Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 207/ма2025/00082

 

 

 

 

 

 

 

  2025       06         26                                           207/МА2025/00082

 

 

С.*******гийн нэхэмжлэлтэй,

  хариуцагч М.*******д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 312/ШШ2025/00304 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч : С.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.*******д холбогдох,

“2,526,092 төгрөг гаргуулах, ************** улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлж авах даалгах”  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч М.*******гийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намнансүрэн, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.*******гийн  нэхэмжлэл, тайлбарын агуулга:

С.******* би М.*******д 2020 оны 04 дүгээр сарын 11-нд өөрийн эзэмшлийн ************** дугаартай авто машиныг тухайн үед байсан замын торгууль төлбөрийн хамт 6,500,00 төгрөгөөр нотариатын бичиг үйлдэн зарсан билээ. Гэвч М.******* нь өнөөдрийг хүртэл авто машиныг өөрийг нэр дээр шилжүүлээгүйгээс С.******* миний нэр дээр 1,475,500 төгрөгийг торгууль ирээд байгаа тул М.*******гаар уг торгууль болох 1,475,500 төгрөгийг нэн яаралтай төлүүлэх хүсэлттэй байна. Уг төлбөрийг хийсэн үед автомашиныг М.*******д шилжүүлэн өгнө. Мөн М.*******гийн авч явсан ************** дугаартай приус-20 машин өнөөдрийг хүртэл замын хөдөлгөөнд оролцож байгаа тул улс орон даяар зарлан мэдээлэлж зогсоож өгнө үү. М.*******г авто машиныг өөрийн нэр дээр болгож авахыг шүүхээс даалгаж туслана уу” гэжээ.

Хариуцагч М.*******гийн татгалзал, тайлбарын агуулга:

М.******* миний бие С.******* гэдэг хүнээс ************** дугаартай машин 6,500,000 авсан нь үнэн болно. Уг машин маш муу техник байсныг би зарах гэж үзээд зарагдахгүй байсан тул ******* гэх номертэй Дэнжийн гал командын урд талын машин задаргааны ******* гэх хүнд 3,500,000 төгрөгөөр, тэр үеийн байсан торгуультай нь задаргаанд авна гэхээр нь зарсан нь үнэн болно. Иймд би С.******* гэх хүний торгуулийн мөнгө өгөх үндэслэлгүй гэж үзэж шүүхэд хүсэлт гаргаж, үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсье” гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,492 дугаар зүйлийн 492.1.1,493 дугаар зүйлийн 493.1-д заасныг баримтлан хариуцагч М.*******гаас 2,526,092 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож, ************** улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлж авах хариуцагч М.*******д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,514 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч М.*******гаас 138,514 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч М.*******гийн давж заалдсан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх "... Хариуцагч ... уг машин маш муу техник байсан, зарах гээд зарагдахгуй байсан тул ******* гэх номертой, Дэнжийн гал командын урд талын машин задаргааны *******д өгсөн.Зарахдаа 3.500.000 төгрөгөөр тохирч, тэр үед байсан тогууль /800.000 төгрөг-ийн хамт задаргаанд өгнө гэхээр зарсан... нэхэмжлэлийн шаардлыг хүлээн зөвшөөрөхгүй..." тухайгаа бичгээр тайлбар өгсөн түхай шийдвэртээ бичжээ... 304 дугаартай шийдвэрээр "... Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492.1.1, 493-р зүйлийн 493.1-д заасныг баримтлан хариуцагч М.*******гаас 2.526.092 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож, ..." гэж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.Хариуцагч М.*******миний бие " ... тухайн үед байсан 800.000 төгрөгийн торгуулийн хамт зарсан..." гэдгээ тайлбарласан... энэ талаар автомашиныг задаргаанд өгч байгаа учраас зах зээлийн үнээс доогуур, торгуулийн хамт 3.500.000 төгрөгөөр зарсан тухай эх сурвалжаа заасан.Тодруулбал:Зарсан автомашины үнэ 3.500.000 төгрөг Дамдинсүрэнгийн Хүдэрбаяр /утас *******/ "Дэнж авто сэлбэг Задаргаа" *******тай ойрхон ажилладаг...хүнээс орж ирсэн болохыг Дансны хуулгаа хараад, *******гаас тодруулж, саяхан мэдлээ.Эдгээр хүмүүсийг шүүхэд гэрчээр оруулах байсан ч, энэ боломжийг шүүх олгоогүйд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар М.******* би өөрийн тайлбарыг татгалзалтай холбоотой нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлэх боломжоор шүүх хангаагүй, намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. М.******* би шүүх хуралдаан болсон тухай огт мэдээгүй, "Монгол шуудан"-гаас миний гэрийн хаягаар бичиг ирлээ гэхээр нь аваад 2025-04-17 ны өдөр 11.30 цагт 304 дугаартай шийдвэр гарчээ гэдгийг мэдлээ. Иймд М.******* миний гаргасан гомдлыг хүлээн авч, 00304 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Хариуцагчийн шүүхэд мэтгэлцэх эрхээр хангаагүй, хүсэлт гаргах боломж олгоогүй зэрэг хэрэг хянан шийдлэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдааг залруулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч М.*******гийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж  дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч С.******* хариуцагч М.*******д холбогдуулан автомашины торгууль 1,475, 500 төгрөг гаргуулах, ************** улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлж авах даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татварын өр төлбөр 1,050,592 төгрөг, нийт 2,526,092 гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн./хх1,45х/

 

Хариуцагч “....Уг машин маш муу техник байсныг би зарах гэж үзээд зарагдахгүй байсан тул Дэнжийн гал командын урд талын машин задаргааны ******* гэх хүнд 3,500,000 төгрөгөөр, тэр үеийн байсан торгуультай нь задаргаанд авна гэхээр нь зарсан.Иймд би С.******* гэх хүний торгуулийн мөнгө өгөх үндэслэлгүй” гэж маргасан./хх38х/

 

3.  Нэхэмжлэгч С.*******, хариуцагч М.*******тай 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулан Тоёота приус маркийн ************** дугаартай автомашиныг 6,500,000 төгрөгөөр худалдсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

4.Шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлсон боловч хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

4.1 Тодруулбал нэхэмжлэгч анх 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр М.*******д холбогдуулан автомашины торгууль 1,475, 500 төгрөг гаргуулах, ************** улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлж авах даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчид 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гардуулж, хариуцагч дээрхи шаардлагатай холбоотой тайлбарыг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр холбогдох баримтын хамт шүүхэд ирүүлжээ./хх33-36, 38х/

4.2 Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намнансүрэн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч М.*******д холбогдуулан автомашины татварын өр, төлбөр 1,050,592 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хариуцагчид гардуулаагүй, тайлбар авах ажиллагаа хийгээгүй атлаа уг татварын өр, төлбөр 1,050,592 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан үндэслэл байвал шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бөгөөд шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намнансүрэнгийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гаргасан татварын өр, төлбөр 1,050,592 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаагүй байна.

5.1 Ийнхүү нэгэнт хүлээн авахаас татгалзаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1, 67.1.2-д зааснаар нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах, тайлбар гаргах, татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх учиртай.

5.2 Нэхэмжлэгчийн гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулаагүй, тайлбар авах ажиллагаа хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэх үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 312/ШШ2025/00304 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч М.*******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 138,514 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТТӨР

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.АЗЖАРГАЛ

 

                                             ШҮҮГЧ                                      Р.ҮҮРИЙНТУЯА