| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 301/2025/00287/и |
| Дугаар | 211/МА2025/00015 |
| Огноо | 2025-07-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 211/МА2025/00015
211/МА2025/00015
Н.Хийн хүсэлттэй иргэний
хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 301/ШШ2025/00293 дугаартай шийдвэртэй
Хүсэлт гаргагч Н.Хийн мал маллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1 Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Н.Х нь 1990 оноос хойш А аймгийн Ө суманд мал маллан амьдарч байгаа. 1998-2000 онуудад мал маллаж байсан боловч тухайн цаг хугацааны А данс архивт хадгалагдан үлдээгүйгээс шалтгаалан түүний мал маллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. А аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан шийдвэрлэх зөвлөл, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөл зэрэг байгууллагад мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт, гомдол гаргасан боловч тогтоох боломжгүй...” гэсэн хариу ирүүлсэн. Иймд Н.Хийн 1998-2000 онд мал маллаж байсан байдлыг шүүхээр “тогтоолгох хүсэлттэй байна....” гэжээ.
1.2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Н.Х нь 1990 оноос хойш Ө суманд мал маллаж байгаа. 1995-2000 оны хоорондох малын А данс олдохгүй болсон. Үүнтэй холбоотойгоор мал маллаж байсан байдал нь тогтоогдохгүй байгаа. Энэ талаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар нийгмийн даатгалын байгууллагуудад хандсан. Он дарааллын бичиг баримт байхгүй учраас тогтоох боломжгүй гэдэг. А аймгийн архивын тасагт 1998-2000 оны А дансны лавлагааг авахад энэ цаг хугацаанд байхгүй гээд нэр нь бичигдсэн мөртлөө малын тоо тавигдаагүй байдлаар лавлагаа гарсан байдаг. Тухайн цаг хугацаанд том охин нь сурагч болсон. Сурагч болоод сургуулийн журнал, баримт дээр малчин гэдэг тэмдэглэл хийгдсэн байгаа. Шүүхэд хүсэлт гаргах журмаар Үндэсний төв архивын лавлагаа авхуулсан. Үндэсний төв архивын лавлагаан дээр өөр ажилтай, дэлгүүрт зөөгч гэсэн зүйл гарч ирсэн байдаг. Өөрийнх нь тайлбараар цаг зуурын шинжтэй өвөл 12 сард тооллого явдаг. Энэ үед нь хүүхдээ сумын төвд оруулж ирээд байж байх үедээ дэлгүүрт 1, 2 сар түр хугацаагаар хувийн хэвшилд ажиллаад нийгмийн даатгалд хамрагдахгүйгээр явж байх цаг хугацааны юм орсон байх. Түүнээс дэлгүүр хоршоонд ажиллаж байгаагүй гэдэг тайлбар хийж байгаа. Шүүхэд гэрчээр асуугдсан 2 гэрч нь энэ хүнийг мал маллаж байсан, ойролцоо айл, аймаг байсан гэдгийг гэрчилж хэлж байгаа. Өөрөөр энэ хүнтэй холбоотой бичгийн баримтуудыг хаанаас ч гаргах боломжгүй байна. Тиймээс зөрчигдөөд байгаа эрхийг хамгаалах байгууллага шүүхийн байгууллага учраас шүүхэд энэ хүсэлтээ гаргаж байгаа. Аль ашигтай байдлаар нь шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлттэйгээр 1998-2000 онд мал маллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг дэмжиж байна...гэжээ.
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 301/ШШ2025/00293 дугаартай шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Боржигин овгийн Нүрзэдийн Хийн А аймгийн Ө сумын З багт 1998-2000 онд мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Н.Хийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П давж заалдах журмаар гаргасан гомдолд: “.. Н.Х нь 1998-2000 онуудад А аймгийн Ө суманд малч/- байсан ба тухайн цаг хугацааны А данс гараагүйгээс иргэний хэргийн шүүхэд тухайн цаг хугацаанд малчин байснаа тогтоолгох хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх тухайн цаг үеийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй, хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргав...гэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Н.Хийн тухайд 1, 2 сар дэлгүүрт ажиллаж байсан нь үнэн. Хүн амын тооллогоор Н.Х дэлгүүрт зөөгч гэж гарсан байдаг. Н.Хийн сургуульд сурч байсан хүүхдийн журнал, тухайн сумын багийн засаг даргын тодорхойлолтоор Н.Х нь малчин байсныг нотолдог. Түр дэлгүүрт ажиллаж байсныг үндэслэн малчин байгаагүй гэж шийдсэн нь үндэслэлгүй юм. Иймд хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү...гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар шүүх давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.
Хүсэлт гаргагч Н.Хийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П Н.Хийг 1998-2000 онуудад А аймгийн Ө суманд мал маллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргаж, хүсэлтэд Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 06 сарын 13-ны өдрийн 32/23 дугаартай албан бичиг, 1997-1998, 1998-1999 оны хичээлийн жилийн журналын хуулбар, 1998, 2000, 2007, 2008 оны малын А дансны лавлагаа зэрэг нотлох баримтыг хавсаргасан байна.
Анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, санаачилгаараа А аймгийн Нийгмийн даатгалын газраас Н.Хийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн 1990-2000 онд нөхөн тооцуулсан эсэх, хэрэв нөхөн тооцуулсан бол нөхөн тооцох хүсэлт, түүнд хавсаргасан ажил эрхлэлтийн талаарх баримт, 1995-2000 онд ямар байгууллагад ажиллаж, цалин авч, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх талаарх лавлагаа, урьд нь тэтгэвэр тогтоолгож байсан эсэх лавлагааг гаргуулах, А аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газраас Н.Хийн 1998-2000 онд аль багт амьдарч, ямар ажил эрхэлж байсан талаарх лавлагаа, А аймгийн Ө сумын З багийн Засаг даргаас Н.Хэд холбогдох 1998-2000 оны хүн амын өрхийн бүртгэл, Үндэсний төв архиваас Н.Хийн хүн ам, орон сууцны 2000 оны тооллогоор А аймгийн Ө суманд бүртгэгдсэн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг гаргуулж, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Ш.Б, Д.О нараас гэрчийн мэдүүлэг авч, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Н.Хийн А аймгийн Ө сумын З багт 1998-2000 онд мал маллаж байсан нь тогтоогдохгүй байна гэж дүгнэн, хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шийдвэрийг эс зөвшөөрч итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П “...анхан шатны шүүх тухайн цаг үеийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй...” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтуудыг санаачилгаараа хангалттай бүрдүүлж, хуулийг зөв хэрэглэжээ.
Мөн хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг зөв үнэлж, хүсэлт гаргагч Н.Хийн малчин даатгуулагчид олгох А аймгийн Архивын тасгийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 161 дугаар лавлагаанд 1998-2000 онд мал тоолуулсан баримт гараагүй, Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын маягт ХАОСТ-1 баримтад Н.Хийн эрхэлдэг ажлыг зөөгч, үйл ажиллагааны чиглэлийг худалдаа үйлчилгээний газар гэж бүртгэгдсэн, А аймгийн Нийгмийн даатгалын газарт ажилласан жил, тэтгэврийн шимтгэлийг нөхөн тооцуулахтай холбоотой өгсөн баримтад Н.Хийг 1990 оноос хойш өөрөөс үл хамаарах шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй гэж тодорхойлсон зэрэг нотлох баримтуудаар Гэгээрлийн яамны 1997-1999 оны сурагчдын тухай дэлгэрэнгүй бүртгэлд Хийн Хандмаагийн эцэг малчин гэсэн, А аймгийн Ө сумын З багийн Засаг даргын 130 дугаартай тодорхойлолт, гэрч Д.О, Ш.Б нарын мэдүүлэг няцаагдаж, түүний мал маллаж байсан нь тогтоогдохгүй байна гэж дүгнэж, хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Давж заалдах шатны шүүх гомдлыг хангаагүй тул хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн дансанд үлдээх нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 301/ШШ2025/00293 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хүсэлт гаргагч Х.Хийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай..
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ
Ч.ЭНХТӨР