгдсэн. Үнэлгээ ямар ямар хугацаанд хийгдсэн гэхээр хамгийн анх 2004 онд 8,500,000 төгрөгөөр худалдаж авсан, 2016 онд 83,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Яг энэ тохиолдолд 2016 оны 83,000,000 төгрөгийг баримтлах ёстой гэж үзэж байгаа. Гэхдээ би 2016 оны 83,000,000 төгрөгийн үнэлгээгээр тогтоох ёстой гэж үзэж байгаа. Яагаад гэвэл 2016 онд ******* гэдэг хүний хамтын ажиллагаа дуусаад энэ байрыг суллаад өөрөө гарсан. Өөрөө зөвшөөрч гараад 2016 оноос хойшхи арчлалт хамгаалалт, засан сайжруулалт бүх хөрөнгийг ******* гаргаад өнөөдрийг хүртэл явж байгаа. Энэ хөрөнгийг 143,000,000 төгрөг, 165,000,000 төгрөг гэж үнэлэгдэх хэмжээнд хэн авч ирсэн гэхээр ******* авч ирсэн. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой ямар нэгэн үл хөдлөх хөрөнгийн хэсгийг тусад нь салгаж хариуцагчид өгөх боломжгүй, тэгэхийг ч хүсээгүй. Харин юу хүсч байгаа гэхээр 38 м.кв талбайтай орон сууцны байрны 41 хувьд оногдох талбайн үнэ хэд юм бэ гэдгийг тогтоолгохыг хүсэж байгаа. Үүнийг нэхэж авах эрх нь хариуцагчийн эрхийн асуудал. Хариуцагч үүнийг нэхэх, нэхэхгүй тухай асуудлыг бид нар өмнөөс нь тодорхойлохгүй. Одоо хөрөнгийн үнэлгээний байгууллагын 83,000,000 төгрөгөөр 41 хувь нь хэд юм бэ гэдгийг тогтоож өгөөч гэж нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.6-д тодорхой хэсгийг худалдахад давуу эрхтэй байна гээд заасан байгаа. Ганцхан 41 хувьд оногдох хэсгээ тодорхойлоод давуу эрхээр үүнийгээ худалдаач гэдэг санал тавих гэж байгаа юм. Тэгэхээр одоо ******* амьдрах байргүй болчихоод байгаа, байртай байсан бол ийм зүйл ярихгүй байсан. ******* өөрөө амьдрах байртай, хэрэг дотор зөндөө баримт байгаа. Тиймээс амьдрах орон сууцгүй болчихоод байгаа *******гийн хувьд зайлшгүй шаардлага үүссэн. 2 дугаарт он оны янз янзын үнэлгээнээс үзэхээр ямар нөхцөл байдалд хүргэсэн Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны байдлаар 83,000,000 төгрөгөөр тогтоогдсон үнэлгээгээр 41 хувийг тооцож өгнө үү..., ... 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлээ татах авах хүсэлт гаргаж байна гэж бичсэн байгаа, гэхдээ татан авах хүсэлт гэж байдаггүй юм. Харин 2016 оноос хойш *******гаас авсан засан сайжруулалтын хувьд ******* оролцохгүй гэж өөрийгөө хэлдэг мөртлөө хэрэгт авагдсан хамгийн өндөр үнэлгээнээс ч өндөр үнээр оногдох хэсгээ авах ёстой гэж яриад байгаа. Тийм учраас үүнтэй нь холбоотой засан сайжруулалтын зардал болох 25,000,000 төгрөгийг *******гаас гаргуулах шаардлагыг би дэмжиж байна. Одоо засан сайжруулалтын үр дүнг шинжээчийн дүгнэлтээр авагдсан үнэлгээний алинаар нь ч хүртсэн бай 2016 оноос хойш засан сайжруулалт хийсэн байхад үүнд 83,000,000 төгрөгөөр авахгүй гэж тайлбарлаж байна. Ингэж тайлбарлаж байгаа бол бид 25,000,000 төгрөгөө гаргуулахаас өөр арга байхгүй. Тийм учраас энэ шаардлагаа дэмжиж байна гэв.    

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд өгсөн  тайлбартаа:

 

Эхний ээлжинд үндсэн шаардлага болох засан сайжруулалттай холбоотой 25,199,300 төгрөг гаргуулах, уг шаардлагыг нэмэгдүүлээд 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тухайн үл хөдлөх хөрөнгийн 41 хувьд оногдох хэсэг хэдэн төгрөгийн үнэтэй гэдгийг тогтоолгох үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэж байгаа гэж ойлгож байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь 2024 оны 10 дугаар сард гаргасан өмч хөрөнгөө эзэмшиж ашиглахад саад хийж байгаа үйлдлийг таслан зогсоож өмчлөх эрхээ зориулалтын дагуу эзэмших ашиглахад саад болохгүй байхыг даалгах гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэж байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дэмжиж тайлбарлаж, нотлох үүрэгтэй, харин хариуцагчийн талаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл шаардлагаа тайлбарлаж, үүнийгээ нотлох үүрэгтэй оролцоно. Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс өмч хэвээр үлдэнэ гээд үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь өмчөөс салгах гээд байгаа асуудал биш. Оногдох хэсэг нь хэд юм бэ гэдгийг тогтоолгох шаардлага гаргаад байгаа. *******, ******* нар нь эгч дүү хэдий боловч энэ асуудлаас болоод нилээд муудалцаж, хурц байдалтай байгаа гэдэг нь тогтоогдоод байгаа. Тэгэхээр нэгэнт үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр хоёулаа тогтоогдоод явсан учраас уг хөрөнгийг эзэмшигч ******* амьдарч байна, ******* зориулалтын дагуу ашиглана, нэг өрөөнд нь амьдарна гэж байхад нь амьдруулахгүй байгаа бол нэг өөр асуудал. Гэтэл үсчин гоо сайхнаа ажиллуулж байхад саад болоод байна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгааг үндэслэлгүй гэж харж байна. Үнэлгээнүүдийн талаар хариуцагчийн өмгөөлөгч үнэлгээг үнэлэхгүй, тооцохгүй гэж хэлээд байна. Хариуцагч тайлбар татгалзлаа нотлох үүрэгтэй. Нэгэнт шүүхээс хэд хэдэн удаагийн үнэлгээ гарчихаад байхад хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол яагаад зөвшөөрөхгүй байгаа талаар баримтаа гаргаад, үүнтэй холбоотой дахин үнэлгээ хийлгэх хүсэлтээ гаргах эрхтэй байсан. Нэгэнт шүүх хурал үргэлжлээд хэлэлцүүлэг явсны дараа энэ баримтыг үнэлэхгүй шүү гэж хэлээд байгаа нь үндэслэлгүй. Нөгөөтэйгүүр цахим орчинд тавигдсан зарын дагуух үнэлгээг дурдаад энэ үнэлгээгээр үнэлнэ гэж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нотлох баримтын хүрээнд хэргийг шийдэх ёстой. Тэгэхээр хэрэгт авагдсан хэд хэдэн үнэлгээнүүд байна. 2016 онд 84,368,054 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт байгаа, 2016 оноос хойш ******* энэ орон сууцанд ороогүй, эзэмшиж, ашиглах эрхээ хэрэгжүүлээгүй гэж тайлбарлаж байна. 2016 онд ийм үнэлгээтэй байсан. 2024 онд 165,000,000 төгрөгийн үнэлгээтэй болсон. Энэ хооронд ******* энэ үл хөдлөх хөрөнгийн засан сайжруулалтыг хийж ашиглалтын зардал төлбөрийг төлж явсан учраас 2024 онд ийм байдлаар үнэлэгдэж байгаа. Нөгөөтэйгүүр өмчлөх эрхтэй байсан, 2016 оноос хойш өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэж тайлбарлаад байгаа бол 2021 онд албан ёсоор энэ үл хөдлөх хөрөнгийн 41 хувийг өмчлөх эрхтэй гэдгийг Улсын дээд шүүх тогтоосон байдаг. *******, ******* хоёрын асуудлыг шийдээд нэг талд нь гаргамаар байна, тэгэхийн тулд эхний ээлжинд давуу эрхээр худалдан авах боломжтой хуулийн зохицуулалтыг хэрэглэхийн тулд энэ өмч ямар хэмжээтэй, ямар үнэлгээтэй байгаа юм бэ гэдгийг тогтоолгох шаардлага гараад байна. Тийм учраас Иргэний хуулийн 108 дугаар зүйл болон 487, 488, 489 дүгээр зүйлд хэсгээр өмчлөх дундын эд хөрөнгийг зохицуулсан зохицуулалт байгаа. ******* энэ хөрөнгийн 59 хувийг эзэмшдэг, давуу эрхтэй буюу их хувийг эзэмшдэг, харин 41 хувьд нь *******д оногдох хөрөнгө нь хэдий хэмжээний хөрөнгө юм байх юм бэ гэдгийг тогтоолгох шаардлага гаргаж байгаа болохоос биш, тогтоогоод шууд хасна гэдэг ойлголт биш. Тиймээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд биелэх боломжгүй, нэгэнт ******* гэр бүлийнхээ хамт амьдарч байгаа, нэг өрөөнд нь амьдаръя гэж шаардлага гаргасан бол өөр. Хүн амьдарч байгаа гэрт ороод үйл ажиллагаа явуулна гэж шаардаад байж болохгүй. 2004 онд авахдаа орон сууцны зориулалтаар авсан, одоо улсын бүртгэлийн гэрчилгээн дээр орон сууцны зориулалт өөрчлөгдөөгүй. Тийм учраас нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч А.******* шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа болон шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 

 

Нэхэмжлэгч А.******* нь миний төрсөн дүү бөгөөд 2003 оны 02 дугаар сард намайг бараадаж байна гээд Орхон аймагт ирсэн. Орох оронгүй гээд эхний 6-7 сар манай гэрт хамт амьдарч байгаад түүний хадам ах ******* нь тэдэнд Уртбулаг багийн 5-1-д 1 өрөө байр авч өгч байсан. Энэ үед дүү А.******* нь ******* байранд үсчний байр түрээслэн үсчин хийдэг байсан. Үүний дараа түрээсийн байраа сольж Уртбулаг багийн 5-5 д гоо сайхны үйлчилгээ явуулах болсон. 2004 оны сүүлээр намайг хамтарч гоо сайхны болон үсчингийн салон ажиллуулъя, ахад хэлээд өгөөч дундаасаа мөнгөө гаргаад байр худалдаж авъя гэсэн. Энэ тухай өөрийн нөхөр Д.*******той /Солонгост байсан/ ярилцахад дэмжиж болно гэсэн. Ингээд худалдаж авах ажлын байр хайж байгаад Орхон аймгийн Баян өндөр сумын Уртбулаг багийн *******тоот байрыг зарын дагуу очиж үзэхэд хүүгийнхээ нэр дээр байр байдаг гээд настай эмэгтэй бидэнтэй уулзсан. Өөрийн нөхөр Д.*******од уг байрыг 8,500,000 төгрөг гэж байгаа талаар хэлэхэд 4000 доллар явуулсан. Уг мөнгийг монгол мөнгө болгож 3,500,000 төгрөгийг А.*******д өгч А.******* үлдэгдэл 5,000,000 төгрөгийг банкны зээлээр авахаар болж бид хоёр дундын өмчлөлтэй ажлын байр бий болсон. Банкнаас зээл авахад нэг нэртэй байх нь дээр гээд А.******* уг байрыг нэр дээрээ шилжүүлэн авч сүүлдээ уг байранд миний нэрийг оруулахгүй гэж маргаж байсан ба 2016 оны 10 сард намайг ажлын байрнаас хөөж, дахин уг орон сууцанд оруулахгүй болсон. Энэ үйл явдал болохын өмнө 2015 оны 04 дүгээр сард А.******* нь өртэй болсон гэх нэрийдлээр өөрийн орон сууцыг зарж, орох оронгүй болсон учир бидний дундын өмчлөлийн ажлын байрны том өрөөнд гэр бүлийн хамт амьдрах болсон. 2016 оны 10 дугаар сард намайг ажлын байрнаас хөөж гаргахаас өмнө уг орон сууцыг авмаар байна, та надад өгчих гэх зэргээр байнга гуйх болсон. Боломжтой болохоор танд тусалъя тусдаа гарчих гэх болсон. Би боломжгүй гэж хэлснээс хойш хөөдөг болж, сүүлдээ цагдаад дуудлага өгч, байрны ордерыг үзүүлэн үсчний хамт биднийг хүч түрэн хөөж гаргасан. 2016 оны 10 дугаар сард хөөж гаргахаас өмнө орон сууцны байр, ус дулаан хог гэх зэрэг сар бүрийн зардлыг хамтран төлдөг байсан. А.******* нь заримдаа төлж чадахгүй би төлдөг байсан. Орон сууцны засварыг анх худалдан авсны дараа засвар хийхэд дийлэнх зардлыг би гаргаж засвар хийсэн. Энэ үед Миний нөхөр Б.******* Солонгос улсаас ирсэн байсан учир бид хоёр мөнгөтэй байсан.Тиймээс засварын зардлын тооцоог тэнцүү хуваалгүй үйл ажиллагаагаа дэмжиж засварын зардлыг дийлэнх хувийг гаргаж байсан. Тухайн үед ажлын байраа засварлахдаа бүх модон шалыг хуулж, плитан шал хийсний дараа өөрсдийн эзэмших өрөө тус бүрийг өөрсдийн зардлаар засварлах болж ,би жижиг өрөө гал тогоог засварлаад жорлон ванны өрөө коридорыг дундаасаа мөнгө гаргаж засварлаж байсан. 2006 онд байрны үүдэн хэсгийг гаргахын тул ханыг цөмөлж, үүдэнд хоёр үсчний өрөө хийсэн ба зардлыг хамт төлөлцсөн. А.******* өөрөө илүү зардал гаргасан гээд уг үсчний нэмэлт өрөөг эзэмших болсон. 2009 онд мөн хөнгөхөн засвар буюу жижиг өрөө, гал тогооны өрөө, бүх өрөөний тааз, коридорын ханын өнгийг өөрчилж сэргээн засвар хийсэн. 2012 оны 06 сарын сүүлд их засвар  хийх болж, миний нөхөр Д.*******ын хадгаламжид байсан мөнгөнөөс 6,000,000 төгрөг авч, А.******* , нөхөр Д.******* хүү Б.Дэлгэрцогт нар Хятад улсын Эрээн хот руу явж засварын материалууд, гэртээ мөн тавилгууд авчирч, ажлын байранд засвар хийж эхэлсэн. Засвар хийх явцад нөхрийн хадгаламжийн мөнгөнөөс засварын материалуудыг худалдан авч байсан ба засвар дуусахад буюу 2012 оны 11 сард А.******* миний нөхөр Д.******* бид гурав Хятад улсын Эрээн хот явж үсчний сандал, тэргэнцэр , булангийн шкаф, үйлчлүүлэгчийн хүлээлгийн сандал, бүх өрөөнд хөшиг, абжур, жорлон ванны өрөөнд угаалгын сандал, толь, үсний тэжээл өгөх тоног төхөөрөмж, угаалгын автомашин, сандал гэх зэрэг бүх тоног төхөөрөмжүүдийг авчирсан .Энэ үед мөн л нөхөр Д.*******ын хадгаламж дахь мөнгөнөөс 2,500,000 төгрөг авч явсан. А.******* засварын мөнгөнөөс хуваалцана, төлнө гэж хэлж байсан боловч өнөөдрийг хүртэл юу ч өгөөгүй. Ингээд би 2016 оны 10 сард хөөгдөн гарч, өөрийн өмчлөх эрхийг тогтоолгохоор шүүхээр явж олон жил болж байна. Хэдийгээр 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын дээд Шүүхийн Хяналтын шатны шүүхийн Иргэний хэргийн танхимд миний өмчлөлийн 41 хувийг тогтоосон шийдвэр гарсан боловч өнөөдрийг хүртэл ажлын байраа эзэмших, ашиглах боломжгүй хөөгдсөн хэвээр байна. А.******* нь энэ хугацаанд Иргэний хэргийн шүүх, захиргааны хэргийн шүүх зэргээр гомдол, нэхэмжлэл гаргаж, намайг өөрийн өмчлөх хөрөнгөө зориулалтын дагуу захиран зарцуулж, эзэмших, ашиглах боломжгүй байлгасаар өнөөдрийг хүрч байна. Энэ хугацаанд мөн тухайн ажлын байрыг өөрийн нэр дээр дангаараа бүртгүүлсэн байдлаа далимдуулан их хэмжээний зээл авч, зээлээ төлж чадахгүй байгаа нэрийн дор Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт уг хөрөнгийг битүүмжлэх акт гаргуулж, албадан дуудлага худалдаа зарласан бөгөөд зээлээ төлөхгүй байрыг алдахад хүргээд байгаа билээ. Уг зээлээ мөн төлөхгүй намайг хохирооно гэж элдвээр заналхийлж зовоож байгаа билээ. Түүний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин ч би тухайн ажлын байрыг засварлаж, орон сууцны бүх зардлыг сар бүр төлж байсан. Уйлж, худлаа ярьж, заналхийлж, надаас ажлын байрыг авах гэж улайрах болсон. 5 жил ажлын байргүй, ажилгүй байлгаж байгаа атлаа хохино гэж харьцсаар өнөөдрийг хүрч байгаа. Өөрийн төрсөн дүү болохоор элдвээр аашлаад яах вэ гэхээр байнга мөнгө нэхэж, худлаа зүйл хэлж ярьж бусдад намайг буруутай мэт итгүүлэх гэж хичээх нь улам ихэссэн. Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны шийдвэр гүйцэтгэгч Нармандах гэх хүн ажиллагаа хийж байгаа төлбөр авагч Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлтэй 20,000,000 гаруй төгрөгийн төлбөрийн гүйцэтгэлийг надаар төлүүлэхээр худлаа гүтгэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Байнга л янз бүрийн мөнгө надаар төлүүлэх гэж элдэв арга хэрэглэдэг. Байрны гэрэл тогны мөнгө, бусдад төлөх зээлийн сарын төлбөр зэргээ хүртэл төлдөггүй, дараа төлнө гээд алга болдог. Байхгүй үед маань зарсан гэх барааны мөнгийг огт өгөхгүй, миний хувийн орон сууц болох Орхон аймгийн Баян-Өндөс сум Уртбулаг баг 5-21-92 тоотыг 20,000,000 төгрөгөнд барьцаалж зээл авхуулаад өөрийн авсан зээл болох 10,000,000 төгрөгийг хагас дутуу өгөөд сүүлдээ төлөхөө болиод би өөрөө төлж байсан гэх зэрэг мөнгө төгрөгтэй холбоотой асуудлууд байнга үүсгэж, өр төлбөр  их тавьсны эцэст орох оронгүй болсон. Гэсэн атлаа миний хүч дэмжлэгээр та нар сайн сайхан яваа гэж байнга хэлж орилж дайрч давшилна. Ийм байдлаар сүүлийн 10 жил болж байна. Тухайн хөрөнгийг м.кв-аар нь хуваах боломжгүй бөгөөд хуваах тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн шинж чанараа алдана. Тухайн орон сууцыг бид хоёр ажлын байрны зориулалтаар ашиглахаар анх худалдан авч байсан боловч А.******* нь амьдрах орон байр байхгүй гэх шалтгаанаар тус ажлын байрны том өрөө, гал тогооны өрөөнд амьдарч байгаа бөгөөд зарим хэсгийг буюу жижиг өрөөнүүдийг ажлын байрны зориулалтаар ашиглаж байгаа гэдгийг мэднэ.Тухайн ажлын байрыг 2016 оноос хойш бүхэлдээ ганцаар эзэмшиж, ашиглаж, ашиг орлого олж байгаа нь үнэн бөгөөд энэ байдлаа алдахгүй гэж намайг уг ажлын байранд оруулахгүй өдий хүрсэн. Тухайн ажлын байрнаас хэр хэмжээний ашиг олох боломжтой талаар нэхэмжлэгч өөрөө илэрхийлдэг ба уг ашиг орлогоо өнөөдрийг хүртэл өөрөө хүртэж байгаа нь үнэн болно. Нэхэмжлэгч өөрөө уг хөрөнгийг олон жил ашиглан зээл авсан ба өөрийн үйл ажиллагааг дэмжиж авсан зээл болон үйл ажиллагааны ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хийж байсан ажлын байрны засвар үйлчилгээний төлбөрөө надаас нэхэмжилж байгаа нь зохимжгүй гэж ойлгож байна. Тиймээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. ...намайг 2016 онд уг байрнаас хөөж гаргасан. Өмчлөх эрхэд саад болсон үйлдлийг удаа дараа гаргаж, намайг гүтгэж, өмчлөгч биш гэж цагдаагаар хөөн гаргуулж, тухайн байрны түлхүүрийг огт өгөхгүй, оруулахгүй, орох гэхээр хэл ам хэрүүл маргаан өдөж, өөрийн өмчлөх хөрөнгөө эзэмших ашиглах боломжгүй байлгасаар өдий хүрч байна. Хэрвээ надтай байр хамтран өмчлөх боломжгүй гэж үзэж байгаа бол өөрт ногдох 59 хувийн хөрөнгийг авах эрхтэй. Харин миний хувьд өөрийн байрыг өмчлөх эрхээсээ татгалзах хүсэлгүй болно. Иймд намайг өөрийн хөрөнгөө эзэмших ашиглахад байнгын саад хийж байгаа үйлдлийг таслан зогсоож, өмчлөх эрхээ эдэлж, өмчөө зориулалтын дагуу эзэмших, ашиглах, өмчлөхөд саад болохгүй байхыг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна...” гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат шүүх хуралдаанд өгсөн хариу  тайлбартаа:

Нэхэмжлэгч А.******* 2022 оны 03 дугаар сард болсон шүүх хуралдаанд 25,000,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан. Шаардлагын тухайд 2006 оны өргөтгөл 3,117,900 төгрөг, 2008 оны засвар 4,875,400 төгрөг, 2012 оны тоног төхөөрөмж 4,372,400 төгрөг, 2017 оны өргөтгөл 10,510,000 төгрөг, 2021 оны засвар 2,323,600 төгрөг, нийтдээ 25,199,300 төгрөг гаргуулахаар шаардсан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нотолж чадаагүй. 2006 онд өргөтгөл нь хууль бус гээд бичсэн нотлох баримтыг бид судалсан. Яагаад гэхээр өргөтгөл хийх зөвшөөрлөө хууль ёсны болгоод м.кв нь нэмэгдээд, энэ орон сууцны үнэ нэмэгдсэн гэсэн нэг ч баримт байхгүй. Тэгэхээр хууль бус өргөтгөл хийсэн, тэр хууль бус өргөтгөлийн засварын үнэ болох 10,510,000 төгрөг, хариуцагч тэр өргөтгөлийн өмчлөгч биш. Чи өмчлөгч биш гээд 2016 онд энэ хүнийг хөөгөөд гаргасан. 2012 онд энэ хүн би засвар хийсэн гээд баримтуудаа гаргаад өгчихсөн. Энэ шаардлагыг яагаад хугацаанд нь нэхэмжлээгүй юм бэ? хөөн хэлэлцэх хугацаа байгаа. 2021 оны 11 сард албан ёсоор өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн. Тэгвэл 2021 онд гоо сайхны 2,323,600 төгрөгийн засвар хийсний хэд нь *******д хамааралтай юм бэ? энэ талаар нотолсон нэг ч баримт байхгүй. Өөрөөр хэлбэл засвар үйлчилгээний гэж шаардаад байгаа 25,199,300 төгрөгийн шаардлагаа нотлоогүй. Ийм засвар хийсэн гээд баахан баримтууд гаргаж ирсэн, энэ дотор нэг ч е баримт байхгүй. Дандаа хэн бичсэн нь мэдэгдэхгүй, нэг өдөр, нэг балаар бичүүлсэн нэхэмжлэхүүд байгаа. Энэ засвар үйлчилгээг 2016 оноос хойш засварын хэмжээнд хүртэл *******, ******* нар гадагшаа явж тоног төхөөрөмжийн бүх засвар хийх зүйлсийг авч ирсэн талаар нотлох баримтаа өгсөн. Өөрөөр хэлбэл 2012 оны 4,372,400 төгрөгийн тоног төхөөрөмж авсан гээд байгаа боловч ямар тоног төхөөрөмж хэдэн төгрөгөөр авсан талаар нэг ч баримт байхгүй. Тэгэхээр 25,199,300 төгрөгийн шаардлагаа нотлоогүй, энэ шаардлагаасаа татгалзаж байна гээд 25,000,000 төгрөгтэй холбоотой нэг ч ажиллагаа 2022 оны 03 дугаар сараас хойш явагдаагүй. Хариуцагчийг Улсын дээд шүүхээс Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багийн *******тоот байрны 41 хувийн өмчлөгчөөр тогтоосон. Үүнийг мөнгөн дүнгээр тооцож өгнө үү гэж нэхэмжлэгч талаас нэхэмжлэл гаргасан, хариуцагчийн хувьд 41 хувиа ашиглаж, эзэмшиж өөртөө байлгах хүсэлтэй байдаг. 2016 онд өөрийнх нь нэр байхгүй гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагын тусламжтайгаар байрнаасаа хөөгдсөн. Ингээд 2016 оноос хойш энэ байраа эзэмшиж ашиглаж чадахгүй шүүхээр тус байрны 41 хувийн өмчлөгч нь ******* гэж тогтоосон. Үүнээс хойш тухайн үйлчилгээний зориулалттай байраа эзэмшиж ашиглаж, үйл ажиллагаа явуулъя гэсэн боловч өнөөдрийг хүртэл байрандаа оруулаагүй, оруулахгүй байгаа шалтгаан нь би энэ байранд амьдарна, энэ байрыг авна гэдэг. Өнөөдрийг хүртэл үйлчилгээний зориулалттай ашиглаж байгаа, нэг хэсэгт нь өөрөө ороод амьдарч байгаа. Өөрийнхөө амьдарч байсан байраа банкны барьцаанд алдчихаад орох оронгүй, очих газаргүй боллоо гэсэн шалтгаанаар үйл ажиллагааны зориулалтаар ашиглаж байсан байрандаа орж амьдарсан. Гэтэл орж амьдарчихаад одоо танд ашиглуулахгүй гэж энэ олон жил эгчтэйгээ маргалдаж ирсэн. Тиймээс ******* нь өөрийн өмчлөлөө хэвээр байлгаж, 41 хувиа чөлөөтэй эзэмшиж ашиглахад хувьд саад учруулахгүй байхыг *******д даалгаж өгнө үү гэсэн шаардлага гаргасан байгаа. Яагаад гэхээр 41 хувь түүнтэй холбоотой хамгийн бага оногдох хэсгийг өгөх гэсэн санаа зорилго *******д байдаг учраас түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны үнэлгээ болох 83,000,000 төгрөгөөр тооцож 30,000,000 төгрөгийг өгье гэсэн тайлбар тавиад байдаг. Гэтэл 3 өрөө байрны одоогийн зах зээлийн ханш үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан байр нь 350,000,000-400,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа үл хөдлөх хөрөнгийг 83,000,000 төгрөгөөр тооцож чамд 41 хувийг өгнө, үүнийгээ аваад надаас зайлаад яваад өгөөч гэсэн байнгын маргаантай байдал байгаа. Талуудын хооронд өмчлөлийн талаар маргаж байсан учраас маргааныг Улсын дээд шүүх эцэслэн шийдвэрлээд энэ хүний өмчлөх хувь 41 хувь байна гээд шийдвэрлэсэн. Энэ 41 хувиа тогтоолгосноос хойш нэг ч удаа эрхээ эдэлж чадаагүй. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үндсэн нэхэмжлэлийн тухайд 41 хувийнхаа өмчлөгч байна гэж хүсэлт гаргасан байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар 312/ШШ2025/00620 шийдвэрээр:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 487 дугаар зүйлийн 487.1, 488 дугаар зүйлийн 488.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.*******гийн хариуцагч А.*******д холбогдуулан гаргасан хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Орхон аймгийн *******баг *******тоот 3 өрөө 38 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн засвар үйлчилгээ, засан сайжруулалтын зардал 25,199,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч А.*******г Орхон аймгийн *******баг *******тоот 3 өрөө 38 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 41 хувьд ногдох хэсгийг өөрийн үзэмжээр чөлөөтэй, эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулахад саад болохгүй байхыг нэхэмжлэгч А.*******д даалгаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.*******гийн хариуцагч А.*******д холбогдуулан гаргасан Орхон аймгийн *******баг *******тоот 3 өрөө 38 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 41 хувьд ногдох м2  болон түүнд оногдох мөнгөн хэмжээг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Нэгдүгээрт, Хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүлийн 3.1, 26 дугаар зүйлийн 26.2, 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрөө татаж, түүнд холбогдуулан ямар нэхэмжлэлийн шааардлагыг гаргах эрхийг хуулиар нэхэмжлэгчид олгосон, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би уг эрхийн хүрээнд 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг “Орхон аймгийн Баян- Өндөр сум Урт булаг баг *******тоот 3 өрөө 38 м/кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс дувдын хэсгээр өмчлөгч А.*******г хасаж, уг орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр А.*******г дангаар бүртгэхийг даалгах” гэж нэмэгдүүлэн хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг төлсөний үндсэн дээр шүүхэд гаргаж өгсөн. Мөн уг нэмэгдүүлж буй нэхэмжлэлийн шааардлагатай холбогдуулан Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийг хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргасан. Гэтэл шүүхээс уг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон хүсэлгийг илт үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн Монгол улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14/-т заасан шүүхэд мэдүүлэх эрх, Иргэний хэрэг И1үүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т шүүхэд мэдүүлэх эрхийг зөрчсөн нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласнаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Нэхэмжлэгчийн иттэмжлэгдсэн би уг нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.3.-т заасан шаардлагыг хэрэглэх урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэх, улмаар мөн хуулийн 108.6.-д “Дундаа хэсгээр өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн тодорхой хэсгийг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхтэй байна” гэж заасны дагуу талуудын хооронд маргаантай асуудлыг нэг мөр шийдвэрлүүлэхээр гаргасан болно. Хоёрдугаарт: нэхэмжлэгч нь өмнө шүүхээр шийдвэрлэсэн асуудлаар нэхэмжлэл гаргаагүй ба харин хариуцагч А.*******д оногдох 41 хувийн хэсгийн үл хөдлөх хөрөнгийн хэмжээ болон мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тодруулахаар нэхэмжлэл гаргасан. Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй бөгөөд нэгэнт дундын өмчлөлийн хөрөнгийн байдал өөрчлөгдсөн байгаа тохиолдолд уг үл хөдлөх хөрөнгийн  талбайн хэмжээг бодитой тогтоосны үндсэн дээр дундаа хэсгээр өмчлөх хөрөнгийн хэмжээг, үнэ цэнийг тогтоох учиртай байтал шүүхээс уг асуудлыг өмнө шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал, А.*******гийн нэхэмжлэлтэй, А.*******д холбогдох “Орхон аймгийн *******багийн *******тоот орон сууцнаас албадан гаргуулах, түрээсийн төлбөр 5.040.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагчийн уг орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг шийдвэрлэж байх үед баригдаагүй байсан өргөтгөл хожим баригдаж ашиглалтанд орсноор уг үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ өөрчлөгдсөн байдаг. Мөн дээрх хэргийг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.01.19-ний өдрийн 142/ШШ2018/00082 дугаартай шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.03.13-ны өдрийн 35 дугаартай магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.06.22-ны өдрийн 001/XT2018/01063 дугаартай тогтоолоор Орхон аймгийн *******багийн *******тоот орон сууцны 41 хувийг А.******* өмчлөх эрхтэй болохыг тогтоосноос уг үл хөдлөх хөрөнгийн нийт талбайгаас А.*******д оногдох хэсэг, А.*******д оногдох хэсэг нь ямар үнэ цэнэтэй болохыг тогтоогоогүй болно. Иймээс энэ талаар шүүхээс огт дүгнэлт хийгээгүй төдийгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-т тус тус зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон талуудын маргаантай асуудлыг шийдвэрлээгүйгээс болж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Гуравдугаарт, Хариуцагч А.******* нь 2016 оны 10 дугаар сараас хойш дундын эд хөрөнгийг ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй, ашиг орлого олоогүй гэж дүгнэсэн нь орон сууцны зориулалтаар ашиглах ёстой, одоо орон сууцны зориулалтаар ашиглан А.*******гийн гэр бүлийн хамт амьдран сууж байгаа нийтийн байрны орон сууцны зориулалттай орон сууцыг ашиг орлого олох уйл ажиллагаа ёстой мэтээр дүгнэсэн илт үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь уг үл хөдлөх хөрөнгийн зориулалтыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4- т заахдаа “Орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доорх болон орчны газрын нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэнэ” гэж заасан ба Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс уг үл хөдлөх хөрөнгийн “орон сууц”-ны зориулалттай гэсэн болохоос “үйлчилгээний” зориулалтаар бүртгээгуй тодийгүй, мөн хуулийн 13 дугаар зүйл /Эрхийн улсын бүртгэлд нэмэлт, вөрчлөлт оруулах/-ийн 13,1.3-т “үл хөдлөх эд херөнгийн зориулалт өөрчлөгдөх” гэж зааснаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд зориулалтыг өөрчлөөгүй байхад ийнхүү дүгнэлт хийж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Иймээс Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 312/ШШ2025/00620 дугаартай шийдвэрт нэхэмжлэлийн бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч А.*******д холбогдуулан хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох *******тоот 3 өрөө 38 м2 талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн засвар үйлчилгээ, засан сайжруулалтын зардал 25,199,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг орон сууцны 41 хувьд ногдох мк  болон түүнд оногдох мөнгөн хэмжээг тогтоолгох тухай шаардлага, хариуцагч А.*******  нь  нэхэмжлэгч А.*******д холбогдуулан өөрийн  өмчөө зориулалтын дагуу эзэмших, ашиглах, өмчлөхөд саад болохгүй байхыг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд  гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 487 дугаар зүйлийн 487.1, 488 дугаар зүйлийн 488.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.*******гийн хариуцагч А.*******д холбогдуулан гаргасан хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Орхон аймгийн *******баг *******тоот 3 өрөө 38 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн засвар үйлчилгээ, засан сайжруулалтын зардал 25,199,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч А.*******г Орхон аймгийн *******баг *******тоот 3 өрөө 38 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 41 хувьд ногдох хэсгийг өөрийн үзэмжээр чөлөөтэй, эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулахад саад болохгүй байхыг нэхэмжлэгч А.*******д даалгаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.*******гийн хариуцагч А.*******д холбогдуулан гаргасан Орхон аймгийн *******баг *******тоот 3 өрөө 38 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 41 хувьд ногдох м2  болон түүнд оногдох мөнгөн хэмжээг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон  байна.

 Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн  шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 001/ХТ2018/01063 тогтоолоор А.*******, А.******* нарыг хамтын үйл ажиллагаа явуулах ажлын байр бий болгох зорилгоор *******тоот 3 өрөө 38 м2 талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2006 онд худалдан авсан болохыг, уг орон сууцны 41 хувийг А.*******, 59 хувийг А.******* хэсгээр хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэсэн, энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

Нэхэмжлэгч А.******* нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд 2006 онд хийсэн өргөтгөл, 2008, 2012 онд хийсэн засварын зардал, 2017 онд хийсэн өргөтгөл, 2021 онд хийсэн засварын зардлуудад 25,199,300 төгрөг гаргуулахаар шаардсан боловч 2003, 2008, 2012 оны өргөтгөл засварын зардлыг нэхэмжлэх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна.” заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх бөгөөд хөрөнгийн өмчлөгчийн маргааныг шийдвэрлэхэд уг нэхэмжлэлийг гаргах боломжтой байсан боловч нэхэмжлээгүй, хамтран өмчлөх маргааныг шүүх шийдвэрлэсэн байна.

Хариуцагч А.******* уг маргаан бүхий орон сууцыг 2016 оноос эхлэн эзэмшиж, ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй, ашиг орлого олоогүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч өөрөө ашиглаж, үйл ажиллагаа явуулж байх үеийн буюу 2017, 2021 онд хийсэн засвар, өргөтгөлийн зардлыг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж “...хариуцагчаас хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Орхон аймгийн *******баг *******тоот 3 өрөө 38 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн засвар үйлчилгээ, засан сайжруулалтын зардал 25,199,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Иргэний хуульд нийцсэн болно.

Нэхэмжлэгч А.******* нь орон сууцны 41 хувьд ногдох мк болон түүнд оногдох мөнгөн хэмжээг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүхээс  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр үнэлгээг хийлгэхэд Халиун капитал ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн үнэлгээгээр 2004 оны 12 дугаар сарын байдлаар  8,500,000 төгрөгөөр, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн үнэлгээгээр 143,627,000 төгрөгөөр, Арвижих эстимейт ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний үнэлгээгээр 2016 оны байдлаар 84,368,054, 2024 оны байдлаар 165,838,547 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн байна.

Шүүхээс орон сууцыг зохигч нар өөрийн өмчлөлд авч, үйл ажиллагаа явуулах хүсэлтэй, шүүхийн журмаар хийсэн үнэлгээг хариуцагч хүлээн зөвшөөрдөггүй, нэхэмжлэгч А.******* нь 2016 оны үнэлгээгээр 41  хувийг хариуцагч А.*******д  өгч, өөрөө орон сууцыг өмчлөлдөө авах хүсэлтэй бөгөөд орон сууцыг хамтран эзэмшиж, ашиглах боломжгүй нөхцөл байдалтай байдаг, үл хөдлөх эд хөрөнгийг зохигч нар  хэсгээр буюу хэд, хэдэн хувиар өмчлөх талаар шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон байх тул өөрсдөө хөрөнгөө зах зээлийн үнээр зарж борлуулж ногдох хэсгийг хувааж авах боломжтой байна гэсэн дүгнэлтийг хийж, нэхэмжлэгч А.*******гийн хариуцагч А.*******д холбогдуулан гаргасан *******тоот 3 өрөө 38 м2 талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 41 хувьд ногдох мкв  болон түүнд оногдох мөнгөн хэмжээг тогтоолгох тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Анхан шатны шүүх  Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1., 487 дугаар зүйлийн 487.1.,  488 дугаар зүйлийн 488.3.-т заасныг  үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч А.*******д хариуцагч А.*******г Орхон аймгийн *******багийын  *******тоот 3 өрөө 38 м 2 талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 41 хувьд ногдох хэсгийг өөрийн үзэмжээр чөлөөтэй, эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулахад саад болохгүй байхыг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч А.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ нар нь “...Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 312/ШШ2025/00620 дугаартай шийдвэрт нэхэмжлэлийн бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч тал  биелүүлээгүй байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян- Өндөр сум Урт булаг баг *******тоот 3 өрөө 38 м/кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс дундын хэсгээр өмчлөгч А.*******г хасаж, уг орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр А.*******г дангаар бүртгэхийг даалгах” гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн мөн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийг хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09 ний өдрийн 357 дугаар шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Дээрх шүүгчийн захирамжийн Үндэслэх болон Захирамжлах  хэсэгт нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийг зөрчсөн, хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан үндэслэл байхгүй байх тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэв.

Нэхэмжлэгч А.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Нэхэмжлэгч А.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын шүүхэд давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 423,350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр  сарын 11-ний өдрийн дугаар 312/ШШ2025/00620 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар   зүйлийн 162.4..т зааснаар нэхэмжлэгч А.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 423,350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн  хууль хэрэглээний  зөрүүг арилгах, хэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын  дээд  шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход  зарчмын   хувьд   нийтлэг ач  холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Р.ҮҮРИЙНТУЯА

 

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.АЗЖАРГАЛ

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТТӨР