Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 93

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Н.А

Шүүгдэгч Д.Ч

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Д.Ч-д холбогдох эрүүгийн 1920000120022 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С аймгийн Б сумын харъяат,  ... оны .. дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хил хооронд зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Г овогт Д.Ч,

Холбогдсон хэргийн талаар:           

Шүүгдэгч Д.Ч нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийн таазанд 30 ширхэг танка зураг /бурханы хөрөг/ буюу Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан түүх соёлын дурсгалт эд зүйлийг хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Н.Э манай гэрийн гадаа ирээд бурхан, бурханы судар зэргийг урагшаа авч гарах уу гэж надад хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд машиндаа тэр бурханы хөрөг зурагнуудыг нууж хилээр гаргах гэж байгаад баригдсан.Би өөрийнхөө энэ үйлдэлдээ дүгнэлт хийж харамсаж байгаа. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

Иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн сударнуудын зарим нь түүх соёлын дурсалт хамаардаг, зарим нь хамаарахгүй байж болно. ...Үнэлгээний байгууллагаас гаргасан мөнгөн дүнг нэхэмжлэх саналтай байна. Өөр санал гомдол байхгүй...” гэжээ. /хх-ийн 53-54/

Иргэний нэхэмжлэгч И.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... Миний машин 2000 оны машин учир нилээн муудсан тул 400.000-500.000 төгрөгөөр үнэлж байна. Тухайн үнэлгээний байгууллагаас гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Тухайн тээврийн хэрэгслийг буцаан авах хүсэлтэй байна гэжээ. /хх-ийн 56-57/

Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Монгол Улсын хил буюу Замын-Үүд сумын Хилийн боомтын гарах тал дээр тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийж байсан. Тухайн үед 14 цаг 50 минутын үед ... улсын дугаартай ... маркийн тээврийн  хэрэгслийг шалгах явцад тээврийн хэрэгслийн бардакны дотор талд мөнгөлөг өнгийн аялалын гудсыг давхарлаж хийсэн байхаар нь шалгаж үзэхэд 21 ширхэг судар, 38 ширхэг зурмал бурхан, 1 ширхэг 1 төгрөг, 1 ширхэг фото зураг, 1 ширхэг модон сийлбэртэй зураг, 1 ширхэг хутганы хуй, 1 ширхэг тамхины арьсан уут хар өнгийн гялгар уутаар ороож скочдсон зүйлээс гарч ирсэн. Тэгээд тухайн зүйлийг задалж, шалгаж үзээд зөрчлийн материал бичиж прокурорын байгууллагад шилжүүлсэн...” гэжээ. /хх-ийн 58/

2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэнд:

1. Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт болон түүх соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлд эдгээр дурсгал нь хамрагдахгүй болно.

А.Судар 21 ширхэг. Эдгээр судрууд олон тоогоор барлагдсан /хэвлэгдсэн/, түгээмэл байдал болон хуудас дутуу, хадгалалтын горим алдагдснаас гэмтэл их үүссэн зэрэг шалтгааныг харгалзан тодорхой хугацаанд бүтээгдэж, ашиглагдсан хэдий ч түүх, соёлын дурсгалд хамаарагдахгүй хэмээн үзэж байна.

Б.Зурмал бурхан 38 ширхэг. Эдгээрээс зурмал бурхдаас 30 ширхэг танка зургийн ур хийц, бүтээгдсэн он цаг, уран сайхны ач холбогдол зэргийг харгалзан түүх, соёлын дурсгалд зүйлд хамааруулан үзэж байна. Үлдсэн 8 ширхэг бурханы тиг хэт алдагдсан, ур муутай, 50%-аас дээш хувь гэмтэлтэй, орчин цагт бүтээгдсэн байж болох зэрэг шинж байдлыг харгалзан түүх, соёлын дурсгалд зүйлд хамрагдахгүй хэмээн үзлээ. Үүнд:

1. “Цагаан дара эх” 8х6.5 см /ур муутай/

2.“Ногоон дара эх” 8х6.5 см /ур муутай/

3. “Ногоон дара эх” 7.5х5.5 см, /шинэ/

4. “Цагаан дара эх” 4.3x3.7 см /дүрс бүдгэрсэн, элэгдэл ихтэй/

5. “Цагаан дара эх” 5х4.2 см /ур муутай/

6. “Бурхан багш” 5х4.3 см, давуу шороон будаг /ур муутай/

7. “Чагши Жанрайсиг” 7.5х6.5 см, давуу шороон будаг /шинэ/

8. Дүрс нь баларсан бурхан 3.2х2.7 см, давуу шороон будаг

В. Модон сийлбэр 1 ширхэг. 17.2х13х1.7 см, хатуу улаан мод. Энэхүү сийлбэрийг бүтээсэн хатуу улаан мод нь өмнөд Азийн Лаос, Камбож зэрэг оронд голдуу байдаг байна. Уг сийлбэр нь орчин цагт бүтээгдсэн бэлэг дурсгалын зүйл тул түүх, соёлын дурсгалд зүйлд хамрагдахгүй болно.

Асуулт хоёр. Түүх, соёлын дурсгалд зүйлд хамрагдаж байгаа дараах 30 ширхэг танка цардмал давуун дээр /грунт/, шороон будгаар зурсан материалын шинж, ур хийц, бүтээгдсэн байдал зэргээс XX зууны эхэн үед хамрагдана хэмээн үзэж байна.

1. “Балданлхам” бурхан 19x14.5 см, давуу, шороон будаг.

2. “Цагаан дүртэй эдийн бурхан” 20x14.5 см, давуу, шороон будаг

3. “Очирваань” 8.5x7.5 см,

4. “Очирваань” 8х7 см,

5. “Ногоон дара эх” 8х6.5 см,

6. “Ногоон дара эх” 12х9 см,

7. “Ногоон дара эх” 7.8х6.4 см /ур муутай/

8. “Цагаан дара эх” 6х4.5 см

9. “Цагаан дара эх” 5х4.2 см

10. “Цагаан дара эх” 3.5x2.7 см

11. “Цагаан дара эх” 3.3х3 см /нимгэн грунттэй/

12. “Найман мутартай шар дүртэй бурхан” 7.8х6.3 см,

13. “Дамдинчойжоо” 7.8х6.3 см, цаас

14. “Доржсэмбэ” 7х6 см, давуу шороон будаг

15. “Лүнбангарав” 7.3x6.3 см, давуу шороон будаг

16. “Ногоон дара эх” 7.3x6 см, давуу шороон будаг

17. “Манал” 7.5х6 см, давуу шороон будаг

18.“Цэлxанамсүм” 6х5 см, давуу шороон будаг

19. “Зургаан мутарт Гомбо” 8.7x7.2 см, давуу шороон будаг

20. “Чагши Жанрайсиг” 8.7x7.5 см, давуу шороон будаг

21. “Чагши Жанрайсиг” 3.7х2.8 см, давуу шороон будаг

22. “11 тэргүүнт Жанрайсиг” 7.5х6 см, давуу шороон будаг

23. “11 тэргүүнт Жанрайсиг” 4.5х3.5 см, давуу шороон будаг /гэмтэлтэй/ 24.“Бурхан багш” 7.8х6.2 см, давуу шороон будаг

25. “Бурхан багш хоёр шавийн хамт” 9x7.3 см, давуу шороон будаг

26. “Бурхан багш” 4.3x3.3 см, давуу шороон будаг /элэгдэл ихтэй/

27. “Бурхан багш” 4.8х3.8 см, давуу шороон будаг

28. “Жигжид” 3.2х2.7 см, давуу шороон будаг

29. “Сэтэртэй морь” 6.7х5.8 см, муутуу цаас

30. “Сэтэртэй хонь” 6.7х5.8 см, муутуу цаас

Асуулт гурав. Шинжилгээнд хамрагдаж байгаа эдгээр эд өлгийн зүйлийн зах зээлийн үнэлгээг манай байгууллага тогтоохгүй болно.

Асуулт дөрөв. Дээрх зурмал бурхад айл өрхөд шүтэгдэж байсан буюу сүсэгтэн энгэртээ зүүдэг энгэрийн гууны загал шүтээнүүд болно гэжээ. /хх-ийн 40/

2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд хүргүүлж буй эд зүйлс нь Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалт, түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл, түүх, соёлын үнэт болон ердийн дурсгалт зүйлийн алинд нь хамаарч байна вэ?

- Хутганы хуй, арьсан уут нь Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалт, түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл, түүх, соёлын үнэт дурсгалт зүйлд хамаарахгүй. /2014 оны шинэчилсэн найруулгаар батлагдсан Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн Соёлын өвийн зэрэглэлийн тухай 8.2 дугаар зүйлд түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг “хосгүй үнэт”, “үнэт” хэмээн зэрэглэхээр заасан байх тул ердийн түүх, соёлын дурсгалт зүйл гэсэн нэр томьёог хэрэглээгүй болно./

2. Хэрэв түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарч байгаа бол хэддүгээр зууны үед хамаарах, ямар хийцийн эд зүйл болох нь ямар шинж тэмдгээр илэрч байна вэ? /нэг бүрчлэн тусгах/

1. Хутганы хуй нь сайран дугтуйтай, мөнгөн бөгжилгөө чимэгтэй. Хуйны дотор тал хус мод. Амсрын дотор талд жижиг савхин жийрэгтэй (хутганы балтаг холхихоос сэргийлсэн). Хуйны амсар болон суурь үзүүр хэсэг мөнгөөр гуривдсан. Хуйны суурь хэсгийг мөнгөөр битүү дугтуйлахдаа хамар угалз бүхий мөнгөөр даруулан чимэглэжээ. Хуй их биеийн хэсэгтээ гурван мөнгөн бөгжтэй.

Хуйны ар талын дунд хэсэгт мөнгөн толгойтой, гуулин хэлний хусуурыг шургуулсан байна. Мөн хуйны дээд толгойн хэсэгт бэл зүүх цулгуй мөнгөн сэнжтэй.

Хэт хутганд байх ёстой иж бүрдэл (хутга, хэт, бэл, тээг оосор, савх г.м) дутуу, хуй дангаараа байгаа нь дурсгал болох бие даасан шинж чанараа алдаж түүх, соёлын үнэ цэнэгүй болсон учир түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарахгүй.

 2. Урт гонзгой нарийвтар хэлбэртэй арьсан уут нь дотроо уултай (хатаасан уут нь түүх, соёлын үнэ цэнэгүй учир түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарахгүй.

3. Эдгээр эд зүйл нь зах зээлд ямар үнэ ханштай байдаг вэ?

- Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасанчлан үнэлгээ хийх эрх бүхий байгууллага, иргэнд хандана уу.

4. Шинжилгээнд хүргүүлсэн эд зүйлийг ямар зорилгоор юунд ашигладаг болох?

- Монгол эрчүүдийн өдөр дутмын ахуйн хэрэглээний эд зүйл болох хутганы хуйг хутганыхаа төмөр (ир)-ийг хамгаалах, нөгөөтэйгүүр эрсдэлээс сэргийлж хутгаа далд битүү байдлаар хадгалах ба хуйнд зөвхөн хутга хийх төдийгүй хэлний хусуур, савх зэрэг бусад хэрэглээний зүйлсээ агуулж хадгалдаг.

- Арьсан уутыг хэттэй хослуулан хэрэглэх ба уутан доторх “уул”-ыг хэт цахиж гал асаахад (гал асаах үүсгүүр болгон ашигладаг байв гэжээ. /хх-ийн 42-43/

2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 30 ширхэг зурмал бурхад нь материал, урласан арга ажиллагааны хувьд 19, 20 дугаар зууны эхэн үед бүтээгдсэн байх тул бүгд түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарна. 30 ширхэг зурмал бурханы зах зээлийн үнэлгээ нь 3.060.000 төгрөгөөр гэжээ. /хх-ийн 79-81/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-26/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 27/

А ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 32-35/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 60-61/

Шүүгдэгч Д.Ч-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-66

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн Засаг даргын тамгын газрын тодорхойлолт /хх-ийн 70/

... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 72/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон талаар

Шүүгдэгч Г овогт Д.Ч нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор ... улсын дугаартай, ... маркийн тээврийн хэрэгслийн хөндий зайг нуувч болгон ашиглан Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан, түүх соёлын дурсгалт эд зүйл 30 ширхэг танка зургийг  /бурханы хөрөг/ хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-26/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 27/, А ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 32-35/, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43/, иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тухайн сударнуудын зарим нь түүх соёлын дурсалт хамаардаг, зарим нь хамаарахгүй байж болно. ...Үнэлгээний байгууллагаас гаргасан мөнгөн дүнг нэхэмжлэх саналтай байна. Өөр санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/,  гэрч А.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “Би 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Монгол Улсын хил буюу Замын-Үүд сумын хилийн боомтын гарах тал дээр тээврийн хэрэгсэл гаалийн хяналт шалгалт хийж байсан. Тухайн үед 14 цаг 50 минутын үед ... улсын дугаартай ... маркийн тээврийн  хэрэгслийг шалгах явцад тээврийн хэрэгслийн бардакны дотор талд мөнгөлөг өнгийн аялалын гудсыг давхарлаж хийсэн байхаар нь шалгаж үзэхэд 21 ширхэг 38 ширхэг зурмал бурхан, 1 ширхэг 1 төгрөг, 1 ширхэг фото зураг, 1 ширхэг модон сийлбэртэй зураг, 1 ширхэг хутганы хуй, 1 ширхэг тамхины арьсан уут хар өнгийн гялгар уутаар ороож скочдсон зүйлээс гарч ирсэн. Тэгээд тухайн зүйлийг задалж, шалгаж үзээд зөрчлийн материал бичиж прокурорын байгууллагад шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 58/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 60-61/, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2 дугаартай шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 79-81/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна. 

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Д.Ч нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, тээврийн хэрэгслийн хөндий зайг нуувч болгон ашиглах аргаар, зохих зөвшөөрөлгүйгээр, гаалийн бүрдүүлэлтэнд бичилгүйгээр үйлдэж,  3.060.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон  байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт  үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгчийг соёлын дурсгалт зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй  гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад эд мөрийн баримтаар хураагдсан 30 ширхэг танка зураг /бурханы хөрөг/-ийг нийтэд нь 3.060.000 төгрөгөөр, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг 500.000 төгрөгөөр тус тус үнэлжээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт 3.060.000 төгрөгийн үнэлгээтэй, 30 ширхэг танка зураг /бурханы хөрөг/ нь түүх соёлын дурсгалт зүйлд хамаарч байгаа тул улсын орлого болгож, Монгол улсын Соёлын өвийн санд шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох ... улсын дугаартай, ... маркийн тээврийн  хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч И.Н-н өмчлөлийн тээврийн хэрэгсэл мөн болох нь түүний мэдүүлэг, тээврийн хэрэгслийн  гэрчилгээний хуулбар /хх-ийн 72/ зэргээр нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгож, түүний үнэ 500.000 төгрөгийг шүүгдэгч Д.Ч-с гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг өмчлөгчид нь буцаан олгохоор шийдвэрлэсэн тул уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 03 сарын 13-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг  нь шүүхэд ирээгүй болохыг дурдав.

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага оногдуулахад энэ хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нь үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирол, хор уршиг байхгүй, шүүгдэгч нь ажил төрөл эрхэлж, тогтмол орлоготой, шүүгдэгчийн ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, олох орлого зэргийг харгалзан торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Д.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т заасан соёлын дурсгалт зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Г овогт Д.Ч-г 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Д.Ч-д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн түүх,соёлын  дурсгалт  зүйл болох 30 ширхэг танка зураг /бурханы хөрөг/-ийг хурааж, улсын орлого болгон Монгол Улсын Соёлын өвийн санд шилжүүлсүгэй.

 5. Шүүгдэгч Д.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт нь шүүхэд  ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Ч-н гэмт хэрэг үйлдлэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох ...  улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч И.Намжимд буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 500.000 төгрөгийг шүүгдэгч Д.Ч-с гаргуулж, улсын орлого болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д  зааснаар 500.000 төгрөгний үнэ бүхий ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ч-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                            Д.Ц